Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 139/ШШ2020/00438

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Э-ын мал тооллогын “А” дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчин болсон. Тэр үеийн хөдөлмөрийн мал тооллогын бүртгэлд миний овгийг Пашка, Вашка, гэж буруу бичсэн байна. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримт Башкагийн Э гэж бичигдсэн байгаа. Тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж малын “А” дансны овог зөрүүтэй байгаа тул иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний лавлагаа зэргийг үндэслэн малын “А” дансны овог Башкагийн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь 1990-2001 оны малын “А” дансны лавлагааны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Э-ын хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний овог, нэрийг Башкагийн Э гэж дурьдсан байна.

Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр олгосон 115 тоот Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа дээрх “Вашка Э, Пашка Э” гэсэн нэр нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэртэй тохирохгүй байх тул уг архивын лавлагаануудын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Башкагийн Э мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгосон 005/000434 тоот төрсний бүртгэлийн лавлагаа /хх-3 дугаар хуудас/,

- Башкагийн Э-д олгосон цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4 дүгээр хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгаас Малчин-даатгуулагчид олгох архивын 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 115 тоот “...Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн малчин, Вашка Э, Башка Э, Пашка Э, В.Э, Б.Эын 1990-2001 оны мал маллаж байсан...” гэх лавлагаа /хх-5 дугаар хуудас/

-. Вашка Э, Башка Э, Пашка Э, В.Э, Б.Эын малын “А” дансны лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-17 дугаар хуудас/

- Гэрч Л.Сэрээтэр, Ц.Ёндонпэрэнлэй нарын мэдүүлэг /хх-24-25 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Башкагийн Э нь Вашкагийн Э, Пашкагийн Эад олгосон Малчин-даатгуулагчид олгох архивын 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 115 тоот малын “А” дансны лавлагааны жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д  заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Вашкагийн Э, Пашкагийн Э-д олгосон 1990-2001 оны малын “А” дансны жинхэнэ эзэмшигч нь Б.Э мөн болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       З.ГАНЧИМЭГ