Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1192

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01123 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “К” ХХК,

Хариуцагч Д.С-т холбогдох,

20 250 000 төгрөг, хүү 8 262 000 төгрөг, нийт 28 262 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр,

Хариуцагч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С нь К-ны Ерөнхий зохицуулалтын газарт аюулгүй байдлын мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт №31 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк ажилтанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 75 дугаар байрны 1 орцны 119 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахад зориулж 81 000 000 төгрөгийн зээл олгохоор тохиролцсон бөгөөд үүний 20 250 000 төгрөгийг нь урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан нь тус банкинд арван жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтойгоор гэрээ байгуулсан. Мөн Д.Стай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр №008 дугаар нэмэлт өөрчлөлтийг оруулж дээрх нөхцөл болзлыг талууд дахин баталгаажуулсан.

Д.С нь ажиллах хугацаандаа хоёр удаа сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээж байсан ба 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр банкны толгой компани болох “Бишрэлт холдинг” ХХК-д шилжин ажилласан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 6 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан.

Иймд 31 тоот гэрээний 2.6, Хөдөлмөрийн гэрээний №008 дугаар нэмэлт өөрчлөлтийн 9-д заасныг үндэслэн банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 20 250 000 төгрөг, хүүгийн төлбөр 8 262 000 төгрөг нийт 28 512 000 төгрөгийг Д.Саас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.С шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Кинд 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа буюу 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Катеринг деливери” ХХК-тай орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 75 дугаар байрны 119 тоот хаягт байрлах 45 м.кв бүхий орон сууцыг 58 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас энэхүү гэрээний дагуу надад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийм байтал надад дахин зээл нэмж авах, орон сууцны үнийг гэрээнд тусгагдаагүй үнээр нэмж төлөх шаардлага байхгүй байсан. Тэгээд ч тухайн үед орон сууцны зах зээлийн үнэ 1 м.кв нь 1 000 000-аас 1 400 000 төгрөгийн хооронд үнэтэй байсан тул 1 800 000 төгрөгөөр байр худалдан авсан байх боломжгүй.

К нь намайг ямар нэг хуулийн болоод хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлгүйгээр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлсөн тул буцаан шаардах эрхгүй.

Иймд Кны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ктай зээлийн гэрээ байгуулан 58 500 000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар, 25 жилийн хугацаатайгаар, жилийн 8 хувийн хүүтэйгээр авсан. Ингэхдээ Д.С миний нэр дээр 2000021831 тоот зээлийн данс үүсгэн, ажиллагсдын орон сууцны зээл гэсэн зориулалтаар олгосон болох нь дансны хуулгаас тодорхой харагддаг.

Уг зээл хэвийн үргэлжилж байх үед буюу 2013 оны 6 дугаар сараас эхлэн Монгол улсын Засгийн газраас Ипотекийн зээлийн журмыг баталж, арилжааны банкуудаар дамжуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү зээл нь 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгогдохоор зохицуулагдсан байна. Ипотекийн зээлийн журамд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд нь худалдан авч буй байрны нийт үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлөх, эсхүл өөрийн өмчлөлийн орон сууцыг дээрх үнийн дүнд тооцож, давхар барьцаалуулсан тохиолдолд зээл олгогдохоор заасан. 2013 оны 8 дугаар сард К нь миний зээлийг ипотекийн зээл рүү хөрвүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа хэлж, үүний тулд байрны урьдчилгааг төлсөн мэт дүр үзүүлсэн гэрээ хийх шаардлагатай байгаа тул 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тогтвортой ажиллах, урьдчилгаа төлөх нөхцөлт гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний бие уг гэрээний дагуу ямар нэгэн мөнгө огт аваагүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу Ктай 2013 оны 8 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Саас 28 512 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2013 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт 31 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Сын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 300 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 259 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн 7 дугаар хуудасны 2 дахь догол мөрөнд “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж ирүүлсэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн мемориалын баримтаар зээлийн урьдчилгаа төлбөр ажилтны нэр, ажилтан тус бүрийн төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжгүй, уг баримтаар Д.Сын өмнөөс орон сууцны компанид төлбөрийг банк шилжүүлсэн гэж шууд тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, уг баримтыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ. Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн үеийн үйл баримтыг нотолсон баримт буюу “Катеринг деливери” ХХК-ийн данс руу шилжүүлсэн төлбөр, түүнийг сүүлд тооцоо нийлэх замаар хуулийн этгээдүүд тамга тэмдэг, гарын үсгээ зурж баталгаажуулсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх замаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дүгнээгүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “К” ХХК хариуцагч Д.Ст холбогдуулан 28 512 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д.С нь “К” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг зохигчид бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 “Катеринг Деливери” ХХК, “К” ХХК, Д.С нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц санхүүжилтийн гурван талт гэрээг байгуулж, тус гэрээгээр “К” ХХК нь хариуцагч Д.Ст орон сууцны үнэ 58 500 000 төгрөгийг зээлдүүлэх, “Катеринг Деливери” ХХК нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Д.С “К” ХХК-д зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан тохиолдолд зээлдүүлэгчтэй барьцааны гэрээ байгуулахаар харилцан үүрэг хүлээжээ. /1хх-28-30/

Улмаар “К” ХХК, Д.С нар 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны зээлийн гэрээг байгуулж 58 500 000 төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, хариуцагч Д.С өөрийн зээлийн данснаас “Катеринг Деливери” ХХК-д орон сууцны үнэ 58 500 000 төгрөгийг шилжүүлэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 119 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1хх-31-33/

Дээрх үйл баримтаас хойш 1 жил 3 сарын дараа буюу 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Кны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 12 дугаар тогтоолоор ажиллагсдын орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд 1 217 739 000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэж, нэр бүхий 18 ажилтны өмнөөс 221 800 000 төгрөгийг “Катеринг деливери” ХХК-д шилжүүлэх агуулга бүхий шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийг үндэслэн зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ээр нэхэмжлэгч нь ажилтны худалдан авч буй орон сууцны үнэ болох 81 000 000 төгрөгөөс 20 250 000 төгрөгийн урьдчилгааг төлөх, хариуцагч нь тус банкинд доод тал нь 10 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, ажилтан өөрийн болон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд банкны төлсөн төлбөрийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр буцаан төлөхөөр тохиролцжээ.

 Мөн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “К” ХХК Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, банк ажилтанд 45 м.кв талбай бүхий дээр дурдсан байрыг 81 000 000 төгрөгөөр худалдан авахад нь зориулан 20 250 000 төгрөгийн урьдчилгаа төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх агуулга бүхий гэрээний заалт оруулсан байна.

Дээрх нэмж өөрчилсөн ипотекийн зээлийн болон хөдөлмөрийн гэрээнд хариуцагч Д.С гарын үсэг зурж зөвшөөрсөн тул 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин нэхэмжлэгч гэрээний дагуу 20 250 000 төгрөгийг Д.Сын орон сууцны төлбөрийн урьдчилгаанд төлсөн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргасан нь эргэлзээтэй, Д.Сын орон сууцны төлбөрт 20 250 000 төгрөгийг урьдчилгаа төлөгдсөнийг хөдөлбөргүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй ба нэхэмжлэгчийг хариуцагчийн өмнөөс мөнгө төлж хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, маргаантай үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 299 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ