| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00327/И |
| Дугаар | 139/ШШ2020/00425 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 139/ШШ2020/00425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: “Г” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: У.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21.125.989 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч У.Э, түүний өмгөөлөгч Ж.Ч, гэрч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч У.Э нь “Г” ХЗХ-той 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/4059 тоот зээлийн гэрээг байгуулан 5.000.000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Дундговь аймаг, Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Говь 19-1990 тоот хаягт байрлах 900 м/кв талбай бүхий газрыг барьцаалан зээл авсан. Мөн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/6907 тоот зээлийн гэрээг байгуулан 5.000.000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 71-71 ДУЭ улсын дугаартай Тоёота Гранд марк-2 автомашиныг барьцаалан зээл авсан.
Зээлдэгчтэй байгуулсан ЗГ/4059 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 4.950.000 төгрөгийг У.Э-ийн ХААН банкны 5721251110 тоот данс руу шилжүүлсэн байдаг. ЗГ/6907 тоот зээлийн гэрээний дагуу манай хоршооны Төрийн банкны 1401900112105001 тоот дансаар У.Эээс зээлийн хүүний төлбөрт 1.433.000 төгрөг шилжиж орж ирсэн. 6907 тоот зээлийн гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг өмнөх зээлийн хүүний төлбөртэй нийлүүлж 6.390.000 төгрөгийг өмнө нь У.Э-ийн нэр дээр байсан 4053 тоот төлөгдөөгүй зээлийн гэрээг сунгаж төлөлт хийсэн.
Манай зүгээс зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулсны дараа зээлдэгчийн нэрийн данс нээдэг уг нэрийн дансаар зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн. Уг данснаас зээлдэгч хүсвэл өөрөө манай хоршоон дээр ирж мөнгөө бэлнээр авч болно, эсхүл өөрийн харилцах банкны данс руугаа шилжүүлж авч болдог. Харин уг нэрийн данснаасаа дуртай газраасаа гүйлгээ хийх боломжгүй юм.
Зээлдэгч нь ЗГ/4059 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 3.291.873 төгрөг төлсөн ба үүнээс 948.369 төгрөг үндсэн төлбөрөөс, 2.343.504 төгрөг нь зээлийн хүүгийн төлбөрт төлөгдсөн. ЗГ/6907 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш 1.053.731 төгрөг хүүнд төлсөн ба үндсэн зээлээс огт төлөлт хийгдээгүй.
Харин манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ЗГ/4059 тоот зээлийн гэрээний үүргийн төлбөрийг үндсэн зээл 4.051.630 төгрөг, хүүг багасгаж 1.648.369 төгрөг, нийт 5.700.000 төгрөг болгож багасгаж байна. Харин 2018 оны 6 дугаар 28-ны өдрийн ЗГ/6907 тоот зээлийн гэрээний үүргийн төлбөрийг үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүүнд 2.100.000 төгрөг, нийт 7.100.000 төгрөг болгож багасгаж байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан ЗГ/4059, 6907 тоот зээлийн гэрээнүүдийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хариуцагч У.Эээс дээрх зээлийн гэрээнүүдийн нийт төлбөрт 12.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Г” ХЗХ-той 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болон 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, миний хүчингүй болсон иргэний үнэмлэхийг ашигласан байна. Харин урд нь 2017 оны 10 дугаар сард би өөрөө “Г” ХЗХ-той зээлийн гэрээ байгуулж зээл авч байсан. 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тухайн үеийн “Г” ХЗХ-ны захирал байсан Б.Цэрэнчунт над руу утасдаж таны данс руу хүнээр мөнгө хийлгэсэн байгаа тэр мөнгийг надад аваад өгөөч гэж хэлсний дагуу би банкан дээр очиж ХААН банкныхаа 5721251110 тоот данснаас 8.950.000 төгрөг орж ирсэн байсныг авч Б.Цэрэнчунтад өгсөн. Би зээлийн мөнгө орж ирснийг шүүхэд өгсний дараа л мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Гэрч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хоршооны зээлийн үйл ажиллагааны журамд “хамаарал бүхий этгээд”-д зээл олгохыг хориглох заалт 2019 оны 6 дугаар сард орсон өмнө нь энэ талаар заалт байгаагүй учраас салбарын захирал 5 сая төгрөг хүртэлх зээлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд бие даан шийдвэрлэх эрхтэй байсан. У.Э-ийн хувьд манай хоршоотой зээлийн гэрээ байгуулснаар 1779 тоот нэрийн данс нээгдэж уг дансанд зээл орж байсан ба уг дансан дахь мөнгөө харилцагч Хаан банк, Төрийн банкны данс шиг зарцуулах боломжгүй. Зээлдэгч өөрөө манай хоршоон дээр ирээд мөнгөө уг нэрийн данснаас гарын үсгээ зурж бэлнээр авах, эсхүл харилцах банкныхаа данс руу интернэт гүйлгээгээр шилжүүлж авах боломжтой. Гишүүний нэрийн дансанд мөнгө орж байгааг зээлдэгчид мэдээлэл ирдэггүй учраас мэдэх боломжгүй, харин уг нэрийн данснаас мөнгө гарахдаа заавал зээлдэгчийн зөвшөөрлөөр мөнгө гарах ёстой. Уг нэрийн данснаас зээл олголт, зээл төлөлттэй холбоотой хоёр л гүйлгээ хийгддэг. У.Этэй холбоотой зээлийн төлбөрийг тухайн үеийн манай салбарын захирал байсан Б.Цэрэнчунт төлдөг байсан. У.Э-ийн 6907 тоот зээлийн гэрээний дагуу түүний нэрийн дансанд шилжсэн 5.000.000 төгрөгийг У.Э-ийн гарын үсэггүй, түүний урд нь авч байсан төлөгдөөгүй 4053 тоот зээлийн гэрээний хаалтыг хийсэн нь үнэн. Уг зээлийг хаах талаар манай салбарын захирал Б.Цэрэнчунт амаар надад хэлсэн. Түүнээс захирал хэлээгүй байхад хэн нэгний зээлийг хаах эрх хэнд ч байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХЗХ нь хариуцагч У.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.125.989 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ЗГ/4059 тоот зээлийн гэрээний үүргийн төлбөрт 5.700.000 төгрөг, 2018 оны 6 дугаар 28-ны өдрийн ЗГ/6907 тоот зээлийн гэрээний үүргийн төлбөрт 7.100.000 төгрөг, нийт 12.800.000 төгрөг болгон багасгажээ.
Нэхэмжлэгч “Г” ХЗХ нь У.Этэй байгуулсан ЗГ/4059, 6907 тоот зээлийн гэрээнүүдийн төлбөрт нийт 12.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч У.Э нь “Г” ХЗХ бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, би зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
1.2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/4059 тоот зээлийн гэрээний тухайд:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/4059 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний дагуу 4.000.000 төгрөгийг хариуцагч У.Э Хаан банкны 5721251110 тоот дансаар хүлээн авсан болох нь Хаан банкны интернет банкны шилжүүлэг, зээлийн гэрээ болон 2018.1.19-ний өдрийн “Г” ХЗХ-ноос У.Эт зээл олгосон баримт /хх-19 дүгээр хуудас/, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр миний Хаан банкны 5721251110 тоот дансаар нийт 8.950.000 төгрөг орсон” гэх тайлбараар нотлогдож байна. Үлдэгдэл 950.000 төгрөгийг У.Э нь өөрийн гишүүний нэрийн данс болох 1401901779 тоот данснаас 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зарлага гаргаж авсан байна /хх-35 дугаар хуудас/.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг хэлцэл хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд үндсэн зээл 4.051.630 төгрөг, хүү 1.648.369 төгрөг, нийт 5.700.000 төгрөгийг “Г” ХЗХ нь У.Эээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.
2.2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 6907 тоот зээлийн гэрээний тухайд:
Хэрэгт “Г” ХЗХ, У.Э нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/6907 тоот гэрээ байх ба уг гэрээгээр У.Э нь 5.000.000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай байхаар тохиролцсон талуудын гарын үсэг зурагдсан зээлийн гэрээ авагдсан байна. /хх-12-15 дугаар хуудас/
Зээлдүүлэгч “Г” ХЗХ нь зээлдэгч У.Э-ийн 1401906907 тоот зээлийн дансанд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-32 дугаар хуудас/
Банк” эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заажээ.
Гэвч гэрээний дагуу гэрээний зүйл болох 5.000.000 төгрөгийг зээлдэгчид өгөөгүй, зээлдэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, хоршооны салбарын захирлын амаар хэлсэн үүрэг даалгаврын дагуу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 6907 тоот зээлийн гэрээний төлбөр 5.000.000 төгрөгөөр зээлдэгчийн өмнөх 2018 оны 1 дүгээр сарын 18-ны 4503 тоот зээлийн гэрээг хаасан гэх гэрч О.Мын тайлбар, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 6907 тоот зээлийн гэрээний төлбөрөөр 2018 оны 1 дүгээр сарын 18-ны 4503 тоот зээлийн гэрээг хаасан гэх тайлбараар зээлдүүлэгч “Г” ХЗХ нь зээлдэгч У.Э-ийн эзэмшилд зээлийн гэрээний зүйлийг шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зээлийн гэрээний дагуу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагч У.Эээс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 4059 тоот зээлийн гэрээний үүрэгт 5.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 6907 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 7.100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.580.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 5.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Э-ээс 106.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ