| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0593/З |
| Дугаар | 221/МА2026/0281 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0281
З.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Б.А-ын өмгөөлөгч Б.М
Нэхэмжлэгч: З.Б
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.А
Гуравдагч этгээд: А ХХК
Гуравдагч этгээд: Ц.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, А-ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0156 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.М
Хариуцагч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0593/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.Б-гаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчид тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.А-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчид тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, АХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргажээ.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0156 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч З.Бгийн нэхэмжлэл, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гуравдагч этгээд Б.А-ын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхйи газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.А-ын А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Б.А-ын өмгөөлөгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
“Шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, талуудын тайлбар болон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.
Нэхэмжлэгч З.Б нь А ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд өөрийн төрсөн хүү болох Б.А-т 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр компанийн хувьцааг бүрэн шилжүүлж байсан. Үүнээс хойш цаг үеийн нөхцөл байдлаас 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр компанийг өөрийн нэр дээр буцаан авсан. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Бүртгэл хүчингүй болгох тухай" 4810 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам зөрчиж бүртгэгдсэн гэх үндэслэлээр тухайн бүртгэлийг хүчингүй болгож, opendata.burtgel.gov.mn системд Б.А-ыг бүртгэсэн хуучин бүртгэл сэргэж, 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна" гэж заасан. Ийнхүү 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23370378/05 дугаар "хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай тогтоол"-оор төлбөр төлөгч А ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2024 оны 23370809/04 дүгээр шийдвэрийг цуцалсан. Энэхүү тогтоолд хувьцааг Ц.Н руу шилжүүлэхтэй холбоотой хязгаарлалт тогтоогоогүй. Бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдсан тул Б.А аав 3.Б-д хувьцааг бүхэлд нь шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй, хязгаарлалт тогтоох эрхгүй. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хяналтын улсын байцаагч Б.Б нар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэтэл шүүхээс "... улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхтэй... Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн хүсэлтийг шалгаж, А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг маргаан бүхий 4810 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэснийг хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын баримт бичиг тогтоол хэлбэртэй байна гэж хуульчилсан тохиолдолд албан бичгийг үндэслэж гарсан улсын байцаагчийн дүгнэлт ч үндэслэлгүй юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 17.1.6-д "улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох" гэж заасны дагуу Улсын ерөнхий бүртгэгч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга тушаалаараа хууль зөрчсөн гэж үзсэн бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй. Тус захиргааны хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр авагдаагүй, хэний, ямар шийдвэрээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, өмнөх бүртгэлийг сэргээсэн нь ойлгомжгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т "бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй" гэх үндэслэлээр "Альянстек" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр илт хууль бус байхад анхан шатны шүүхээс "...тухайн хууль бус бүртгэлийг хүчингүй болгосон хариуцагч улсын байцаагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй" гэж хуулиар улсын байцаагчид тус эрх хэмжээ олгогдоогүй байхад үндэслэлтэй байсан гэж тайлбарлаж хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
Хэрэв Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон байвал энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэх үндэслэлд хамаарна. Дээр дурдсанчлан бүртгэлийг хүчингүй болгох чиг үүрэг УБЕГ-ын даргад хамаардаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д "Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна", 18.7.1-д "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж тус тус заасны дагуу улсын байцаагч нь дүгнэлт гаргаж, шаардлага тавьж, даалгавар өгч биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй.
Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/14678 дугаар албан бичгээр "...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгож, хоригийг тавьсан болно" гэх мэдээллийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. Улсын байцаагчийн дүгнэлтээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон илт хууль бус, улсын байцаагч нь өөрт олгогдоогүй, чиг үүрэгт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны үед хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дүгнэлтээр хүчингүй болгосон талаар тайлбар хэлсэн байхад шүүхээс уг асуудлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тайлбар авахаар хандахад "тогтоолоор шийдвэрлэдэг" тек агуулга бүхий хариу ирүүлсэн. Ийм байтал улсын бүртгэгч бүх зүйл хууль ёсны дагуу хууль зөрчөөгүй явж байсан бүртгэлийг дүгнэлтээрээ хүчингүй болгосон нь хуулиар влгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн, бодит нөхцөл байдалд тохироогүй. Энэ агуулгаар изкэмжлэгчийн зүгээс тайлбар, нотлох баримт гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс ...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-141/20860 тоот албан бичгээр бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байх бөгөөд нэгэнт улсын бүртгэлийн байгууллага тухайн эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шийдвэрээс өөрөөр бүртгэхийг хуулиар хориглосон тул хариуцагч хяналтын улсын байцаагчаас ийнхүү зөрчилтэй бүртгэлийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй" гэх утгатай хуульд нийцэхгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх ашигт хохирол учруулахуйц шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0156 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч З.Б-гийн нэхэмжлэл, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гуравдагч этгээд Б.Аын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхйи газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.А-ын А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч З.Б-гаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
3.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтээр А ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэгч С.О бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр А ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгожээ.
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд мөн зүйлийн 22.3.1-22.3.6-д заасан баримт бичгийг бүрдүүлэхээр, харин улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4.5-д заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглохоор зохицуулсан.
3.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ”, 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна” гээд 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус заасан.
3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н, Б.А нарын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт болон И С Н ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-141/20860 тоот “...хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээж, төлбөр төлөгч А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.А-ын хувьцааг түүний эх тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Н-д шилжүүлэн бүртгэж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хамт хариу ирүүлнэ үү...” гэх албан бичиг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23370378/05 дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай”, 23370378/06 дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг тус тус Улсын бүртгэлийн байгууллагад ирүүлжээ.
3.5. Дээрх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.О нь А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг Ц.Н болгон өөрчлөн бүртгэх ёстой боловч З. Б-гийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн болон эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн хамт холбогдох баримтуудыг хавсарган ирүүлснийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр АХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг З.Б болгон өөрчлөн бүртгэсэн байна.
3.6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч дээрх бүртгэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон.
3.7. Тус дүгнэлтийг гаргахын өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр З.Б, Ц.Н, Б.А нарыг оролцуулан хийсэн сонсох ажиллагаагаар Б.Ааас “...өмнө нь манай аав З.Бгийн компани байсан юм чинь өргөдлөө бичиж өгөөд өгөх нь тохиромжтой юм байна...” гэж, Ц.Н-гаас “З.Б руу шилжүүлэх хүсэлтээ шүүхийн шийдвэрт гаргаж байсан. Бид энэ бичгийг өгсөн байгаа. Энэ хариу ирэхээр шийдвэрлэж болох уу” гэж, З.Б-гаас “Шүүхийн шийдвэрээс ирэх бичгийг 2, 3 хоног хүлээж болох уу” гэж тус тус А ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг З.Б болгон өөрчлөн бүртгэсэн асуудлаар хэн аль нь маргаангүй, энэ талаарх хүсэлтээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт гаргах боломжтой талаар санал хүсэлтээ илэрхийлсэн байна.
3.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан.
3.9. Энэ тохиолдолд улсын бүртгэгчийн бүртгэл хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотойгоор хүчингүй болгох дүгнэлт гаргах эрхтэй хэдий боловч тийнхүү шийдвэр гаргахдаа хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, зорилгодоо хүрэх аргаа зөв сонгох боломжтой.
3.10.Иймээс хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас А ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг З.Б болгон өөрчлөн бүртгэсэн бүртгэсэнтэй маргасан этгээд байхгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй энэ тохиолдолд хэргийн оролцогч нарын хүсэлтийг судалж, холбогдох шийдвэрийг гаргах талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, тухайн ажиллагааг гүйцэтгэх нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн тул маргаан бүхий дүгнэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч З.Б-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
4.1. Хэрэгт авагдсан А ХХК /РД:*******/-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр З.Б-г гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл хүчингүй, идэвхигүй болсон төлөвтэй болж, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Н-г гүйцэтгэх захирлаар, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.А-ыг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэсэн бүртгэл сэргэсэн байна.
4.2. Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж тус тус заасан.
4.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд улсын бүртгэгчийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад олгогдсон байх бөгөөд А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр З.Бг гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй, идэвхигүй болгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл гэж үзнэ.
4.4. Дээр дурдсан улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг тухайн шүүхээс дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул уг дүгнэлтийг үндэслэн гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэр буюу А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр З.Б-г гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй, идэвхигүй болгосныг мөн адил дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.А-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчид тус тус холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд,
5.1. Гуравдагч этгээдээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, “А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.6-д тус тус заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тайлбарлан маргажээ.
5.1.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан.
5.1.2. Харин маргааны тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн хяналт”-д байхаар, 18.7-д “Улсын байцаагч нь ... бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ...бүртгэлд засвар, ..., хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” гэж тус тус зааснаас үзвэл, хууль тогтоомж зөрчиж хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх талаарх дүгнэлт гаргах нь хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарч байна.
5.1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно”, 44.2-т “Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна” гээд 44.2.14-д “төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх” гэж заасан.
5.1.4. Дээрхээс үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23370378/05 дугаар тогтоолоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээж, 23370378/06 дугаар тогтоолоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэснийг тус газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-141/20860 тоот албан бичгээр бүртгэлийн байгууллагад хүргүүлсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч маргаан бүхий дүгнэлт гаргасныг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй.
5.1.5. Мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж тус тус зааснаас үзэхэд улсын бүртгэгчийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад олгогдсон байх тул дээрх үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй.
5.2. Дээрх үндэслэлүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0156 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Бг бүртгэсэн бүртгэлийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг бүртгэсэн бүртгэл тус тус хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.6, 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гуравдагч этгээд Б.А-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг 4 болгож шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тус тус давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН