Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0802

 

А.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Д.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 952 дугаар шийдвэртэй, А.*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 952 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, дахь хэсэгт заасныг баримтлан А.******* нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс тогтоосны эцэст Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэхийг шийдвэрлэж дахин шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг, мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог” буюу нэр дэвшигч А.*******д холбогдох хэсгийг 1 сарын хугацаатай түр түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо дахин шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоол хүчингүй болох бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч А.*******г оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгож дүгнэж мөн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т заасныг буруу хэрэглэн сонгуулийн маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчин нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол болон олон мянган сонгогчийн итгэл үнэмшлийг хохироож байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэхдээ сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхыг ойлгох тул А ******* болон аливаа этгээд түүнд санал өгүүлэх зорилгоор мөнгө тараасан эсэхийг, Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчсөн эсэхийг Н.*******, Ж.*******, Б.******* нарын гомдолд дурдсанчлан Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст зөрчлийг шалгаж байгаа бол ийнхүү шалгаж, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоосны эцэст Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэхийг шийдвэрлэх байжээ. Гэтэл ийнхүү дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоогоогүй байхад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо энэ талаарх гомдол хүлээн авсан даруйд буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 56 дугаар тогтоол гарган нэр дэвшигч А.*******г Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан тогтоогдсон гэж үзэн мөн хуулийн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 117.2-т заасантай нийцэхгүй байна” гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 159 дугээр зүйлийн 159.3-т заасантай зөрчилдөж зөрчсөн байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасан сонгуулийн маргааныг шуурхай үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчмын ноцтой зөрчин, түүнчлэн сонгуулийн маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112, 113 дугаар зүйлд заасан тусгай журмаар хянан шийдвэрлэх журамтай нийцэхгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо: “... Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар.

1.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “Санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах зорилгоор менгө, эд зүйл тараахыг хориглоно”, 70.5.16-д “Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд эдгээр заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааж, хэрэв энэ үндэслэл сонгуулийн дүн гарсны дараа тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор 159.3-т заажээ” гэж хуулийн зохицуулалтын агуулгын талаас нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хорооны эрх хэмжээг зөв тодорхойлжээ.

Гэхдээ “Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэдгийг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхыг ойлгоно” гэж үзсэн нь дээр тодорхойлсон Сонгуулийн хорооны эрх хэмжээг үгүйсгэсэн зөрчилтэй дүгнэлт хийжээ.

Сонгуулийн тухай хуулиар 1/ Улсын Их Хурлын сонгууль, 2/ Ерөнхийлөгчийн сонгууль, 3/ Орон нутгийн сонгуулийн талаар ялгамжтай зохицуулсан байна.

Тухайлбал, 1. Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэгт Улсын Их хурлын Сонгуулийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 131-р зүйлийн 131.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзэхэд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаарджээ. Харин ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг хасах эсэхийг шийдвэрлэхдээ хуулиар цагдаагийн байгууллагын шалгалт, шүүхийн шийдвэрийг давхар шаардахгүй байхаар хуульд зохицуулсныг шүүх анхаараагүйгээс хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг гаргалаа.

Иймээс шүүх “А.******* болон аливаа этгээд түүнд санал өгүүлэх зорилгоор мөнгө тараасан зөрчлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж, дүүргийн зрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоосны дараа Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэхийг шийдвэрлэх байжээ” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо энэ талаарх гомдлыг хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг нэр дэвшигч А.******* зөрчиж сонгогчдын санал татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаар.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг нотлох баримтад хамаарагдаж байна.

Иймд шүүх хэрэгт нотлох баримгаар авагдсан видео бичлэг бүхий CD нь нэр дэвшигч А.******* сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан мөнгө тараах ажлыг зохион байгуулалттай мөнгө тарааж буй үйл баримтыг үнэлж дүгнэхээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн агуулгаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд дахин дүүргийн анхан шатны эрүүгийн шүүхийн шийдвэр гарсан байхыг шаарджээ.

Энэ нь Захиргааны хэргийн шүүх өөрийн хийх ёстой ажлаа хийхгүйгээс өөр шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлттэй агаар нэг юм.

Нөгөөтэйгүүр Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн нэрийг хассантай холбогдох асуудлыг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэсэн байхыг Захиргааны хэргийн шүүх шаардаж байгаа бол ер нь Захиргааны хзргийн шүүхийн өөрийн үүрэг тодорхойгүй мэтээр шүүхийн шийдвэрийн “Үндэслэл”-ийг ойлгож болохоор байна.

Мөн шүүх нэхэмжлэгч талын үйл баримтыг няцаасан үгүйсгэсэн тайлбар гаргаагүй нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хуулийн 161.4-д зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийн  нэрийн  жагсаалт   болон  тэдгээрийн  бүрэн  эрхийг хүлээн  зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд А.*******г оруулахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгтэйгээ зөрчилтэй болжээ.

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 159 дүгээр зүйл 159.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна.

Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 952 дугаар шийдвэр, нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь биелэгдэх боломжгүй байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоосны эцэст сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэхийг шийдвэрлэх байжээ ...” гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д заасантай зөрчилдсөн. Сонгуулийн маргааныг шуурхай, үндэслэлтэй хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчсөн, тусгай журмаар шийдвэрлэх журамтай нийцэхгүй ...” гэжээ.

Хариуцагч нь “... орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь  сонгуулийн тухай хууль зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан байхыг шаардаагүй байхад Сонгуулийн тухай хуулийн 159.2, 159.3-д заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргаж сонгуулийн хорооны эрх хэмжээг үгүйсгэсэн ...” гэж гомдол гаргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж тус тус заажээ. 

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасантай уялдуулан хэрэглэж, хариуцагч Сонгуулийн хороог  нэр дэвшигч А.******* нь өөртөө санал өгүүлэх зорилгоор мөнгө тараасан буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан зөрчил гаргасан эсэхийг шүүхээс тогтоож, эцэслэн шийдвэрлээгүй байхад нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассаныг Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 117.2-т заасантай нийцэхгүй, хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн Нэгдүгээр хэсэгт сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн тогтолцоо, байгууллага, сонгуулийн сурталчилгаа, санал авах үйл ажиллагаа, маргаан шийдвэрлэх зэрэг нийтлэг харилцааг зохицуулсан ерөнхий зохицуулалтаас бүрдсэн бөгөөд эдгээр нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн алинд ч нийтлэг хэрэглэгдэнэ. Харин хуулийн Хоёр дугаар хэсэгт Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгууль тус бүрийн талаар нарийвчилсан зохицуулалтыг хийжээ. Хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит ...” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү заалтыг зөрчсөн нэр дэвшигчийн үйлдэл нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хамаарах бөгөөд 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэж заасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж, эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдвол сонгуулийн хороо шийдвэрээ гаргахаар байна. Харин шүүхийн шийдвэрээр зөрчил тогтоогдоогүй байхад Сонгуулийн хороонд уг зөрлийг тогтоох бүрэн эрх олгогдоогүй талаар анхан шатны шүүх уг хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх “... хэрэгт авагдсан дүрс бичлэгийг шууд үнэлэх боломжгүй хэдий ч цагдаагийн байгууллага шалгаж, шүүх үнэлэх боломжтой, уг бичлэгийг няцаасан баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу “даалгах” шаардлагын хувьд хангаагүйг буруу гэж үзэхээргүй байна. Учир нь цагдаагийн байгууллагад уг зөрчил шалгагдаж байх бөгөөд нэхэмжлэлийн нэг дэх шаардлага хангагдсанаар Сонгуулийн хороо тухайн нөхцөл байдалд тохируулан сонгуулийн тухай хуульд заасан ямар арга хэмжээ авах нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал юм.

Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.

Учир нь хариуцагч өөрөө хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодруулах боломжтой үед шүүх уг шийдвэрийг гаргах бөгөөд энэ тохиолдолд цагдаагийн байгууллагын шалгаж байгаа ажиллагаатай уялдуулж актыг түдгэлзүүлэн хариуцагчид шинэ акт гаргахыг даалгах боломжгүй.

Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул хангаж 56 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 952 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтын “баримтлан” гэсний дараа А.*******гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хоёр дахь заалтыг хүчингүй болгож, гурав дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ