| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0130/3 |
| Дугаар | 221/МА2026/0303 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0303
З.Ч-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У
Гомдол гаргагч: З.Ч
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т
Гомдлын шаардлага: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т-гийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0135379 тоот дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 262 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч З.Ч
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Ж
Хариуцагч Б.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0130/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч З.Ч-аас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т-гийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0135379 тоот дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т-гийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0135379 тоот дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай З.Ч-ын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. З.Ч нь Д шүдний эмнэлэгт шүдний эмчээр ажиллах үедээ М.Х-д 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс шүдний гажиг заслыг авагддаггүй зэмсгээр эмчилгээ хийж эхэлсэн. 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр М.Х, түүний ээж Б.Б нараас Нийслэлийн эрүүл мэндийн газарт гомдол гаргасны дагуу эрх бүхий албан тушаалтан Б.Т нь дээрх гомдлыг хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2502000740 дугаар бүхий зөрчлийн хэргийг нээн, хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулан 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0135379 дугаартай шийтгэлийн хуудсаар 3.Ч-д Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэг мянган нэгжтэй тэнцэх 1.000.000 төгрөгийн торгууль, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 capaap хасах шийтгэл оногдуулжээ.
Улмаар 3.Ч-ын зүгээс шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0135379 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д "Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн аргаар оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна.", 36 дугаар зүйлийн 36.2-т "Иргэнд нарийн төвөгтэй оношилгоо, мэс засал хийх, түүнийг анагаах ухааны судалгаа, туршилтад оролцуулах бол тухайн иргэнээс, 18 насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний тухайд хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авна" гэж тус тус заасан." гэж үндэслэн зөвшөөрлийн хуудаст эцэг, эх асран хамгаалагчаар нь гарын үсэг зуруулах ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т "Иргэнд нарийн төвөгтэй оношилгоо, мэс засал хийх, түүнийг анагаах ухааны судалгаа, туршилтад оролцуулах бол тухайн иргэнээс, 18 насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний тухайд хууль ёсны төлөөлөгч Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авна" гэж заасан байх бөгөөд уг шүдний гажиг заслын эмчилгээ нь нарийн төвөгтэй оношилгоо, мэс засал, түүнийг анагаах ухааны судалгаа, туршилтад оролцуулах зэрэг эмчилгээний үйл ажиллагаанд хамаарахгүй байна.
М.Х нь 2005 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Д шүдний эмнэлэгт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр анх шүдний гажиг заслын эмчилгээ хийгдэж эхэлсэн бөгөөд эмчилгээний явцад 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 18 насанд хүрсэн байдаг. Эмнэлгийн үзлэгийн карт, эмчилгээ, үзлэгийн тэмдэглэлд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 5 дахь удаагийн үзлэг оношилгоондоо хамрагдсан байна. Тухайн үед эмчлэгч эмч нь үүдэн шүд татах эмчилгээ хийж, эмчлүүлэгчид сар бүр хугацаандаа ирж хяналтын үзлэгт орох талаар хэлж тайлбарлан, эмчилгээний тэмдэглэлд тусгасан байдаг. Гэвч үүнээс хойш 3 сарын хугацаанд эмчлүүлэгч нь хяналтын үзлэг оношилгоондоо огт ирээгүй. Эрүүл мэндийн яамны орон тооны бус Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Нүүр амны амны гажиг заслын тэргүүлэх эмч С.Б-гийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 5-д дүгнэсний дагуу дээрх үр дагавар нь дан ганц эмчлэгч эмчийн буруутай үйл ажиллагаа бус эмчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, эмчилгээний хяналтын явцад цаг тухайдаа ирж үзүүлээгүйгээс шалтгаалан шүдний сурвалжийн шимэгдэл үүссэн байх боломжтой байна.
Мөн шүдний гажиг заслын эмчилгээний үед 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчаас заавал бичгээр зөвшөөрөл авах талаар заасан хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тушаалаар зөвшөөрлийн хуудсыг баталсан боловч эдгээр нь амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээтэй холбоотой бөгөөд шүдний гажиг заслын эмчилгээ нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй эмчилгээнд хамаарахгүй. Гэтэл "Д" эмнэлэгт мөрдөгдөж буй стандарт нь эмчилгээний технологи, үйлдлийн нарийвчилсан зааврыг хангалттай тодорхой тусгаагүй бөгөөд тус эрүүл мэндийн байгууллага нь дотоод журам, стандартаараа нарийвчлан зохицуулж, эмчлэгч эмч, ажилтан болон эмчлүүлэгч нарт заавар зөвлөгөө өгч, алдаа гарахаас урьдчилан сэргийлэх үүрэг чиглэл өгч ажиллах ёстой байсан.
Д эмнэлэгт мөрдөгдөж буй стандарт, журам болоод холбогдох хууль тогтоомжид эмчлэгч эмч нь эмчилгээний явцад гарах хүндрэл, эрсдэлийн талаар танилцуулах, зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах үүрэгтэй байна гэж заасан заалт байхгүй байтал мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Гэвч эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоох ёстой байтал уг шаардлагыг хангаагаагүй байна.
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүл мэндийн яамны орон тооны бус Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Нүүр амны амны гажиг заслын тэргүүлэх эмч С.Б-гийн шинжээчийн дүгнэлтийн 5-д "Нүүр амны гажиг заслын эмчилгээний үед үйлчлүүлэгч шүдэн дээр наасан брекетийг салгах, хугацаандаа ирж үзүүлэхгүй байх зэрэг нь шүдний ёзоорын шимэгдэл үүсэх хүчин зүйл болох боломжтой.", мөн тус дүгнэлтийн 4-д "Нүүр амны гажиг заслын эмчилгээний үед олон хүчин зүйлээж шалтгаалж шүдний сурвалжийн шимэгдэл үүсэх боломжтой. 2 жил 6 сарын хугацаанд 14 удаагийн чангалгаа хийсэн нь дангаараа шүдний сурвалж шимэгдэх нөхцөл болохгүй" гэж тодорхой дүгнэсэн атал зөрчлийн шийтгэл оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсан гэж үзэж болохоор байна.
Эмнэлгийн тулгуур эдийн эмчилгээний эмч Р.Д эмчид сүүлд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үзүүлснээс хойш М.Х нь дахин Д эмнэлэг дээр ирж үзүүлээгүй байдаг бөгөөд үүнээс хойш үргэлжлүүлэн тулгуур эдийн эмчилгээ хийлгэж, шүдийг эмчлэх, сурвалжийн шимэгдэл цаашид гүнзгийрэхээс сэргийлж өөр эмнэлэг дээр үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийлгэж байсан эсэхийг тодруулах; Эрүүл мэндийн яамны орон тооны бус Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Нүүр амны Тулгуур эдийн нарийн мэргэшсэн эмчээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах; Сурвалжийн шимэгдэл үүссэн гэх үүдэн 4 шүдийг авч, оронд нь имплант эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага байгаа эсэх, эмчилгээний үр дүнд эдгэрэх боломжтой эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү”
4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нарийн төвөгтэй оношилгоо, эмчилгээ биш гэж үзэж байгаа бол гажиг заслын авагддаггүй зэмсэг зүүснээс болоод тухайн хүүхдийн эрүүл мэндэд нь хохирол учирчхаад байгаа. Хохирол учирсан гэдгийг шүүх эмнэлэг тогтоож, гэмтлийн зэргийг ч мөн тогтоосон. Тиймээс эрүүл мэндэд хохирол учруулахгүй, нарийн төвөгтэй эмчилгээ биш гэж үзээд хуульд заасан шийтгэл оногдуулсанд гомдол гаргаад байгаа. Би өөрөө их эмч мэргэжилтэй. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь харамсалтай байна. Мөн зөвшөөрлийн хуудсыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад авах ёстой. Гэхдээ энэ эмчилгээг удирдаж байгаа эмчлэгч эмч өөрөө хүнээ үзэж үнэлээд, эрсдэлийг тогтоож, эрсдэлд тулгуурласан байж болох хүндрэлийг тайлбарлаад, зөвшөөрч байгаа бол зөвшөөрлийн хуудсыг эмч өөрөө зуруулах ёстой. 18 нас хүрээгүй хүүхэд бол асран хамгаалагчаас зөвшөөрөл авах ёстой. Шинжээчийн дүгнэлтээр нүүр амны гажиг заслын эмчилгээний үед насанд хүрээгүй үйлчлүүлэгч эмчилгээг хийлгэхдээ түүний ар гэр, асран хамгаалагчид эмчилгээний талаар танилцуулж таниулсан зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт болон холбогдогч, хохирогч нарын мэдүүлэгт тулгуурлан би шийдвэрээ гаргаад Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 6.8.1-д зааснаар эмч эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэл оногдуулж, З.Ч эмчийн эмчлэх эрхийг шийтгэлийн хуудас бичсэнээс хойш 6 сарын хугацаанд хассан. Одоо сэргэх хугацаа дөхөж байгаа” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч З.Ч-аас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0135379 тоот дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
3. Маргаан бүхий Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0135379 дугаар шийтгэлийн хуудсаар “М.Х-д 2 жил 6 сарын хугацаанд гажиг заслын эмчилгээ хийсэн байх ба эмчилгээг танилцуулж, таниулсан зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулаагүй, эмчилгээний хугацаанд рентген зураг авч, хяналтын үзлэг бүрэн хийгээгүй” гэх үндэслэлээр эмчлэгч эмч З.Ч-ыг Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 6 сарын хугацаагаар хасах шийтгэл ногдуулсан.
4. Анхан шатны шүүх “...Д эмнэлгийн шүдний их эмч З.Ч нь насанд хүрээгүй хүнд шүдний гажиг заслын эмчилгээг эхлүүлэхдээ гарч болох эрсдэл, хүндрэлийг таниулж, хууль ёсны төлөөлөгчөөс Д эмнэлгийн “Шүд эрүү нүүрний эмчилгээ хийлгэх өвчтөний зөвшөөрлийн хуудас”-т бичгээр зөвшөөрөл аваагүй, мөн эмчилгээний хоёр жил гаруйн хугацаанд хяналтын рентген зураг авч, мэргэжлийн хяналт тавиагүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байна...” гэж дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
5. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан.
6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй бөгөөд ингэхдээ зөрчлийг тухайн хүн, хуулийн этгээд үйлдсэн болохыг эрх бүхий албан тушаалтан зайлшгүй тогтоосон байх зарчмыг тодорхойлсон байна.
7. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "эмчлэх" гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг”, 28 дугаар зүйлийн 28.4-т “Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ” гээд 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Мэргэшсэн эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гээд, 22.1.1-т “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” гэж тус тус заасан.
8. Үүнээс үзэхэд, “эмчлэх” гэдэг нь өвчнийг оношлох, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг ойлгохоор, эмнэлгийн мэргэжилтэн буюу мэргэшсэн эмч нь аливаа эмчилгээ хийхдээ урьдчилан сэргийлэх ажлын стандарт, ... эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх үүрэгтэй байна.
9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, М.Х-ы ээж Б.Б-гийн гомдолд “М.Х нь 2022 онд 11 дүгээр сарын 16-ны өдөр /17 настай байхдаа/ З.Ч эмчээр үзлэг хийлгэхэд аппарат зүүгээд гоё болно гэснээс аппарат зүүх сайн, муу талыг огт тайлбарлаагүй ба насанд хүрээгүй хүүхдэд гажиг заслын тухай асран хамгаалагчаас зөвшөөрлийн хуудас аваагүй... 2 жилийн хугацаанд охины маань шүд улам дордсон, ганц ч удаа рентген зураг аваагүй, ямар ч хяналтгүйгээр хүчээр таталт хийж, эрүүл байсан шүднүүдийн уг мэдрэлийг гэмтээсэн. 2024 онд өөр эмнэлэгт рентген зураг авхуулахад үүдэн 1 шүдний уг хэсэг нь их хэмжээгээр шимэгдэж, алга болж хөдөлгөөнд орж эхэлсэн байсан... Одоо миний охины үүдэн 4 шүд шимэгдсэн, урд бүх шүднүүд нь хөдөлгөөнтэй болж, үүдэн шүднийхээ тулгуур эдийнхээ 50-70%-ийг алдаж унахад бэлэн болсон...” гэжээ.
10. Д эмнэлгийн “Шүдний гажиг заслыг авагддаггүй зэмсгээр эмчлэх арга” стандартад эмчилгээний дараалал, хийгдэх ажилбарыг нарийвчлан баталсан. Мөн эмнэлгийн “шүд эрүү нүүрний эмчилгээ хийлгэх өвчтөний зөвшөөрлийн хуудас”-т “...Анагаах ухааны салбарт эмчилгээ болгон өөрийн гэсэн эрсдэл агуулдаг бөгөөд үүнтэй ижил эрүүний гажиг заслын эмчилгээний явцад дараах хүндрэлүүд гарч болзошгүй” гээд ... эмчилгээний явцад зарим өвчтөнүүдийн шүдний сурвалж богиносдог..., Сонголт хийх боломжид ... сүүн шүдэнд байнгын авагддаггүй брекет зүүх тохиолдолд тухайн шүд хэт хөдөлгөөнд орох эсвэл унах аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй бөгөөд өмнө нь үүнийг эмч анхааруулсан байна” гэж тусгажээ.
11. Гэтэл дээрх зөвшөөрлийн хуудсыг үйлчлүүлэгч уншиж танилцсан эсэхийг мэдэх боломжгүй ба гарын үсэг зурах хэсэг байхгүй. Харин төлбөр тооцооны баримтад танилцуулгыг уншиж зөвшөөрсөн үйлчлүүлэгчийн гарын үсэг хэсэгт Х гэсэн гарын үсэг зурсан, үйлчлүүлэгчийн асран хамгаалагчийн гарын үсэг хэсэгт хоосон, эмчлэгч эмч гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд насанд хүрээгүй хүнд эрүү нүүр шүдний гажиг заслын эмчилгээ хийхдээ насан хүрээгүй эмчлүүлэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу асран хамгаалагчийн зөвшөөрлийг аваагүй болох нь тогтоогдож байна.
12. Мөн тус зөрчлийн хэрэгт авагдсан Эрүүл мэндийн газрын 2025 оны 102 дугаар сарын 10-ны өдрийн 01/2945 тоот албан бичгээр шаардсан шинжээчийн дүгнэлтэд “...нүүр амны гажиг заслын эмчилгээний үед насанд хүрээгүй үйлчлүүлэгчийн эмчилгээг хийхдээ түүний ар гэр, асран хамгаалагчид эмчилгээний талаар танилцуулж, таниулсан зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах шаардлагатай... нүүр амны гажиг заслын эмчилгээний үед шүдний сурвалжийн шимэгдэлт үүсэх боломжтой...” гэснээс үзэхэд шүдний гажиг заслын эмчилгээний явцад шүдний сурвалжийн шимэгдэлт үүсэх эрсдэлтэй байхад энэ талаар насанд хүрээгүй өвчтөний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй ба шүдний ёзоорын шимэгдэлт үүсэх эрсдэлийг илрүүлэх рентген зураг аваагүй нь мэргэшсэн эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
13. Дээрхээс үзэхэд, нэгэнт насанд хүрээгүй хүний шүдний гажиг заслыг эмчлэх явцад гарч болох эрсдэл, хүндрэлийн талаар түүний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчид танилцуулж, мэдэгдээгүй, зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулаагүй, эмчилгээний явцад гарч болох эрсдэлийг илрүүлэх рентген зураг аваагүйгээс мэргэшсэн эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0135379 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
14. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Д эмнэлэгт мөрдөгдөж буй стандарт, журам болоод холбогдох хууль тогтоомжид эмчлэгч эмч нь эмчилгээний явцад гарах хүндрэл, эрсдэлийн талаар танилцуулах, зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах үүрэгтэй гэсэн заалт байхгүй...” гэж тайлбарлан маргаж байгааг дээрх хууль зүйн үндэслэлүүдээр хүлээн авах үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН