Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1240

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/01041 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК,

Хариуцагч Д.Н, Б.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 191 190 009 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс,

Хариуцагчагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гарьд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н, Б.Б нар нь Хтай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1330036351 дугаартай зээлийн гэрээ, 1330036351-01 дугаартай барьцааны гэрээ, 1330036351-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1330036351-03 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 170 550 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгөд зориулан олгосон. Энэ гэрээнд Б.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 

1330036351-02, 5000894121-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2204015121 дугаартай, Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол 40 дугаар байрны 11 тоотод байрлах 55.74 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204012986 дугаартай, Баянзүрх дүүргийн 10-р хороо, 1-р хэсэг, Улаанхуарангийн 175 тоот хаягт байршилтай хувийн сууц, Гэрчилгээний дугаар ГД-0329689, Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улаанхуарангийн 175 тоот хаягт байршилтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь 1330036351 дугаар зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээл, хүү эргэн төлөх хуваариа зөрчин 184 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд талуудын хооронд байгуулсан 1330036351 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр 170 549 371 төгрөг, зээлийн үндсэн хүү 20 398 639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241 999 төгрөг, нийт 191 190 009 төгрөгийг зээлдэгч Д.Н, Б.Б нараас гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн дагуу зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсдэггүй. Нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгө, мөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг. Нэхэмжлэгч талаас мөн хариуцагчаас дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус дансны хуулгад “170 550 000 төгрөг зээл олгов” гэсэн боловч, хариуцагч нар тухайн мөнгийг захиран зарцуулаагүй, ашиглаагүй, эзэмшилдээ аваагүй нь тус баримтаар нотлогддог.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагч нарт шилжүүлснээр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа бий болж, улмаар зээлийн гэрээ болон хуулиар хүлээсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэг нь Иргэний хуулийн 8-р зүйлийн 8.1.1, 187-р зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарт үүснэ. 

Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дансны хуулгад “3ээл олгосон огноо: 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” гэж бичээстэй, нөгөө зээлийн хууварь дээр “Зээл олгосон огноо: 2016 оны 7 дугаар  сарын 8” гэсэн хоёр өөр огноотой, хэрэв зээл олгосон бол яг хэдний өдөр гэдэг нь тодорхойгүй, гэрээний зүйлийг шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй, нотолж чадахгүй байна.

Хариуцагч нар зээл хүссэн өргөдөл бичсэн, хандсан эсэх нь хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 болон 25 дугаар зүйлд тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 170 550 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн гэх, хариуцагч нар авч ашигласан, захиран зарцуулсан гэх үйл баримтын талаар нотлох баримт авагдаагүй, нотлогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь хууль болон гэрээний дагуу гэрээний зүйл буюу 170,550,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул буцаан шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан 2193 тоот шүүгчийн захирамжаар хэрэгт 2013 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн ам.долларын Зээлийн шугамын гэрээ авагдсан. Энэ гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа юм уу гэхээр нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй байдаг. Иймд зээлийн гэрээний дагуу 170 550 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй, мөн ам.долларын зээлийн шугамын гэрээ хүчинтэй, хүчингүй эсэх нэхэмжлэлийн шаардлагын ямар үндэслэлийг нотлоод байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Н, Б.Б нараас 191 190 009 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Д.Нгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204015121 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 40 дүгээр байрны 11 тоот хаягт байршилтай 55.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Б.Бийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204012986 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг Улаанхуарангийн 175 тоот хаягт байршилтай 295 м.кв талбайтай хувийн сууц граж, Б.Бийн эзэмшлийн 0329689 гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг Улаанхуарангийн 175 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай газар эзэмших эрх, барьцааны гэрээнд дурдсан эргэлтийн хөрөнгө зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 184 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н, Б.Б нараас 1 184 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт нийт 3 зээлийн гэрээ авагдсан бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчийн асуусан “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юу вэ” гэхэд нэхэмжлэгч “...2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан” гэж, тэгсэн атлаа “...90 000 ам.долларын гэрээ хүчинтэй гэж үзэж байгаа” гэсэн хариултууд нь нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хариуцагчийн зүгээс тайлбар хийх, мэтгэлцэх боломж бүрдээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар хурал эхлэхийн өмнө бүх нотлох баримтуудаа гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 191 190 009 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж, үндэслэлээ Хтай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1330036351 тоот Зээлийн гэрээ гэж тайлбарладаг бөгөөд шүүх хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг товлон зарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгч талд эрх, үүрэг тайлбарлаж, түүний дагуу баримтад гарын үсэг зуруулсан, мөн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүх бүрэлдэхүүн эрх үүрэг дахин танилцуулахад ойлгосон гэж нэхэмжлэгч хариулдаг. Гэвч шүүхийн зүгээс хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, зохигч талууд хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, эрхээ эдэлж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт гаргаж өгөөгүй явдал нь шүүгчийн захирамжид үндэслэсэн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Тодруулбал, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэгт 191 190 009 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ Хтай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1330036351 тоот зээлийн гэрээ гэж заасан.

Шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэггүй явдал нь эрх зүйн маргааныг тасалж, хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг байгууллагын хөндлөнгийн, хараат бус байр суурийн хамгийн гол илэрхийлэл юм. Гэтэл шүүх хуралдааны өмнө, дундуур, шүүх бүрэлдэхүүн завсарлах хүртэл нэхэмжлэгч талаас нотлох баримттай холбоотой нэг ч санал хүсэлт гаргаагүй байхад шүүх төвийг сахих байр сууриа алдаж, аль нэг талаас нотлох баримт шаардаж, бүрдүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримтаар хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэлт хийсэн нь хууль ёсны болоогүй. Учир нь хэргийн оролцогч талаас нотлох баримттай, нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой нэг ч хүсэлт, санал гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тус маргаанд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг биш, шүүхийн даалгаж шаардсан нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлсэн явдалд гомдолтой байна.

Нэхэмжлэгч тал гэрээний үүргийн гүйцэтгэл 191 190 009 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 1 113 900 төгрөг төлсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч байгууллага 1 113 900.05 төгрөг төлөх үүрэгтэй байхад шүүх нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн мөнгийг хянаж үзэхгүйгээр иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан хэлэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.Н, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 191 190 009 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ 170 550 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбарласан байна.

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Д.Н нь хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Бийн хамт 170 550 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 өрөө орон сууц, хувийн сууц, эзэмших эрх бүхий газрыг барьцаалжээ. Дээрх зээлийн болон барьцааны гэрээний агуулга, нөхцөл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

             “Х” ХХК нь Д.Н, Б.Б нартай 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 500084121 дугаартай “зээлийн шугамын гэрээ” байгуулж, 90 000 ам.долларыг 24 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр дээрх гэрээний дуусгавар болох хугацаа 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр байсныг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болгон сунгаж өөрчилсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх66-68, 70/

Зээлдэгч Д.Нгээс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр банканд бичгээр хүсэлт гаргахдаа долларын ханшны өсөлт, эдийн засгийн таагүй нөхцөл байдлын улмаас 2013 онд авсан 90 000 ам.долларын зээлийг төлөхөд хүндрэлтэй байгааг дурдаад гэрээний хугацааг сунгуулахыг хүсч, бизнесийн орлого сайжрах тааламжтай үед зээлийн хөрөнгөө өсгөн гэрээний үүргээ хугацаанаас өмнө дуусгана гэжээ. /хх-77/

Хны зээлийн хорооны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрт хэвийн бус ангилалд шилжсэн 90 000 ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлэн, 48 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй байхаар нөхцөлийг өөрчилсөн тухай зааснаас гадна /хх-78/ ийнхүү шийдвэрлэсний дараа 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 170 550 000 төгрөгийн зээлийн гэрээний нөхцөлийг талууд харилцан тохиролцож тогтоон, гарын үсгээр баталгаажуулсан нь хэрэгт авагджээ. /хх-7-12/

Хэрэгт авагдсан ам.долларын 5000894121 дугаар зээлийн шугамын дансны хуулгаар Д.Н нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 90 000 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан /хх-79-80/ ба түүний 5001808164 тоот иргэний зээлийн дансанд мөн өдөр /2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр/ 170 550 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг байршуулсан нь баримтаар авагдсан байна. /хх-82/   

Түүнчлэн зээлдэгч нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 11 удаагийн төлөлтөөр 29 644 803 төгрөгийн төлбөр төлсөн, уг төлбөрийг гэрээгээр тохиролцсоны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцон, үндсэн зээлийн үлдэгдэл 170 549 371 төгрөг, хүү 20 398 639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241 999 төгрөг, нийт 191 190 009 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаарх тооцооллыг нэхэмжлэгчээс гаргажээ. /хх-38/

Нэхэмжлэгч дээрх 29 644 803 төгрөгийн төлбөрийг хасч тооцсон дүнгээр шаардлагаа тодорхойлсон ба хариуцагч зээлийн төлбөрт 29 644 803 төгрөг төлснийг 170 550 000 төгрөгөөс хасч тооцох ёстой гэж мөнгийг бодитоор аваагүй гэх татгалзлаа үгүйсгэсэн тайлбарыг гаргасан байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 90 000 ам.долларын зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 170 550 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулснаар төлбөрийг уг гэрээний дагуу шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, харин 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 170 550 000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй тул буцаан төлөх үүрэг үүсэхгүй гэх хариуцагчийн татгалзал хэргийн бодит үнэнд нийцэхгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байх бөгөөд зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул 170 550 000 төгрөгийг хүлээн аваагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 90 000 ам.долларын гэрээтэй холбон тайлбарласан тул шүүх уг тайлбартай холбоотой нотлох баримтыг гаргуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг зөрчихгүй тул шүүх хөндлөнгийн байр сууриа алдаж, үндэслэлгүйгээр хуралдааныг хойшлуулсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж, гэрээг шинэчлэн байгуулсантай холбоотойгоор талууд мөн өдрийн 1330036351-01, 1330063651-02, 1330063351-03, 5000894121-01 дугаартай барьцааны болон баталгаат ипотекийн гэрээг шинэчлэн байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй ба уг үйл баримтын талаар маргаагүй.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв.

Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/01041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас төлсөн 1 185 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

                                ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ