Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 126/ШШ2022/0008

 

Гомдол гаргагч гомдлын шаардлагаасаа

бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бд холбогдох Боржигон Ч.Гийн гомдол бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага:

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0001558 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2.Хэргийн нөхцөл байдал:

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0001558 дугаар шийтгэлийн хуудсаар Тариалан сумын иргэн Ч.Гт зохих зөвшөөрөлгүй 12 м3 мод бэлтгэсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, нөхөх төлбөрийн 1734741 төгрөгийг улсын төсөвт төлөхийг үүрэг болгожээ.

3. Гомдол гаргагч Ч.Г шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ: Миний бие Ч.Г нь 2020 оны 05 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг авсан ба үүнийхээ хэмжээнд 2020 ондоо би унаанги мод бэлтгэсэн байсан ба үүнийгээ ашиглаагүй гэрийнхээ гадаа түлээн дээрээ буулгасан байсан.

Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манайд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирж үзээд манайхыг хууль бусаар мод бэлтгэсэн байна гэсэн ба Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч намайг 50000 төгрөгөөр торгож, тухайн модны хохирол болох 1734741 төгрөг, нийт 1784741 төгрөгийг төлүүлэхээр шийтгэлийн хуудас бичлээ.

Бид тухайн үед уг модыг зөвшөөрөлгүй бэлтгээгүй, 2020 онд мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авсан эрхээрээ авсан ба тухайн эрхийн бичгээ хүчинтэй байх хугацаанд бэлтгэсэн талаараа тайлбарлахад, тухайн хүмүүс миний бэлтгэсэн байсан унаанги модыг 2020 онд бэлтгэсэн гэж үзэж, уг модны хожуул зэрэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар баталгаажуулж авсан хирнээ ингэж шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0001558 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч Ч.Гт шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Миний бие Ч.Г нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0001558 дугаартай Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 1784741 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд миний бие дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Нэхэмжлэгч Ч.Гийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0001558 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан тул гомдол гаргагч Ч.Гийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасныг дурдъя.

8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө, 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж заасан тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Боржигон Ч.Г Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0001558 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлоосоо бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ