| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00352/И |
| Дугаар | 139/ШШ2020/00435 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 139/ШШ2020/00435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Ш.Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 54 нас хүрч байгаа. 1981 оноос 1984 он хүртэл Өндөршил сумын Энхтайван нэгдэлд хонь маллаж байсан. 1984 оноос 1987 он хүртэл Дорнод аймагт цэргийн алба хаасан. Цэргээс ирээд нэгдэл тартал Энхтайван нэгдэлд хонь, адуу маллаж байсан ба тэр үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолтыг үндэслэн 1981 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ш.Б нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн гэх ба Архивын тасгийн 2020.04.13-ны өдрийн 274 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Ш.Б-тэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр хуудас/, Татварын хэлтсийн 2020.04.14-ний өдрийн 08/445 тоот “Тус аймгийн Өндөршил сумын “Энхтайван” нэгдэл нь 1991 оны 4 дүгээр сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 дүгээр сарын 03-нд “Мөнгөн буйл” ББХК болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт /хх-3 дугаар хуудас/-оор нэхэмжлэгчийн 1981.01.12-1992.04.31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадын 1984 оны 9 сар, 1988 оны 1 сар, 1988 оны 10 сар, 1989 оны 1 сар, 1989 оны 6 сар, 1990 оны 1, 2, 10 сар, 1991 оны 5, 11 сар, 1992 оны 1, 5 саруудын цалингийн цэс /хх-5-9, 12-17 дугаар хуудас/,
- Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот малчдад ээлжийн амралт олгох тухай тогтоол /хх-10-11 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.Э-ын “...Би 1981 оны 5 сараас Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд зоо техникчээр ажиллаж эхэлсэн. Ш.Б нь намайг анх нэгдэлд очиход нэгдлийн хоньчин байж байгаад цэрэгт явж ирээд 1987 оноос адуу малласан. Ш.Б нь түүнээс хойш адуу малласан хүн. Ш.Б нь 1992 онд нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Ш.Б нь Энхтайван нэгдлийн хөдөлмөрийн гурван удаагийн аварга, сумын аварга малчин хүн. Ш.Б нь одоог хүртэл Цог бригадаас баруун тийш байдаг Зүүн бор толгой, Баруун бор толгой гэх газарт нутагладаг малчин хүн...” гэх мэдүүлэг /хх-23 дугаар хуудас/, гэрч С.Д-ийн “...Би 1964 оноос 1985 он хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд мал эмнэлгийн санитарчин, нэгдлийн тооцооны нягтлан, Цог бригадын дарга, тоо бүртгэгч, намын үүрийн орлогч дарга зэрэг ажил эрхэлж байсан. Тэгээд 1985 оноос Дундговь аймгийн Говь-Угтаал сумын худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад Луус суманд нэгдлийн орлогч дарга хийсэн. Ш.Б нь наймдугаар ангиа төгсөөд 1981 оноос 1984 оны 6 сар хүртэл мал маллаж байгаад цэрэгт явсан. 1987 оны 8 сард цэргээс халагдаж ирээд 1992 оны 4 сар хүртэл Энхтайван нэгдлийн Цог бригадад малчнаар ажилласан. Ш.Б нь Бор толгой гэх газар хонь малладаг байсан. Одоог хүртэл Бор толгойдоо нутагладаг. Би нутгаараа байнга очдог байсан учраас Ш.Бийг 1992 оны 4 сар хүртэл малчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-24 дүгээр хуудас/, гэрч Б.Ц-ийн “...Би 1974 оноос нэгдэл тартал Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад мал малласан хүн. Нэгдэл тарснаас хойш мөн малчин хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Ш.Б нь 1981 оноос 1984 он хүртэл мал маллаж байгаад 1984-1987 онд цэргийн алба хааж ирээд 1992 онд нэгдэл тартал малчнаар ажилласан хүн. Ш.Б нь хонь, адуу малладаг байсан. Ш.Б нь Өндөршил сумаас баруун хойш Эсгэлэнгийн баруун, зүүн бор толгойд нутагладаг байсан. Одоог хүртэл тэндээ мал малладаг...” гэх мэдүүлэг /хх-25 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Өндөршил сумын "Энхтайван" нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажилласан гэх боловч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд Дундговь аймгийн Өндөршил сумын “Энхтайван” нэгдэлд ажиллаж байсан гэх үйл явдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг ажилласан байдал нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Б-ийг 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ