Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2020/00445

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Б.Ц-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.У-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц миний бие Утой 2007 онд танилцаж 2009 онд гэр бүл болж амьдрах хугацаандаа охин Х-г төрүүлсэн. Охин Х- нь одоо 3 дугаар сургуульд суралцаж эрүүл энх бойжиж байна. 2009 оноос эхлэн У нь архи ууж агсам согтуу тавьж удаа дараалан дарамталж хэл амаар доромжилж ажил төрөл хийхгүй гадуур хэчнээн хоногоор тэнэж амьдралдаа тус нэмэр болохгүй олсноо архиндаа зарцуулдаг болсны улмаас бид хоёрын хооронд таагүй харилцаа үүсч эхэлсэн. Иймэрхүү байдалтай 7 жил амьдарсан боловч тухайн хүн өөрчлөгдөж ухамсарлаагүй. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул 4 жил гаруй бид тус тусдаа амьдарч байгаа. Одоо би хүнтэй танилцаж шинээр амьдрал зохиосон. У бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахгүй, хүүхдээ өөр дээрээ авна тиймээс миний энэ байдлыг харгалзан үзаж энэ асуудлыг хурдан шийдэж зохих журмын дагуу бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.У би 2007 онд Ц-тай танилцаж 2009 онд гэр бүл болж амьдарч байсан. 2009 оноос хойш Цоглог телевизэд ажиллаж эхэлсэн. Телевизийн ажил цаг наргүй, оройтож харих, хөдөө сумд руу бичлэг хийж хэд хоногоор явдаг байсан. Тухайн үед авдаг байсан цалин амьдралд хүрэлцэхгүй байсан тул хотод телевизийн ажилд орсон. Хотод ажиллаж байх хугацаанд хардаж, уурлаж, загнадаг байснаас гадна миний голомтын гэрийг солиод өөр гэр барьсан байсан. Тэр үеэс Ц-гийн утсанд янз бүрийн мессеж ирдэг болсон. Энэ хугацаанд Ц-тай эвлэрье, үр хүүхдээ бодъё гэж би их гуйсан боловч намайг дандаа үгүйсгэж өөрөөсөө түлхдэг байсан. Одоо Ц- өөр хүнтэй болж хүүхэдтэй болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Т.У-д холбогдуулан холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Т.У, Б.Ц нар гэр бүл болсныг 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж, хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд тэдний дундаас 2009.05.02-ны өдөр охин Уийн Х- төрсөн болох нь 0047818/14 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0240576/23 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигчдын хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, хариуцагч Т.У нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа, тэдний дундаас 2009.05.02-ны өдөр охин У.Х төрсөн, хүүхэд гэрлэлт цуцлах хүртэл эхийнхээ асрамжинд байгаа, охин У.Хгийн санал, хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй зэргийг харгалзан хүүхдүүдийн асрамжийг эх Б.Цд үлдээж, гэрлэгчид Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрэхгүй, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсныг үндэслэн 2020.04.27-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон зэргийг харгалзаад шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Т.У, Б.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин У.Х-г эх Б.Ц-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

5. Гэр бүлийн тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Алдармаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ГАНЧИМЭГ