Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 139/ШШ2020/00426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: “Г” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13.878.535 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.С- нь "Г" ХЗХ-той 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/5140 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 дугаар сарын хугацаатайгаар Дундговь аймаг Сайнцагаан сум, 9 дүгээр баг, Мандал Говь 2 дугаар гудамжны 289 тоот хаягт байрлах 900 мкв өмчлөх эрхийн газрыг барьцаалан зээл авсан. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ/5140 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг олгосон байна. Зээлдэгч нь ЗГ/5140 гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч төлөөгүй. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа 88300055 дугаарын утсаар холбогдон хэлж байсан боловч тогтоосон хугацаанд төлөөгүй гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, 564 хоног хугацаа хэтэрч нэхэмжлэгч "Г" ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 245.31 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар ЗГ/5140 тоот үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 5.871.535,5 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, нийт 13.878.535,5 төгрөг хуримтлагдсан байна. "Г" ХЗХ нь О.С-тэй хэд хэдэн зээлийн гэрээ байгуулсан байдаг учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг үндэсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг болгож бууруулж байна. Иймд хариуцагч О.С-тэй байгуулсан ЗГ/5140 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 8.000.000 төгрөгийг О.С-гээс гаргуулж өгнө үү. Манай хадгаламж зээлийн хоршоо О.С-тэй зээлийн гэрээ байгуулсан. Гэнэт дуудаад гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. О.С- нь бүх баримтууд дээр гарын үсэг зураад зээл авсан. Төлөх мөнгөө та нар жоохон бууруулах боломжтой юу гэж хэлж байсан. Авсан зээлтэйгээ маргахгүй байгаа гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч О.С- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “О.С миний бие нь "Г" ХЗХ-ны Б.Цэрэнчунт захирал байхдаа барьцаанд тавих юм байна уу гэхэд би өөрийн 3 хүүхдийн гэрчилгээг аваачиж өгсөн. Гэтэл миний нэр дээр тавьсан байсан. Надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед хэдэн цаасанд тавьсныг мэдээгүй. Би энэ мөнгийг авч хэрэглээгүй болохоор үүнийг төлөхгүй. Ажилчид нь бүгд мэдэж байгаа. Харин би гурван хүүхдийнхээ гэрчилгээг олж авмаар байна” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                  

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХЗХ нь хариуцагч О.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.878.535 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг болгон багасгажээ.

Нэхэмжлэгч “Г” ХЗХ нь О.С-тэй байгуулсан ЗГ/5140 тоот зээлийн гэрээний төлбөрт нийт 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч О.С- нь би энэ мөнгийг авч хэрэглээгүй болохоор үүнийг төлөхгүй, ажилчид нь бүгд мэдэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/5140 тоот зээлтийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн 5.000.000 төгрөгийг 2018.03.14-ны өдөр хариуцагч хүлээн авсан болох нь зээлийн гэрээ болон 2018.3.14-ний өдрийн “Г” ХЗХ-оос О.С-д зээл 5.000.000 төгрөг олгосон баримт /хх-7 дугаар хуудас/, 1401900641 тоот гишүүний төгрөгийн дансны хуулга /хх-18 дугаар хуудас/ зэрэг баримтаар нотлогдож байна.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг хэлцэл хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг “Г” ХЗХ нь О.С-гээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.   

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.С-гээс зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.С-гээс зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.343 /хоёр зуун хорин долоон мянга гурван зуун дөчин гурван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-гээс 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХЗХ-нд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ГАНЧИМЭГ