Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“СО” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч: “СО” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 140 дүгээр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0726/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “СО” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/995 дугаар захирамжийн “СО” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 140 дүгээр шийдвэрээр:

Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус баримтлан “СО” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/995 дугаар захирамжийн “СО” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэл: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. Төрболд доор дурдсан үндэслэлүүдийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах үндэслэлгүй тухай:

Анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын А/995 дугаартай захирамжийг хуульд нийцсэн гэх агуулгаар дүгнэсэн. Тодруулбал:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9-р тал, үндэслэх хэсэгт "...Засаг дарга газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох эсэх шийдвэр гаргах эрхтэй төдийгүй Газрын хэвлийн тухай хуульд Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журмыг заасан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбогдох харилцааг нарийвчилсан хуулиар буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болгох нөхцөлийг, 37 дугаар зүйлийн 37 1-д цуцлах үндэслэлийг тус тус заасан бөгөөд уг хуульд заасан үндэслэл бүрдээгүй" гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан "нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/995 дугаар захирамжийн "СО" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..." зэрэг дүгнэлтүүдийг хийсэн.

Энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

3.3. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ (2.10) тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрын хэвлийг хөндөөгүйтэй, түгээмэл тархацтай ашигт малтмал хийгээгүйтэй талууд маргаагүй тул захирамжид баримталсан Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-д заасан нөхцөл бүрдсэн гэж хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдсэн нь үндэслэлгүй юм. Учир нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбогдох харилцааг нарийвчилсан хуулиар буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд, хариуцагч тал анх тусгай зөвшөөрөл олгохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн олгосон атлаа "Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/995 дугаар шийдвэртээ зөвхөн Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй хууль зөрчсөн шийдвэр юм. Өөрөөр хэлбэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.1-д "энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах бүртгүүлэхтэй холбоотой харилцааг, мөн дөрөвдүгээр бүлэгт "түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, бүртгүүлэхтэй холбоотой харилцааг, долдугаар бүлэгт тусгай зөвшөөрөл дуусгавар болгохтой холбоотой харилцааг тус тус зохицуулсан байдаг. Дээрхээс үзвэл тус хуулийн долдугаар бүлгийн Тусгай зөвшөөрөл дуусгавар болгохтой холбоотой харилцааг 35 дугаар зүйлийн 35.1.3-д "аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан" гэж заажээ.

3.4. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-д "Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна." гэж Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д "Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна." гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч байгууллага хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байтал анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Тодруулбал, Үндсэн хуулиас бусад хуулиуд нь эрх зүйн нөлөөллийн хүчин чадлын хувьд ижил түвшинд эрэмбэлэгдэх тул тэдгээрийг дээд, доод гэж ангилах боломжгүй. Энэ тохиолдолд тусгайлсан зохицуулалт бүхий эрх зүйн эх сурвалж нь ерөнхий зохицуулалттай эрх зүйн эх сурвалжийн дээр, шинээр Батлагдсан эрх зүйн эх сурвалж нь хуучин эх сурвалжийн дээр эрэмбэлэгдэнэ. Энэ нь доод эрэмбэ бүхий эрх зүйн хэм хэмжээ нь дээд эрэмбэ бүхий эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдөж байвал тэр хүчингүй буюу түүнийг хэрэглэхгүй. Энэ талаар дээр дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зарчим тусгасан. Уг зарчмын дагуу 11.4-д "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ. "11.5-д "Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ." гэж тус тус заасан. Үүнээс үзвэл тухайн харилцаанд хэрэглэгдэх гол хууль нь аль вэ гэдгийг тодорхойлох нь чухал бөгөөд манай маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх гол хууль Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль юм.

3.5. Нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй тухайд: Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн цагаасаа эхлэн хөрөнгө оруулагч, бусад шаардлагатай баримт бичиг бүрдүүлэх, холбогдох зөвшөөрөл авах, хяналт тавих зэрэг ажлуудыг идэвхтэй хийж ирсэн билээ. Тодруулбал, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Мянгат дэлгэр групп ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уурхайн талбайд ашиглах тоног төхөөрөмжийг татан оруулж ирж буулгасан, мөн 2024 оны 12 дугаар сарын 05-нд Техник Эдийн засгийн үнэлгээ (ТЭЗҮ) хийх тусгай зөвшөөрөлтэй "Грийн Вишн" ХХК-тай ажил гүйцэтгэх багц гэрээг байгуулж ажилласан. Үүнд: 1. Зүүн Хөндийн талбайн ТЭЗҮ, 2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээ 3. Уулын ажлын төлөвлөгөө, 4. БОМТ-2025 зэрэг багтана. Энэхүү гэрээний ажлуудтай холбоотойгоор 2024 оны 12 дугаар сарын 05-нд Зүүн хөндийн талбайн ТЭЗҮ-ийг ГУУЯ-ийн Эрдэс Баялагийн мэргэжлийн зөвлөлөөр тус тус батлуулсан. Дээрх үйл баримтуудаас үзвэл бидний зүгээс газрын хэвлийг ашиглахаар цөөнгүй тооны ажлыг хийж гүйцэтгэсэн байтал Нийслэлийн Засаг даргаас газрын хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс уг баримтуудыг үнэлээгүйгээс гадна шүүхийн зүгээс ашигласан гэдэг нэр томьёог тайлбарлахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг барим тайлбарлаж харин захиргааны байгууллагыг цуцлах эрхтэй гэж тайлбарлахдаа газрын хэвлийн тухай хуулийг үндэслэсэн нь буруу юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/995 дугаар захирамжийн "СО" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна.” гэжээ.

 

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. “СО” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/995 дугаар захирамжийн “СО” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “СО” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

4.1. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг судлахашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 4 дэх заалтад “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох”, 21 дүгээр зүйлд “Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журам” гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно” гээд 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй”, 2-д “газрын хэвлийг олгосон зориулалтаас өөрөөр ашигласан”, 3-д “энэ хуулийн 20 дугаар зүйлийн шаардлагыг биелүүлээгүй”, 4-д “газрын хэвлийг ашиглах, хамгаалах бусад журмыг өөр хэлбэрээр ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан.

4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол энэхүү нөхцөлийг зөрчил гэж үзэж, нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар хэрэгжүүлэх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан байна.

4.3. Хэрэгт авагдсан нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1027 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг энэ захирамжийн хавсралтад заасан 16 аж ахуй нэгж, байгууллагад олгосон байх бөгөөд тус захирамжийн хавсралтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “....”-д байршилтай 44.5 га газрыг нэхэмжлэгч “СО” ХХК-д олгож, 21/М042 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2036 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

4.4. Улмаар нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/995 дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “СО” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

4.5. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “СО” ХХК нь анх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн маргаан бүхий байршилд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй нь Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж заасныг үндэслэн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагч Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамж дээрх хуульд нийцсэн байна.

4.6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.3-д “"түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;”, 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ:”, 34.5.1-д “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 120 өдрийн дотор” гэж заасан.

4.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэж техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор заасан байна.

Ийнхүү түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үедээ тусгай зөвшөөрөл авснаас хойш 120 өдрийн дотор гаргуулсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр байна.

4.8. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн дагуу бодитоор газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа явуулсан талаар маргаагүй, харин “ тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн цагаасаа хөрөнгө оруулагч, бусад шаардлагатай баримт бичиг бүрдүүлэх, холбогдох зөвшөөрөл авах, хяналт тавих ажлуудыг идэвхтэй хийж ирсэн. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “М” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уурхайн талбайд ашиглах тоног төхөөрөмжийг татан оруулж ирсэн, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Гн” ХХК-тай ажил гүйцэтгэх багц гэрээг байгуулж ажилласан” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

4.9. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... Нэхэмжлэгч нь анх 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгогдсон 15/R020 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “М” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ашигт малтмал, газрын тосны газар эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулж, 2024 онд Хан-Уул дүүргийн нутагт орших “Зүүн хөндий” нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг батлуулсан төдийгүй тусгай зөвшөөрлийн 1, 2, 3, 4 дэх жилийн төлбөрийг төлсөн байх боловч энэ нь газрын хэвлийг ашиглаж буй хэрэг биш, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж, урьдач баримт бичгийн бүрдүүлбэр хангаж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий шийдвэрээр нэхэмжлэгчийг газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож тусгай зөвшөөрлийг цуцалсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрын хэвлийг хөндөөгүйтэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт хийгээгүйтэй талууд маргаагүй тул захирамжид баримталсан Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

4.10. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасны дагуу газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол энэхүү нөхцөлийг зөрчил гэж үзэх, нийслэлийн Засаг дарга газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох эсэх шийдвэр гаргах эрхтэй, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2022/0046 дугаар тогтоолд тайлбарласан байх тул анхан шатны шүүхээс холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                 Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ