Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2019/0017

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: К ХХК, Х ТХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн С сумын З Д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн С сумын З Д2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн К ХХК-ий 2012 оны 581 дүгээр захирамж, Х Т ХХК-ий 2014 оны 507 дугаар захирамжид тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газрын байршлыг сольж өөр газар олгохыг даалгуулах тухай

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч К ХХК, Х Т ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн С сумын Засаг дарга нь манай К ХХК-д 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 581 дүгээр захирамжаар Хөшигтийн хөндийн Дундговийн замын баруун талд аялал жуулчлалын зориулалтаар 10 га, 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 540 дүгээр захирамжаар тус сумын 4 дүгээр баг Бөхөгт гэдэг газарт Худалдаа үйлчилгээ болон терминалын зориулалтаар 10 га газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, Мөн Х ТХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/391 дүгээр захирамжаар Хөшигтийн хөндийд, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 50 га газрыг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 507 дугаар захирамжаар тус сумын Номон далайд үйлчилгээний /агуулах, орон сууц/ зориулалтаар 10 га газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ хийгдсэн билээ. Гэтэл сумын Засаг дарга нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн А/113 дугаар захирамжаараа манай дээрхи эзэмшил бүхий газруудаас К ХХК-ний 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 581 дүгээр захирамжаар олгогдсон Хөшигтийн хөндийн Дундговийн замын баруун талд аялал жуулчлалын зориулалттай 10 га газар, Х ТХХК-ий 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 507 дугаар захирамжаар тус сумын Номон далайд үйлчилгээний /агуулах, орон сууц/ зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын гэрчилгээг тус тус хууль бус буюу хуульд заасан журмыг зөрчиж хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Бид эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглахын тулд Олон улсын нисэх онгоцны буудлыг барьж байгуулах хүртэл өөрөөр хэлбэл уг нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай, тэдний ерөнхий төлөвлөлттэй холбоотойгоор цаг хугацааны асуудал хүлээгдэхийн зэрэгцээ энэ хугацаанд бид газар дээр байгуулах барилга, байгууламж, зураг төслийн ажлыг шат дараалан хийж, хөрөнгө оруулагчдыг татах, аль болох Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал, түүнийг дагаж баригдах барилга. байгууламжийн хийц, өнгө үзэмжийг дордуулахгүйн үүднээс бизнес төлөвлөгөөгөө боловсруулан зарим үйл ажиллагаагаа Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэхээр тавиад байгаа юм. Гэтэл Засаг дарга нь бидэнд мэдэгдэлгүйгээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулиа зөрчсөн тул бидний энэ төлөвлөлт, зорилт, хөрөнгө оруулалт, зураг төсөл гээд бүхий л хийсэн зүйлийг үгүйсгэгдээд байна. Бид газраа ямар ч төлөвлөлтгүй, хамаагүй дур зоргоороо ашиглах боломжгүй зарим нөхцөл байдал байгаа. Учир нь Засаг дарга манайд уг газрыг худалдаа, үйлчилгээ болон терминалын зориулалтаар олгосон нь энэ Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанд зориулагдсан нэг хэсэг нь юм. Түүнээс учиргүй хээр газар юунд худалдаа үйлчилгээ, терминалын зориулалттай байгууламж барих билээ. Иймд бидний үйл ажиллагааг яах аргагүй Нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанаас салгаж үзэх боломжгүй. Гэтэл энэ Олон улсын нисэх онгоцны буудал маань 2018-2020 оны хооронд зөвхөн нислэгийн орчины бүтээн байгуулалт нь явагдсаар байна. Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо зориулалтын дагуу ашигласан эсэх, энэ зориулалт нь өөрөө Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай уялдаатай ашиглах зэргээр зориулалтын дагуу ашиглахад харгалзан үзэх хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байгааг хариуцагч судлан үзээгүй, ямар зориулалтаар өгөөд түүнийг хэрхэн ашиглаж байгаа, ямар тооцоо судалгаа гаргаж, төлөвлөгөө, зураг төсөл боловсруулж буй болон бусад нөхцлийг шалгаж үзээгүй, бидэнд ингэж эзэмших эрхийг хүчингүй болгох гэж буй талаар огт мэдэгдээгүй, мэдэгдэх , сонсгох . тайлбар нотолгоо гаргаж өгөх эрхийг минь зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч ингэж шийдвэрлэхийн өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байж шийдвэрээ гаргах хуулийн заалтыг зөрчсөнөөр манай хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл байна.

Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1"хуульд үндэслэх", 4.2.3 "ил тод. нээлттэй байх", 4.2.5 "...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх". 4.2.6 "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэснийг зөрчиж Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө төлж ирсэн байхад төлөөгүй гэж үзсэн. захирамж гаргах тухай урьдчилан болон гарсан талаар огт мэдэгдээгүй, 15 дугаар зүйлд заасан "шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдээлэл авах, нотлох баримт гаргах. хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах" гэсэн оролцогчийн эрхийг зөрчсөн, 24 дүгээр зүйлд заасан Захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа ". . шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", "энэ бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах. үнэлэх үүргийг хүлээнэ", 26 дугаар зүйлд заасан Оролцогчид ". . . захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулахдаа "сонсох ажиллагааны талаар . . . мэдэгдэл хүргүүлнэ" гэхчлэн сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрийг нь хүртэл заасан байхад энэ ажиллагаа журмыг зөрчиж шууд хүчингүй болгосон хэт дураараа, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтаны эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус шийдвэр болно.

Мөн газар эзэмших гэрээгээ дүгнэж, сунгуулах гэж 2016 онд хүсэлтээ гаргасан, 2017, 2018 онд очиж даамал Аззаяатай уулзахад Нисэх онгоцны буудлын газрын хэмжээнд өөрчлөлт оруулах гэж байгаа тул гэрээ сунгахыг хүлээх хэрэгтэй байна гээд буцаасан. 2018 онд энэхүү захирамж гарсан талаар мэдэгдээгүй, хэрэв Засгийн газраас тусгай хэрэгцээнд авсан юм бол бидэнд мэдэгдэх, эсхүл нөхөн олговор олгох, өөр газраар солих зэргээр газар эзэмшигчийн эрхийг хангах арга хэмжээ авч болохоор хуульд заасныг хэрэгжүүлээгүй, харин бид өөрөө УБ хотод тус сумын газрын даамал нарыг ажиллаж байхад очиж гэрээгээ сунгах гэтэл уг захирамжийг мэдэж 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр даамал Ууганцэцэгээс гардаж авсан тул түүнээс хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдаагүй, мөн манай дээрхи 2 газрын нэгийг нь ингэж хүчингүй болгосон бөгөөд 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 540 дүгээр захирамжаар 4 дүгээр баг Бөхөгт гэдэг газарт Худалдаа үйлчилгээ болон терминалын зориулалтаар олгогдсон 10 га газар эзэмших эрх нь хэвээр байгааг надад хэлсэн тул энэ талаар ямар нэг гомдол байхгүй. Сумын Засаг дарга 2018 онд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай урьдчилан мэдэгдсэн эсхүл шийдвэр гармагц мэдсэн бол түүнээс хойш одоог хүртэл бидний хийсэн зураг , төсөл боловсруулалт, хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээ контрактаар хүлээсэн үүрэг зөрчигдөхөд хүрсэн гэхчлэн зарим хэмжээний хохирол үүсээд байна. Энэ хохирлоо цаашид хууль зөрчсөн хариуцлагагүй төрийн албан тушаалтнаас гаргуулах болно.

Иймд сумын З Д2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн А/113 дугаар захирамжийн "К" ХХК-д 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 581 дүгээр захирамж, Х ТХХК-ий 2014 оны 507 дугаар захирамжид тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын байршлийг сольж өөр газар олгохыг С сумын З Д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К ХХК, Х ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2 компани маань шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зарим хэсгээс нь татгалзаж байна. Үүнд: Төв аймгийн С сумын З Д2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1-А/113 дугаар захирамжийн К ХХК-д холбогдох 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 581 дүгээр захирамжаар Хөшигтийн хөндийд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 10 га, мөн Х ТХХК-д 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 507 дугаар захирамжаар Номун далай гэх газар үйлчилгээ, агуулах, орон сууцны зориулалтаар олгосон 10 га газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, мөн энэ газрууд нь Засгийн газрын 2014 оны 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авагдсан тул хуульд зааснаар тус бүр 10 га газрын байршлийг сольж, өөр газарт олгохыг С сумын З Д даалгуулах гэж шаардлагаа өөрчлөх, хариуцагч нь маргаан бүхий А/113 дугаар захирамжаар Х ТХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/391 дүгээр захирамжаар Хөшигтийн хөндийд, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 50 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байх тул А/391 дүгээр захирамжтай холбоотой /андуурсан/ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн маргаан бүхий актад заасан 2014 оны 146 дугаар захирамжийн Х ТХХК-д гэсэн хэсгийг ойлгохгүй байна. Манайд 146 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар байхгүй болно. Иймд Төв аймгийн С сумын Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн А/113 дугаар захирамжаар 2012 оны 581, 2014 оны 507 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахыг хүссэн байгаа. Хариуцагч А/113 дугаар захирамжийг гаргахдаа К ХХК болон Х ТХХК-д мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд зааснаар хэрвээ сөрөг захиргааны акт гаргах гэж байгаа бол тухайн компанид мэдэгдэх ёстой. Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар танай газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа учраас хүчингүй болгох гэж байна гэж хэлээд манай компанийн захирлыг дуудаад тайлбар авч, баримтууд авч газрыг солих, нөхөн олговор олгох, цуцлах эсэх талаар ярилцаж боломж олгох, эсхүл хариу тайлбар гаргах боломжуудаар хангах ёстой байсан. Гэтэл энэ үүргээ Засаг дарга биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д дараах хэлбэрээр явуулсан гэсэн. Эдгээр хэлбэрүүдээр сонсох ажиллагаа явуулж манай компанийн эрхийг хангаагүй. Манай компани 2014 оноос газрынхаа төлбөрийг төлөөд явж байсан. Гэтэл 2016 онд газрынхаа гэрээний төлбөрийг төлье, гэрээгээ дүгнүүлье гээд очихоор олон улсын нисэх онгоцны буудал барих гэж байгаа учраас энэ талаар төлөвлөгөө гарч байгаа. Гэрээг дүгнэх болоогүй, сунгаж хэрэггүй гэж Засгийн газраас ярьж байгаа гээд олон удаа очиход гэрээг дүгнээгүй. Энэ бол нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа биш гэж бодож байна. Хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбараас харахад Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэж хүчингүй болгосон юм шиг харагдаж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газрын 2 жилийн хугацаанд ашиглаагүй бол хүчингүй болгоно гэсэн байгаа. Яагаад ашиглах боломжгүй байсан бэ гэхээр ямарч дэд бүтэцгүй, эзгүй газар, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар, орон сууцны зориулалтаар терминалын зориулалтаар газар олгосон байгаа. Тухайн газар ямар ч ОУ-ын Нисэх онгоцны буудлын хэтийн хөгжлийн төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүй байхад нэг компани очоод дураараа ямар ч ажил хийх боломжгүй. Энэ бол бодит нөхцөл байдалд үнэхээр боломжгүй гэдэг нь харагдаж байгаа. Цаг хугацааны хувьд Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, ерөнхий төлөвлөгөөтэй холбоотойгоор манай компани хүлээгдэж байсан. Хөрөнгө оруулалтаа гаднаас татсан байсан. Хэрвээ энэ орон сууцны зориулалтаар барьчих юм бол Засгийн газар нураах болвол манай компанийн барилга юу ч үгүй болно. Улс орон, Засгийн газартай холбоотойгоор энэ асуудал хүлээгдэж байсан. Хариуцагч ийм зориулалтаар олгочихоод энийгээ 2 жил ашиглаагүй гээд хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Хөшигтийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал одоо ч ашиглалтанд ороогүй, тухайн газрыг терминалаар юм уу, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар юм уу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байгаа учраас энэ бол нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш юм гэдэг нь харагдаж байгаа. Орон нутгийн цэвэр хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир нь хариуцагч анхнаасаа үйлдвэрлэл, үйлчилгээ терминалын зориулалтай газар олгочихоод, одоо ОУ-ын Нисэх онгоцны буудлын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахгүйгээр, тухайн нөхцөл байдлыг судалж авч үзэхгүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж шууд хүчингүй болгосон, бид нэг хашаа, байшин ч юмуу барисан бол яах байсан бэ, тэрийгээ бариагүй гэж үзээд А/113 дугаартай захирамжаар хүчингүй болгож байгаа нь хууль бус. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д илт тод байх, нээлттэй байх, бодит байдалд тохирсон үндэслэлтэй байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахаар байвал тэдгээр урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Газрынхаа төлбөрийг төлөөд явж бай, одоохондоо газрын гэрчилгээг сунгах боломжгүй байна. Гэрээг дүгнэх боломжгүй байна гээд газрын даамал нь хүлээж авдаггүй, тэгээд Засаг дарга нь хүчингүй болгосон. Сонсох ажиллагаа огт хийгдээгүй. Захиргааны хуулиа хэрэгжүүлээгүй. Анхнаасаа хууль бусаар, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газрыг олгосон гэж тайлбарлаж байна. Захирамж дээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 507 дугаартай захирамжид төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн Х ТХХК-д үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэв гэсэн байна. Төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн байхад яагаад хууль бусаар, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр авсан гэж үзээд байгаа юм. Захирамжаас харахад төсөл, сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж ойлгож байгаа. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж байна. Төлбөрөө хугацаандаа төлөөд явж байсан, баримтыг хэрэгт өгсөн. 112 аж, ахуйн нэгжид сонсох ажиллагаа хийх боломжгүй гэж байна. Үүнийг хийж болно. Захиргааны ерөнхий хууль 2017 оны 07 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр байгаа. 2016 оноос хойш үргэлжилсэн асуудал байхад Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэрээр мэдэгдээд, сонсох ажиллагаа явуулах боломжтой байсан. Үүнийгээ нотлох ёстой. Сонсох ажиллагаа хийгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа гэв. Олон улсын нисэх онгоцны буудлын асуудал энэ газрыг ашиглахад маш их нөлөөлсөн. Яамнаас нь асуухаар Олон улсын нисэх онгоцны буудлын газрын асуудал баттай шийдэгдээгүй байна гэдэг. Яамных нь нарийн бичгийн даргатай очоод уулзахаар төлөвлөлт нь батлагдаагүй байна. Болоогүй та нар газрын даамалтайгаа очоод уулз гэдэг байсан. Газрын даамалтай очиж уулзахаар төлбөрөө төлөөд явж бай гэдэг. Тийм учраас манайх газраа ашиглаж чадаагүй гэв. А/113 дугаар захирамж гарахаас өмнө Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрыг Газрын тухайн хуульд заасан журмын дагуу нөхөн олговор олгоно гэсэн. Засгийн газрын тогтоолын дараа 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр А/113 дугаар захирамж гарсан байна. А/113 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан журмыг зөрчсөн байгаа. Иймд Төв аймгийн С сумын З Д2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжийн Х ТХХК, К ХХК-ий 581, 507 дугаар захирамжтай холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, мөн тухайн газрын байршлийг сольж тус тус 10 га газрын хэмжээгээр өөр газар олгохыг даалгуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К ХХК, Х ТХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй болно.

Тус сумын нутагт Хөшигт хөндийд сумын З Д2012 оны А/581 дугаар захирамжаар К ХХК-д 10 га газрыг аялыл жуулчлалын зориулалтаар, 2014 оны А/507 дугаар захирамжаар Х ТХХК-д 10 га эзэмшүүлсэн. Энэ нь олон улсын нисэх онгоцны буудлын 12084,9 га газрыг Газрын тухай хуулийн 16.1.13 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154-р тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авагдсан газартай давхацсан. Мөн үндэслэх хэсэг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэсэн байх нь төрийн байгууллагад зайлшгүй хэрэгцээгээр олгох заалт, газар эзэмшүүлэх хүсэлтээ өгөөгүй, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлагдаагүй, мөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг үндэслэн захирамжийг хүчингүй болгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөшигтийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар Монгол Засгийн газрын тогтоолоор 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор 1200 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан. Үүн дээр давхцалтай байгаа 112 аж ахуй нэгж байсан. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 01/736 тоот албан бичиг байгаа. Тус албан бичигт газрын хуульд заасан журмын дагуу авсан аж ахуйн нэгжид нөхөн олговор олгоно гэсэн. Үүний дараа хууль бусаар авсан буюу дуудлага худалдаагаар аваагүй газрыг хүчингүй болгох санал ирүүлсэн. Үүний дагуу Аймгийн З Дсанал ирсэн. Төсөл сонгон шалгаруулалтаар аваагүй буюу хууль бусаар авсан компанийн жагсаалтыг гаргаж хүчингүй болгуулах тоот ирсэн. Үүний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой К ХХК болон Х ТХХК-ууд нь ямар нэгэн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар газраа аваагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн, Газар эзэмших эрхийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Сонсох ажиллагаа зохион байгуулаагүй гэж байна. Үүн дээр бол давхцалтай нийт 112 аж ахуй, нэгж байсан учраас нэг бүрчлэн очиж уулзахад хүндрэлтэй байсан. Давхцалтай 112 аж, ахуйн нэгжүүдийг Зууны мэдээ сонинд нийтэлсэн. Үүгээрээ сонсох ажиллагаа хийсэн гэж ойлгож байна. С сумын З Д2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн үндэслэх хэсэг дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон доорхи аж, ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэсэн. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол гэсэн. Тэгэхээр танайх газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй байдал байсан. Газар дээрээ барилга, байшин барьж ашигласан байсан тохиолдолд нь нөхөн олговор олгосон байгаа. Тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй газрыг цуцалсан байгаа. Нэмж хэлэхэд манайхаас нэхэмжлэгч нарт байж бай, битгий ашигла гэж хэлээгүй байхаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч К ХХК, Х ТХХК нь Төв аймгийн С сумын З Д2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрээ сунгахыг даалгуулах гэж тус тус гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа заримыг Төв аймгийн С сумын З Д2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн К ХХК-ий 2012 оны 581 дүгээр захирамж, Х ТХХК-ий 2014 оны 507 дугаар захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, К ХХК, Х ТХХК-ий газрын байршлийг өөр газарт сольж олгохыг С сумын З Д даалгуулах гэж өөрчилж, 2015 оны А/391 дүгээр захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Мөн хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан шинээр гаргах бичгийн тайлбар, нотлох баримт байхгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн, дараахь хууль зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч К ХХК болон нэхэмжлэгч Х ТХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Төв аймгийн С сумын З Д2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн 581 дугаар захирамжийн К ХХК-д холбогдох, 507 дугаар захирамжийн Х ТХХК-д холбогдох гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргаас 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 581 дүгээр захирамжаар нэхэмжлэгч К ХХК- тус сумын нутаг, Хөшигтийн хөндий нэртэй газарт аялал, жуулчлалын зориулалтаар 10 га газрыг, 15 жилийн хугацаатай, нэхэмжлэгч Х ТХХК-д 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 507 дугаар захирамжаар тус сумын нутаг, Номон далай нэртэй газарт агуулах, орон сууцны зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн байна.

Улсын тусгай хэрэгцээнд авсан Төв аймгийн С сумын Хөшигтийн хөндийн газрын хилийн заагт Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дугаар тогтоолоор өөрчлөлт орсноор нэхэмжлэгч К ХХК-ийн 10 га газар, Х ТХХК-ийн 10 га газрууд улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн заагт хамаарсан байна.

Төв аймгийн С сумын З Д2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан К ХХК-д газар эзэмших эрх олгосон С сумын З Д2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 581 дүгээр захирамж, Х ТХХК-д газар эзэмших эрх олгосон С сумын З Д2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 507 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргыг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, гарсан захирамжийг мэдэгдээгүй, газрын төлбөрийг хуульд заасан журмын дагуу төлсөн, газрыг зориулалтаар нь ашиглах нөхцөл бүрдээгүй, олон улсын нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн төлөвлөлтөөс хамаарч газар дээрээ барих барилга, байгууламжийн зураг төслийг шинээр зохиох шаардлага тулгарсан зэрэг бодит нөхцөл байдлуудыг судалж үзээгүй гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 15 дугаар зүйлд заасан Оролцогчийн эрх, 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 27 дугаар зүйлийн 27.4-т Сонсох ажиллагааг.сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах болон бусад хэлбэр-ээр авахаар, 31 дүгээр зүйлийн 31.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй гэж, 32 дугаар зүйлийн 32.1-т Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх заалтын дагуу захиргааны байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах гэж байгаа бол сонсох ажиллагаа явуулах, тэдгээрээс тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох үүрэгтэй байхад үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн байна.

Хариуцагчаас Зууны мэдээ өдөр тутмын сонинд мэдээлэл гаргасан, үүгээр сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж, уг сониныг нотлох баримтаар шүүхэд гаргажээ.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан сонсох ажиллагааны хэлбэрт хамаарахгүй байгаагаас гадна Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт гарсан мэдээллээс харвал газар эзэмших эрхийг цуцлах тухай мэдээлэл агуулаагүй тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Захиргааны энэхүү хууль бус ажиллагаа нь нэхэмжлэгч нарын гаргасан Төв аймгийн С сумын З Д2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэл болно гэж дүгнэлээ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр С сумын З Д2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжид баримталсан хуулийн заалтуудаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэхэмжлэгч нарт хамаарна гэж тайлбарлаж байна. Эндээс үзвэл хариуцагч нь К ХХК, Х ТХХК-иуд нь газрыг зориулалтаар нь ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Ийнхүү Гзарын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгч нарыг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхдээ анхнаасаа олгосон зориулалт нь ОУ-ын Нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хот болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэц, архитектур төлөвлөлттэй хэрхэн уялдах зэрэг нийтийн эрх ашигт хэрхэн нийцсэн байх шаардлага, бодит нөхцөл байдлыг судлан үзэх, хүндэтгэн үзэх шалтгааныг шалган тогтоох зэрэг Газрын тухай болон бусад хууль тогтоомжид заасан газрын талаархи төрийн бодлогын хэрэгжилтийг хангах үүргээ хуульд нийцүүлэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан эзэмшиж буй газраа зориулалтаар нь ашиглах нөхцөл бүрдээгүй, газар нь терминал, үйлчилгээ орон сууцны зориулалттай байсан учир олон улсын нисэх буудлын орчны хөгжлийн төлөвлөлтөөс хамаарч газар дээрээ барих барилга, байгууламжийн зураг төсөл зохиогдох шаардлага тулгарсан гэдэг тайлбарыг хариуцагчаас няцаасан тайлбар гаргаагүй бөгөөд бодит байдал дээр ямар нэг барилга байгууламж нь өөрийн болон төлөвлөлттэй байх ялангуяа энэ тохиолдолд ОУ-ын Нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хот болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан архитектур төлөвлөлт хийх, барилгын зураг зохиох, барих нь зайлшгүй шаардлагатай гэж дүгнэж энэхүү тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч К ХХК нь 2016 оны газрын төлбөр 800000 төгрөгийг 2017 оны 02 сарын 16-ны өдөр, 2017 оны газрын төлбөрт 800000 төгрөгийг 2018 оны 03 сарын 21-ны өдөр, 2018 оны газрын төлбар 800000 төгрөгийг 2019 оны 03 сарын 07-ны өдөр, Х ТХХК нь 2016 оны газрын төлбөр 800000 төгрөгийг 2017 оны 02 сарын 16-ны өдөр, 2017 оны газрын төлбөрт 800000 төгрөгийг 2018 оны 02 сарын 28-ны өдөр, 2018 оны газрын төлбар 800000 төгрөгийг 2019 оны 03 сарын 07-ны өдөр тус тус төлсөн, 2016 онд газар эзэмших гэрээгээ шинэчлэн байгуулах хүсэлт зэргийг нотолж бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлсэн бөгөөд дээрхи баримтуудаар газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч К ХХК, Х ТХХК-иудын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтныг баримтлан хүчингүй болгосон байгаагаас үзвэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч нарыг газрыг зориулалтаар нь 2 жил ашиглаагүй гэж үзжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй байсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Төв аймгийн С сумын З Д2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 507 дугаар захирамжаас үзвэл нэхэмжлэгч Х ТХХК нь төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр газар эзэмших эрх авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Төв аймгийн С сумын З Д2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн 581 дугаар захирамжийн К ХХК-д холбогдох, 507 дугаар захирамжийн Х ТХХК-д холбогдох гэснийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Хоёр.К ХХК болон Х ТХХК-ий газрын байршлийг сольж өөр байршилд газар олгохыг С сумын З Д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг сэргээсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дугаар тогтоолын дагуу эзэмшил газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн бүсэд хамаарч, газрыг зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон байна.

Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэж заасан байна.

Энэхүү хуульд зааснаар хариуцагч шийдвэр гаргах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч нар Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмшил газраа нөхөн олговортойгоор эргүүлэн өгөх буюу газрыг өөр газраар солих эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ийм давхцалтай аж ахуйн нэгжүүд олон боловч 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул өөр байршилд газар эзэмшүүлсэн шийдвэр гаргах боломжгүй, гэхдээ шүүхийн шийдвэр гарвал биелүүлэх боломжтой гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд улмаар хуулийн хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн шийдвэрийн дагуу сумын Засаг даргаас өөр байршилд газрыг сольж эзэмшүүлэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

Энэхүү үндэслэлээр К ХХК болон  Х Т ХХК-д одоо эзэмшиж буй тус бүрийн 10 га газрын хэмжээтэй адил хэмжээний газрыг өөр байршилд сольж эзэмшүүлэхийг Төв аймгийн С сумын З Д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К ХХК, Х Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн С сумын З Д2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн 581 дугаар захирамжийн К ХХК-д холбогдох, 507 дугаар захирамжийн Х Т ХХК-д холбогдох гэснийг тус тус хүчингүй болгож, К ХХК болон Х Т ХХК-ий газрын байршлийг сольж өөр газарт тус тус 10 га газар эзэмшүүлэхийг С сумын З Д даалгасугай.

2. Нэхэмжлэгчээс Х ТХХК-ий 2015 оны А/391 дүгээр захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА