Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1487

 

 

 

 

 

 

 2023         11         30                                         2023/ШЦТ/1487

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,  

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч Д.Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт Д.гийн Н.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306023172526 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, С. овогт Д.гийн Н..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н. нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 53 дугаар гудамжны 11а тоотод Т.Азжаргалыг бусадтай хардаж, улмаар гар, хөлөөрөө цохиж, өшиглөж, ганжингаар цохиж, арьсан тэлээгээр норгож ороолгон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н. мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Т.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манайд өмнө хамтрагч байсан Д.Н. гэх залуутай манай хүү Г.Бахдал бид 3 цуг 4 хоносон. Манайд 04 дүгээр сарын 07-ны өдөр ирэхдээ цаашид хамт амьдарна гэж ярьж ирсэн. Тухайн өдөр архитай ирсэн, тэр өдрөөс хойш манайд ганцаараа ууж байгаад өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21:00 цагийн үед намайг миний өмнө хамтран амьдрагч байсан Мөнхөө гэх залуутай хардаж, хэрүүл маргаан үүсгэж, намайг зодож эхэлсэн. Зодохдоо гараа зангидаж байгаад нүүр, хэвлий хэсэг рүү олон удаа цохисон. Гурилын ганжин модоор миний биеийн хаа сайгүй олон удаа шилбэ хэсэгт хөлийг чинь хугалж байгаад би тэжээнэ гэж орилоод, бас олон удаа цохиж, арьсаар хийсэн цэргүүдийн хэрэглэдэг өргөн бүсээр миний биеийн хаа сайгүй ороолгож шавхарсан. Дараа нь тэр бүсээ усанд норгож байгаад бас дахиж намайг ороолгож шавхарсан. Тухайн өдрийнхөө шөнийн 01 цаг өнгөртөл намайг зодож, биед гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4960 тоот: “Т.Азжаргалын биед зовхинд сорви, хөмсөг, дух, эрүү, хүзүү, бугалга, шуу, эгэм, тохой, шуу, дал, ар нуруу, хөх, гуя, шилбэ, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Зовхинд сорви гэмтэл нь хуучин гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Н. нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 53 дугаар гудамжны 11а тоотод Т.Азжаргалыг бусадтай хардаж, улмаар гар, хөлөөрөө цохиж, өшиглөж, ганжингаар цохиж, арьсан тэлээгээр норгож ороолгон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Т.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манайд өмнө хамтрагч байсан Д.Н. гэх залуутай манай хүү Г.Бахдал бид 3 цуг 4 хоносон. Манайд 04 дүгээр сарын 07-ны өдөр ирэхдээ цаашид хамт амьдарна гэж ярьж ирсэн. Тухайн өдөр архитай ирсэн, тэр өдрөөс хойш манайд ганцаараа ууж байгаад өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21:00 цагийн үед намайг миний өмнө хамтран амьдрагч байсан Мөнхөө гэх залуутай хардаж, хэрүүл маргаан үүсгэж, намайг зодож эхэлсэн. Зодохдоо гараа зангидаж байгаад нүүр, хэвлий хэсэг рүү олон удаа цохисон. Гурилын ганжин модоор миний биеийн хаа сайгүй олон удаа шилбэ хэсэгт хөлийг чинь хугалж байгаад би тэжээнэ гэж орилоод, бас олон удаа цохиж, арьсаар хийсэн цэргүүдийн хэрэглэдэг өргөн бүсээр миний биеийн хаа сайгүй ороолгож шавхарсан. Дараа нь тэр бүсээ усанд норгож байгаад бас дахиж намайг ороолгож шавхарсан. Тухайн өдрийнхөө шөнийн 01 цаг өнгөртөл намайг зодож, биед гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4960 тоот: “Т.Азжаргалын биед зовхинд сорви, хөмсөг, дух, эрүү, хүзүү, бугалга, шуу, эгэм, тохой, шуу, дал, ар нуруу, хөх, гуя, шилбэ, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Зовхинд сорви гэмтэл нь хуучин гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Н.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Т.Азжаргал энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Н.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С. овогт Д.гийн Н.г онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н.д эрх бүхий байгууллагын хяналтад 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Н. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хохирогч Т.Азжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД