Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2020/00432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: С.Г-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г миний бие 1960 онд төрсөн, эрэгтэй энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 25 жил ажилласан. Үүнээс 1979 оны 07сарын 01.өдрөөс 1994.12.31 -ний хооронд Дундговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний газарт ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэрт он сар, нэр зөрүүтэй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн тул Дундговь аймгийн архивын тасгаас гаргаж өгсөн орсон гарсан тушаал болон хөдөлмөрийн дэвтэр, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн 1979 оны 07 сарын 01 өдрөөс 1980 оны 06 сарын 15 өдрийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний хэлтэст төмөрчнөөр, 1980 оны 06 сарын 15 өдрөөс 1983 оны 06 сарын 18 өдөр хүртэл цэргийн алба хаасан, мөн 1983 оны 06 сарын 18 өдрөөс 1991 оны 01 сарын 01 өдөр хүртэл Дундговь аймгийн Ахуйн үйлчилгээний хэлтэст гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар, 1991 оны 01 сарын 01 өдрөөс 1991 оны 08 сарын 29 өдөр хүртэл Ахуй үйлчилгээний хэлтсээс хүүхдийн хувцасны үйлдвэрт засвачнаар, 1991 оны 11 сарын 18-ны өдрөөс 1992 оны 4 сарын 1 өдрийг хүртэл Даатгалын салбарт гэр ахуйн цахилгаан хэрэгслэлийн засварчнаар, 1992 оны 4 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдрийг хүртэл Даатгал банкинд жижүүрээр тус тус ажиллаж байсныг жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...1977 оны 6 дугаар сарын 15-аас 1995 оны 1 дүгээр сарын 01 хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад засварчин, Даатгалын салбарт засварчин байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь Содномын Гүндсамбуу гэж буруу бичигдсэн байна. Мөн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр болон бусад бичиг баримтад С.Г гэж бичсэн байгаа. Тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрүүтэй байгаа тул иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн Содномын Гүндсамбуу гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч С.Г болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Г нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч С.Г-ын хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний нэрийг “Гүндсамба” гэж дурьдсан байна.

Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаас 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээрх “Гүндсамбуу” гэсэн нэр нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэртэй тохирохгүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч С.Г мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Мандах" нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “С.Г” мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

С.Гд Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаас 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр овог нэр, тушаалын зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.04.21-ний өдрийн 268 тоот “Сайнцагаан сумын 7-р багийн иргэн С.Г-ын 1980 оны хөдөлмөрийн овог нэр тушаалын зөрчилтэй тул 1979.07.01-1994.12.31- ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардпагатай байна” гэх албан бичиг /хх-3 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.04.21-ний өдрийн 288 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1977 оны 07 сарын 28-аас 1991 оны 01 сарын 01-ийг хүртэл засварчнаар, Хүүхдийн хувцасны үйлдвэр, Соёмбо үйлдвэр, Даатгалын салбарт 1991 оны 01 сараас 1995 оны 01 сарын 01-ийг хүртэл гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар тус тус ажиллаж байсан тухай зарим баримт байхгүй байгаа буюу ирээгүй учир С.Гтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. НААҮУГ-ын 1980, 1983, 1991 оны С.Гтай холбогдох тушаалыг эх баримтаас хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүллээ” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Татварын хэлтсийн 2020.04.21-ний өдрийн “Дундговь аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газар нь 1987-1991 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газар, Ахуй үйлчилгээний хэлтэс болж улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 01-р сарын 23 нд “Орхон” ББХХоршоо болж өөрчлөгдсөн болно” гэх албан бичиг /хх-4 дүгээр хуудас/,

- Мандалговь хотын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 187 тоот ажлаас чөлөөлөх тухай “1980 онд цэрэгт нас бие тэнцсэн төмрийн тасгийн ажилчин С.Г, ... нарыг 1980 оны 6 дугаар сарын 23-аар тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй...” гэх тушаал /хх-6 дугаар хуудас/,

- Мандалговь хотын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 166 тоот ажлаас чөлөөлөх, ажилд авах, өөр ажилд шилжүүлэх тухай “цэргээс халагдаж Содном овогтой Гүндсамбыг металл эдлэлийн засварчнаар 7 дугаар сарын 16-аас ажиллуулсугай...” гэх тушаал /хх-6 дугаар хуудас/

- Дундговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 1 дүгээр сарын 12-ны 03 тоот бие даасан үйлдвэрт ажилчид шилжүүлэх тухай “...зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хувьцаа олгох бэлтгэл болгон байгуулсан үйлдвэрийн ажилчныг 1991 оны 1 дүгээр сарын 01-ээс ажлаас чөлөөлж ... хавсралтаар тус тусыг үйлдвэрүүдэд шилжүүлсүгэй..” гэх тушаал /хх-7 дугаар хуудас/

- С.Г-ын “...1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татав, Батлан хамгаалан яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 517 тоот тушаалаар цэргийн алба хаасан учир бэлтгэлээр халж Дундговь аймаг руу явуулав...” гэх цэргийн батлах /хх-8-9 дүгээр хуудас/

-С.Гд Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаас 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон  “1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Ярословль хотын ТМСургуулийг төгсөж НААҮЯамны хуваариар Дундговь НААҮГазрын мэдэлд шижлүүлэв, 1979 оны 7 сараас ТСМ төгсөж яамны хуваариар шилжиж ирсэн учир Ахуй үйлчилгээний комбинатын ажилчнаар авч ажиллуулав, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар тушаалаар Цэргээс халагдаж ирсэн учир мэргэжлийн дагуу ГАЦХ засварчнаар авч ажиллуулав, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Дундговь АҮК-ын даргын 1991 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тушаалаар Дотоодод зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн тул ГААЦХ-ын засварчны ажлаас чөлөөлж хүүхдийн хувцасны I үйлдвэрт шилжүүлэв, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хүүхдийн хувцасны I үйлдвэрийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар АҮК-аас шилжиж ирсэн тул ГААЦХ-ийн засварчнаар авч ажиллуулав, 1991 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс Соёмбо үйлдвэрийн даргын 1991 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 20 тоот тушаалаар Ажлын шаардлагаар өөр ажилд шилжиж байгаа тул ГААЦХ-ийн засварчны ажлаас чөлөөлж даатгалын газар шилжүүлэв, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 45 тоот тушаалаар (салбарын захирлын) Даатгалын салбарт гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар авч ажиллуулав, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 13 тоот тушаалаар /банкны захирлын тушаал/, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Даатгал банкны салбарын 1994 оны 12 дугаар сарын 29-ний 37 тоот тушаалаар Монгол улсын нийгмийн даатгалын тухай хууль, ХАБХЯамны сайдын 1994 оны 188 дугаар тушаалыг үндэслэж хөдөлмөрийн дэвтрийг хааж нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлэв...” гэх бичилт бүхий тамга тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр /хх-10-13 дугаар хуудас/

- Гэрч Ц.М-ийн “...Би 1965 оноос 1995 он хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад гуталчин, гутлын тасгийн мастер, үйлчилгээний салбарын эрхлэгчээр тасралтгүй ажилласан. С.Г 1979 оноос Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад гэр ахуйн барааны засварчнаар ажиллаж эхэлсэн. С.Г 1990 хэдэн он хүртэл ажилласан санагдаж байна. Яг хэдэн он хүртэл ажиллаж байсан талаар нь санахгүй байна. Намсрай, Үржин даргын хүү нар ТМС төгсөөд Гүндсамбатай хамт ирж байсан. С.Г сүүлд жижүүр хийж байсан санагдаж байна. С.Г нь цэргийн алба хаасан эсэх талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-22 дугаар хуудас/, гэрч П.Н-н “...Би 1977 оноос 1980 он хүртэл цэргийн алба хааж ирээд 1980-1983 он хүртэл Материал, техникийн хангамжийн удирдлагын газарт засварчнаар, 1986 оноос 1990 оныг дуустал Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний хэлтэст засварчнаар, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 он хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын холбоонд холбооны техникчээр, мөн 1995-2000 он хүртэл Монгол даатгал компанид засварчнаар ажиллаж байсан. С.Г нь 1983 оны 6 сараас 1991 он хүртэл Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний хэлтэст засварчнаар ажилласан. Мөн Даатгал банканд жижүүрээр ажилладаг байсан талаар нь би сайн мэднэ....” гэх мэдүүлэг /хх-23 дугаар хуудас/,

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 4724 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь Нийтийн аж ахуй үйлчилгээний хэлтсийн төмрийн тасгийн төмөрчнөөр, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний хэлтэст метал эдлэлийн засварчнаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 сарын 29-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний хэлтсийн Хүүхдийн хувцасны I үйлдвэрт засварчнаар, 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Даатгалын газарт гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Даатгал банканд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Г-ыг 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь Нийтийн аж ахуй үйлчилгээний хэлтсийн төмрийн тасгийн төмөрчнөөр, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний хэлтэст метал эдлэлийн засварчнаар, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 сарын 29-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний хэлтсийн Хүүхдийн хувцасны I үйлдвэрт засварчнаар, 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Даатгалын газарт гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Даатгал банканд жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаас 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Содномын Гүндсамбууд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь С.Г мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ