Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 18

 

 

Б.Түмэндэлгэрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, яллагдагч Б.Түмэндэлгэр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжтай Б.Түмэндэлгэрт холбогдох эрүүгийн 1736003130253 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, Ховд аймгийн Жаргалант сумын 04 дүгээр багийн 25 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, Луужин овгийн Бямбажавын Түмэндэлгэр нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын өмчилд бүртгэлтэй “Chongoing Hongli” загварын улаан өнгийн мотоциклийг итгэмжлэн хариуцаж байхдаа 2018 оны 12 дугаар сард иргэн Х.Дэмидэд зарж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Б.Түмэндэлгэрт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр, өөртөө эдийн засгийн үр ашигтай байдлыг бий болгох зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Уг гэмт хэргийг яллагдагч Б.Түмэндэлгэр нь шунахайн сэдэлтээр, өөртөө эдийн засгийн үр ашиг олох зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хэргийн нөхцөл байдлаас буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард нь өөрт нь хариуцуулж олгосон Бүгд найрамдах хятад ард улсад 2018 онд үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгөтэй мотоциклийн үнийн зарим хэсгийг арилжааны банкинд байрших өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан нь шууд харагддаг. Гэтэл шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Уг гэмт хэргийг хэн, хэзээ, яаж үйлдсэн нь тодорхой болсон байхад шүүх гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Б.Түмэндэлгэр нь Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай тогтоол гарахаас өмнө уг“Chongoing Hongli” маркын улаан өнгөтэй мотоциклийг иргэн Х.Дэмидэд 1.600.000 төгрөгөөр худалдан борлуулсан нь уг мотоциклийг эд хөрөнгийн бүртгэлд бүртгэх боломжгүй болгосон байхад уг цаг хугацааг шүүх анхаарч үзээгүйгээр дээрх дүгнэлтийг хийсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Б.Түмэндэлгэр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар прокурорын эсэргүүцэлтэй танилцаад  гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын бүртгэлтэй эд хөрөнгийг тоолсон 2018 оны жилийн эцэс, 2019 оны хагас жилийн тооллогын материалыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас нотлох баримтаар авахуулах зайлшгүй шаардлагатай байна. Монгол улсын үндэсний авто тээврийн газрын Ховд аймаг дахь салбараас уг мотоцикль улсын дугаартай эсэх, эзэмшигч өмчлөгчийн бүртгэлийн талаарх лавлагааг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэхийг тодруулж хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж  заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж  шийдвэрлэлээ.

            Б.Түмэндэлгэр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 9 дүгээр сард  өөрт нь хариуцуулж олгосон Бүгд Найрамдах Хятад Ард  Улсад 2018 онд үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli “ маркийн улаан өнгөтэй мотоциклийг 2018 оны 12 сард Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн иргэн Х.Дэмидэд 1600000 төгрөгөөр худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хөрөнгө завших гэмт хэрэгт  холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд нь шүүгдэгч Б.Түмэндэлгэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.        

            Анхан шатны шүүх Б.Түмэндэлгэрт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж уг хэрэгт Жаргалант сумаас Б.Түмэндэлгэрт албан ёсоор хүлээлгэн өгч, байгууллагын эд хөрөнгөнд бүртгэсэн эсэх, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгт 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын орлогод хүлээн авсан гэдэг ч уг баримт хэрэгт авагдаагүй зэрэг шүүгчийн захирамжинд заасан үндэслэлүүдээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хуульзүйн үндэслэлтэй байна.

            Харин Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай тогтоол гарсан бөгөөд уг тогтоолоор  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирсэн мотоциклыг  үндсэн хөрөнгөнд бүртгэхийг Жаргалант сумын Засаг даргын Тамгын  газрын дарга нарт зөвшөөрсөн байна.    

 Иймд “ Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем “-д багийн засаг дарга Б.Түмэндэлгэрийн мотоцикл бүртгэгдсэн эсэхэд үзлэг хийх мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд болох  /хх-н 56-61х /, / хх-н 63-65 х / хуудсанд авагдсан баримтууд нь канондсан баримтууд байгаа бөгөөд эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3-т заасан “ Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна “ гэх хуулийн шаардлагыг зөрчсөн байх  тул дээрх нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангуулж ирүүлэх нь зүйтэй байна гэж  үзлээ.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь   Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны    шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/73  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.      

             

           

                                                           

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                                  ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                                                                                          Б.ДАМБА