Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2020/00443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.М-ын нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С, прокурор М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн Ц.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.М миний төрсөн эцэг Э.Ц нь 1938 онд улс төрийхн хэрэгт баривчлагдаж 1939 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн БНМАУ-ын Дээд шүүхийн дэргэдэх бүх цэргийн коллегийн 2 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 162 дугаар зүйлийн 2 ба 43 дугаар зүйлүүдээр арван жил хоригдох ялаар шийтгэгдсэн бөгөөд ялаа эдэлж дуусаад уугуул сумандаа агент, хоршооны манаач, нэгдэлд мал маллах зэрэг ажлуудыг хийж байгаад 1980 онд тэтгэвэрт гарч, 1988 онд өвчний учир нас барсан. Улмаар түүнийг БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан. Иймд Э.Цын төрсөн хүү болох Ц.М- миний биед оногдох нөхөх олговрыг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М- нь өөрийн эцэг Э.Цыг 1988 онд нас барах хүртэл нь хамт амьдарч асарч байсан. Ц.М- нь хууль ёсны өв залгамжлагчийнхаа хувьд хуульд заасны дагуу 1998 онд 500.000 төгрөгийг нөхөн олговрыг авсан. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн. Ц.М- нь хуульд заасны дагуу нэхэмжлэх эрх бүхий этгээд байх тул нөхөх олговрын 40 сая төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Прокурор М.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.М- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан нөхөх олговор олгох эрх бүхий этгээд мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар Ц.М-т нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаагтгагдсан Энхийн Цэдэндамбын нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Э.Цын хүүхэд Ц.М- нэхэмжлэх эрхтэй байна.

Мөн Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №59 дугаарын  нэрсийн жагсаалтын 86 дугаарт Цэдэндамбын Энхийн хүүхэд “Цэдэндамбын Мягмар” гэж бичигдсэн байгаа нь нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хэрэгт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020.04.03-ны өдрийн 32 тоот “...Ц.М-ын төрсөн эцэг Энх овогтой Цэдэндамба нь 1939 онд Улс төрийн гэмт хэрэгт хилсээр шийтгэгдсэн тухай БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолын нотлох баримт болох үнэмлэх байх тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/

- Үндэсний төв архивын Лавлагаа үйлчилгээний төвөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр олгосон архивын лавлагаа /хх-6 дугаар хуудас/

- Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 005/000398 тоот 1 дүгээр маягтын “...Ц.М-ын эцэг Ц.Ц, эх М.Ц...” гэх лавлагаа /хх-7 дугаар хуудас/

- Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 005/000397 тоот нас барсны бүртгэлийн “...Ц.Ц 1988.01.23-ны өдөр нас барсныг бүртгэв...” гэх лавлагаа /хх-8 дугаар хуудас/

- Ц.Л 62 настайдаа 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-9 дүгээр хуудас/

- Э.Ц 1939 онд улс төрийн гэмт хэрэгт хилсээр шийтгэгдсэн нь тогтоогдсон тул “БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор холбогдолгүй болгож цагаатгав” гэх цагаатгалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10 дугаар хуудас/

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020.04.15-ны өдрийн 08/1883 тоот Э.Ц-ын тухай лавлагааны хуулбар /хх-6 дугаар хуудас/

- БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай Лувсандагва овогтой Лувсанбазар нарын 29 хүний хэргийн талаар тогтоолын хуулбар /хх-12-17 дугаар хуудас/

- Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128 тоот шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-18-19 дүгээр хуудас/

- Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №59 дугаарын  хуулбар /хх-20 дугаар хуудас/

- Ц.Л, Ц.М- нарын хооронд 2018.05.24-ний өдөр байгуулсан хэлцэл /хх-21 дүгээр хуудас/

- 1998 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ц.М-т олгосон хууль ёсоор өв залгамжлах эрхийн 0016 тоот гэрчилгээний хуулбар /хх-24 дүгээр хуудас/,

-  Дундговь аймгийн архиваас 1998 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон 69 тоот “Дэлгэрцогт сумын 1960 оны хүн амын дансны 2 дугаар бригадын 27 дугаартай өрхийн бүртгэлд Цэндсүрэнгийн Цэдэндамба өрх тэргүүлж 41 настай, эрэгтэй, гэрийн дотор ам бүл 6 гэж бичигдсэнийг тодорхойлолов” гэх тодорхойлолт /хх-25 дугаар хуудас/

- Дундговь аймгийн Сум дундын шүүхэд Ч.Дангаасүрэн, Ичинхорол, П.Дагвадорж нарын 1998 онд гаргасан тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-26-28 дугаар хуудас/ зэрэг баримтууд цугларсан ба уг баримтаар Энхийн Цэдэндэмба нь улс төрийн хэрэгт баривчлагдаж, БНМАУ-ын Цэргийн коллегийн 1939 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор цагаатгасан болох нь тогтоогдож байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Э.Ц-ын нөхөх олговорт 40.000.000 төгрөгийг Ц.М-т олгох үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү тасгаас 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Э.Ц-ын хүүхэд Ц.М-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ