Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 139/ШШ2020/00439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын Засаг дарга-ын, иргэн Ц.Цг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн С сумын Засаг дарга Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын 1-р багийн иргэн Ц.Ц нь 54 настай, эрэгтэй, ам бүл 3-уул, эх, охины хамт С сумын 1-р багийн нутаг Төв Сэнжит гэдэг газар амьдардаг. Ц.Ц нь төрөлхийн оюун ухааны хомсдолтой өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгохгүй буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй бичиг үсэг огт тайлагдаагүй. Эх, ах, эгч, дүү, өвөөгийн хамт амьдардаг. Өөрийн эх болох Ж.С асрамжилж байна. Цаашид Ц.Ц нь эрх зүйн чадамжгүй болохыг шүүхээр тогтоолгосон тохиолдолд Ж.С хууль ёсны асран хамгаалагч нь байх болно. Сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хүсэлтийг хүлээн авч Ц.Цг эрх зүйн чадамжгүйг шүүхээр тогтоож өгнө өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн С сумын Засаг дарга Б.Т нь иргэн Ц.Цг эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай “...Ц.Ц нь хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувь, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадамж байхгүй, өөрийгөө удирдаж чадах чадваргүй гэх шийдвэр,

- Д аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 4 сарын 17-ны өдрийн 17 дугаартай “Ц.Ц 54 настай, эмэгтэй. Д аймгийн С сумын 1 дүгээр багийн иргэн. Сургуульд суралцах боломжгүй, бие даан амьдрах чадваргүй, гарын үсэг оюун ухааны хомсдолтой болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт  зэрэг баримтууд цугларсан ба эдгээр баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар Ц.Ц нь өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадамжгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болох нь тогтоогдож байна

Иймд Ц.Ц-г эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар эх Ж.С-г тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3-т зааснаар Ц.Ц-г эрх зүйн чадамжгүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Ц.Цгийн асран хамгаалагчаар төрсөн эх  Ж.С-г тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, Ц.Ц-ийн асран хамгаалагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ГАНЧИМЭГ