Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 75

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            улсын яллагч Ц.Гансүлд,

            хохирогч Д.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

            шүүгдэгч Ц.Мөнхболд, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

            гэрч О.Чимэггэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан  дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Шанью овогт Цогтболдын Мөнхболдод холбогдох эрүүгийн 2016 2601 2607 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 24 настай, тусгай дунд боловсролтой, “Аялал жуулчлалын хөтөч” мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 31-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шанью овогт Цогтболдын Мөнхболд РД:ШУ92110658,

            Үйлдсэн хэргийн талаар:

            Шүүгдэгч Ц.Мөнхболд нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар “Сутайн буянт” захын дугуй засварын газарт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед иргэн Д.Отгонбаатартай дугуй засварын төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан зодон биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:        

            Шүүгдэгч Ц.Мөнхболд нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар “Сутайн буянт” захын дугуй засварын газарт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед иргэн Д.Отгонбаатартай дугуй засварын төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан, зодсоноос түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:       

            - шүүгдэгч Ц.Мөнхболдын:...Би хувиараа “Сутайн буянт” зах дээр дугуй засвар ажиллуулдаг. Амарбаясгалан эгчийн дугуй засварын газарт 2014 оны 08 дугаар сараас эхлэн туслахаар ажилд орсон. Өдрийн 20.000-30.000 төгрөгийн цалинтай. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийгээд байж байтал 30 орчим насны залуу Приус-11 маркийн автомашинтайгаа ирээд автомашины 2 ширхэг дугуй худалдан авлаа солиод өгөөч гэсэн. Би эхний дугуйгаа сольж дуусгачихаад дараагийн дугуйг нь солих гээд задлан хийхэд уг дугуй бөөр хэсэгтээ хагарсан байсан. Би тухайн эрэгтэй хүнд хандан энэ дугуй хагарсан байна гэхэд солиулна гээд аваад явсан. Удалгүй дахиад нэг дугуй бариад ирсэн ба сольж хийн, хийлхэд хавагнасан байхаар нь энэ дугуй асуудалтай байна гэж хэлсэн. Би уг эрэгтэйд хандан 4-5 удаа дугуй солих юм байна 2 ширхэг дугуйны мөнгө өгчихгүй юу даа гэхэд над руу уурлаад би яахлаараа ингэж мөнгө өгөх ёстой юм бэ гэж уурлаад дайраад хэл амаар доромжлоод, хуруугаараа чичлээд, дөхөж ирээд гар хөдлөх шиг болохоор нь би баруун, зүүн гараа ээлжлэн атгаж байгаад нийт 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Уг эрэгтэй би цагдаа дуудлаа 3.000.000 төгрөг өгч чадах юм уу гэхээр нь надад 3.000.000 төгрөг байхгүй цагдаа иртэл нь хүлээж байя гэж хэлээд хэсэг байж байтал цагдаа ирсэн....ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-41-43/,  

            - гэрч П.Амарбаясгалангийн:...Би тухайн өдөр контейнер дээрээ дугуй зарж байгаад 14 цаг өнгөрч байх үед, цагийг нь сайн санахгүй байна, Мөнхболдын дугуй засвар дээр яваад очиход Мөнхболд хувцсаа өмсөөд зогсож байхаар нь би юу болсон талаар асуухад тэнд зогсож байсан нэг залууг заагаад энэ залуу намайг хэл амаар доромжлоод байхаар нь би цохичихлоо, цагдаа дуудсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-27/,    

            - гэрч Г.Одонхүүгийн:... Би “Сутайн буянт” зах дээр 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөг хүртэл хуучин дугуй худалдан борлуулдаг лангуу №55-г түрээслэн ажиллуулдаг. Намайг “Сутайн буянт” зах дээр л ирэхэд Мөнхболд дугуй засварын газар ажилладаг байсан. Үүнээс хойш л ажил хэргийн холбоотой байсан. Тухайн өдөр 13 цаг өнгөрч байх үед би хохирогч гэх залууд 2 ширхэг 185,70,14 гэсэн хэмжээтэй өвлийн Япон дугуйг 1 ширхэгийг нь 45.000 төгрөгөөр зарсан. Удалгүй дугуй худалдан авсан залуу 1 дугуй чинь хагарсан байна гээд буцаад бариад ирэхээр нь дугуйг аваад өөр дугуйгаар солиод, сольсон дугуйгаа бариад Мөнхболдын дугуй засварт яваад очсон. Мөнхболд нь дугуйг сольж дуусаад ажлын хөлс авахаар болоод Мөнхболд 2 дугуйны мөнгө гэж хэлэхэд нөгөө залуу нь би 2 дугуйны мөнгө яах гэж өгөх билээ гээд босоод тулаад хүрээд ирсэн. Мөнхболд чи яах гэж надтай ингэж харьцаад байгаан бэ гэж хэсэг маргаж байгаад баруун зүүн гараа ээлжлэн атгаж байгаад нэг нэг нийт 2  удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Цохиулсан залуу нүүрээ даран хойшлохоор нь би Мөнхболдыг боль гэж салгасан...ийм асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-29/,  

            - хохирогч Д.Отгонбаатарын:...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14-15 цагийн орчим өөрийн эзэмшлийн 88-30 УБҮ улсын дугаартай Тоёота Приүс 11 маркийн автомашинтайгаа эхнэр Чимэггэрэл, хүүхэд Аз-Эрдэнэ \6 настай эрэгтэй\ нарын хамт гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Сутайн буянт” техникийн зах дээр машиндаа өвлийн дугуй худалдан авах гэж очсон. Очоод контейнертай худалдаачин болох эрэгтэй хүнээс 2 ширхэг өвлийн хуучин дугуй 1 ширхэгийг нь 45.000 төгрөгөөр бодон нийт 90.000 төгрөгөөр худалдан авсан. Дугуй худалдсан залуу дугуй засварчин энэ хүн байна гээд нэг залууг заахаар нь би 1 дугуйг солиулж тавиулахад төлбөр хэд вэ болох вэ гэхэд 2.500 төгрөг болно гэхээр нь би зөвшөөрсөн. Би машинаа унаад заасан захын хашаан дотор байх дугуй засварын газарт очиход 25 орчим насны махлагдуу биетэй бор залуу дугуй засаад байж байсан ба миний машины дугуйг сольж эхэлсэн. Эхний дугуйгаа солиулан хийлгэхэд уг худалдан авсан дугуй хавантай байна, сольмоор байна гэхэд яг тийм хээтэй дугуй байгаагүй. Дугуй зарсан залуу нөгөө дугуйг аваад ир адилхан хээтэй дугуй байхгүй байна гэхээр нь дугуй засварын залуу дээр эргээд очиход нөгөө дугуйг хийлэн машинд угсарсан байдалтай байсан. Дугуй засварын залуу би энэ дугуйг тайлаад угсраад тавьсан одоо ажлын хөлс 10.000 төгрөг болсон гэж надад хэлэхээр нь “би чамд 1 дугуйны мөнгө өгөх ёстой” гэхэд чи яасан пээдгэр новш вэ гэж хэлээд 2 удаа цохих шиг болсон. Босч ирээд би чи яагаад ингэж хүн цохидог хүн бэ би цагдаа дуудна гэхэд дууд гэсэн. Эхнэр надад хандан сая салгаагүй бол чамайг дахин цохих байх гэж хэлээд удалгүй цагдаа ирсэн. Ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-9-12/,

            - гэрч О.Чимэггэрэлийн:...Би нөхөр Отгонбаатар, хүү Аз-Эрдэнийн хамт 14 цагийн орчим 88-30 УНБ улсын дугаартай автомашинтайгаа автомашиндаа дугуй худалдан авах гэж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутайн буянт” зах дээр очсон. Нөхөр хүүхдийн хамт дугуй зардаг контейнер дээр очоод худалдагч болох эрэгтэй хүнээс 90.000 төгрөгөөр 2 ширхэг дугуй худалдан аваад машиндаа солиулж хийлгэх гээд дугуй засварын үүдэнд очсон. Ажилтан нь гэх залуугаас үйлчилгээний хөлсний талаар асуухад 2.500 төгрөг гэхээр нь зөвшөөрсөн. Эхний дугуйгаа солиулаад дуусаад хийлүүлэхэд хавантай байж таарсан тул солиулах шаардлагатай болсон. Манай нөхөр яваад шинэ дугуй авч ирэхэд дахиад хийлгэх болоход дугуй засварын залуу хийсэн үйлдэл болгоноо 2.500 төгрөгөөр тооцон 10.000 төгрөг нэхэхэд манай нөхөр үнэтэй байна гэхэд, чи яагаад пэдийгээд байгаа юм, ямар овоо юм бэ гээд тулж зогсоод гараа атгаж байгаад манай нөхрийн нүүр рүү 2 удаа цохисон. Тэгэхэд манай нөхөр газар унан би дугуй засварын залуугийн урдуур ороод боль гээд зогсоон хэсэг байж байтал нөхөр газраас босч ирсэн. Цагдаа дуудна гэхэд цагдаагаа дууд хамаагүй, төлөх чадвартай явж чадна гээд байсан. Хамт ажилладаг бололтой хүн нь чи ингэж болохгүй гэж хэлж байсан. Удалгүй цагдаа ирсэн...ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-26/,

             - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №14663 дугаартай шинжээчийн:...Отгонбаатарын биед тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх цус хуралт, 3 шүдний сулрал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Энэхүү гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтүлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдантанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-21/,  

            - шинжээч эмч Б.Ундармаагийн:...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой мохоо зүйлийн ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд эмчилгээ хийлгэх шаардлагатай...гэх мэдүүлэг /хх-24-25/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.      

 

            Иймд шүүгдэгч Ц.Мөнхболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

            Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь бусдад үзүүлсэн бүх ажил үйлчилгээний хөлсөө хохирогчоос авахыг хүссэн, харин тухай автомашины дугуй хавантай байснаас дугуйг буцаан задлах, дахин солих, угсрахад гарсан ажлын хөлсийг хохирогч нь үл зөвшөөрсөн буюу төлөхгүй гэснээс тэдний хооронд зүй бус харьцаа, үл ойлголцол үүссэн байх тул тухайн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.      

            Гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын нотлох баримт бүрэн гүйцэд цуглараагүй байх боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хэрэгт авагдсан /х-13-17, 67/ болон шүүхэд гаргасан 85.000 төгрөгийн нотлох баримтын хүрээнд нийт 1.440.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, үүнээс 700.000 төгрөг төлөгдсөн төлөх үлдэгдэл 740. 000 төгрөг байна.    

            Хохирогч нь цаашид хамраа эмчлүүлэхэд 1.339.755 төгрөг нэхэмжилнэ гэх боловч эмчлүүлсэн баримтгүй, мөн өмгөөлөгчтэй хийсэн гэрээ хэрэгт байхгүй буюу өмгөөлөгчийн хөлс нэхэмжлэх үндэслэл хангалтгүй байх тул тус шүүх хуралдаанаар  тухайн хохирлыг шийдвэрлэх боломжгүй, харин иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.  

            Шүүгдэгч Ц.Мөнхболд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.   

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан баривчлах ял оногдуулав.       

            Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болно. 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шанью овогт Цогтболдын Мөнхболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхболдыг 1/нэг/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхболдод оногдуулсан 1/нэг/ сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.        

            4. Шүүгдэгч Ц.Мөнхболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.  

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхболдоос 740.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Отгонбаатарт олгож, хохирогч Д.Отгонбаатар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Мөнхболдоос нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгчид цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.            

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Мөнхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ГАНБААТАР