Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 111/ШШ2018/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгч Ш.Бямбацогоо, түүний өмгөөлөгч Л.Батбаяр, хариуцагч Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш.Бямбацогоогийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амарсайханд холбогдох Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амарсайханы 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ирж, очсон унааны зардал 80000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Бямбацогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр томилогдон ажилласан. Энэ ажлыг хийж байх хугацаандаа мэргэжлийн чиглэлээр мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилгоор Эко-Ази менежментийн дээд сургуульд эчнээгээр суралцсан. Аймгийн Мэргэжлийн Хяналтын газарт эрх олгож өгөх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 6 сарын 18 -ны 1/166 тоот албан бичигт Эко-Ази менежментийн дээд сургуулиа төгссөний дараа эрх авахаар материал бүрдүүлж ирүүлэх нь зүйтэй байна гэсэн хариу ирсэн. Үүний дагуу 2016 оны 5 дугаар сард уг сургуулиа төгссөн тул улсын байцаагчийн эрх авахаар материал бүрдүүлж Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Лхагвасүрэн, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ж.Мөнхсайхан, Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал нар миний хийж байгаа ажил байдалтай танилцаж ажил байдалд үнэлэлт дүгнэлт гаргаснаар, Улсын байцаагчийн эрхээ 2016 оны 8 дугаар сарын 26-нд гардан авсан.

2016 оны 11 дүгээр сард аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Уул уурхай бүхий сумдын нутагт хяналт шалгалт хийсэн, мөн нэр бүхий сумдын байцаагч нарын 2016 оны хяналт шалгалтын материалыг Мэргэжлийн хяналтын газарт ирүүл гэснээр миний бие 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл улсын байцаагчийн эрхтэй байх хугацааны хяналт шалгалтын материалаа хүргүүлж, уг материалд хяналт шалгалт хийгдсэн.

Үүний мөрөөр 2017 оны 3 дугаар сард 4 сумдын улсын байцаагчдын эрх цуцлагдсанд миний эрх хамт цуцлагдсан билээ. Иймд Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Бямбадоржид хандан миний ажил байдалд дахин хяналт шалгалт хийж хараач гэсэн өргөдөл хувийн зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 15 -нд гаргасан.

Мөн Мэргэжлийн хяналтын газар миний хяналт шалгалтын байдалд 2017 оны 1 дүгээр сард үнэлэлт дүгнэлт өгсөнд би хариу тайлбар хийж илтгэх хуудсаар Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэх гэхэд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амарсайхан уншиж танилцаад, хэрэггүй, би хянахгүй гээд гарын үсэг зураагүй тул явуулж чадаагүй.

Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амарсайхан нь миний ажлын байрыг зарлуулсан байсан. Энэ тухай мэдмэгц төрийн албаны салбар зөвлөлийн сайтаас төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Биндэрьяагийн мейл хаягад миний бие гаргасан гомдлоо явуулсан, хариу ирээгүй.

Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг Шархүү овогтой Бямбацогоо би эс зөвшөөрч, Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан. Гомдлын хариуг шуудангаас 2018 оны 2 дугаар сарын 28-нд хүлээн авсан бөгөөд төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг би мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амарсайханы 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгох, өмнө ажиллаж байсан ажлын байранд эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1474332 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сум орон нутгаас ирж, очсон унааны зардал 80000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амарсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ш.Бямбацогоогийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн
нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар улсын байцаагчийн эрх цуцлагдсан.

2. Улсын байцаагчийн эрх цуцлагдаж, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/156 тоот тушаал ирж улсын байцаагчийн үнэмлэх тэмдэгийг хурааж хүргүүлсэн.

3. Үүний дагуу Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр таны ажлын байр хөндөгдөж байгааг мэдэгдсэн.

4. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэргэжлийн хяналтын газрын 1/276 тоотоор шаардлага хангасан төрийн албан хаагчийг томилон ажиллуулах бичиг ирсэн.

5. 2017 оны 7 дугаар сарын 28-нд сонсох ажиллагаа явуулсан.

6. 2017 оны 9 дүгээр сарын 15-нд Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчийн эрх хасагдсан тул эрхийг сэргээж өгнө үү гэсэн албан тоотыг хүргүүлсэн боловч 2017оны 9 дүгээр сарын 19-нд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас эрх сэргээх боломжгүй гэсэн хариу тайлбар хүргүүлсэн.

Иймд зайлшгүй улсын байцаагч ажиллах шаардлагатай тул ажлын байрыг зарлуулахаар болж Байгаль орчны байцаагч Ш.Бямбацогоод мэдэгдээд таны ажлын байрыг зарлуулахаар боллоо та ороорой гэж хэлээд зарлуулсан. 2017 оны 10 дугаар сарын 09-нд Тус сумын байгаль орчны байцаагчийн
ажлын байрыг зарлуулсан.

7. Төрийн албанд анх орох иргэний 2017 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан мэргэжлийн шалгалтаар Шинэжинст сумын Байгаль орчны улсын байцаагч-ийн албан тушаалд Батчулууны Гэрэлмаа тэнцэж, Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр ирсэнээр байгаль орчны байцаагч Ш.Бямбацогоог ажлаас чөлөөлсөн. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Бямбацогоо шүүхэд хандан Шинэжинст сумын Засаг даргын Д.Амарсайханы 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ирж, очсон унааны зардал 80.000 төгрөгийг гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба уг шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагчаар Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга асан Д.Амарсайханыг татан оролцуулсан бөгөөд Шинэжинст сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Л.Батхуягийг ажилд эгүүлэн томилох тухай Б/03 дугаар захирамжаар өмнө Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалыг эрхэлж байсан Л.Батхуягийг тус шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилсон тул үргэлжлүүлэн оролцуулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасан. Нэхэмжлэгч Ш.Бямбацогоо Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Гэрэлмааг Байгаль орчны байцаагчийн ажилд түр томилох тухай Б/02 дугаар тушаалаар маргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гуравдагч этгээдээр таталгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчмыг баримталж, Ш.Бямбацогоог төрийн албанаас чөлөөлсөн үйл баримтыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд дараагийн этгээдийг томилон ажиллуулсан үйл баримтаас тусдаа, өөрөөр хэлбэл үргэлжилсэн хууль зүйн факт гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Байгаль орчны байцаагч Ш.Бямбатогоог ажлаас чөлөөлөх тухай Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.Бямбацогоог Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ажилд авах тухай 39 дүгээр тушаалаар тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд түр, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Ажилд томилох тухай 27 дугаар тушаалаар жинхлэн томилон ажиллуулж байгаад, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Байгаль орчны байцаагч Ш.Бямбацогоог ажлаас чөлөөлөх тухай Б/01 дүгээр тушаалаар ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/59 дүгээр тушаал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/276 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар албан бичиг, чөлөөлсөн шалтгааныг Ш.Бямбацогоогийн Улсын байцаагчийн эрхийг Улсын мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаалаар цуцалж, үнэмлэх, тэмдгийг хураасан гэж тодорхойлжээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагч нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгоход Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн төрийн албанаас чөлөөлөх, халахаар зохицуулсан атал уг хуулийг баримтлалгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө. гэсэн нийтлэг бүрэн эрхийн заалт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2017оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/59 дүгээр тушаал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын07-ны өдрийн 1/276 дугаар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар албан бичгүүдийг тус тус үндэслэн хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны актыг гаргасан нь хууль бус байна.

Тухайн тохиолдолд төрийн албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан төрийн албанаас чөлөөлөх эрхтэй боловч чөлөөлөхдөө төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр заалтын дагуу ажил, албан тушаалаас нь чөлөөлөх зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө., 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 24.1.2-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 24.1.3-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөхөөр хуульчилсан. Үүнээс өөр үндэслэлээр төрийн албан хаагчийг чөлөөлөх боломжгүй, Ш.Бямбацогоогийн Байгаль орчны улсын байцаагчийн эрхийг цуцалж, үнэмлэх, тэмдгийг хураасан нь төрийн албанаас чөлөөлөх үндэслэл биш юм.

Хариуцагч хууль бус захиргааны акт гаргаснаараа нэхэмжлэгчийн Хөдөлмөрлөх эрх-ийг төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах гэж заасан баталгааг алдагдуулсан байна.

Түүнчлэн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийгээгүй нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална. гэснийг тус тус зөрчсөн, захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж дүгнэлээ.

Хоёр. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.Бямбацогоог төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож, чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-дЭнэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх нөхөн олговор 3.128.427 /Гурван сая нэг зуун хорин найман мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө., Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Бямбацогоогийн үндсэн цалингаар тооцон түүнийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүнг гаргасан болно.

Гурав. Ирж, очсон унааны зардал 80.000 төгрөгийг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ш.Бямбацогоогийн ирж, очсон унааны зардал нь захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан шууд хохирол биш, шүүхээр зөрчигдсөн байж болзошгүй эрхээ сэргээлгэхээр хийсэн үйлдэл байх тул 80.000 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ш.Бямбацогоог Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 3.128.427 /Гурван сая нэг зуун хорин найман мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг нэхэмжлэгч Ш.Бямбацогоод олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг баримтлан ирж, очсон унааны зардал 80.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН