| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00402/И |
| Дугаар | 139/ШШ2020/00436 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 139/ШШ2020/00436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа, нэхэмжлэгч Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Ц би 1967 онд төрсөн, эмэгтэй, 53 настай. Миний бие 1986 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 12-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Нэгдэл дундын үйлдвэр”-ийн сум дундын барилгад барилгачнаар, 1991 оны 8 сарын 1 -нээс 1992 оны 2 сарын 18 хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социолизмын зам нэгдлийн Төгрөг бригадад малчнаар, 1992 оны 2 сарын 18-наас 1992 оны 7 сарын 1 хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Оргил” ХК-д малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан талаар бичилт хийгдсэн боловч ажпаас чөлөөлсөн тушаал байхгүй тул хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг үндэслэн 1986 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 12-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Нэгдэл дундын үйлдвэр”-ийн сум дундын барилгад барилгачнаар, 1991 оны 8 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 18 хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социолизмын зам нэгдлийн Төгрөг бригадад малчнаар, 1992 оны 2 сарын 18-наас 1992 оны 7 сарын 1 хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Оргил” ХК-д малчнаар ажиллаж байсан жилийг тус тус сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Б.Цийн Дундговь аймаг дахь Барилгын ТМС-аас 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн бичигдсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 302 тоот “Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн иргэн Б.Ц 1991 оны чөлөөлсөн тушаал архивт байхгүй тул 1986-1992 онуудад ажилласан хугацааг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх тодорхойлт /хх-3 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.05.04-ний өдрийн 316 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 7 сараас 1991 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл барилгачнаар, Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1991 оны 8 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Б.Ц-тэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Татварын хэлтсийн 2020.05.05-ны өдрийн 08/514 тоот “Сайхан-Овоо сумын “Социализмын зам” нэгдэл нь 1959 оны 10 дугаар сарын 28-нд байгуулагдаж 1991 оны 4 дүгээр сарын 28-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1992 оны 2 дугаар сарын 18-нд “Оргил” ХК болж өөрчлөгдөн 1994 ооны 6 дугаар сарын 13-нд “Оргил” ББХКомпани болж бүртгэгдсэн байна. Тус компани нь 1996 оны 4 дүгээр сарын 22-нд “Галтчандмань” хоршоо болон өөрчлөгдөж 2006 оны 12 дугаар сарын 22-нд татан буугдсан байна” гэх, 2020.5.5-ны өдрийн 08/515 тоот “Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэр нь 1991 онд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн “Гэрэлт зам” ХК нь 1992 оны 4 дүгээр сарын 06-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оны 4 дүгээр сарын 18-нд “Бүрдийн домог” ХХК болж өөрчлөгдсөн болно” гэх албан бичиг /хх-5, 6 дугаар хуудас/
- Б.Ц-т Дундговь аймаг дахь барилгын ТМС-аас 1984 оны 9 дүгээр сарын 01-нд олгосон “1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Сургуулийн захирлын 1984.09.25-ны өдрийн 82 тоот тушаалаар Дундговь аймгийн Барилгын ТМС-ийн арматур бетоны ангид элсэн суралцуулав, 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс Захирлын 1986.6.22-ны өдрийн 38 тоот тушаалаар БТМСургууль төгссөн тул Дундговь аймгийн ХААУГ-д шилжүүлэв, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 19865.7.15-ны өдрийн 28 дугаар тушаалаар аймгийн ХААУГ-ын хуваариар ирсэн учир барилгачнаар авч ажиллуулав, 1991 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02-а тоот тушаалаар малчин болох хүсэлтийг дэмжиж барилгачны үүрэгт ажлаас чөлөөлөв, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Социализмын зам нэгдлийн даргын 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6/72 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр Төгрөг бригадад малчнаар томилов, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Оргил ХК-ийн ерөнхий захирлын 1992.12.28-ны өдрийн Б/75 тоот тушаалаар өөр газар шилжих болсон тул малчны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7-9 дүгээр хуудас/,
- Б.Ц-т Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон 1991.01.01-1992.07.31-ний өдөр хүртэл ажилласан хоног, олгосон цалингийн бичилт бүхий, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10-11 дүгээр хуудас/,
-гэрч А.А-ийн “...Би 1990-1992 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилладаг байсан. 1992 онд нэгдэл тарснаас хойш би эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Б.Ц нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 хэдэн оноос барилгачнаар 1991 он хүртэл ажилласан хүн. Яг хэдэн онд ажилд орсон талаар нь сайн мэдэхгүй. Намайг ажилд ороход ажилладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-17 дугаар тал/, гэрч А.А-ийн “...Би наймдугаар ангиа төгсөөд 1981-1984 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байгаад 1984-1987 онд цэргийн алба хаагаад 1987-1990 он дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан хүн. Б.Ц 1986-1990 он дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан. Б.Ц-ийг Нэгдэл дундын үйлдвэрээс гараад Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд малчин хийдэг болсон...” гэх мэдүүлэг /хх-18 дугаар хуудас/, гэрч Б.Б-ийн “...Би 1986 оны 9 сараас 1994 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар ажилласан. Б.Ц намайг ажилд ороход Нэгдэл дундын үйлдвэрт ажилладаг байсан. Яг хэзээ ажилд орсон талаар нь тодорхой сайн мэдэхгүй. Нэгдэл дундын үйлдвэр 1992 онд татан буугдсан. Б.Ц нь 1991 оны 1 сар хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан нь үнэн. Ажлаасаа гараад Сайхан-Овоо руу шилжиж явсан...” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/, гэрч Д.С-ын “...Би 1970 хэдэн оноос 1993 он хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад малчнаар ажилласан хүн. Б.Ц нь Дэлгэрцогт суманд барилгачин хийж байгаад Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1991 оноос эхэлж 2 жил мал малласан. Б.Ц нь одоог хүртэл мал малладаг. Б.Ц нь бага мал малладаг байсан. Б.Ц нь Төгрөг бригадын зүүн хойгуур нутагладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-20 дугаар хуудас/, гэрч З.М-ын “...Би 1981-1996 он хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социалист зам нэгдлийн Төгрөг бригадад мал малласан хүн. Б.Ц нь сургуулиа төгсөөд хүнтэй суугаад Дэлгэрцогт сум руу яваад тэндээ барилга дээр ажиллаж байгаад 1991 онд Төгрөг бригадад буцаж ирээд мал малласан. Б.Ц нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг бригадаас хойш байх Модон гэх газар нутагладаг, бог мал малладаг байсан. Б.Ц нь одоог хүртэл мал малладаг хүн. Б.Цийн эцэг нь адуучин хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-21 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт сум дундын барилгад барилгачнаар, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, мөн 1992 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Оргил” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Ц-ийг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт сум дундын барилгад барилгачнаар, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, мөн 1992 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Оргил” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ