Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1298

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00547 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.П,

Хариуцагч Ч.М, “А” ХХК, Л.Ө нарт холбогдох,

6 006 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

Хариуцагч Л.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М гэгч эмэгтэй намайг Л.Ө, н.Энх-Амгалан нартай газрын лиценз худалдан авах талаар зуучилж уулзуулсан. Тухайн үед Ч.М, Л.Ө хоёр бид найдвартай хүмүүс, гадагшаа явах гэж байгаа тул газраа зарж байгаа, та Ашигт малтмалын Ерөнхий газарт лицензийн мөнгийг төлөөд өгчих, удахгүй газраа зараад буцаагаад өгнө гэсний дагуу би өөрийн нөхөр С.Батчимэгийн юанийн данснаас юань авч төгрөг болгон солиулж Ч.Мын хамт Ашигт малтмалын Ерөнхий газарт очиж 6 006 950 төгрөгийг Ч.Мд өгч төлүүлсэн бөгөөд уг мөнгийг нэг сарын хугацаанд буцааж авах нөхцөлтэй зээлүүлсэн юм.

Улмаар хэсэг хугацааны дараа мөнгөө нэхтэл Л.Өийн эхнэр н.Энх-Амгалан нь мөнгийг чинь удаахгүй, бид газраа хятадуудад зарахаар болсон гэж хэлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл миний мөнгийг буцааж өгөөгүй.

 Иймд Л.Ө болон “А” ХХК, Ч.М нараас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр авсан 6 006 950 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу би ямар ч бичиг баримт бүрдүүлж, үйл ажиллагаа явуулаагүй ба нэхэмжлэгч талын тус шүүхэд гаргасан тайлбар бүгд худлаа. Би таньдаг найз нөхдийн журмаар Ж.П, түүний нөхөр С.Батчимэг, Л.Ө нарыг хооронд нь танилцуулсан. Ж.П, түүний нөхөр С.Батчимэг нарын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөртэй холбоотой мөнгөний асуудал надад хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Ө нь “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тухайн компани нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Туулын тохой-1 нэртэй газар орших 1992 гектар талбай, Өлзий нуга-1 нэртэй газар орших 314 гектар газарт тус тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн №-11083Х, №-11084Х дугаар бүхий лицензийг эзэмшдэг байсан юм. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий лицензүүд нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон.

Нэхэмжлэгч Ж.П нь "А ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий дээрх хоёр газарт 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны буюу нэг жилийн ашиглалтын төлбөрийг төлж тухайн газарт хамтран ажиллахаар амаар хэлцэл хийсэн. Талуудын хооронд хийсэн аман хэлцлийн дагуу нэхэмжлэгч Ж.П нь тусгай зөвшөөрлийн лицензийг авч тухайн жилийн төлбөрийг өөрөө Ашигт малтмалын ерөнхий газарт төлсөн. Уг төлбөрийг Ч.Мд өгсөн болон төлсөн талаар мэдэхгүй бөгөөд тухайн төлбөр төлсөн баримтыг үндэслэн дээрх лицензийг эх хувиар нь авах зөвшөөрлийн бичгийг олгодог. Тухайн зөвшөөрлийн бичгийн дагуу лицензүүдыг Ж.П нь эх хувиар нь хүлээн авч ашиглаж байсан ба лицензүүдийг хугацаа дууссаны дараа буюу 2015 оны 01 дүгээр сард буцааж өгсөн.

Нэхэмжлэгч Ж.П нь бүрэн хайгуул, шинжилгээ, судалгааны болон өрөмдлөгийн ажил хийгдсэн, алт олборлох бүрэн боломжтой газрыг лицензийн хамт биднээс хүлээж авсан байдаг бөгөөд тухайн жилийн төлбөрийг сайн дурын үндсэн дээр өөрөө төлсөн. Мөн №-11083Х, №-11084Х дугаар бүхий лицензүүд нь Л.Өийн хувийн өмч биш богөөд “А” ХХК нь эзэмшдэг тул лицензийн төлбөрт тушаасан гэх 6 006 950 төгрөгийг Л.Ө хариуцан төлөх үндэслэлгүй байна.

Иймд Ж.Пгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Пгээс шалтгаалан манай компанийн №11А083Х, №11084Х дугаар бүхий лицензүүд нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон. Ж.П нь манай компанийн дээрх 2 хайгуулын тусгай зөвшөөрлийн нэг жилийн ашиглалтын төлбөр 6 сая гаруй төгрөгийг төлж тухайн газарт хамтран ажиллахаар тохиролцсон.

Ж.П нь манай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр очиж хэсэг үйл ажиллагаа явуулж байсныг бид сүүлд мэдсэн. Манай компанийн 9 жилийн хугацаанд тасралтгүй төлбөр, тооцоог нь хийж мэргэжлийн боловсон хүчний зардал гаргаж, судалгаа шинжилгээ, өрөмдлөгийн ажил хийж байсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосны дараа буцааж өгсөнд гомдолтой байдаг. Нэхэмжлэгч нь төлбөрөө Ч.Мд өгсөн, Ч.М нь тушаасан гэж тайлбарладаг. Мөн уг мөнгийг нөхөр С.Батчимэгийн данснаас гарсан гэх боловч энэ нь 1 сарын өмнө гарсан мөнгө байх бөгөөд тэд эхнэр, нөхөр, дундын данс гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг мөнгийг 1 сарын хугацаатай зээлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мөнгийг 1 сарын хугацаанд зээлүүлсэн бол 2014 оны 02 дугаар сарын 10-наас хойш шаардах эрх үүсэх юм. Шаардах эрх үүссэнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгч Ж.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар “А” ХХК-аас 6 006 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Л.Ө, Ч.М нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 111 061 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, шаардах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой байтал Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ба нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тоолбол 3 жил 2 сар өнгөрсөн байна. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг үндэслэн татгалзах эрхтэй талаар тайлбар гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч тал төлбөрийг Ч.М төлсөн гэж маргадаг нь төлбөрийг өөрөө төлсөн эсэхэд эргэлзээ үүсч байгаагаас гадна тухайн мөнгө нь өөрийнх нь мөнгө байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Ж.Пгийн шаардаж буй 6 006 950 төгрөгийг төлснөөр “А” ХХК-д аливаа байдлаар ашигтай, эсхүл өр төлбөрөө төлүүлсэн, ашиг хонжоо олсон асуудал байхгүй ба Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлдөг боловч өөрөө ашиглаж дууссаны дараа лицензийн хугацаа дууссаны дараа манайд буцааж өгсөн. Манай компанийн 9 жилийн хугацаанд тасралтгүй төлбөр, тооцоог нь хийж мэргэжлийн боловсон хүчний зардал гаргаж, судалгаа шинжилгээ, өрөмдлөгийн ажил хийж байсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосны дараа буцааж өгсөнд гомдолтой байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэг нь зохигч талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тохиолдолд хэрэглэгдэх тул шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ж.П нь Л.Ө, Ч.М болон “А” ХХК-д холбогдуулан 6 006 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөр хугацаандаа төлөх боломжгүй байна, удахгүй газрыг зарж мөнгийг буцааж өгнө гэсний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн гэж, “А” ХХК-ийн 11084Х ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 819 679,92 төгрөг, 11083Х тусгай зөвшөөрлийн төлбөрт 5 187 254,07 төгрөг, нийт 6 006 950 төгрөгийг Ашигт малтмалын газрын Төрийн сан дахь 900000712 тоот дансанд тушаасан баримтыг шүүхэд гаргажээ. /хх-3, 4/

Лицензийн төлбөрийг нэхэмжлэгч тал төлснийг хариуцагч үгүйсгээгүй, харин хамтран ажиллахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр уг мөнгийг Ж.П гаргасан, эргүүлэн төлөх үндэслэлгүй гэж татгалзсан байна. 

Зохигчдын хэн аль нь нэхэмжлэлийн болон татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул талуудын хооронд зээлийн эсхүл хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй, шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв бөгөөд талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцагчийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

“Аллянс голд” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 11084Х, 11083Х тусгай зөвшөөрлийн талбайд Ж.П зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан атлаа жилийн ээлжит төлбөрийг хугацаанд нь төлөлгүй цуцлагдах нөхцөл бүрдүүлсний улмаас компани 9 жилийн туршид төлбөр төлж эзэмшсэн лицензээ алдаж хохирсон гэх боловч лицензийн төлбөр төлөх нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнх нь үүрэг тул лицензийг хууль ёсоор эзэмшиж, шилжүүлэн аваагүй Ж.Пг буруутгах, мөн үүрэг ногдуулах үндэслэлгүй.

Дээрхээс дүгнэвэл 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр лицензийн төлбөрийг Ж.П төлснөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК хуулиар хүлээсэн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан байдлаар гаргасан зардал 6 006 950 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн шаардсан мөнгө нь компанийн лицензийн төлбөрт төлөгдсөн нь дээрх байдлаар тогтоогдсон тул хариуцагч Ч.М, Л.Ө нараас уг мөнгийг шаардах үндэслэлгүй бөгөөд шүүх тэдэнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ