Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 135/2020/00554/и |
Дугаар | 001/ХТ2022/00243 |
Огноо | 2022-03-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2022/00243
2022 03 03 001/ХТ2022/00243
Б.Дгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 654 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар магадлалтай,
Б.Дгийн нэхэмжлэлтэй
А.Бд холбогдох
3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 654 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн гаргасан хариуцагч А.Бгаас 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1/ Анхан шатны шүүх: Б.Д нь А.Бгийн мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 2017.12.31-нд 500,000 төгрөг, 2018.01.21 -нд 2,000,000 төгрөг, 2018.03.05-нд 500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг өөрийн хаанбанкны эзэмшлийн 5068089292 тоот данснаас А.Бгийн 5073054716 тоот данс руу шилжүүлсэн. Зээлдэгч А.Б нь нэхэмжлэгчийн төрсөн ах Б.Пүрэвнямын хамтран амьдрагч А.Гэрэлмаагийн төрсөн эгч нь учраас тухай үед тэд нарын хооронд найрсаг харилцаатай байсан тул тус болох үүднээс хүү, хугацаа тохиролгүйгээр боломжтой болсон үедээ өгч авалцахаар тохиролцсон байдаг. А.Б нь зээлийн төлбөрт 2018.03.02-нд 105,000 төгрөг төлсөн нь талуудын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар амаар тохиролцож зээлийн байгуулагдсан байна гэдгийг нотолж байдаг. Мөн гэрч А.Гэрэлмаагийн гэрчийн мэдүүлгийг үнэлсэн нь хуульд нийцээгүй, гэрч А.Гэрэлмаа нь хариуцагч болох А.Бгийн төрсөн дүү учраас ашиг сонирхлын зөрчилтэй эгчдээ ашигтай байдлаар мэдүүлэг өгөх нь тодорхой байхад үнэлсэн. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. А.Гэрэлмаад эм тариа болон бусад байдлаар тусалж дэмжиж мөнгө өгдөг байсан бол энэ талын нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
2/ Давж заалдах шатны шүүх: Магадлалын хянавал хэсэгт “...зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээ нь амаар болон бичгээр байгуулагдсанаар шууд биелэлээ олдоггүй ба тухайн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндсэн шалгуур болох талуудын тохиролцоо буюу зээлийн хэмжээ, уг зээлийг эргүүлэн төлөх хугацаа, зээлдүүлсэн мөнгөн дүн хүү тооцох зэргийг тохиролцсоны үндсэн дээр бэлнээр буюу дансаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр гэрээг байгуулагдсанд тооцдог журамтай.” гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 283.1, 283.2 дахь хэсэгт тус тус зааснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр болон амаар тохиролцож болдог. Тухайн үед хариуцагчтай найрсаг харилцаатай байсны хувьд уг зээлийг эргүүлэн төлөх хугацаа, зээлдүүлсэн мөнгөн дүнгээс хүү тооцохгүйгээр боломжтой болсон үедээ буцаан өгөхөөр харилцан тохиролцож болох нь хуулиар тодорхой зохицуулагдсан байхад зээлийг эргүүлэн төлөх хугацаа, зээлдүүлсэн мөнгөн дүн хүү тооцох журам заавал байх ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь Иргэний хуулийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох боломжтой гэсэн зохицуулалтыг үгүйсгэсэн дүгнэлт болсон. Мөн иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт зээлийн эрх зүйн харилцаатай холбоотой зохицуулалтуудаар зээлийг эргүүлэн төлөх хугацаа, хүү төлөх, төлөхгүй байх талаар маш тодорхой зохицуулж өгсөн байхад заавал хугацаа, хүү тохирох ёстой байсан гэдэг дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалын үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулагдсан болохыг өөр бусад арга хэрэгслээр нотлох үүрэгтэй болно.” гэж дүгнэжээ. Зохигчид зээлийн гэрээг амаар тохиролцож хийсэн нь нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн данс руу орсон мөнгөн дүн болон хариуцагч буцаагаад данснаасаа нэхэмжлэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн нь зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үүргээ хэсэгчлэн биелүүлсэн гэдэг нь тодорхой харагдаж байхад хариуцагчийн төрсөн дүү А.Гэрэлмаагийн гэрчийн мэдүүлгийг хууль сануулсан гэдэг үндэслэлээр үнэлж дүгнэсэн учир дутагдалтай. Учир нь А.Гэрэлмаа нь хууль сануулж мэдүүлэг авсан ч шүүх тэрхүү гэрчийн мэдүүлгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл үнэлэхгүй байх бүрэн боломжтой байхад хууль сануулан мэдүүлэг авсан тул үнэлэхгүй байх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн тул шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж хариуцагч А.Бгаас 2,985,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
4. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
5. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч А.Бд холбогдуулан зээл 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Б.Дгийн ах Б.Пүрэвням /Отгоо гэж дууддаг/ нь миний төрсөн дүү А.Гэрэлмаатай хамтын амьдралтай байж байгаад салсан, тэд хөдөө амьдардаг, өөрсдөө банкны дансгүй учир Б.Пүрэвнямын дүү Б.Дгийн дансанд мөнгөө байршуулдаг байсан, дээрх данснаас миний данс руу шилжин орсон мөнгө бол А.Гэрэлмаа, Б.Пүрэвням нар нь надаас авсан хүүхдийнхээ эмчилгээ, сувилгаанд болон бэлэн мөнгө, бусад эд зүйлийнхээ үнийг буцааж төлсөн мөнгө юм...” гэж тайлбарлажээ.
6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт байгаа баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч Б.Д нь зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг нотолж чадаагүй, хариуцагч А.Бгийн татгалзал, гэрч А.Гэрэлмаагийн мэдүүлэг, дансны гүйлгээний баримтад Отгоо /otgoo/ гэсэн гүйлгээний утга бичигдсэн баримтыг нэхэмжлэгч өөр баримтаар үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэжээ. Талуудын хооронд мөнгө зээлэх хүсэл зориг байсан байдал тогтоогдоогүй, зөвхөн банкны дансны гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Шүүх талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан аль ч үндэслэлд хамаараагүй байна.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр А.Гэрэлмааг гэрчээр асуусан нь хууль зөрчөөгүй бөгөөд гэрчид хууль сануулсан тул уг баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгожээ. Нэхэмжлэгч эсэргүүцэж байгаа бол уг баримтыг няцаах үүрэгтэй бөгөөд баримтыг үгүйсгэж чадаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул үүнд шүүхийг буруутгах үндэслэлгүй.
Хэрэгт А.Бгийн данснаас Б.Дгийн данс руу 2018.03.02-ны өдөр 105,000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан ба уг баримт нь зээлийн гэрээ байгуулагдсан болохыг хангалттай нотлоогүй байна. Иймд гомдлыг хангах үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 654 дүгээр шийдвэр, Дархан-уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД