| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00476/и |
| Дугаар | 455 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 455
2020 оны 06 сарын 18 өдөр Дугаар 139/ШШ2020/00455 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Д аймгийн Б сумын гэх газар оршин суух, Б овогт Сийн С /ЗВ/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00476/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С овогтой С миний бие энэ жил 50 нас хүрч байгаа. Улсад 19 жил ажилласан юм. Үүнээс 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилгын 6-р трестэд угсрагчаар , 1991 оны 01 сарын 30-ны өдрөөс 1992 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл Барилгын Гал пүүст нормчноор, 1992 оны 04 сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Барилгын Мандалговь компанид нормчиноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч аймгийн улсын архиваас тухайн үед гарч байсан тушаал шийдвэр нь олдоогүй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг , цалингийн тооцооны бүртгэл бусад баримт материалуудыг үндэслэн 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилгын 6-р трестэд угсрагчаар , 1991 оны 01 сарын 30-ны өдрөөс 1992 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл Барилгын Гал пүүст нормчноор, 1992 оны 04 сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Барилгын Мандалговь компанид нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн ТТБ-ын 6-р трестэд 1986 оны 7 сараас 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл угсрагчаар ажилласан тушаалыг эх баримтаас гаргав. Гал пүүст 1991 оны 01 сарын 31-нээс 1992 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл нормчин, барилгын Мандалговь компанид 1992 оны 04 сарын 20-ноос 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал мөн нормчноор ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир С овогтой Стай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. ТТБ-ын 6-р трестийн даргын 1986, 1991 оны ажилд томилсон, пүүст шилжүүлсэн тухай тушаалын эх баримтаас хуулбарлан хүргүүллээ гэх 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 373 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Баянжаргалан сумын 2-р багийн иргэн С овогтой С /ЗВ70082304/-ийн хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилт тамга тэмдгийн зөрчилтэй тул 1989.07.01-1994.12.25-ны хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай ” гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 08/427 дугаартай Дундговь аймгийн Барилга угсралтын 6-р трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 2 сарын 21-нд Гал пүүс болон улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 12 сарын 25-нд барилгын Мандалговь ХК болон өөрчлөгдсөн талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Улсын барилгын хорооны харъяа Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1989 оны 7 сарын 25-ны өдрийн 161 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/
-Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1991 оны 2 сарын 25-ны өдрийн 34 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/
-Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1990 оны 7 сарын 24-ний өдрийн 220 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 10-13 хуудас/
-Хөдөлмөр зохион байгууллын нэгдсэн бригадын Энхбаяр хэсгийн ТМС-ын өргөтгөлийн байрын шагналт цалингийн хуваарилалтын хуулбар /хэргийн 14-р хуудас/
-С.Сгийн 1990 оны 6 сар, 1991 он, 1993 оны 3 сар, 1993 оны 5 сарын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хэргийн 15-23 хуудас/
-С.Сгийн 293213 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 24-27 хуудас /
-Гэрч Ж.Б-ийн “ С.С нь Техник мэргэжлийн сургуулийг төгсөөд 1989 оны 7 сараас Дундговь аймгийн Барилгын 6-р трестэд ажиллахаар ирж барилгын угсрагчаар ажиллаж байсан. С.С нь 1989 оны 7 сараас 1991 оны 2 сар хүртэл барилгын угсрагч, хувьчлал тарахад барилгын Гал пүүст нормчноор 1991 оны 2 сараас 1992 оны 4 сарыг дуустал ажилласан. Гал пүүс нь Мандалговь компани болж өөрчлөгдөхөд нормчиноор 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Бид нэг байгууллагад ажиллаж байсан учраас С.Сг Барилгын 6-р трестэд угсрагч, Гал пүүс, Мандалговь ХК-нд нормчиноор ажиллаж байсан талаар нь мэдэж байгаа юм. Би 1975 онд Дундговь аймгийн Барилгын 6-р трестэд мужаан, нимгэн төмөрчнөөр хувьчлал тарах хүртэл ажилласан. Хувьчлал тарснаас хойш Гал пүүс, Мандалговь ХК-нд мөн төмөрчинөөр ажиллаж байсан. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 33-р хуудас/
-Гэрч С.Бат-Өлзийгийн “ С.С нь Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд 1989 оны 7 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй Дундговь аймгийн Барилгын 6-р трест, Гал пүүс, Мандалговь хувьцаат компанид нормчноор ажилласан. Яг хэдэн оны хэдэн сарын хэдэнд зохион байгуулалтын өөрчлөлтүүдэд орж байсан талаар нь тодорхой сайн санахгүй байна. Би техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд 1979 оны 7 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Барилгын 6-р трест, Гал пүүс, Мандалговь ХК-нд ажилласан. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг / хэргийн 34-р хуудас/
-Гэрч Б.Б-гийн “ С.С нь Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд 1989 оны 7 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй Дундговь аймгийн Барилгын 6-р трест, Гал пүүс, Мандалговь хувьцаат компани зэрэг байгуулагуудад нормчноор ажилласан. С.С нь байгууллагын аварга болж байсан. Яг хэдэн онд шагнал авч байсан талаар нь сайн санахгүй байна. Би 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл тасралтгүй засал чимэглэлчинээр Дундговь аймгийн Барилгын 6-р трест, Гал пүүс, Мандалговь ХК-нд ажилласан ”гэх мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.С нь 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилгын 6-р трестэд угсрагчаар , 1991 оны 01 сарын 30-ны өдрөөс 1992 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл Барилгын Гал пүүст нормчноор, 1992 оны 04 сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Барилгын Мандалговь ХК-д нормчиноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Сийн С /ЗВ / нь 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл Улсын барилгын хорооны харъяа Дундговь техник туслалцааны Барилгын 6 дугаа р трестэд угсрагчаар, 1991 оны 02 сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гал пүүсэд, 1992 оны 12 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь ХК-д нормчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У