| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 120/2025/0028/З |
| Дугаар | 221/МА2026/0288 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0288
| Дугаар 221/МА2026/0288 | Улаанбаатар хот |
Э.Мын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Э.М,
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, тус газрын Ёс зүйн дэд хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаал, мөн газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0014 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,
хариуцагч Ёс зүйн дэд хорооны дарга Ч.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Хэргийн индекс: 120/2025/0028/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Маас шүүхэд хандан “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаал, мөн газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0014 дүгээр шийдвэрээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Мын гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаал, мөн газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
3.1. Маргаан бүхий тушаалд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан аль зөрчлийг нэхэмжлэгч гаргасан үзсэн нь тодорхойгүй, энэ талаар хариуцагчаас тодорхой тайлбарлаж чадаагүй. Тухайн ёс зүйн хариуцлага ногдуулсан үйл баримт БНХАУ-ын нутаг дэвсгэрт буюу Монгол Улсын хилийн гадна өрнөсөн. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журам БНХАУ-ын нутаг дэвсгэрт мөрдөгдөх эсэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль БНХАУ-ын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдахаар аялж байгаа ажилтны үйлдэлд хяналт тогтоох эсэх асуудлыг шүүх анхаараагүй.
3.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд гадаад улсын нутаг дэвсгэрт үйлчлэх үйлчлэх нэг л зохицуулалт байгаа нь 8.1.6-д албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс жаягийг чанд баримтлах, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх гэж заасан. Гадаад томилолт гэх ойлголтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны А/47 тушаалын хавсралтаар батлагдсан “Албан томилолтоор ажиллах журам”-д “Гадаад улсад зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалт, семинарт оролцох болон бусад ажил гүйцэтгэхийг” ойлгохоор тодорхойлсон. Энэ тохиолдолд хөдөлмөрлөх үүрэгтэй хамааралгүй БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчиж байсан тул нэхэмжлэгчийн үйлдэлд ямар эрх зүйн баримт бичиг үйлчлэх ёстойг шүүх тодорхойлоогүй. Энэ тохиолдолд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэн маргааныг шийдвэрлэх байсан.
3.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр ёс зүйн зөрчил гаргасан гэж хариуцагч нь ёс зүйн зөрчил хянан шалгах, сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн үндэслэлгүй.
Тангараг өргөсөн төрийн албан хаагч гэсэн хувийн үзэл хандлагаар хөдөлмөрлөх харилцаанд нь илүү хяналт тогтоож, хавтгайрсан хариуцлага хязгаарлалт тогтоох нь шударга бус тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд,
3.1. Нэхэмжлэгч Э.М нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд томилогдон, 2014 оны 07 сарын 21-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, өнөөдрийг хүртэл тус хэлтсийн төрийн сангийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
3.2. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Сургалт, арга хэмжээнд хөрөнгө зарцуулах тухай” А/461 дүгээр тушаалаар байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт, арга хэмжээний зардлын төсөв болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод туршлага судлах, сургалт арга хэмжээнд оролцох албан хаагчдын жагсаалтыг тус тус баталж, холбогдох арга хэмжээг 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулсан ба нэхэмжлэгч Э.М хамрагдсан.
3.3. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Ёс зүйн зөрчилд тооцох тухай” 02 дугаар дүгнэлтээр олон нийттэй харилцах албаны менежер А.Нээс ирүүлсэн гомдлыг хянан шалгаад “...Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Мыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.6 дахь заалтад заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан...” гэх дүгнэлтийг гаргасан. Улмаар тус дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Мд нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
3.4. Ёс зүйн хорооны дүгнэлт болон Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс: “... БНХАУ-д байх үед миний нөхөр М.Ш ээлжийн амралттай байж байгаад бидэнтэй хамт явсан. Энэ үеэр нөхрийг маань Засаг даргын Тамгын газрын ОНХА-ны менежер Н ОНХА-ны ажлаасаа өөрийнх нь хүсэлтээр гаргахыг шаардаад байгаа тухай яригдсан, энэ шалтгааны улмаас би Нтэй маргалдсан асуудал гарсан, ... Нийн гомдлоор Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан, ... үндэслэлгүй дүгнэлтэд үндэслэн дээрх тушаал гарсантай холбоотойгоор миний хувьд цаашид төрийн албан хаагчийн хувьд үр дүнгийн гэрээний дагуу олгогддог үр дүнгийн урамшуулал нэг жилийн хугацаанд олгогдохгүй болсон, Удирдлагын академид Төрийн захиргаа удирдлагын чиглэлээр ахисан буюу ахлах түшмэлийн сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа боловч Удирдлагын академийн тус сургалтын шалгуурт ёс зүйн зөрчилгүй байх гэх шаардлага тавигддаг. Ёс зүйн зөрчилтэй хүн ямар нэгэн шагналд нэр дэвших боломжгүй. Энэ мэт байдлуудаас үүдэн миний эрх ашиг зөрчигдөж байна” хэмээн тайлбарлан маргасан.
4. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг заасан бөгөөд тухайлан 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд ... төрийн ... албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” хэмээн,
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д тус хуулийн зорилгыг “төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-д “төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг”, 5.1.2-т “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” хэмээн тус тус заасан.
Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах үүднээс төрийн албан хаагчийн ажил, үүргийнхээ хувьд хууль болон байгууллагын дотоод дүрэм журмаар хүлээсэн үүрэг, баримтлах ёстой дэг журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сахилгын зөрчилд тооцох,
харин төрийн алба хаагч - хүний баримтлах ёстой ёс суртахуун, зан үйл, харилцаа, хандлагын нийтлэг хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журмын дагуу ёс зүйн зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогч ялгамжтай хуульчилсан гэж үзэхээр байна.
5. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Э.М нь 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод зохион байгуулагдсан туршлага судлах, сургалтын арга хэмжээг дуусган Монгол Улс руу буцах замдаа согтууруулах ундаа хэрэглэн, хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр бусад албан хаагчидтай маргалдсан. Улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт зохисгүй үйлдэл гаргасны улмаас хил нэвтрэх боломжгүйд хүрсэн гэх үйл баримтыг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, 2025 оны 02 дугаартай дүгнэлтийг гаргасан.
Улмаар тухайн дүгнэлтийг үндэслэн хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны Б/53 дугаар тушаалаар нэхэмжлэгчид “нийт ажилтанд зарлах хэлбэрээр” нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...Гадаад томилолт гэх ойлголтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны А/47 тушаалын хавсралтаар батлагдсан “Албан томилолтоор ажиллах журам”-д “Гадаад улсад зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалт, семинарт оролцох болон бусад ажил гүйцэтгэхийг” ойлгохоор тодорхойлсон. Энэ тохиолдолд хөдөлмөрлөх үүрэгтэй хамааралгүй БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчиж байсан тул нэхэмжлэгчийн үйлдэлд ямар эрх зүйн баримт бичиг үйлчлэх ёстойг шүүх тодорхойлоогүй” хэмээн тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан баримтаар;
нэхэмжлэгч нь тухайн тохиолдолд хуваариа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод зорчоогүй. Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны А/461 дүгээр тушаалаар батлагдсан арга хэмжээний хүрээнд, төсвийн зардлаар зорьсон. Мөн төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд хаана ч явсан төрийн алба хаагч - хүний баримтлах ёстой ёс суртахуун, зан үйл, харилцаа, хандлагын нийтлэг хэм хэмжээг зөрчихгүй байх үүрэгтэй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
7. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА