Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 17

 

 

 

 

Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төмөрхуяг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, яллагдагч Б.Наранбаатар түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 91 дугаар шүүгчийн захирамжтай Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн 2036000000001 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мөнххайрхан суманд 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин сууж байсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ПЙ87051176 дугаарын регистртэй, Мянгад овогт Бөхчулууны Наранбаатар нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр Бугат гэх газар иргэн Ц.Мөнхнасангийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Б.Наранбаатарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Ц.Мөнхнасангийн цогцост гадна үзлэг хийсэн талаархи тэмдэглэлд доод уруулын баруун хэсэгт 2,5х0,4 см дотогш нэвтэрсэн шарх гэж тусгагдсан боловч дээрх гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн тогтоолгох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтох 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр хохирогч Ч.Мөнхнасан нь цээжний зүүн хэсгээс цээжний хөндийрүү нэвтэрч зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан болох нь тогтоогдсон байна. Хэрэг учралын газраас 3 ширхэг хутгыг хураан авсан ба 3 ширхэг хадаас бүхий бор өнгийн иштэй хутгыг яллагдагч Б.Наранбаатар барьж байсан гэдгийг гэрч нараар таньж олуулах ажиллагаа явуулсан боловч хохирогчид учирсан гэмтлийг аль хутгаар нь учруулсан эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй заалт юм.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу гэрч нарын мэдүүлэг зэргээр яллагдагч нь хамгийн сүүлд хэргийн газраас хураагдсан 3 хадаастай бор өнгийн иштэй хутгыг барьж мал гаргаж байсан байх үедээ хохирогчтой маргалдаж түүнийг хутгалж алсан болох нь нотлогдон тогтоогдсон. Мөн гэрчүүдээр яллагдагч Б.Наранбаатарын тухайн үед барьж байсан гэх хутгыг таньж олуулах ажиллагаагаар таньж олуулж, тухайн хутганд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. Гэрч Д.Сонинтөр нь хохирогч Ц.Мөнхнасангийн нас барсан үйлдэлд холбогдолгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу гэрч М.Энхбаяр, У.Эрдэнэчимэг нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Гэрч У.Эрдэнэчимэг нь хэрэг учрал болсоны дараа гэрийг цэвэрлэж, хутгыг угааж, хэрэг учрал байсан эд зүйлийг хөдөлгөсөн үйлдэлд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, өөрчилсөн гэх гэм буруу байгаа эсэхийг шалган тогтоолгох шаардлагагүй бөгөөд гэмт хэрэг гарах үед тухайн гэрт мал нядалж гэр доторх зүйлс бохирлогдсон байсан тул тухайн гэрийг эмч ирэхээс өмнө цэвэрлэсэн талаараа гэрч мэдүүлсэн бөгөөд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хэргийг газраас хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориудаар устгасан, нуусан, зааварласан, өөрчилсөн гэсэн ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төмөрхуяг болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Ц.Мөнхнасангийн цогцост учирсан гэмтлийг нарийвчлан шалгаж хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийснээр хохирогчийн биед хэдэн удаагийн үйлчлэлэлээр ямар гэмтэл учирсан, уг гэмтлийг хэн учруулсан, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх, гэм буруутай этгээдийг олж тогтоосон эсэхийг бодит байдалд нийцүүлэн тогтооход ач холбогдолтой гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогчийн биед учирсан гэмтлүүд, хохирогчийн амь насыг хохироосон хутгыг олж тогтоох зайлшгүй шаардлагатай. Хохирогчийн хувцас болон цогцсонд учирсан гэмтэл, хохирогчийг амь насаа алдах үед байсан хутгануудад шинжилгээ хийж хохирогчийн уруул хэсэгт хутгалсан хутга, хохирогчийн амь насыг хохирооход ашигласан хутгыг тогтоосноор хэргийн зүйлчлэлд нөлөөлөх, гэм буруутай этгээдийг зөв олж тогтоох боломжтой учир шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчид учирсан гэмтлүүдийг аль хутгаар учруулсныг тогтоосноор хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Гэрч Д.Сонинтөр нь хохирогч Ц.Мөнхнасангийн нас барсан үйлдэлд холбогдолгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан У.Эрдэнэчимэгийн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Прокурор Д.Сонинтөрийн гэм буруугийн байдлыг урьдчилан тогтоож байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Гэрч У.Эрдэнэчимэг нь хэрэг учрал болсны дараа гэрийг цэвэрлэж, хутгыг угааж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, нуусан, өөрчилсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, У.Эрдэнэчимэгээс мэдүүлэг авснаар хязгаарлаж, хэргийн бодит байдлыг тогтоолгүй орхигдуулсан нь эргэлзээтэй, хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Наранбаатар түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Л.Эрдэнэцэцэг нар прокурорын эсэргүүцэлтэй танилцаад гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Хохирогч Ц.Мөнхнасангийн цогцост учирсан доод уруулын баруун хэсэгт 2.5х0.4 см дотогш нэвтэрсэн гэмтэл учирсан эсэх, уг гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах, эсэх, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн эсэх, гэмтлийг хэн учруулсан эсэхийг тогтоогоогүй.

Хэрэг учралын газраас 3 ширхэг хутга хураан авсан. Харин 3 ширхэг хадаастай бор өнгийн иштэй хутгыг яллагдагч Б.Наранбаатар нь барьж байсан гэх боловч дээрх 3 хутганы аль хутгаар хохирогчид гэмтэл учирсан эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл, мөн хуулийн 27.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр дүгнэлт гаргуулах үндэслэлтэй байна. Гэрч У.Эрдэнэчимэг, М.Энхбаяр нар нь хэрэг учрал болох үед Д.Сонинтөр байсан, талийгаач нь Б.Наранбаатар дээр очоод барилцаж авсан, талийгаачийн биенээс цус гарч байсан гэх мэдүүлгээс харахад хохирогч Ц.Мөнхнасангийн нас барсан үйлдэлд Д.Сонинтөрийн оролцоо байсан эсэхийг тогтоолгох хүсэлттэй байна.

Гэрч У.Эрдэнэчимэг нь хэрэг учрал болсоны дараа гэрээ цэвэрлэж, хутгыг угааж, хэрэг учрал гарахад байсан эд зүйлийг хөдөлгөсөн үйлдэлд хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, өөрчилсөн байх магадлалтай байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг бүгд зөрүүтэй байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Б.Наранбаатар нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр Бугат гэх газар иргэн Ц.Мөнхнасангийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хутгалж амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Цогбадрах нь яллагдагч Б.Наранбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Б.Наранбаатарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, прокурорт буцааж  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.   Учир нь:

            1. Анхан шатны шүүх хохирогч Ц.Мөнхнасангийн цогцост доод уруулын баруун хэсэгт 2.5х0.4 см дотогш нэвтэрсэн гэмтэл / 1-р хх-н 132х / учирсан эсэх, уг гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах, ямар хүчин зүйлийн улмаас үүссэн эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэжээ.

            Ц.Мөнхнасангийн цогцост гадна үзлэг хийсэн талаархи тэмдэглэлд. . . доод уруулын баруун хэсэгт 2.5х04 см дотогш нэвтэрсэн шарх . . . гэж тусгагдсан боловч дээрх гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн тогтоолгох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд талийгаач Ц.Мөнхнасан нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч эмчийн 05 дугаартай Дүгнэлтээр    “ . . . Ц.Мөнхнасангийн цогцост цээжний зүүн хэсгээс цээжний хөндийрүү нэвтэрч зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шарх, дотуур цус алдалт, доод уруулын баруун хэсэгт шарх, духны дунд хэсэгт зулгаралт, доод уруулын дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 Ц.Мөнхнасангийн цогцост учирсан гэмтэл нь гадны хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.Мөнхнасангийн цогцост учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” –ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ц.Мөнхнасан нь цээжний зүүн хэсгээс цээжний хөндийрүү нэвтэрч зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан болох нь тогтоогдсон байна.

Дээр дурдсан  шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой тогтоосон байх тул талийгаачийн урууланд учирсан гэмтлийг гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар дүгнэлт хэсэгт тусгаагүй нь шинжээчийн дүгнэлтийг дутуу бүрэн биш гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

            Нөгөө талаар тухайн үед зөвхөн талийгаач Ц.Мөнхнасан, яллагдагч Б.Наранбаатар нарын хооронд зодоон болсон, зодолдох явцад Б.Наранбаатар нь талийгаачийн зүрхэн тус газарт хутгалж амь насыг нь хохироосон талаар гэрч Д.Сонинтөр, У.Эрдэнэчимэг, М.Энхбаяр нарын өгсөн мэдүүлгүүд, энэ талаар яллагдагч Б.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлэг өгсөн байх тул зодоон болох үед урууландаа гэмтэл авсан байх боломжтой байна. Мөн цогцост нөхөн үзлэг хийж талийгаачийн урууланд учирсан гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар дүгнэлт гаргах нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй байна. Өөрөөр хэлбэл талийгаачийн уруул дээрх гэмтэл нь хөнгөн, эсхүл хүндэвтэр гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан ч хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна.

            2. Мөн хэрэг учралын газраас 3 ширхэг хутгыг хураан авсан ба 3 ширхэг хадаас бүхий бор өнгийн иштэй хутгыг яллагдагч Б.Наранбаатар барьж байсан гэдгийг гэрч нараар таньж олуулах ажиллагаа явуулсан боловч хохирогчид учирсан гэмтлийг аль хутгаар нь учруулсан эсэхийг тогтоох шаардлагатай гэжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч М.Энхбаяр / 1-р хх-н 17-18х /, У.Оюунчимэг / 1-р хх-н 19-20х /, Д.Сонинтөр / 1-р хх-н 21-22х / нараар хэргийн газраас хураан авсан 3 ширхэг хутгыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр яллагдагч Б.Наранбаатар нь хэргийн газраас хураагдсан 3 хадаастай бор өнгийн иштэй хутгыг барьж мал гаргаж байсан үедээ хохирогчтой маргалдаж түүнийг хутгалж амь насыг хохироосон болох нь тогтоогджээ.

            3.Гэрч Д.Сонинтөр нь хохирогч Ц.Мөнхнасангийн нас барсан үйлдэлд холбогдолгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу гэрч М.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “ . . . У.Эрдэнэчимэг талийгаачийн зүүн талаас нь татсан чинь куртак нь урагдаад талийгаач Б.Наранбаатар дээр очоод барилцаж аваад тэр хоёр  гэрийн зүүн талд очтол талийгаачийн биенээс доош цус дусаж байхаар нь одоо яана гэтэл Д.Сонинтөр хажууд нь очоод тэгтэл талийгаач газар унаад амнаас нь цус гарсан байдалтай байсан чинь У.Эрдэнэчимэг, Д.Сонинтөр хоёр Б.Наранбаатар луу чи хүн алаад хаячихлаа ш дээ гэж орилхоор нь босоод яав юу болов гээд очтол Б.Наранбаатар, талийгаачийн цээжин хэсгийн араас нь өргөтөл У.Эрдэнэчимэг, Д.Сонинтөр хоёр хөдөлгөж болохгүй гээд оролдуулаагүй тэгээд тэр хооронд нь У.Эрдэнэчимэг талийгаачийн цамцыг дээш сөхөж үзэхэд зүүн талын хөхний доохон талд зүсэгдсэн оромтой цамцнууд нь цус болсон байсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 32-34х /, гэрч У.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “ . . . энэ байна би чиний тамхи хулгайлсан байна уу байсан л байгаа биздээ гээд талийгаачийн толгой хэсэг рүү хайрцагтай тамхиар цохиж бөгс хэсэг рүү нь өшиглөчихөөд тамхийг нь гэрийн хоймор луу шидчихээд гаргаж байсан малруугаа очоод зогсох хооронд талийгаач уурлаад босож ирэхээр нь би гартаа хутгатай байна хэрэггүй гээд талийгаачийн өмсөж байсан куртикний зүүн талаас нь татсан чинь куртик нь оёдлоороо урагдаад намайг байж бай гэж түлхчихээд Б.Наранбаатарын зүүн хацарлуу гараараа цохиод барилцаад авахад Б.Наранбаатарын эхнэр М.Энхбаяр цус гарч байна гэж хэлэхээр нь би Б.Наранбаатар нь талийгаачийг хутгалчихлаа гэж бодоод нөхрөө хүрээд ир хутгалчихлаа гэж хашгирсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 41-44х /  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            4.Гэрч У.Эрдэнэчимэг нь хэрэг учрал болсны дараа гэрийг цэвэрлэж, хутгыг угааж, эд зүйлийг хөдөлгөсөн үйлдэлд , нотлох баримтыг зориуд устгасан, өөрчилсөн . . . гэх  гэм буруу байгаа эсэхийг шалган тогтоолгох шаардлагатай гэжээ.

            Үүнийг шалгах шаардлагагүй бөгөөд У.Эрдэнэчимэг нь мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:” . . .Тухайн гэрт мал гаргаж байсан болохоор  малын цус, баас зэрэг зүйлсээр бохирдсон байсан эмч ирэхээс өмнө цэвэрлэчихье гэж бодоод галын эргэн тойрны зүйлийг цэвэрлэхдээ арчаад цэвэрлэсэн . . .” гэж мэдүүлсэн / 1-р хх-н 43х / байх  бөгөөд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг зориудаар устгасан, нуусан, зааварласан, өөрчилсөн гэсэн ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хэргийг шүүхийн  урьдчилсан  хэлэлцүүлгээр  дахин  хэлэлцүүлэхээр  шүүхэд  буцаасан учир хэргийн талаар дүгнэлт хийгээгүй  болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/91 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол яллагдагч Б.Наранбаатарт урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

                                              ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

                                                                                                     Б.ДАМБА