Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 473

 

105/2020/0043/Э

 

 

 

  2020             04            16                                       2020/ДШМ/473    

 

Б.Г-, Б.Т-, Э.Э-б-,

Э.Эб-, Ө.Э-О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ганзориг,

хохирогч П.Э-ын өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

шүүгдэгч Э.Эб-гийн өмгөөлөгч Ц.Туяа,

шүүгдэгч Ө.Э-Огийн өмгөөлөгч Б.Наранцэцэг,

шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Э-ын өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-, Б.Т-, Э.Э-б-, Э.Эб-, Ө.Э-О нарт холбогдох эрүүгийн 1806094161193 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э-О,

 

2. Т-,

 

3. Г-,

 

4. Э-б-,

 

5. Эб-,

 

Б.Т-, Б.Г-, Ө.Э-О нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар байрны гадаа иргэн П.Э-ын түрийвч, “Samsung Note-4” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдсэн, дээрэмдэх явцдаа хохирогчийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Э.Э-б-, Б.Т- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн М.Тамирын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн зодож, “Iphone X” загварын гар утсыг дээрэмдэн авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Т-, Э.Э-б-, Э.Эб- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД” андуудын автобусны буудлын орчим Х.Булаглангийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, “Iphone X” загварын гар утсыг дээрэмдэн авч 1.7000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Э-О, Э.Э-б-, Э.Эб- нар үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

Б.Т-, Б.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-, Г- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э-О, Э-б-, Эб- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-О, Э.Э-б-, Б.Г-, Э.Эб-, Б.Т- нарыг нэг жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад зааснаар Б.Г-, Б.Т- нарыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Т-, Б.Г- нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч Ө.Э-О, Э.Э-б-, Б.Г-, Э.Эб-, Б.Т- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, тэдгээрийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Э- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г-, Б.Т- нараас хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Э-О, Э.Э-б-, Б.Г-, Э.Эб-, Б.Т- нарыг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч П.Э-ын өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Хохирогч П.Э- нь шүүгдэгч Ө.Э-О, Б.Т-, Б.Г- нарын буруутай үйлдлийн улмаас биедээ хоншоор ясны их бие гайморовын хөндийн урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод, дээд зовхи хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг авсан ба дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13931 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Хохирогч П.Э- нь дээрх гэмтлийг авснаас болж ажлаа хийж чадахгүй байгаа учраас нэр бүхий гурван шүүгдэгчээс ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хохирогч П.Э- нь “Далан гол” ХХК-д хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор 2017 оноос хойш ажиллаж байгаа ба сарын цалинд 2.000.000 төгрөг авдаг болохыг тодорхойлсон байгууллагын тодорхойлолт, мөн хохирогч П.Э-ын цалингаа дансаараа авдаг байсныг тодорхойлох дансны хуулгыг хэрэгт гаргаж өгсөн. Анхан шатны шүүх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч В.Т-, Б.Г- нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Угтаа бол анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 болон 36.3 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч П.Э-ын ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг хангах хууль зүйн үндэслэлтэй байхад анхаарч үзэлгүй орхигдуулсан. Иймд шүүгдэгч Ө.Э-О, Б.Т-, Б.Г- нараас хохирогч П.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хоёр. Шүүгдэгч Ө.Э-О, Б.Т-, Б.Г- нарт оногдуулсан ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Ө.Э-О, Б.Т-, Б.Г- нарын үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж оногдуулсан нь хохирогчийн зүгээс хөнгөн ял оногдуулсан, ял хөнгөдсөн гэж үзэж байна.

Учир нь, хохирогч П.Э-ын араас ирж боож унагаан, толгой, нүүрэн тус газар олон удаа дэвсэж нүдний ухархай, хамрын ясыг цөмөртөл дэвсэж маш хүнд гэмтэл учруулсан. Цаашид энэ гэмтлээс болж эрүүл мэндэд ямар хохирол учрахыг хохирогч мэдэхгүй байна. Хохирогч П.Э- нь өөрийн бие эрхтэнд учирсан гэмтэл, бие махбодь, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш их хохирол амсаж байгаа, мөн шүүгдэгч нарын зүгээс хохирогчид хандаж байгаа байдал болон шүүхийн шийдвэрийг шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулсан гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хохирол, хор уршиг арилаагүй, одоо ч энэ гэмтлийн улмаас маш их шаналж зовиуртай байгаа. Цаашид эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай ч мөнгө байхгүйн улмаас эмчилгээ хагалгааг хийлгэх боломжгүй байна.

Иймд, шүүгдэгч Ө.Э-О, Б.Т-, Б.Г- нарт шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөн шүүгдэгч нар хохирогчийн биедээ явсан түрийвч, түрийвчинд байсан мөнгө, виза картын хохирлыг төлөөгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г- “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.Г- нь 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан. Хохирогчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж байгаа боловч шүүгдэгч Б.Г- гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан, анх удаа хэрэгт холбогдсон, урьд ял шийтгүүлж байгаагүй, бодит хохирлоос өөрт оногдох 500.000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн, хохирогч шүүх хуралдаанд хохирлын баримт нэмж гарган өгч, зөрүү мөнгийг төлж, үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлдэг. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд, эх, 4 дүүгийн хамт амьдардаг. Ар гэр, дүү нараа тэжээхийн тулд ажил хийж ээждээ тусалдаг. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул ял хойшлуулах санал гаргасан боловч шүүх хүлээж авалгүй, ял оногдуулсан. ...” гэв.

Шүүгдэгч Э.Эб-гийн өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Эб-д холбогдуулж хохирогч ямар нэг гомдол гаргаагүй. Э.Эб- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 2 хоногтой байсан. Шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх явцад эцэг нь нас барж, эхийн хамт үлдсэн. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Э-Огийн өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ө.Э-Огийн хувьд нэг удаагийн үйлдэлтэй бөгөөд дээрх гэмт хэргийг 18 нас 1 сартай байхдаа буюу өсвөр насандаа үйлдсэн. Мөрдөн байцаалтын шатнаас хохирогч Энхмандахад учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс өсвөр насандаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан үзэж ял хойшлуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хэргийг тал бүрээс нь үнэлж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул ял хөнгөдсөн гэж үзэхгүй байна. Шүүх хохирлын асуудлыг баримтад үндэслэж шийдвэрлэх ёстой бөгөөд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн өмгөөлөгч гомдлоо гурван үндэслэлээр гаргаж байгаа боловч эрх ашгийг нь хамгаалж оролцож байгаа үйлчлүүлэгч П.Э-д гомдлоо танилцуулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна.” гэж заасныг зөрчсөн. Мөн дээрх хоёр хуудас бүхий давж заалдах гомдолдоо хүнд гэмтэл авсан гэж дурдсан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулахад хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэг гомдол гаргаагүй, хуульд заасны дагуу танилцуулах боломжоор хангасан. 6.000.000 төгрөгийн хохирлын тухайд, гэмт хэргийн улмаас өөрт бодитоор учирсан хохирлын баримтыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөвөөр дүгнэж шийдвэрлэсэн. Тиймээс хохирогч гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой. Шүүх шүүгдэгч Б.Т-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо төлсөн байдал, гэм буруудаа гэмшсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ямар нэг байдлаар хууль зөрчсөн асуудал гаргаагүй. Хохирогчийн түрийвчийг шалгаагүй гэх асуудлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон. Хоёр жилийн хугацаанд түрийвчний асуудал огт яригдаж байгаагүй. Сүүлд прокурорын шатнаас хохирогчийн өмгөөлөгч энэ талаар ярьсан. Энэ талаар шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тухайн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирлын тухайд, хохирогч анх 15.340.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний зардал 2.205.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар шүүх бодит хохирлын тооцоог гаргаж хохирол төлөх талаарх шүүгдэгч нарын хүсэлтийг хүлээн авч 5 хоногийн завсарлага өгсөн хугацаанд бодит хохирол төлөгдсөн. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна.” гэж зааснаар танилцуулах ёстой байсан. Гэтэл танилцуулсан талаарх баримт хэрэгт байхгүй. Мөн хохирогчийн өмгөөлөгч түрийвчний асуудал ярьдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг нэг удаа байцаасан. Хохирогч гадаад улс руу явсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлийн үнэлгээг хохирогч болон бусад оролцогч нарт танилцуулахад ямар нэг санал, хүсэлт гаргаагүй. Энэ талаарх асуудал яригдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

 

Прокуророос Б.Т-, Б.Г-, Ө.Э-О нар нь бүлэглэн иргэн П.Э-ын түрийвч, “Samsung Note-4” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан, дээрэмдэн авахдаа хохирогчийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Э.Э-б-, Б.Т- нар нь бүлэглэн иргэн М.Тамирын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн зодож, “Iphone X” загварын гар утсыг дээрэмдэн авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Т-, Э.Э-б-, Э.Эб- нар нь бүлэглэн иргэн Х.Булаглангийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, “Iphone X” загварын гар утсыг дээрэмдэн авч 1.7000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Ө.Э-О, Э.Э-б-, Э.Эб- нар үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Б.Т-, Б.Г- нарын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Т-, Б.Г- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Ө.Э-О, Э.Э-б-, Э.Эб- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-О, Э.Э-б-, Б.Г-, Э.Эб-, Б.Т- нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад зааснаар Б.Г-, Б.Т- нарыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Т-, Б.Г- нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ингэж шийдвэрлэхдээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хэргийн үйл баримт, үндэслэл, шаардлагад нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч тус бүрт нэг адил хэмжээний ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан шаардлагад нийцээгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

 

 Түүнчлэн шүүгдэгч Б.Т- гурван удаагийн үйлдлээр, шүүгдэгч Э.Э-б- хоёр удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Г-, Э.Эб-, Ө.Э-О нар нэг удаагийн үйлдлээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байхад шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо зэргийг харгалзан үзэлгүйгээр /дүгнэлт хийлгүйгээр/ тус бүрт нь нэг жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй гэж үзнэ.

 

Мөн, шүүх шүүгдэгч Б.Т-, Б.Г-, Ө.Э-О нарыг бүлэглэн хохирогч П.Э-ын түрийвч, “Samsung Note-4” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэж дүгнэсэн атлаа түрийвчний хохирлын асуудлыг орхигдуулсан нь логикийн зөрчилтэй болсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хохирлоо нөхөн төлсөн байх шаардлагыг хангаагүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

 

Анхан шатны шүүх насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зарим шүүгдэгч нарт ял оногдуулах ашигтай байдлыг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь тэдний хувьд ашиггүй байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан Б.Гантулгын хувьд хоёр өөр гэмт хэрэгт холбогдсон. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоожээ. Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр 2 жилийн хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгавал 1 жил 3 сар болж шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дээрдэх хууль зүйн үр дагавартай байдал зэрэгт дүгнэлт хийвэл зохино.

 

 Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-, Б.Т-, Э.Э-б-, Э.Эб-, Ө.Э-О нарт холбогдох хэргийг шүүх шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогч П.Э-ын өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргасан давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-, Б.Т-, Э.Э-б-, Э.Эб-, Ө.Э-О нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Г-, Б.Т-, Э.Э-б-, Э.Эб-, Ө.Э-О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                 Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                Л.ДАРЬСҮРЭН