Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 404

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0536 дугаар магадлалтай, Б.М-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.М-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.995.116 /нэг сая есөн зуун ерэн таван мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгохоос урьд олгосон тэтгэлэг 1.620.099 /нэг сая зургаан зуун хорин мянга ерэн ес/ төгрөгийг хасч үлдэгдэл 375.017 /гурван зуун далан таван мянга арван долоо/ төгрөгийг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0536 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.М-ыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтний албан тушаалд тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “...хариуцагчид... гэснийг ...Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт...” гэж, 3 дахь заалтын “...хариуцагчаас... гэснийг ...Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас...” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.995,116 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгохоос урьд олгосон тэтгэлэг 1.620,099 төгрөгийг хасч, үлдэгдэл 375,017 төгрөгийг олгож, нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Б.М-ын ажил хүлээлцсэн сүүлийн өдрийг тогтоолгүйгээр, түүнийг ажлаас чөлөөлсөн өдрийг ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөр шууд тооцон тэтгэлгийн хэмжээг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд уг хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг зөрчиж шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцээгүй байна.

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, 2 дугаар хавсралтаар орон тоо чиг үүргийн хуваарийн дагуу албан хаагчдыг томилохдоо Б.М-ыг томилоогүй, нэхэмжлэгч Б.М нь уг тушаалын 23 дугаар хавсралтын Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус газрын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж “миний эрхэлж байсан албан тушаал, ажлын чиг үүрэг хэвээр байхад томилоогүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 дүгээр тушаалаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн орон тоог 6 болгож, өмнөх орон тооноос 2 орон тоог хассан боловч өмнөх бүтцэд байсан “Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтэн”-ий 1 орон тоог “Байгаль орчин, газар зохион байгуулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн” гэдэг нэртэйгээр хэвээр баталсан, уг албан тушаалын орон тоонд Б.М-ыг үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Түүнчлэн хариуцагч нь анх 2012 онд Б.М-ыг “байгаль орчин, аялал жуулчлал, газрын харилцаа, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд томилсон тушаалаа 2013 онд шинэчлэн тогтоогдсон бүтцэд нийцүүлж “өөрчлөөгүй” нь нэхэмжлэгчийг “байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ маргааны зүйлд хамааралгүй болохыг, гуравдагч этгээд Д.О-г томилсон захиргааны актын “байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн” гэснийг “байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчилсөн нь Б.М-ын эрхэлж байсан “байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн”-ний хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдсөн гэж үзэхгүй талаар шүүхүүд зөв дүгнэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн асуудлаар хариуцагч хяналтын гомдол гаргаагүй байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “...ажилгүй байсан хугацааны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх цалин хөлсний олговорт урьд олгосон 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг тооцон гаргуулахдаа ажлаас чөлөөлсөн өдрийг ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөр шууд тооцон тэтгэлгийг хэмжээг тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т заасныг зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтанд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэрээр гаргуулах, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах” төрийн албан хаагчийн баталгаа нь тус тусдаа зохицуулагдсан харилцаа бөгөөд анхан шатны шүүх “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Б.М-д урьд олгогдсон тэтгэлэгт нь суутган тооцож, цалин гаргуулсантай холбогдуулан Б.М-ын ажлаас чөлөөлөгдсөн өдрийг ажил хүлээлцсэн өдрөөр тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нь тогтоох хэсэгт шийдвэрлэсэнтэй зөрчилдсөн, нэхэмжлэгчийн гаргасан “...ажилд томилохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг “...албан тушаалд тогтоож” өөрөөр шийдвэрлэсэн, анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь тогтоогдоогүй байхад хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг байдлыг дордуулж шийдвэрлэсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Үүнээс үзвэл, давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөхөд хүргэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0536 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ