| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00473/и |
| Дугаар | 456 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 456
2020 оны 06 сарын 18 өдөр Дугаар 139/ШШ2020/00456 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р баг, Цавчир гэх газар оршин суух, Х овогт Дгийн Ч /ЗП92120606/-ийн Н.Гтай хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00473/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Гтай 2011 оны 01 сарын 15-ны өдөр танилцаж 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2013 оны 01 сарын 06-нд хүү Г.Бийг төрүүлсэн. 2015 оноос хойш бид 2 нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Н.Г маань 2020 оны 03 сарын 24-ний өдөр нас барсан. Бид 2 энэ хугацаанд хамт амьдардаг байсан бөгөөд хоёулаа гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Хүү Г.Бд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2011 оны 1 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь Н.Гтай хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р багийн Засаг даргын 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 1/40 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Нгийн Гадийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/
-Гэрч Д.А-жийн “Д.Ч, Н.Г нар нь Эрдэнэдалай сумын сургуулийн хүүхдүүд байхдаа холбоотой болж 2012 оноос нэг гэр бүл болж 2012 оноос 2020 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амьдарч мал маллаж байсан. Д.Ч, Н.Г нарын дундаас энэ хугацаанд 1 хүү төрсөн. Хүү Г.Б нь Эрдэнэдалай сумын сургуулийн 2-р ангид сурч байгаа. Ч нь сумын төвд дэлгүүрт сууж Г хөдөө мал маллаж байсан. 2020 оны 3 сарын сүүлээр хээр амьсгал нь боож нас барсан. Манай зээ хүү Гадийг нас барах хүртэл Ч нь хүү Бий хамт Гтай хамтран амьдарч байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
-Гэрч А.Нгийн “ Н.Г хүү минь 2012 онд Чтэй гэр бүл болж 1 хүүтэй. Ч нь 2013 онд төрж хүү Б одоо 7 настай, Эрдэнэдалай сумын сургуулийн 1-р ангид суралцаж байгаа. Г хөдөө мал маллаж эхнэр Ч нь сумын төв дээр ажил хийдэг байсан. Хөдөө сумын төвийн хооронд мал маллаж амьдардаг байсан. Хүү Б нь одоо ээжийн асрамжинд Эрдэнэдалай сумандаа амьдарч байгаа. Зарим үед манайд ирдэг. Хүү маань 2020 оны 03 сарын 24-ний өдөр золгүй байдлаар нас барсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Ч нь Н.Гтай 2011 оны 1 дүгээр сараас 2020 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х овогт Дгийн Ч /ЗП / нь Цогт овгийн Нгийн Г /ЗП / агсан тай 2011 оны 1 дүгээр сараас 2020 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У