Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 21

 

 

 

Б.Сугарбат, Н.Алтанзул нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор З.Алтансолонго, яллагдагч Н.Алтанзулын өмгөөлөгч М.Энхбаяр /онлайнаар/, яллагдагч Б.Сугарбатын өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар шүүгчийн захирамжтай Б.Сугарбат, Н.Алтанзул нарт холбогдох эрүүгийн 1937000010029 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Бямбажавын Сугарбат нь тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ Булган стар” ХХК-ны захирал Н.Алтанзулаас 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг тус сумын Засаг даргын Тамгын газарт нярав ажилтай В.Цэвээнпүрэвээр дамжуулан авсан.

            Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Тангууд овогт Намжилын Алтанзул нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга Б.Сугарбатад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000/хоёр сая/ төгрөгийн хахуулийг Засаг даргын тамгын газрын нярав ажилтай В.Цэвээнпүрэвээр дамжуулан өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцлээ дэмжиж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Б.Сугарбат, Н.Алтанзул, гэрч В.Цэвээнпүрэв нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь зөрүүгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг шаардлагатай бүхий л ажиллагааг явуулж тогтоосон гэж үзэж байна. Хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжинд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоохын тулд ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх нь тодорхойгүй байна. Үйл явдал нь Н.Алтанзул, В.Цэвээнпүрэв, Б.Сугарбат гэсэн 3 хүний хооронд болсон тул гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хөндлөнгийн нотлох баримтаар тогтоох боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх  бүрэн боломжтой юм.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол гэсэн заалтаар буцаасан мөртлөө яллах дүгнэлтийн хавсралтыг яллагдагчид гардуулан өгөх, прокурорын 43 тоот яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн хэргийн хавтас хуудас буруу тэмдэглэсэн алдааг залруулах гэсэн үндэслэлийг захирамжинд дурдсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байхад захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтад яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч захирамжийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг хангалгүй орхигдуулсан нь яллагдагчийн эрхийг ноцтойгоор зөрчжээ. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгч нь захирамжийг уншиж сонсгохдоо Б.Сугарбат нарт холбогдох хэргийг буцаах талаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоох, прокурорын 43 тоот яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн хэргийн хавтас хуудас буруу тэмдэглэсэн алдааг залруулах гэсэн 2 үндэслэлээр буцаасан боловч шүүгчийн захирамжинд 3 дахь үндэслэл дурдсан нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шүүхийн шийдвэр гардуулсан шийдвэрээсээ зөрүүтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Сугарбатын өмгөөлөгч Б.Мөнхбат прокурорын эсэргүүцэлтэй танилцаад хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг яллагдагчийн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэх боломжтой гэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болдоггүй. Өөр бусад нотлох баримтаар давхар батлагдсан байхыг шаарддаг. Яллагдагч Б.Сугарбат нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэж  хоёр янзаар мэдүүлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Сугарбатад хоёр сая төгрөг өгсөн гэх Н.Алтанзулын мэдүүлэг, дамжуулсан гэх В.Цэвээнпүрэвийн мэдүүлэгт тухайн үйл баримт болсон цаг хугацааг тодорхой мэдүүлдэггүй. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан, эргэлзээгүй байдлаар тогтоох нь Эрүүгийн хуулийг хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад чухал нөхцөл болж, эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Иймд яллагдагчийн дээрх мэдүүлгийн аль нь үнэн зөв болох дээрх өдрүүдэд Б.Сугарбат нь Н.Алтанзулаас хоёр сая төгрөгийг В.Цэвээнпүрэвээр дамжуулан авсан гэх үйл баримтыг огноог мөрдөн байцаалтаар тогтоох зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагч Б.Сугарбат нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын ойлгомжгүй байдлыг тодруулахаар хүсэлт гаргах эрхтэй. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Алтанзулын өмгөөлөгч М.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийн тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.1 дүгээр зүйлтийн 6-д заасан зайлшгүй хийгдэх ажиллагааг хийх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч   Б.Сугарбат, Н.Алтанзул нарт    холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д   мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ   хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлд  хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа,анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн  Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго нь  яллагдагч  Б.Сугарбатад Мөст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган стар” ХХК-ны захирал Н.Алтанзулаас  2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний  хариуд 2.000.000 төгрөгийн  хахуулийг тус сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай В.Цэвээнпүрэвээр дамжуулан авсан үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Яллагдагч Н.Алтанзул нь  Н.Алтанзул нь /Ховд аймгийн  Мөст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган стар” ХХК-ны захирал/ 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн   Мөст сумын Засаг дарга Б.Сугарбатад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь  холбогдуулан 2.000.000 төгрөгийн хахуулийг Засаг даргын тамгын газарт нярав ажилтай В.Цэвээнпүрэвээр дамжуулан өгсөн үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт  үйлдэж хэргийг   Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Сугарбат, Н.Алтанзул нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан  шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.      

 Анхан шатны шүүх Б.Сугарбат, Н.Алтанзул нарт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, М.Энхбаяр нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоох, /яллагдагч Б.Сугарбат хэдэн сарын хэдний өдөр яллагдагч Н.Алтанзулаас 2.000.000 төгрөг авсан/, яллах дүгнэлтийн хавсралтыг яллагдагч нарт гардуулан өгөх, прокурорын 43 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн хэргийн хавтас, хуудас буруу тэмдэглэсэн алдааг залруулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх тухай” хүсэлтийг хангаж  хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалбал: гэрч В.Цэвээнпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг боодол 20.000 төгрөгийн дэвсгэртийг машиндаа ганцаараа сууж байтал Н.Алтанзул ирээд үүнийг даргадаа өгчих гэж хэлээд надад өгсөн. Засаг дарга Б.Сугарбатыг кемпийн гэрээс гэрч ирэхэд нь өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 10-аас 20-ны  хооронд гэж бодож байна. Тодорхой сайн санахгүй байна.”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19 дүгээр тал/,

Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би зугаалганд яваагүй.Зугаалганы дараа Булган стар ХХК-иас 2.000.000 төгрөг авч зугаалганд явсан гэдгийг сонссон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 12 дугаар тал/,

Гэрч  С.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Булган стар ХХК-наас 2 сая төгрөг авсан талаар мэдсэн.Тухайн 2 сая төгрөгийг Засаг даргын Тамгын газар зугаалахад  зарцуулсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр тал/,

Гэрч  Х.Соёлмаагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Булган стар ХХК-иас авсан 2.000.000 төгрөгийг яг юунд зарцуулсан юм бэ? 1.000.000 төгрөгийг хоол хүнс авахаар надад өгсөн. Ганцоож надаас 400.000 төгрөг зээлдэхээр нь нэмж 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Булган стар ХХК-иас өгсөн 1.000.000 төгрөгийг Засаг дарга Б.Сугарбат өөрөө  зарцуулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр тал/,

Гэрч  Б.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Булган стар ХХК-иас  2.000.000 төгрөг авч тамгын газрын 10 хүн 2 өдөр “Буга боодог” гэдэг амралтын газар очиж амарсан.”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-23 дугаар тал/,

Гэрч  П.Баянзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сард Засаг даргын Тамгын гарын хамт олон Буга боодгийн амралтанд  2 өдөр амарсан.Энэ амралтанд явах санхүүжилтийг манай сумын Хужирт багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Булган стар ХХК-иас 2 сая төгрөгийг газрын даамал С.Ганцоож, Засаг дарга Б.Сугарбат нар авч тэр мөнгөөрөө амралтанд Засаг даргын тамгын газрын 10 гаруй хүн явж ирсэн гэж  байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  32 дугаар тал/, Х.Соёлмаагийн  111000008040 тоот дансны хуулга  зэрэг нотлох баримтаар яллагдагч Б.Сугарбат нь яллагдагч Н.Алтанзулаас 2.000.000 төгрөгийн хахуул авсан уг хахуулын мөнгөөр Засаг даргын Тамгын газрын  хамт олон 2018 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Цэцэг сумын “Буга боодог” гэдэг амралтын газарт очиж 2 өдөр амарсан үйл баримт тогтоогдсон байна. Иймд яллагдагч нарын хахуул өгсөн, авсан гэх өдрийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах нь үндэслэлгүй байна.

            Түүнчлэн яллагдагч нарт яллах дүгнэлтийн хавсралтыг прокурор шүүх хуралдаанаас өмнө яллагдагч нарт гардуулан өгч баримтыг шүүхэд ирүүлэх боломжтой байхаас гадна прокурорын 43 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад 1 дүгээр хавтас гэж хавтасны дугаарыг буруу бичсэн техникийн алдааг прокурор яллах дүгнэлтийн хавсралтыг яллагдагч нарт гардуулахдаа залруулга хийх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Б.Сугарбат, Н.Алтанзул нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул яллагдагч Б.Сугарбат, Н.Алтанзул нарт урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсэн болно.

Шүүгчийн захирамж нь үг үсгийн алдаатай, үсгийн бичвэр /фонд/ өөр өөр  байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөр багтаан эсэргүүцэл гомдол гаргах эрхтэй.”гэж хуульчилсан байх бөгөөд шүүх яллагдагч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний  өдрийн 30 дугаартай  шүүгчийн захирамжид энэ хуульд  зааснаар гомдол гаргах эрхээр хангаагүй  орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний  өдрийн 30 дугаартай  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч   Б.Сугарбат, Н.Алтанзул нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ДАМБА

                                              ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

                                                                                                     Н.ТУЯА