Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0271

 

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0271

УлаанБ хот

 

 

 

Н.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээд С.У,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч Н.Б,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга,

Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд С.У,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийн болон нийслэлийн Засаг даргын 2010 оны 751 дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, С.Уын газар өмчлөх эрхийн улсын бүртгэл Г-***450 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийг 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон “Иргэний газар эзэмших эрхийн 8026/06114 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0162 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.М, 

хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,

гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан,

Хэргийн индекс: 128/2022/0600/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Н.Баас шүүхэд хандан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаар захирамжийн С.Ут холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2010 оны 751 дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, С.Уын газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Г-***450 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон “Иргэний газар эзэмших 806/06114 дугаартай гэрчилгээ”-г хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0162 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.3.4-т заасныг тус тус баримтлан Н.Баас Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96, нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр захирамжуудын С.Ут холбогдох хэсэг болон С.Уын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-***450 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон Иргэний газар эзэмших 8026/06114 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

 

  1. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

              3.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгч Н.Быг 2003 онд газар эзэмших эрхтэй болсон гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нотлох албан ёсны хүсэлт, кадастрын зураг, шийдвэрийн баримт хэрэгт байхгүй, газар эзэмших эрх нь зөвхөн захиргааны шийдвэрээр бус, хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдсэн баримтаар үүсдэг. Газрын тухай хуулийн дагуу хүсэлт гаргасан, байршил тодорхойлсон баримт шаардлагатай.

              3.2. Шүүх өөрөө маргаан бүхий газрууд давхцалгүй гэж тогтоосон. Гэтэл давхцалгүй байхад нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзсэн нь шүүхийн дүгнэлт зөрчилтэй, логикийн хувьд үндэслэлгүй байна. Шүүх улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэлийн байгууллага нь зөвхөн ирүүлсэн баримтад тулгуурлан бүртгэл хийдэг, бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй.

              3.3. Шүүх судалгаа хийгээгүй гэж дүгнэсэн боловч тухайн үеийн хууль журамд заасан шаардлагын дагуу газар өмчлүүлэх шийдвэрүүд гарсан, олон жилийн дараа гарсан маргаанаар тухайн үеийн үйл ажиллагааг буруутгах нь үндэслэлгүй.

              3.4. Маргаан бүхий шийдвэрүүд нь 2003, 2006, 2010 онуудад гарсан. Гэтэл нэхэмжлэл нь 2020 оноос хойш гарсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Шүүх энэ асуудлыг огт авч үзээгүй нь ноцтой зөрчил. Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, бодит нөхцөлд нийцүүлээгүй. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

               4. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс дараах агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

           4.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2025/0283 дугаар магадлалын Хянавал хэсгийн 11, 13, 15, 16-д заасан ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай гэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл анхан шатны шүүх дахин хэлэлцэхдээ нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдалд үндэслэн хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасанд нийцээгүй.

               4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.1, 5.1.1, 5.1.7 дахь хэсгийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Учир нь гуравдагч этгээд С.Уын өмчлөлд байгаа маргаан бүхий газарт 2000 оноос эхлэн С-ийнх гэх айл амьдарч байсан архивын лавлагаа хэрэгт авагдсан бөгөөд энэхүү баримтаар маргаан бүхий газар бодитоор гуравдагч этгээд болон түүний эцэг эх, гэр бүлийн ашиглалтад байсан болох нь тогтоогдоно. Мөн тухайн газрыг бусдад худалдсан үйлдэл байхгүй, энэ талаарх баримт ч хэрэгт байхгүй.

              4.3. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2, 5.2.1-5.2.6 дахь хэсгийн дүгнэлтийн тухайд С.Ут өмчлүүлсэн газрын хувийн хэрэгт “Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авах өргөдөл” авагдсан бөгөөд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаас үзвэл С.Уын эхнэр Ц.О нь өөрийн нөхрийн нэрийн өмнөөс нийслэлийн Засаг даргатай хэлцэл хийсэн энэхүү тохиолдолд уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээд буюу С.Уын зөвшөөрлөөс шалтгаална. Энэ тохиолдолд Ц.Оийг ийнхүү хэлцэл хийх ёсгүй байсан гэж маргадаггүй. Мөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 751 дүгээр захирамжийг “С.У өөрөө хүсэлт гаргаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэхдээ уг актын улмаас Н.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлтийг нотлох баримтад үндэслэн дүгнээгүй гэж үзэх бөгөөд дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

               4.4. Шийдвэрийн 5.3, 5.3.1-5.3.8 дахь хэсгийн дүгнэлтийн тухайд маргаан бүхий газарт нэхэмжлэгч түрүүлж газар өмчлөх хүсэлт гаргасан гэх дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд өмчлүүлсэн газрын хувийн хэрэгт авагдсан баримтаар Н.Б нь 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар хэсэг, ** тоот хаягт 1602.99 м.кв газрыг өмчлөх хүсэлтдээ кадастрын зургийг хавсаргасан бөгөөд уг байршил нь С.Уын өмчлөлийн газар биш гэдэг нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичгүүдээр тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын адил байршилд хүсэлт гаргасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд яг ямар баримтад үндэслэж ийнхүү дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, зөвхөн шүүгчийн хийсвэр төсөөлөлд автаж дүгнэлт хийсэн.

               4.5. Хаяг өөрчлөгдсөнтэй холбогдуулан гуравдагч этгээдээс байршил давхцуулан маргаан бүхий газрыг өмчлөх хүсэлт гаргасан байхад үүнийг нягтлаагүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар хэсэг ** тоот хаяг нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 2 дугаар гудамжны ** тоот болж өөрчлөгдсөн талаар баримт байхгүй, харин Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар хэсэг, *** тоот хаяг нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 2 дугаар гудамжны ** болж өөрчлөгдсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

               4.6. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.4.3 дахь хэсгийг дүгнэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хийлгэсэн “Т” ХХК-ийн дүгнэлтэд үндэслэсэн нь буруу буюу худалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, 2003 онд газар үзүүлсэн даруйд “Т” ХХК-иар дүгнэлт гаргуулсан мэтээр бодит байдлыг гуйвуулж дүгнэсэнд гомдолтой байна.

               4.7. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар маргасан байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд нь дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч болон гуравдагч этгээд талаас гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээд талаас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шинжээчийн зардлыг хуваарилсан өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар,

3.1. Нэхэмжлэгч Н.Б нь 2003 онд гуравдагч этгээд С.Утай гэрээ байгуулан маргаан бүхий газрыг 350,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлан маргах бөгөөд Н.Бын “Иргэнд өмчлүүлсэн газрын хувийг хэрэг”-т авагдсан баримтаас үзэхэд

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар хэсгийн ** тоот 1602,8 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлж, 8026/06023 дугаартай гэрчилгээ олгосон.

Улмаар, Н.Баас 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан “Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл” гаргаж, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал хэсэгт “Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар хэсгийн ** тоот, 1602.8 м.кв” гэж бичигдсэн. “700 м.кв  газраа өмчилж авна. 2004.05.**” гэх тэмдэглэгээтэй. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт, нэгж талбарын 186**303834361 дугаартай 2004 оны 5 дугаар сарын **-ний өдрийн огноотой, Зураг үйлдсэн: ХУД-ийн газрын албаны мэргэжилтэн М.М, Хянасан: ХУД-ийн газрын албаны дарга Д.Бжав нарын гарын үсэг бүхий кадастрын зургийг тус тус хавсаргасан байна.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 277 дугаар захирамжаар нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 5 дугаар хэсгийн ** тоот, 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

3.2. Гуравдагч этгээд С.Уын хувьд газраа худалдаагүй. Тухайн үед Солонгос явах гээд газраа барьцаалан мөнгө зээлсэн хэмээн тайлбарлан маргах бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийг үндэслэн түүнд тус дүүргийн 12 хороо, 5 дугаар хэсэг *** тоот хаягт байрлах 0,07 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмших эрхийн 8026/06114 дугаар гэрчилгээ олгосон.

Улмаар гуравдагч этгээдийн гэр бүлийн хүний “Ц.О” гэж гарын үсэг зурагдсан,  2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн огноо бүхий газар өмчлөх хүсэлт, түүнд хавсаргасан 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн огноо бүхий нэгж талбарын 186**3***9 дугаартай кадастрын зураг зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 230 дугаар захирамжаар С.Ут дээрх тоот хаяг бүхий  газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

3.3 Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд дурдагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамж нь:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй газрын тооллого бүртгэлд хамрагдсан гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2003 оны 05 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгаж” шийдвэрлэсэн агуулгатай.

Захирамжийн З дахь заалтаар “Газар эзэмшигч иргэдийг гэрчилгээжүүлж, баталгаажуулсан тухай бүртгэлийг хороо тус бүрээр нарийвчлан гаргаж, Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Газрын албанд үүрэг болгосон” байна.

   4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” хэмээн,

               Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” хэмээн тус тус заасан.         

               5. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 96 дугаар захирамж нь 1 дэх заалтаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй газрын тооллого бүртгэлд хамрагдсан гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2003 оны 05 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгаж”, 3 дахь заалтаар “Газар эзэмшигч иргэдийг гэрчилгээжүүлж, баталгаажуулсан тухай бүртгэлийг хороо тус бүрээр нарийвчлан гаргаж, Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Газрын албанд үүрэг болгосон” агуулгатай буюу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, шаардагдах ажиллагаа хийхийг дүүргийн газрын албанд даалгаж, үүрэг болгосон буюу захиргааны дотогш чиглэсэн шинжтэй акт байна.

               Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Хан-Уул дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаар захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгох” болон  “захирамжийн 1 болон 3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

    6. Нэхэмжлэлийн үлдэх шаардлагын тухайд, Газрын тухай хууль /2002/-ийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:” гээд 23.4.2-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;” /2023 оны өөрчлөлт орохоос өмнөх агуулга/, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж,

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ:” гээд 4.1.1-д “гэр бүлийн хэрэгцээний;” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална:”, 5.1.4-т “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх;”,  5.1.5-д “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ: 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” хэмээн тус тус заасан.

           7. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлсон буюу хэдийгээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас газар өмчлөх хүсэлтэд хавсаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээ дээрх хаяг болон нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургууд дээрх газрын байршил нь анхан шатны шүүхийн  шүүгчийн 2022 оны 128/ШЗ2022/8601 дүгээр болон 2025 оны 128/ШЗ2025/6300 дугаар захирамжаар томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр тус тус өөр өөр газар болох нь тогтоогдсон ч талуудын хэн аль нь тухайлан дотроо хүлэмжтэй, нэгж талбарын 17***92 болон 17***98 дугаар бүхий хашаалсан нэг л газрыг анхнаасаа эзэмшиж, өмчилсөн хэмээн маргасан.

               Маргаан бүхий газарт гуравдагч этгээд 2000 оноос хойш амьдарч байгаа, хашаа болон хүлэмжийг барьсан гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших, өмчлөх хүсэлтийг нэхэмжлэгч Н.Б түрүүлж гаргасан буюу дүүргийн Засаг даргын 2003 оны 96 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийг баталгаажуулсныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2004 оны 277 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

               Нэхэмжлэгчийн газрын хувийн хэрэгт авагдсан кадастрын зургийн байршил нь нэхэмжлэгчид олгогдохоос ч өмнө 30 дугаар цэцэрлэгийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбар болох нь, гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтэд хүсэлт гаргагч С.У өөрөө гарын үсэг зураагүй. Хүсэлт гаргасан гэх хугацаанд хилийн чанадад байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хүсэлтэд хавсаргасан нэгж талбарын 186***61 дугаар бүхий кадастрын зураг нь 2004 оны 5 дугаар сарын **-ний өдрийн огноо болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдсон.

               Энэхүү үйл баримттай холбогдуулан “газрын кадастрын зургийг үйлдэж, мэдээллийн санд оруулах, газрын хил заагийг газар дээр буулгаж тэмдэглэх зэрэг захиргааны алдаатай үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

               Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 96 дугаар захирамжийн хүрээнд хариуцагч дүүргийн Газрын алба дан ганц гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэдэд нөхөж бичин олгох бус мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан ажиллагааг хийх үүрэгтэй. Цаашлаад нэхэмжлэгчид анх маргаан бүхий газрыг  өмчлүүлэх шийдвэрийг гаргах хүрээнд газрын хил заагийг газар дээр бэхжүүлэн тэмдэглэх, координатжуулах болон кадастрын зургийг газрын мэдээллийн санд бүртгэх зэрэг ажиллагааг зохих ёсоор хийгээгүйгээс энэхүү маргаан үүдсэн байна гэж шүүх бүхэлдэхүүн дүгнэв.

               8. Мөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Шүүх улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэлийн байгууллага нь зөвхөн ирүүлсэн баримтад тулгуурлан бүртгэл хийдэг, бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй, ...Шүүх судалгаа хийгээгүй гэж дүгнэсэн боловч тухайн үеийн хууль журамд заасан шаардлагын дагуу газар өмчлүүлэх шийдвэрүүд гарсан, олон жилийн дараа гарсан маргаанаар тухайн үеийн үйл ажиллагааг буруутгах нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой бөгөөд “С.Уын газар өмчлөх эрхийн улсын бүртгэл Г-***450 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн энэхүү шийдэлд давж заалдах шатны шүүхээс халдах боломжгүй.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:”,  44.3.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс;”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:”, 45.1.2-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” хэмээн тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, тус хэргийг хянан шийдвэрлэх явцад анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2022/8601 дүгээр захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2025/6300 дугаар захирамжаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг тус тус шинжээчээр томилж, шинжээчийн зардалд нийт 1,528,962 төгрөг төлөхөөс 458,**6 төгрөгийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас урьдчилан төлсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардлыг дутуу тооцож хуваарилсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0162 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.3.4-т заасныг тус тус баримтлан Н.Баас нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр захирамжуудын С.Ут холбогдох хэсэг болон С.Уын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-***450 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Засаг даргын олгосон Иргэний газар эзэмших 8026/06114 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Баас Хан-Уул Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын дугаарыг 3 болгож, 3 заалтын дугаарыг 4 болгож,

4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагч нийслэлийн Засаг даргаас шинжээчийн зардалд нийт 1,528,962 төгрөгийг гаргуулж, 458,**6 төгрөгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, 1,070,716 төгрөгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн нэмж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

     

 

 

                             ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА

 

                             ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА