Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0280

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч А.А

          Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

          Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт С дүүргийн * дүгээр хорооны “Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ** дугаар байрны баруун талд 21 ширхэг тоосгон гарааш” гэснээс Улсын бүртгэлийн Ү-2203****** дугаарт бүртгэгдсэн, А.А-ын өмчлөлийн тус бүр нь 18 м2 2 гараашийг буулгаж, газар чөлөөлөх жагсаалтаас хасаж хүчингүй болгуулах.

         

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0091 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц

          Хэргийн индекс: 123/2025/0771/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч А.А нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт С дүүргийн * дүгээр хорооны “Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ** дугаар байрны баруун талд 21 ширхэг тоосгон гарааш” гэснээс Улсын бүртгэлийн Ү-2203****** дугаарт бүртгэгдсэн, А.А-ын өмчлөлийн тус бүр нь 18 м2 2 гараашийг буулгаж, газар чөлөөлөх жагсаалтаас хасаж хүчингүй болгуулах”-ээр маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт заагдсан С дүүргийн 4-р хорооны “Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ** дугаар байрны баруун талд 21 ширхэг тоосгон гарааш” гэх хэсгийн нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203****** дугаарт бүртгэгдсэн хоёр ширхэг гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Тус гараашийг иргэн Д.Ү болон А.А нар нь тухайн гараашийг худалдаж авахдаа зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан бөгөөд доорх газрын эзэмших хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрх үүсээгүй байна. Нэхэмжлэгч тухай газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй нь түүнийг “Газрыг хууль бусаар эзэмшигч” гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Газрын гэрчилгээ аваагүй атлаа үл хөдлөх хөрөнгө бүртгүүлсэн нь өөрөө хууль зүйн алдаатай процесс бөгөөд энэхүү алдаанд тулгуурлаж нийтийн ашиг сонирхолд саад учруулах эрхгүй. Тухайлбал зөвшөөрөлгүй газар ашиглачхаад дараа нь захиргааны байгууллага зөвшөөрөл олгох үүрэгтэй, албадан буулгавал нөхөн олговор олгох ёстой гэж захиргааны байгууллагаас шаардах боломжгүй юм.

          3.2 Шүүх газар эзэмших эрхгүй, зохих зөвшөөрөл авч байгаагүй, хууль бусаар газрыг эзэмшиж, ашиглаж байсан этгээдийн эрхийг хамгаалахад дээрх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ гэж дүгнэсэн нь Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуулийн утга агуулгад нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг үнэмлэхүй баримт гэж үзсэн нь алдаатай юм.

          3.3 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд;

          3. Анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Барилгын байршилт тогтоож газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/*** дугаар захирамжийн 9-д “Т............... төв газрын” орон сууцны барилгыг С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний барааны ** дугаар дэлгүүрийн зүүн хойд талд байрлуулан 0.12 га газрыг олгожээ.

          4. “Орон сууц шилжүүлэх эрхийн бичиг”-т Улсын аюулгүй байдлыг хангах газрын Б.......... ангийн дарга, хурандаа Г.Л гарын үсэг зурж, “...Д.Ү-д хөрөнгө оруулагчдын гэрээг үндэслэн орон сууцны ...2 өрөө бүхий 34,0 м2 талбайтай 2 тоот сууцыг дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамт шилжүүлэв” гэжээ. 

          5. Т............ ерөнхий газрын Б............ ТӨААТҮГ-ын 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолтоор “Тус ангийн барьсан УАБХГ-ын 2 тоот сууцыг 3х6 харьцаатай 2 ширхэг гараашны хамт Д.Ү нь 1998 онд худалдан авсан ба хөлсний тооцоогүй болно” гэсэн байна.

          6. Иргэн Д.Ү, А.А, Грек улсын иргэн Г..... К...... нар хамтран өмчлөгчийн мэдүүлэг гаргаснаар С дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, ** дугаар (УАБХГ-ын) байрны * тоот, 34 м2 талбайтай хоёр өрөө орон сууц, тус бүр 18 м2 талбайтай 2 ширхэг автомашины гараашны хамт хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2203****** дугаарт бүртгэж, 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.

          7. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/*** дүгээр захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашны байршлыг нэгдүгээр хавсралтаар баталж, Нэгдүгээр хавсралтын 83-д С дүүрэг, * дүгээр хороо, Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ** дугаар байрны баруун талд, тоосгон гарааш, (Зөрчлийн тоо) 21 гэж тусгагдсан байх ба үүнд нэхэмжлэгч А.А-ын тус бүр 18 м2 талбайтай 2 ширхэг автомашины гарааш багтжээ.

          8. Нийслэлийн тойргийн нотариатч Ц.Н 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “...С дүүргийн * хороо, * хороолол, ** дугаар байр * тоот, 34 м.кв, 18 м.кв, 2 өрөө орон сууц, тус бүр 2 ширхэг автомашины гарааш, улсын бүртгэлийн Ү-2203****** дугаар, 00***** дугаар гэрчилгээ, 150,000,000.00 Нэг зуун тавин сая төгрөг, 3 өмчлөгчтэй, цаашид өвлөгч А.А нь уг хөрөнгийн 2/3 хувийг өмчлөх эрхтэй,...” гэж 0009 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г өвлөгч А.А-д олгосон үйл баримтууд тогтоогдож байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          9. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.

          10. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийг эрх бүхийн этгээдийн шийдвэрээр баталгаажуулах ба газрыг хууль заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ашиглуулах бөгөөд харин хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгогдоогүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй гэж ойлгохоор байна.

          11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ээж Д.Ү нь Т.......... ерөнхий газрын ажилчдын (УАБХГ-ын) ** дугаар байрны * тоот, 2 өрөө орон сууц, 2 ширхэг автомашины гараашны хамт 1998 онд худалдаж авсан, Д.Ү-ы нэр дээр “Орон сууц шилжүүлэх эрхийн бичиг” олгосон. 2023 онд Д.Ү, А.А, Грек улсын иргэн Г....... К........ нар дээрх 2 өрөө орон сууц болон 2 ширхэг автомашины гараашийг хамтран өмчлөх хүсэлт гаргаж, хамтран өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2203****** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн 00***** дугаар гэрчилгээ олгосон. Мөн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр өвлөгч А.А нь улсын бүртгэлийн Ү-2203****** дугаарт бүртгэлтэй, ...2 өрөө орон сууц болон 2 ширхэг автомашины гараашны 2/3 хувийг өмчлөх эрхтэй болох нь тогтоогдож байна.

          12. Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгчид маргаан бүхий газарт байрших тус бүр 18 м2 хэмжээтэй 2 гараашийг (2/3 хувь) өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй, харин уг 2 гарааш байрлаж буй газрын хувьд нэхэмжлэгч (ээж Д.Ү)-д газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байгаагүй, эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байх тул нэхэмжлэгчид газар эзэмших, ашиглах талаар хамгаалагдах эрх үүсэхгүй, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/*** дүгээр захирамж хууль зөрчөөгүй гэж үзнэ.

          13. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/*** дүгээр захирамжийн хавсралтаар С дүүргийн * дүгээр хороо, ...** дугаар байрны баруун талд 21 тоосгон гараашны доорх газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, уг захирамжийн үйлчлэлд А.А-ын өмчлөлийн 2 гарааш орсон бөгөөд хариуцагчаас газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшээгүй этгээдийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шаардаж буй нь үндэслэлтэй бүхий байна.

          14. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.5-д “хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус хуулиар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зохих зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шаардах, зөрчлийг арилгах талаар шийдвэр гаргах бүрэн эрх олгогдсон байна.

          15. Хэдийгээр нэхэмжлэгчид 2 гараашийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч харин уг гараашны доорх газрыг эзэмших, ашиглах эрх нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасны дагуу хууль ёсоор үүсээгүй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд зөвшөөрөлгүй газар дээр баригдсан 2 гараашийг өмчлөх эрхийн бүртгэл давуу эрх үүсгэхгүй бөгөөд газар эзэмших эрхийг шууд үүсгэнэ гэж үзэхгүй тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч А.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэв.

          16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тус гараашийг иргэн Д.Ү болон А.А нар нь тухайн гараашийг худалдаж авахдаа зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан бөгөөд доорх газрын эзэмших хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрх үүсээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

          17. Гэтэл анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий гарааш, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс ...Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг үл хайхран Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн газрыг чөлөөлөх, гараашийг албадан буулгах тухай шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ...” гэх дүгнэлт үндэслэлгүй, Газрын тухай хууль болон уг маргаанд шууд хамааралгүй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. 

          18. Энэхүү маргаан нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ** дүгээр тогтоолоор өмнө шийдвэрлэгдсэн Б.У-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн үйл баримттай ижил төстэй буюу “...нэхэмжлэгч нь төрийн өмчийн газар дээр баригдсан өөрийн хувийн өмчийн гараашийг өмчлөх, эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу ...эзэмших, ашиглах эрх олж авах, хадгалах үүрэгтэй, ...эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах, ...энэ талаарх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн болохыг дурдав.

          19. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0091 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ын “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 83 дугаарт С дүүргийн * дүгээр хорооны “Хорооны байрны зүүн болон зүүн урд талд, ** дугаар байрны баруун талд 21 ширхэг тоосгон гарааш” гэснээс Улсын бүртгэлийн Ү-2203****** дугаарт бүртгэгдсэн, А.А-ын өмчлөлийн тус бүр нь 18 м2 2 гараашийг буулгаж, газар чөлөөлөх жагсаалтаас хасаж хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           З.ГАНЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                           Н.ХОНИНХҮҮ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА