Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2020/00444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.М-ын нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00399/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, прокурор Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Д.Б нь миний ээж Б.Мтай 1961 онд гэр бүл болж 1961 оноос 1988 он хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд мал маллаж байсан. Улмаар 1984 онд охин Ууганцэцэг намайг үрчлэн авч ам бүл 3 амьдарч байгаад 1988 оны 9 сард аав Д.Б нас барсан. Д.Б нь 1949 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж улмаар БНМАУ-ын Цэргийн коллегийн 1949 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл ангиар 13 жилээр шийтгэгдэж 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Улсын дээд шүүхийн 430 дугаар тогтоолоор цагаатгагдаж №14270 дугаарын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгасан тухай үнэмлэхийг олгосон байна. Иймд Д.Б-гийн эхнэр болох Б.Мд оногдох нөхөх олговрыг гаргуулж өгнө үү гэв.

Прокурор Г.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д.Б гэдэг хүн 1949 онд шийтгүүлээд 13 жилээр ял шийтгэгдэж, 1999 онд Улсын дээд шүүхээс түүнийг цагаатгасан байна. Хэлмэгдэгч Д.Б нь нэхэмжлэгч Б.Мтай гэр бүлийн харилцаатай гэснийг нотолсон баримт хэрэгт байхгүй боловч тэдгээрийг хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байна. Тийм учраас нэхэмжлэгч Б.Мд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нөхөн олговор олгох нь зүйтэй гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Зууны мэдээ сонины 2020 оны 01 сарын 17-ны өдрийн №11 дугаарын 6 дугаар нүүрийн нэрсийн жагсаалтын 1 дугаарт Д.Б эхнэр Б.М гэж бичигдсэн байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судалсан Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019.11.05-ны өдрийн 03-5/4469 тоот “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1933, 1944, 1947 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд Дуламсүрэнгийн Бат-Өлзий, эх Банзрагчийн Дуламсүрэн нарт холбогдох браимт байхгүй болно” гэх лавлагаа /хх-4 дүгээр хуудас/

- Дундговь аймгийн Өндөршил сумын багийн Засаг даргын 2019.11.01-ний өдрийн 121 тоот “... Бадам овогтой Маам нь тус сумын Талын нар багийн байнгын оршин суугч мөн болно” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/,

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019.11.11-ний өдрийн 05/4373 тоот Д.Бгийн тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6 дугаар хуудас/

- Улсын дээд шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 430 тоот Д.Бд холбогдох хэргийн тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7-8 дугаар хуудас/

- Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2020/00230 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9-11 дүгээр хуудас/

- Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2020.04.22-ны өдрийн 5/1280 тоот албан бичиг /хх-12 дугаар хуудас/

- Дундговь аймгийн тойргийн нотариатч С.Энхээгээс 2020.04.29-ний өдөр олгосон 045 тоот өвлөх эрхийн гэрчилгээ /хх-13 дугаар хуудас/

- Зууны мэдээ сонины 2020.1.17-ны өдрийн №11 дугаар эх хувиараа /хх-15 дугаар хуудас/

- Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын 2020.5.5-ны өдрийн 492 тоот лавлагаа мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-16 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар Д.Б нь улс төрийн хэрэгт баривчлагдаж, БНМАУ-ын Цэргийн коллегийн 1949 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлээр 13 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг Улсын дээд шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 430 дугаар тогтоолоор цагаатгасан болох нь тогтоогдож байна.

Шүүх хуралд төрийг төлөөлж оролцсон прокурор Г.Х нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх саналтай байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү тасгаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Д.Б-ийн хамтран амьдрагч Б.М-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ