Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0247

 

 

ХХЗА-ны гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч

Гомдол гаргагч:ХХЗАА

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар, Захиргааны хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Э

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, С.Ц, хариуцагч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2026/0106/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч ХХЗА-аас Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар, Захиргааны хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Э-д холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Захиргааны хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Эгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0042723 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9, Зөрчлийн ухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8-д заасныг баримтланХХЗААны гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Захиргаа хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Эгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0042723 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Улсын байцаагч Д.Э би ХХЗА-ны 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №01/365 тоот хүсэлтэд дурдсан Гадаад харилцаа хариуцсан менежер Г овогтой Б (РД:.........-ын жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд тайлагнах нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 4 дүгээр сард 17002 төрлөөр тайлагнах байтал 06002 кодоор алдаатай тайлагнасан, түүнчлэн 2025 оны 7 болон 8 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхигдуулсныг нотлох баримтын хүрээнд Хархорум хотын Захирагчийн алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Гэрээ эрх, зүйн хэлтсийн дарга, хуульч Доржийн Сундуйсүрэнгээс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тайлбар, мэдээллийг авч, тухайн өдөр №00117 дугаартай Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэрийг гаргаж харьяалах шатны прокурорт хүргүүлсэн.

3.2. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэрийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх М.Г хүлээн авч шалган 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол гаргаж ирүүлсэн. Тогтоолд "Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан" тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээхийг даалгасан.

3.3. Иймд Хяналт, шалгалтын байцаагч Д.Э Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжХХЗАА буюу хуулийн этгээдэд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 0042723 дугаартай (маягт1) Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1-д "зөрчил шалган шийдвэрлэх" гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг хэлнэ гэж заасан байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 12-ны Зөрчлийн хэргийн 2509003031 дугаар авснаар уг ажиллагаа эхэлж,ХХЗААны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ээс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан болно. Иймээс миний бие Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нотлох баримтын хүрээнд явуулсан болно.

3.4. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд ажил олгогчийн үүргийг тусгаж өгсөн бөгөөд 32.2.2-т орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүргийг заасан. ГэтэлХХЗАА нь хуулиар олгогдсон үүргийг биелүүлээгүй улмаас хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Г.Батсанаагийн 2025 оны 07, 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхигдуулсан, мөн оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд түүний даатгуулагчийн төрлийн кодоор алдаатай тайлагнасан зэрэг нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд Улсын байцаагчийн акт тавигдсаныг шууд утгаар хариуцлага хүлээлгэсэн байдлаар тайлбарлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Т.Б-н 2025 оны 04 дүгээр сард зөрүү үүссэн, 2025 оны 07, 08 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тайлагнаагүй, орхигдуулсан, цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй түүнд оногдох шийтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 1.000 нэгж буюу /нэг сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч ХХЗААнаас эс зөвшөөрч “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Захиргааны хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Эгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0042723 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2.2. Анхан шатны шүүхээс “... хариуцагч нь зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагаа явуулаагүй, прокурорын дүгнэлтэд зааснаас зөвхөн Б.Батчимэгийг холбогдогчоор асуусан, хэргийн материалыг холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шийтгэлийн хуудас гаргаснаа хойш танилцуулсан нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, буруутай гэж үзэхээс гадна ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна, ... Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх тохиолдолд энэ хуулиар, эсхүл Зөрчлийн тухай хуулийн аль нэгээр хариуцлага хүлээлгэхээр байна, ... Гомдол гаргагч нь актаар хүлээлгэсэн хариуцлагыг биелүүлж, дутуу төлсөн шимтгэл алдангийг төлж барагдуулсан байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан, цалингийн санг бүрэн тооцоолоогүй гэх зөрчилд Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Зөрчлийн  тухай хуулиар хариуцлага хүлээлгэхгүй байх (Non bis in idem) шударга ёсны зарчимд нийцэхгүй, ... хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулж, холбогдогчоос тайлбар гаргуулсан бол тухайн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож .... зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан ...” гэх дүгнэлтүүдийг хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            2.3. Хэрэгт ХХЗААнаас 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/365 дугаар албан бичгээр “Г.Батсанаагийн жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд тайлагнах нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 04 дүгээр сард 17002 кодоор тайлагнах байтал 06002 кодоор алдаатай тайлагнасан, түүнчлэн 2025 оны 07 болон 08 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхисон тул нөхөн тайлагнаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан байна.

            2.4. Тус хүсэлтийн дагуу ХХЗААны холбогдох анхан шатны баримт бичгийн үндэслэлд тулгуурласан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 28/00157 дугаар актаар “2.3796.000 төгрөгийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос дутуу төлөгдсөн 174.240.00 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, түүнд ногдох 79.588.08 төгрөгийн алданги төлүүлж, актаар төлүүлэхээр тогтоосон шимтгэл, алданги нийт 253.828.08 /хоёр зуун тавин гурван мянга найман зуун хорин найм төгрөг/ 08 мөнгийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын Төрийн сан банкин дахь .... тоот дансанд 14 хоногийн дотор төлж барагдуулах, ... актаар тогтоосон төлбөрийг хугацаанд нь барагдуулж илэрсэн зөрчлийг арилгаагүй тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-д заасан хариуцлага хүлээлгэх тухай” актыг үйлдсэн байна.

            2.5. Дээрх улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 28/00157 дугаар актын дагуу гомдол гаргагч ХХЗААнаас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр актаар тогтоосон төлбөрийг төлсөн тул хариуцагч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байх бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор “зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоох ажиллагааг бүрэн явуулаагүй, нягтлан бодогч Б.Б-с мэдүүлэг аваагүй, холбогдогчоор мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагаа хийгээгүй атлаа Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.

            2.6. Улмаар хариуцагчаас тус тогтоолыг үндэслэн холбогдогч Б.Батчимэгээс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлэг авч, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Т.Батсанаагийн 2025 оны 04 дүгээр сард зөрүү үүссэн, 2025 оны 07, 08 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тайлагнаагүй, орхигдуулсан, цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй түүнд оногдох шийтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 1.000 нэгж буюу /нэг сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ.

            2.7. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:”, 44.1.1-д “нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан, эсхүл бууруулсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна”, 44.1.2-т “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна”, 44.9-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд энэ хууль, эсхүл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

            2.8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх хуульд заасны дагуу төлүүлэх, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор заасан байх бөгөөд тус хуулийг зөрчсөн этгээдэд уг хуулиар эсхүл, Зөрчлийн тухай хуулийн аль нэгээр хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

            2.9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч улсын байцаагч нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 28/00157 дугаар актаар 2.3796.000 төгрөгийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос дутуу төлөгдсөн 174.240.00 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, түүнд ногдох 79.588.08 төгрөгийн алданги төлүүлж, актаар төлүүлэхээр тогтоосон шимтгэл, алданги нийт 253.828.08 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байх бөгөөд гомдол гаргагч ХХЗААнаас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр актаар тогтоосон төлбөрийг төлсөн байна.

            2.10. Энэ тохиолдолд гомдол гаргагч ХХЗАА нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээсэн буюу улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 28/00157 дугаар актаар тогтоосон төлбөрийг төлсөн байхад түүнд давхардуулан Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулсан нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.9-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд энэ хууль, эсхүл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

            2.11. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан, цалингийн санг бүрэн тооцоолоогүй гэх зөрчилд Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан, харин аль хуулийг сонгож хариуцлага хүлээлгэх нь эрх бүхий албан тушаалтны эрхийн асуудал болно. Гэтэл хариуцагч нь нэг зөрчилд аль аль хуулиар хариуцлага хүлээлгэснийг нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (Non bis in idem) шударга ёсны зарчимд нийцэхгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.12. Хэрэгт авагдсан Хархорум хотын Захирагчийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/95 дугаар захирамжаар “Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр Тооцооны нягтлан бодогч Б.Батчимэгт өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2.13. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.3 дугаар зүйлийн 4-т “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”, 3.2 дугаар зүйлийн 5-д “Зөрчил үйлдсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, түүнийг санаатайгаар дампууруулсан, татан буулгасан бол доор дурдсан журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус тодорхойлж заасан.

2.14. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн төрийн байгууллагад түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээлгэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

   ШҮҮГЧ                                                                    Б.АДЪЯАСҮРЭН

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ