| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/01215/И |
| Дугаар | 183/ШШ2020/01598 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2020/01598
| 2020 оны 06 сарын 11 өдөр | 183/ШШ2020/01598 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............. байрлах, Р СӨХ /РД:000000/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. тоотод оршин суух, Т овогт С.Э /РД:0000000/-д холбогдох,
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 3 684 932 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч С.Э, нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р СӨХ нь Хан-Уул дүүргийн 00000 дүгээр орон сууцнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох, цахилгаан шат, дундын өмчийн талбай, ус, дулаан, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, засвар хийж үйлчилгээг тогтмол хийж өгдөг. Мөн оршин суугчдыг ая тухтай амьдрах нөхцөл байдлыг хангахын тулд зүлэг ногоо, харуул хамгаалалтыг хангах арга хэмжээ авдаг. Сууц өмчлөгчдөөс сар бүр тогтмол мөнгө авч орцны дулаан, цахилгаан шат, орцны дулаан, засвар үйлчилгээ ажиллуулж тухайн орон сууцын хэвийн ая тухыг хангадаг. Хариуцагч С.Э 000 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг. Н ХХК-иас 2017 оны 8 сарын 24 ны өдөр худалдан авч одоо хүртэл өөрийнх нь өмчлөлд байдаг. Энэ байранд орсноос хойш төлөлт хийлгүй 4 дэх жилдээ орж байгаа ба энэ байдлаас шалтгаалан лифт, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг манайх хийсээр байхад үүргээ биелүүлдэггүй. Төлбөрөө шаардахаар өөдөөс үндэслэлгүй шаардлага тавьдаг дундын өмч, хувийн өмч хоёроо ялгадаггүй. 2017.11.20 ны өдрөөё 2020.2.18 ны өдрийг хүртэлхи хуримтлагдсан өр төлбөр нь 3 648 932 төгрөг болж байгаа ба 2019.12.18 ны өдөр 320 000 төгрөг, 2019.09.21 ны өдөр 310930 төгрөг, 2019.11.12 ны өдөр 158 718 төгрөгийг төлсөн төлөлтийг хасаж тооцсон юм. Манай төлбөр тогтмолоор сард 112 500 төгрөг, үүн дээр хувьсах зардал нэмэгддэг болно. Хариуцагч С.Э СӨХ-ны тухай хууль, Иргэний хууль 147.1-д заасны дагуу СӨХ-д сар бүр төлбөр төлөх үүрэгтэй тул 3 648 932 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж Р СӨХ-д төлөх үүрэгтэй. Иймд 3 648 932 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
1. Миний бие 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Хан-уул дүүргийн 00 тоот байрыг Н групп (НКДГ)-ээс худалдан авч, байрандаа гал тогооны тавилга хийлгүүлэхээр туслах түлхүүр авсан. Туслах түлхүүр авах үед Т хотхоны санал хүсэлт барагдуулах акт-ыг танилцуулж Р СӨХ-ийн менежер Б.Э гарын үсэг зурсан. Байр хүлээлгэн өгөхтэй холбоотой санал хүсэлт барагдуулах актанд нийт 8 зүйл тусгагдсан бөгөөд эдгээр ажлыг НКДГ 14 хоногийн дотор засаж сайжруулсны дараа барилгын хяналтын инженер гарын үсэг зурж баталгаажуулснаар үндсэн түлхүүрийг сууц эзэмшигчид өгч, СӨХ-ийн төлбөр тооцож эхэлнэ гэж танилцуулсан. (Хавсралт 1 Санал хүсэлт барагдуулах акт)
2. Байр хүлээлгэн өгөхтэй холбоотой санал хүсэлт барагдуулах акт-нд тусгагдсан ажлууд нь байрны ашиглалттай холбоотой томоохон засварын ажил байсан бөгөөд тухайлбал мастер 00 өрөө, зочны 00 өрөөний шилэн душны резинзздийн дагуу ус гоождог тул ашиглах боломжгүй байсан. Байранд орсноос хойш бидэнд мэдэгдсэн ноцтой доголдол нь мастер 00-ийн өрөөний удирдлага тодорхойгүй шалтгаанаар гэнэт ажиллагаагүй болдог байсан. Эдгээр болон актад тусгагдсан бусад загваруудыг НКДГ 14 хоногийн дотор засаж байрыг хүлээлгэн өгөх ёстой байсан ч засаж сайжруулахгүйгээр тэр чигээр нь орхисон.
3. Байрны ашиглалттай холбоотой санал гомдлууд хийгдэхгүй 3 сар өнгөрсөн тул бид СӨХ-д гомдол гаргахад СӨХ-ийн менежер Б.Э: Танай асуудлыг мэдэж байгаа, бид СӨХ-ийн төлбөрийг бодохгүй байгаа, НКДГ-д нарядаар дуудлага өгсөн, удахгүй засах байх гэсэн хариу өгсөн.
4. Байрны 00-ын эвдрэл доголдлыг удаа дараа СӨХ-д дуудлага өгөхөд Бид чадахгүй, НКДГ хийнэ гэж хэлээд гардаг байсан. НКДГ инженерүүд өөр өөр хүн орж ирж үзээд шалтгааныг нь олдоггүй, байрны цахилгаан сүлжээ буруу холбосон байх магадлалтай гэж тайлбарласан. Байрны цахилгааныг бүхлээр нь салгаж, дахин залгахад 00 удирдлага түр ажиллаад, хэсэг хугацааны дараа дахин ажиллахаа больдог байв. Ийм байдлаар түр зуур аргалдаг, дахин ажиллагаагүй болоход бид СӨХ-д удаа дараа дуудлага өгдөг байсан. 2017 онд манайх дөнгөж төрсөн нярай хүүхэдтэй, түүнийгээ усанд оруулахын тулд халаалтгүй 00-ын өрөөнд өөрсдөө халаагч тавьж дулаацуулж усанд оруулдаг байв. Өндөр үнэтэй байр худалдаж авсан атал байр нь цахилгааны буруу холболттой байж магадгүй, ямар нэгэн аюул эрсдэл гарахвий гэсэн айдастай, ашиглалтын доголдолтой байранд бид хохирсоор амьдарч байв.
5. 2017 оны 11 сараас эхлэн СӨХ бидэнд мэдэгдэлгүйгээр /актанд тусгагдсан ажлууд хийгдсэн эсэхийг СӨХ нь манайд ирж нэг ч удаа шалгаагүй, утсаар нягтлаагүй/ СӨХ-ийн төлбөр тооцож эхэлсэн. Тухайн үед бид Байр хүлээлгэн өгөхтэй холбоотой санал хүсэлт барагдуулах акт-нд тусгагдсан ажлууд хийгдээгүй, НКДГ-ын барилгын хяналтын инженер баталгаажуулж зураагүй байхад СӨХ-ийн төлбөрийг бодож эхэлсэнд бид СӨХ-д гомдол гаргасан.
6. Энэ талаар СӨХ-д гомдол мэдүүлэхэд, менежер Б.Э нь танай энэ төлбөрийг төлөхгүй байж болно. Байрны ашиглалттай холбоотой гомдол барагдуулж дуустал НКДГ хариуцах тул бид сүүлд хэдэн төгрөг нэхэмжилж авахаа тооцохын тулд танай дээр бичилт хийж байгаа юм. Иймд та нар санаа зоволтгүй, бид асуудлыг шийдвэрлэж өгнө гэж бидэнд тайлбарласан. Гэсэн атал СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ СӨХ-ийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардлага хүргүүлсээр байхад төлөхгүй байна гэж бичсэн нь үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй байна.
7. Байрны гэмтэл, доголдлыг арилгуулахаар бүтэн 2 жил гомдол гаргасны дараа 2019 оны 6 сард НКДГ-ны шинээр орсон инженер манайд ирж мастер 00-ийн удирдлагын доголдол нь байрны цахилгаан сүлжээний алдаа бус үйлдвэрийн доголдолтой болохыг нотолж, 2019 оны 7 сард шинээр суурьлуулж өгсөн. Харин санал хүсэлт барагдуулах актанд тусгагдсан 8 зүйлийн 3 зүйл ажил нь одоог болтол огт засагдаагүй хэвээр байгаа. Гэвч байрны гол эрсдэлтэй асуудлыг НКДГ шийдвэрлэж өгсөн тул бид өөрсдийн санаачлагаар СӨХ-ийн төлбөрийг 2019 оны 8 сараас эхлэн төлж эхлэхээр шийдсэн. 2017 оны 11 сараас 2019 оны 7 сар хүртэлх хугацаанд манай дээр бичигдсэн СӨХ-ийн төлбөрийг Б.Э менежерийн бидэнд тайлбарласны дагуу шийдвэрлэж өгөхийг удаа дараа бичгээр илэрхийлсэн (2019 оны 07 дугаар сарын 05, 2019 оны 08 дугаар сарын 24, 2019 оны 08 дугаар сарын 26-нд тус тус явуулсан бичгүүдийг хавсаргав).
8. Бичгээр гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэхийн тулд 2019 онд СӨХ-ийн менежер Б.Этай удаа дараа уулзсан бөгөөд манай асуудлыг СӨХ-ийн удирдах зөвлөлөөр тусгайлан оруулж, шийдвэрлүүлнэ та бүхэн хүлээж бай гэдэг тайлбар өгч байсан. Мөн СӨХ-ийн Удирдах хороо (УХ)-ны дарга Б.Хүрэлхүү нь НКДГ-ын Гүйцэтгэх захирал тул танай асуудлыг нааштай шийдвэрлэх байх гэж бидэнд хэлсэн. Бид НКДГ гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүүд манай дээр бичигдсэн СӨХ-ийн төлбөрийн талаар бичгээр мэдэгдсэн. Харамсалтай нь манай асуудлыг УХ-ын хурлаар огт авч хэлэлцээгүй болох нь нэхэмжлэхтэй хамт ирүүлсэн баримт материалаас харагдаж байна.
9. Манайхыг шүүхэд хүргүүлсэн нэхэмжлэлдээ үндэслэл болгож Р СӨХ-ны 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Т хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлаас гаргасан тогтоол болох 1 жилээс дээш төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн асуудлыг шүүхийн байгууллагад шилжүүлэхийг СӨХ-ийн Гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн заалтыг ашигласан байна. Энэ тогтоол гарах үед манай дээр үндэслэлгүй бодож эхэлсэн СӨХ-ийн төлбөр 4 сар ч хүрээгүй байсан байна.
10. Өмнө нь бидэнд өгсөн тайлбарын дагуу Р СӨХ нь манай асуудлыг шийдвэрлэж өгнө гэж итгэн 2019 оны 8 дугаар сараас эхлэн СӨХ-ийн төлбөрийг төлж байгаа билээ. Харамсалтай нь СӨХ нь манай асуудлыг шийдвэрлэхгүй удааж хугацаа алдсан, бидэнтэй уулзаж ярихгүй, харилцан тохиролцох, ойлголцох оролдлого хийлгүйгээр 2017 оны 11 сараас 2019 оны 7 сар хүртэлх хийт 21 сарын СӨХ-ийн төлбөрийг биднээр төлүүлэхийг оролдож С.Э миний биеийг шүүхэд өгч, хувийн дансыг маань хаалгах хүртэл хүсэлт шүүхэд гаргаж иргэний эрхийг минь зөрчиж байна гэж үзэж байна.
11.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.3-т заасан эрхээ эдэлж сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй дутуу ажлыг барилга гүйцэтгэгчээс нөхөж хийлгүүлэхээр шаардлага тавьж, байраа бүрэн дүүрэн хүлээж аваагүй байхад дур мэдэн СӨХ-ийн төлбөр тооцож, төлбөр нэхэмжилсэн явдал нь Р СӨХ нь бидний иргэний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
Хариуцагч С.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Т хотхоны 501 байрны 1001 тоот орон сууцыг 2017 оны 8 сард 100 хувь мөнгийг нь төлөөд худалдаж авсан. Байрыг худалдан аваад Р СӨХ ны менежер Э ирсэн, ийм юмнууд алдаатай гээд Н, СӨХ , манайхаас акт үйлдсэн, энийг засчихаад харилцан тооцоо нийлж байж төлбөрөө төлж эхэлнэ гэсэн. Энэ актанд гарын үсэг Н гээс хүн байсан мөртлөө гарын үсэг зураагүй байна лээ, энэ актанд заагдсан байранд маань илэрсэн доголдлууд засагдахгүй байсан тухайлбал мастер 00 өрөөний удирдлага унтарч асдаг. Энэ мэт 8 дутуу ажлыг хийлгүүлэх гээд эхнэр Б.Саранцэцэг маань уг сууц өмчлөгчдийн холбоонд байнга бичгээр ханддаг байсан юм СӨХ нь оршин суугчдын эрхийг хамгаалж байр барьсан уг байгууллага руу өөрсдөө дуудлага өгч янзлуулах үүрэгтэй. 2017 оны 11 сараас төлбөр гарч эхэлсэн , ингэхлээр нь менежер Этай очиж уулзахаар зүгээрээ программ дээр л ингээд тооцоод явчихсан болохоос таны асуудлыг удирдах зөвлөл дээр тавьж хэлэлцүүлнэ, Н хариуцна гэх зэргээг биднийг одоо бодоход хулхидаж байсан байгаа байна. 2017 оны 08 сараас хойш бодохгүй яагаад 2018.11 сараас хойш бодсоныг ойлгохгүй байгаа, 2019 оны 9,11,12 саруудад төлөлт хийсэн ба өр төлбөр гараад тохиролцохгүй болохоор нь одоо төлөхгүй байгаа юм. Манайх 2019 оны 8 сараас хойш л төлөлтөө бодуулмаар байна, 2019 оны 7 сард л мастер унтлагын өрөөний цахилгааны массыг Н янзалж өгсөн, одоо ч дутуу ажил байсаар л байна, Н д албан бичиг өгсөн ч хариу өгдөггүй, энэ СӨХ хариу өгөөд явдаг гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Р СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р СӨХ нь 2015 оны 06 сарын 26 ны өдрийн 01 дугаартай Т хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын тогтоолын 2 дахь хэсэгт зааснаар Р СӨХ ны бүрэлдэхүүнд нэгдэн орсон байх ба мөн Хан Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 сарын 26 ны өдрийн гэрчилгээ хэрэгт авагджээ. Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар тус холбоо байгуулагдсан байна.
Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017.11.20 ны өдрөөс эхлэн 2020.02.18-ны өдөр хүртэлх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 3 6840932 төгрөгийг гаргуулахыг хүссэн, харин хариуцагч С.Э нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2019 оны 08 сараас хойшхи төлбөрийг л төлөхийг хүлээн зөвшөөрдөг.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул Р СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3. дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой байна.
Хариуцагч С.Э нь 2018.11.20-ны өдрөөс эхлэн 2019.08 сарыг хүртэлх-хугацааны төлбөрийг төлөхгүй гэх шалтгаанаа Р СӨХ-нь анх байранд ороход байсан доголдолтой ажлуудыг барилгын гүйцэтгэгчээр засварлуулаагүй , бидний санал гомдлыг холбогдох газарт нь гарган шийдвэрлүүлж чадаагүй, актанд дурьдагдсан ажил одоо ч бүрэн засварлагдаагүй гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт баримтаар авагдсан байр хүлээлцэх 2017 оны 8 сарын 24 ны өдрийн актаар байр хүлээлгэн өгөхтэй холбоотой санал хүсэлт барагдуулалт гэдэг дээр хүүхдийн өрөөний хаалганы гол, жижиг өрөөний хаалга, хаалганы хязгаарлагч, домофон ажиллахгүй, нүдэн гэрлийн цаас аваагүй цэвэрлээгүй, хөшигний зам буруу тогтоосноос нүх гарсныг засах, паар хөдөлгөөнтэй, босоо 2 душ ус гоожиж байгаа, банн ажиллахгүй гэх зэрэг 9 засуулах ажлын жагсаалт гаргасан байна. Улмаар уг ажлуудыг хийлгүүлэхээр тус байрны оршин суугч Б.С нь удаа дараа СӨХ нд албан бичиг хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогддог. Гэвч эдгээр ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой эд хөрөнгийн доголдлыг арилгах үүрэг нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7, 350.1.8 д зааснаар барилгын гүйцэтгэгч Н групп ХХК д байна. Уг нэрлэн заасан хариуцагчийн өөрийн өмчлөлийн хөрөнгийн ажлын үр дүнгийн доголдлыг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээг хариуцдаг сууц өмчлөгчдийн холбоо хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.
Талуудын тайлбар, харилцагчийн гүйлгээнээс үзэхэд хариуцагч С.Э-ын 2017.11.20-2020.02.18 ны өдрийг хүртэлхи төлбөл зохих нийт төлбөр нь 2017 онд 3150846 төгрөг, 2018-2020 онуудад 4 163 865 төгрөг, нийт 4 479 711 төгрөг болсноос хариуцагч нь 2019.09.21-нд 310930 төгрөг, 2019.11.12нд 158718 төгрөг, 2019.12.18 ны өдөр 320000 төгрөгийг, 2020.01.08 ны өдөр 5131 төгрөгийг тус тус төлсөн байх тул төлбөрийн үлдэгдэл 3 648 932 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тул нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч С.Э-оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3 648 932/ гурван сая зургаан зуун дөчин найман мянга есөн зуун гучин хоёр / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 74 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ