Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагчийн төлөөлөгч М.Э

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага:

“Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 161 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Да, Т.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц

Хэргийн индекс: 128/2025/0710/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 161 дүгээр шийдвэрээр ны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9, дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3.  Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрт 3152А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн талаар тусгаагүй, 3.7-д Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга нь 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрийг гаргахдаа “А” ХХК нь “Э” ХХК-д хуульд заасан оролцоог хангахгүйгээр хилийн солбицлыг буцаан анхны байдалд оруулж, шилжүүлсэн нь илэрхий хууль зөрчсөн ажиллагаа байжээ. 3.8-д Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга нь 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрээ гаргачихаад “А” ХХК болон “Э” ХХК мэдэгдсэн нотлох баримт байхгүй, нэхэмжлэгчээс “мэдээгүй одоог хүрсэн” гэж тайлбарласан тул уг актыг мэдэгдээгүй хууль зөрчсөн гэж дүгнэв” гэжээ.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судлаагүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт “А” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмалын лиценз шилжүүлэх №11 дугаартай гэрээ байгуулахдаа Хэнтий аймгийн дадал сумын нутагт орших Улиастайн голын шороон ордны солбицлыг:

1. 110° 55 20" 49°07'59"

2. 110° 55 50" 49°07'59"

3. 110° 55’50" 49°07'09"

4. 110° 55'20" 49°07’09” гэж тодорхойлсны дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1231 дүгээр шийдвэрээр Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Улиастайн гол нэртэй газарт байрших 93 гектар уурхайн эдэлбэр газарт ашигт малтмал ашиглах 3152А дугаартай лицензийг “Э” ХХК-д шилжүүлсэн.

Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7-6205 дугаар мэдэгдлийг “Э” ХХК-ийн орчуулагч н.Б болон захирал нар мөн өдрөөр хүлээн авснаас харахад “А” ХХК болон “Э” ХХК-иуд дээрх солбицлоор тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах талаар мэдэж байсан нь харагдаж байна.

Мөн Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1231 дүгээр шийдвэрээр “Э” ХХК-д ашигт малтмал ашиглах 3152А дугаартай тусгай зөвшөөрөл шилжсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрт 3152А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн талаар тусгаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “А” ХХК “Т” ХХК-ийн явуулсан “Улиастайн голын алтны шороон ордод 1997 онд хайгуулын ажлын үр дүнгийн тайлан”, Эрдэс баялгийн зөвлөлийн 1998 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 81 дүгээр тэмдэглэлээр хүлээн авсан Улиастайн алтны шороон ордын төвийн хэсгийн алтны С1 зэргийн химийн цэврээр тооцоолсон 173,9 килограмм, С2 зэргийн 75,8 килограмм алтны нөөц бүхий талбайг хамаарах тусгай зөвшөөрлийг барьцаалж зээл олгосон, зээл төлөөгүй этгээдийн зээлийн төлбөрт уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, банк нь нэхэмжлэгч “Э” ХХК-д шилжүүлсэн зэрэг нь ашгийн төлөө зорилготой байсан гэдэг нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийг “Т” ХХК-ийн хайгуул хийж нөөцийг тогтоосон талбайд ашигт малтмал ашиглах хууль ёсны ашиг сонирхол үүссэн, түүнийгээ сэргээлгэх эрх байгаа гэж үзсэн. 3.11-т “Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчид Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрийг гаргах үед “хууль ёсны ашиг сонирхол” үүссэн байгаа тул уг ашиг сонирхлыг сэргээн, энэхүү 1194 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 62 дугаар зүйлд заасан журмыг бүхэлд зөрчсөн болох нотлогдсон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ” гэжээ.

3.2. Анх шатны шүүхээс хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой үнэлж тогтоогоогүй гэж үзэж байна.

Мөн хавтаст хэрэгт цугларсан баримтаар Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Улиастайн гол нэртэй газарт байрших

1.           110° 55 20" 49°07'59”

2.           110° 55 50" 49°07'59"

3.           110° 55'50" 49°07'09"

4.           110°55'20" 49°07'09” солбицолтой 93 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 3152А дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаар шийдвэрээр “Д” ХХК-нд олгож, мөн даргын 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 тоот шийдвэрээр “Т” ХХК-д, мөн даргын 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 545 дугаар шийдвэрээр “К” ХХК-нд тус тус шилжүүлсэн.

“К” ХХК нь ашигт малтмалын З152А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр барьцаалсан бөгөөд компаниудын хооронд 2003 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03/31 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, барьцааны гэрээний хавсралтаар Ашигт малтмалын ашиглалтын 3152А дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон солбицол бүхий талбайн хэмжээгээр барьцаалсан.

Мөн хавтас хэрэгт авагдсан “К” ХХК-ийн тусгай зөвшөөрөл барьцаалахыг хүсэж өргөдөл гаргахдаа 2003 оны уулын ажлыг явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх замаар зээл авсан байдаг. Уулын ажил хийхэд уулын ажлын төлөвлөгөө боловсруулдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор” гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагад ирүүлдэг бөгөөд төлөвлөгөөнд хаана, ямар солбицолд ямар ажил хийх талаар тусгадаг.

Гэтэл “К” ХХК нь хаана, ямар солбицол бүхий талбайд ажил хийх талаар төлөвлөгөөндөө тусгаж төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн, нөгөө талаар тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд солбицол оруулж шав тэмдгийн акт үйлддэг байхад дээрх нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн бодитой тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

“Т” ХХК нь “Д” ХХК-с тусгай зөвшөөрлийг анх олгосон солбицлоор шилжүүлэн авсан бөгөөд энэ талаар ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй болно. Иймд анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянав.

2.   Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна. 

2.2. Анхан шатны шүүх “... Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга нь 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрийг гаргахдаа 3152А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч байсан “А” ХХК нь “Э” ХХК-д уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтээ гаргачихсан, мөн “Э” ХХК шилжүүлэн авах хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлсэн хүсэлтээ гаргачихсан байхад, эдгээр компанийн хуульд заасан оролцоог хангахгүйгээр хилийн солбицлыг буцаан анхны байдалд оруулж, шилжүүлсэн нь дээрх Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 62 дугаар зүйлд заасан журмыг бүхэлд нь зөрчсөн, хилийн солбицолд өөрчлөлт оруулснаа огт мэдэгдээгүй, мөн түүнчлэн түрүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан үндэслэлийг хянах ажиллагаа явуулаагүй зэрэг нь илэрхий хууль зөрчсөн ажиллагаа байжээ” гэж дүгнэж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Д”  ХХК нь 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанд өргөдөл гаргаж улмаар Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Дадал сумын Улиастай гол нэртэй газарт 110° 55” 20”                       49° 07” 59”

                                       110° 55” 50”                       49° 07” 59”

                                       110° 55” 50”                       49° 07” 09”

                                        110° 55” 20”                        49° 07” 09” солбицол бүхий 93 га талбай бүхий газарт 3152А тоот тусгай зөвшөөрөл олгосон.

3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 тоот шийдвэрээр “Т” ХХК-д 93 га талбай бүхий 3152А тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. Үүний дараа “2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 545 дугаар шийдвэрээр 3152А тусгай зөвшөөрлийг “К” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн. 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “К” ХХК нь уг тусгай зөвшөөрлийг барьцаалж “А” ХХК-иас 120 сая төгрөгийг 9 сарын хугацаатай зээлэхээр гэрээ байгуулсан бөгөөд “А” ХХК-ийн хүсэлтээр Геологи, уул уурхайн кадастрын газрын итгэмжлэгдсэн геодезийн мэргэжилтэн нар 2005 оны 05 сарын 15-ны өдөр 3152А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн байрлалыг газар дээр нь шалгаж

110° 54” 36”                      49° 08” 21”

110° 55” 06”                      49° 08” 21”

110° 55” 06”                         49° 07” 32”

110° 54” 36”                          49° 07” 32” тэмдгийг тогтоосон бөгөөд Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1637 дугаар шийдвэрээр 3152А тоот лицензийн талбай нь одоо ашиглаж байгаа Улиастайн голын алтны шороон ордынхоо гадна байгаа нь тогтоогдсон гэж дүгнэн дээрх байдлаар солбицолд өөрчлөлт оруулсан байна. 

3.2. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын 5.2-т заасан болон Сангийн яамны дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийг үндэслэн “Э” ХХК нөхөн олговор авах хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргаагүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд уг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1045 дугаар шийдвэрээр “....нөхөн олговрыг бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлах эрхтэй, нөхөн олговор олгоогүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлах зохицуулалтыг хуульд тусгаагүй” гэж дүгнэн “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

3.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж “Э” ХХК-ийн эзэмшиж байсан 3152А тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, 87 дугаар шийдвэрээр 3152А тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр 3152А тоот лицензийг MV-020771 тоот гэж өөрчлөн гэрчилгээ хавсралтуудыг нөхөн олгосон. Ийнхүү тусгай зөвшөөрлийг нөхөн олгохдоо солбицлыг доорх байдлаар тусгажээ.

110° 55” 51.76”         49° 07” 10.89”

110° 55” 21.76”         49° 07” 10.89”

110° 55” 21.76”         49° 08”  0.89”

110° 55” 51.77”         49° 08”  0.89”

3.4. Үүний дараа нэхэмжлэгч “Э” ХХК-иас ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг

  110° 54” 36”              49° 08 21”

  110° 55” 06”              49° 08 21”

  110° 55” 06”              49° 07 32”

  110° 54” 36”        49° 07 32” болгон өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/5726 дугаар албан бичгээр “... тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг хүргүүлсэн, улмаар нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг

                         110° 54” 36”                   49° 08” 21”

                         110° 55” 06”                  49° 08” 21”

                         110° 55” 06”                  49° 07” 32”

                         110° 54” 36”        49° 07” 32” болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 906 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эдгээр шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр нь хуульд нийцсэн ... 2006 оны 12 дугаар сарын 06-ны байдлаар анх олгогдсон солбицлын цэгүүдээр бүртгэгдсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл “Э” ХХК-д шилжсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

5. Маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрээр “К” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 3152А тоот /шинэчилсэн дугаар MV-020771/ тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1637 тоот шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд шүүхээс өмнө нь MV-020771 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр, үйл баримтыг дүгнэсэн байхад нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулах агуулгаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

5.1. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 906 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаар магадлалаар “...Маргаан бүхий тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хууль/шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөл байх ба Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэж заасны дагуу шинэчлэн бүртгэгдэх шаардлагатай байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах үед дээр дурдсан тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх хуулийн хугацаа дуусаагүй байсны зэрэгцээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн солбицолд өөрчлөлт оруулсан 1167 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон дээрх 9.2-т дурдсан шийдвэр мөн гарсан байжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй тусгай зөвшөөрлийн талбайн солбицол нь хэмжилт хийсэн тодорхойлолтын дагуу өөрчлөгдсөн байсан, бидэнд мэдэгдэхгүйгээр талбайн солбицлыг анхны олгогдсон солбицлоор өөрчилсөн гэх үйл баримт нь маргаан бүхий тусгай зөвшөөрөл нэхэмжлэгч хуулийн этгээдэд шилжихээс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул шүүх уг үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/5232 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 110° 54 36 49° 08 21, 110° 55 06 49° 08 21, 110° 55 06 49° 07 32, 110° 54 36 49° 07 32 солбицол бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол мөрний урсац бүрэлдэх эх, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцаж байгаа нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн өөрчлүүлэхийг хүсэж буй солбицол нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс дүгнэж шийдвэрлэвэл зохих хууль зүйн асуудал, тогтоогдвол зохих үйл баримт нь энэ тохиолдолд адил агуулгатай байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай нийцээгүй байна.

6. Мөн хариуцагч нь “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 6564Х тусгай зөвшөөрлийн асуудлыг хянан үзээд “К” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 3152А тоот тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан 1637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 3152А тусгай зөвшөөрлийн солбицлыг анх олгосон солбицлоор бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;”, 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх;”, 11.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх;” 62 дугаар зүйлийн 62.3-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд тусгагдсан маргаантай талбайнууд хоорондоо ямар нэг байдлаар давхцаж байгаа эсэхийг шалгах бөгөөд давхцал байгаа нь тогтоогдвол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхны өргөдөл болон талбайн хилийн хэмжилтийн тайланг үндэслэн талбайн хил, булангийн цэгийн солбицлууд зөв бүртгэгдсэн эсэхийг шалгана”, 62.6-д “Төрийн захиргааны байгууллага нь маргаантай хил, цэгийн солбицлуудыг шалгаж, холбогдох засвар, өөрчлөлтийг хийсэн шийдвэр гаргаж, энэ тухай маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн гаргасан шийдвэр байх тул илт хууль бус гэж үзэхгүй.

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.14, 11.1.21, 62 дугаар зүйлийн 62.3, 62.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

                        ШҮҮГЧ                                                              Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                               О.ОЮУНГЭРЭЛ