| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0101/э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-10-27 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
2023 10 27 2023/ШЦТ/ 103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, Ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н,
Иргэдийн төлөөлөгч Б.М,
Улсын яллагч С.Б,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн
өмгөөлөгч С.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан
тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Х-д холбогдох эрүүгийн 2304000000020 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Багануур цахилгаан механикийн үйлдвэрт бүтээн байгуулалтын цехийн ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, ...........оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хуцаагийн 10-р гудамж 8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Д-ийн Х (УО).
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Д.Х нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн 03 цаг 20 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... шөнийн цэнгээний газрын гадна пивоны шил хагалж, тухайн пивоны шилний хагархайгаар иргэн Д.Э баруун гуяны дотор хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсний улмаас амь хохирогч Д.Э Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ...... тоотод цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би гэр бүлийн хүнтэйгээ муудалцаад сэтгэл санаа жаахан тогтворгүй байсан. Энэ талаар найзууд руугаа бичсэн чатан дээр маань хүртэл байгаа. Манай найзуудын хувьд ямар нэгэн асуудал тохиолдвол бүгдээрээ уулзаж, хоорондоо ярилцдаг байсан. Тухайн үед би бас тэгнэ гэж бодож байсны үүднээс найзуудаа дуудсан юм. Найзууд маань ирэхэд би пиво уугаад байж байсан тухайн үед бага зэргийн асуудлаас үүдэж найз Э-г айлгах гэж шилээр хатгасан боловч энэ гэмтэл нь үхэлд хүргэх юм гэж үнэхээр тэгж бодоогүй. Тухайн үед манай найзууд Э-г эмнэлэг рүү авч явж тусламж үзүүлье гэхэд нь би гайгүй байх гэж бодоод найзуудыгаа эмнэлэг рүү явах хэрэггүй гээд гэр лүүгээ авч ороод шархыг нь бооё гээд авч явсан. Одоо надад хэлэх зүйл гэвэл их харамсаж байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Маш их гомдолтой байна, танай гэр бүлийн маргаанаас болж миний хүү шороонд булагдлаа. Хамт явсан найзуудад чинь түргэн тусламж үзүүлээгүй гэж үзэн гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй, өнөөдөр Багануурт хүний амь аварч түргэн тусламж үзүүлэхгүй байж болдог юм байна гэсэн жишиг тогтож байна. Би танай гэр бүлд үнэхээр гомдолтой байна. Талийгаач маань амьд байсан бол бид бүгдээрээ хамт байх байсан. Хэлэх үг олдохгүй байна. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэх байх гэж бодож байна /уйлав/” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 110-р хуудас/,
- Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р хуудас/,
- Гэрч О.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 123-124-р хуудас/,
- Гэрч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 115-116-р хуудас/,
- Гэрч М.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/,
- Гэрч А.Б-тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 126-127-р хуудас/,
- Гэрч Х.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 112-113-р хуудас/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 2-17-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-20-р хуудас/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-24-р хуудас/,
- Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 36-52-р хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 128-132-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 135-138-р хуудас/,
- Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1132 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 143-145-р хуудас/,
- Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1131 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 157-159-р хуудас/,
- Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1288 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 162-167-р хуудас/,
- Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1130 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 172-173-р хуудас/,
- Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн гарын мөрийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1287 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 179-180-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 55-71-р хуудас/ зэрэг баримт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.С-н шинжлэн судлуулсан баримт /давхцаагүй байдлаар/:
- Талийгаач Д.Э хувийн байдалтай холбогдох баримтууд, Гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохиролтой холбогдох баримт /1-р хх-ийн 74-97-р хуудас, шүүх хуралдаанд өгсөн 6 хуудас баримт/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-ын шинжлэн судлуулсан баримт /давхцаагүй байдлаар/:
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 135-138-р хуудас/,
- Шүүгдэгч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 190-191-р хуудас/,
- Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг /1-р хх-ийн 234-р хуудас/,
- Д.Х-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 237-р хуудас/,
- Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 239-р хуудас/,
- А.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 241-р хуудас/,
- Гэм хорын хохиролд мөнгө шилжүүлсэн баримт /шүүх хуралдаанд өгсөн 1 хуудас баримт/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй.” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.” гэж заасан.
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 03 цаг 20 минутын орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд Хаус” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Д.Э-ийг үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэх явцдаа пивоны шил хагалж, тухайн пивоны шилний хагархайгаар амь хохирогч Д.Э баруун гуяны дотор хэсэгт 1 удаа хатгаснаас Д.Эбаруун гуяны дээд хэсэгт баруун гуяны артерийг гэмтээсэн шархнаас цочмог цус алдаж түүний амь нас хохирсон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 15-11 тоотод монгол гэрт амьдардаг. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би ажлаасаа гэртээ 17 цаг 30 минутын үед ирсэн байж байхад миний хүү амь хохирогч Д.Э 20 цаг 00 минутын үед үсээ засуулчихаад усанд ороод ирлээ гээд гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр, би, талийгаач мөн түүний дүү Э нар цуг нилээд эрт унтаж амарсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 02 цаг 00 минутын үед би нэг сэрээд хартал миний хүү Д.Эхувцсаа өмсөөд гарах гэж байхад түүнтэй манай нөхөр Д “хаачих гэж байгаа юм бэ” гэж ярьж байгаад манай хүү гараад явсан. Сүүлд би нөхөр Д-с тухайн шөнө хүүг гарах гэж байхад түүнтэй юу гэж ярилцсан талаар тодруулахад тэр надад хэлэхдээ хүүг “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуутал “манай нэг найзын эхнэр нь машинд дайруулсан гэж байна, гарчихаад ирье” гэж хэлээд гараад явсан гэж хэлж байсан. Гэтэл өглөө цагдаагаас хүн ярьж “Цагдаагийн хэлтэс дээр ирж уулз” гэхээр нь ирж уулзтал манай хүү Д.Э-г нас барсан гэж хэлж байсан.
Миний хувьд Х-с гадна миний хүүгийн хажууд байсан бусад найзуудад нь гомдож байна. Учир нь тэд нар яаралтай түргэн тусламж үзүүлсэн бол би одоо хүүгээ амьд байх байсан гэж бодож байна. Баримтаар нийт 14 сая төгрөгийн хохирол учирсан, цаашид сэтгэлзүйн хохирлыг нэхэмжилнэ.
...Миний хүү 2004 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, эцэг эхээс 2-лаа, нэг дүүтэй. Хүү маань 9 дүгээр ангиа төгсөөд Говьсүмбэр аймаг руу МСҮТ-д суралцахаар яваад төгсөлгүй ирсэн. Манай хүү нас барахынхаа өмнө Улаанбаатар хотод байр хөлсөлж хиамны үйлдвэрт ажиллаж байгаад найз охин А нь бие давхар жирэмсэн учир Багануурын эмнэлэгт эмчлүүлэхээр хэвтэхэд нь хамт Багануурт ирсэн байсан. Одоо түүний найз охин 7 сартай жирэмсэн байгаа юм. Миний хүү ямар нэг муу зуршилгүй, зан аашны хувьд бусадтай нийцтэй, төлөв даруу хүүхэд байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-р хуудас/,
- Гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануур дүүргийн 1-р хороо 22-р байрны 86 тоотод эхнэр Ү болон хүүхдийн хамтаар хадам ээж Х-ны төрсөн дүү Х-н байранд 2023 оны 01 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа юм. Тухайн байр нь 2 өрөөтэй тул ханиндаа гээд найз Х болон түүний эхнэр, хүүхдийг сул нэг өрөөндөө амьдруулж байгаа юм. Ингээд намайг гэртээ гэр бүлийнхээ хүмүүстэй хамт байж байхад өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед хажуу өрөөнд Х эхнэр Г-гаа маргалдаад байсан. Тэр хоёр яг ямар шалтгаанаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Тэд хоорондоо маргаад удаагүй 3-аас 4 минут орчим болсон байх, Х гэрээсээ гараад яваад өгсөн. Удалгүй түүний араас эхнэр Г нь хүүхдээ аваад гараад явчихсан. Би хэсэг байж байгаад санаа зовоод шөнө 01-ээс 02 цагийн үед өөрийн 95717266, мөн эхнэрийн 88137724 гэсэн дугаараас Х-ийн 86120507 гэсэн дугаар луу удаа дараа залгахад тэрээр утсаа салгаад байсан. Би түүнийг утсаа авахгүй байхаар нь түүний фейсбүүк чат руу хаана байгаа талаар асууж чат бичихэд тэрээр өөрийнхөө хаана байгаа газраа хэлэхгүй, “Миний эхнэр хүүхдийг сайн харж байгаарай, би хойд энгэр лүү явлаа” гэж учир битүүлэг зүйл хэлээд байсан. Ингээд 02 цаг өнгөрч байхад Х “Би Соронз дээр байна, нөгөө хэдтэйгээ уулзаад хүрээд ир” гэж чат бичсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад Ирвэсийн зогсоол дээрээс такси бариад Соронз дэлгүүрийн гадна яваад очиход найз Э, Т, Ө нартай таарсан. Х тэд нартай утсаар яриад дуудсан юм байна лээ. Бид нарыг уулзахад Т над руу “Х яачихсан юм, Э бид хоёрыг ална гээд байна” гэж хэлсэн. Бид нар Х-г хайгаад “Майлд Хаус” бааранд ороход тэр харагдахгүй байсан. Би буцаж “оронз дээр очоод Х-тай холбогдоход бааранд наад талын буланд байна гэхээр нь эргээд “Майлд Хаус” бааранд ороход Х ганцаараа 0,5 литрийн Боргио нэртэй пиво 3 шилийг авчихсан, 1 шил пивоо уугаад дуусгачихсан, нэг шил пивоо талд нь хүртэл уучихсан сууж байсан. Бид нарыг бааранд ороход баарны хамгаалагч Э-г 21 нас хүрээгүй байна гэж хэлээд гарахыг шаардсан. Ингээд бид нар Х-н хамтаар баарнаас гарахад Х ширээн дээр байсан бүтэн шил пивоо өвөртлөөд, тал шил пивоо гартаа бариад гарсан. Баарны үүдэнд Х Эн рүү хандаж “чи хөгшөөн манийгаа ойлгохгүй л байна даа” гэхэд Э “би яачихсан юм бэ” гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгтэл Х яг баарны гадна үүдэнд байдаг жижиг төмөр хашаанд баруун гартаа барьж байсан шилтэй пивоо цохиж хагалаад, хагархай шил барьсан гараараа Э рүү далайсан. Тэгэхээр нь Ө бид хоёр Х-н гар болон цээж хэсгээс тэврэхэд Х “намайг тавь, ойртсон хүнийг чинь ална шүү” гэж хэлэхэд нь би айгаад түүнийг тавьсан. Тэгтэл Э куртикнийхээ энгэрийг хоёр гараараа яраад Х руу хандаж “шаалдаа” гэсэн. Тэгтэл Х гартаа байсан шилний хагархайгаар Э хэвлий хэсгээс нэлээн доор хэсэгт нь 1 удаа хатгаж дүрсэн. Тэр үед Ө бид хоёр Х-г барьж аваад Э-с холдуулаад явсан бөгөөд Э цавь хэсгээ гараараа дарж үзсэнээ газар унаад өгсөн. Тухайн үеийн цаг хугацаа нь шөнийн 02 цаг 30 минут болж байсан байх гэж бодож байна. Ө намайг “такси бариад ир” гэхээр нь би урьд нь Ирвэсийн зогсоол дээрээс барьсан таксины дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Тэр үед баарны хашааны гадна 29-07 БРА гэсэн улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин зогсож байсан ба тэр машины жолооч ахаас “таксинд явж байна уу” гэхэд “явж байна” гэсэн. Тэр машиныг хөлсөлж явахаар болсон бөгөөд Х жолоочтой юм яриад үлдсэн. Би эргээд баарны хашаа руу ороход Э-г Ө, Т нар дамнаад ирж байсан бөгөөд би очиж Э-ий цээжин хэсгээс нь өргөж өгөөд машины арын суудал дээр хэвтүүлээд арын суудал дээр Т суугаад, харин урд суудал дээр нь Х-д суугаад машин хөдлөнгүүтээ зогссон. Тэр үед машин дотроос Х-д бууж ирээд Ө бид хоёрыг “Машинд суу, цуг явна” гэхээр нь би “Эмнэлэг ойрхон юм чинь алхаад явъя” гэхэд Х “Машинд суу, хамт явна” гэж хэлээд бид хоёрыг машинд суулгасан. Машинд суухад Э-ий хоолой хэржигнэж дуугараад байсан бөгөөд Х түүнийг сонсоод “зүгээрээ, амьсгалтай” гэж хэлсэн. Машин хөдлөнгүүт жолоочид “эмнэлэг, ахаа” гэхэд Х миний үгийг тасдаад “шууд 22 дугаар байр” гэж хэлээд 22 дугаар байрны 7 дугаар орцны гадна хүргүүлээд бид нар Э-ийг дамнаж өргөөд орцны үүдэнд сандал дээр суулгасан. Тухайн үед Э ухаантай ч юм шиг ухаангүй юм шиг хоолой нь нэг сонин дуугараад байсан. Тэр үед Х-д жолоочид төлбөрөө өгчихөөд ирээд Э рүү “жаахан цус алдчихаад юун сүртэй юм бэ” гээд хацар луу нь хэд хэдэн удаа алгадаад, хөл рүү нь өшиглөөд “би 6 сар суугаад ирсэн хүн шүү” гэж хэлж байсан. Мөн бид нарт “би яаж эмчлэхээ мэдэж байна” гэж байсан. Би Х-д “хөгшөөн би нөгөө хоёроо гэртээ үлдээчихсэн, ороод гараад ирье, айж магадгүй” гэхэд Х-д намайг “хурдлаарай” гэсэн. Би шууд гэр лүүгээ ороод эхнэр Ү-д болсон асуудлаа хэлэхэд манай эхнэр “гэрт оруулж болохгүй, 103 дууд” гэсэн. Би гэрээс эргэж гараад орцны үүдэнд гарч ирээд Х-д эхнэрийн ярьсан зүйлийг хэлэх гэтэл 22, 23 дугаар байрны голоор хэсэг согтуу ах нар гараад ирсэн. Түүнийг Х-д хараад Ө, Т нарт “Э-г орц руу аваад ор” гэж хэлээд өөрөө орцны хаалгыг онгойлгож өгсөн бөгөөд тэр хоёр Э-г өргөөд орц руу орсон. Улмаар Х-д над руу “андаа надтай юу ярих гээд байгаа юм бэ” гэхээр нь түүнд хандаж “андаа одоо эхнэр, хүүхэд айчихна, Э-г 103 аваад явах уу” гэхэд бид нарыг хүргэж өгсөн таксины хүн орцны үүдэнд ирж зогсоод Х-д хандаж “ахын дүү нар миний машины арын суудал арай л их цус болчихсон юм биш үү” гэхэд Х-д “өө ахаа харин дүү нь найз нартайгаа муудалцаад пивоны шилээр толгойг нь цохиод хагалчихсан юм. Би танд бүтэн угаалгын мөнгө өгье” гэж хэлээд данс руу нь 20.000 төгрөг шилжүүлсэн. Таксины жолооч ах явахдаа “ахын дүү нь янз бүрийн зүйл болсон юм биш биз дээ” гэхэд Х-д “ахаа янз бүрийн зүйл байхгүй” гэж хэлээд явуулсан. Ингээд Х-д бид хоёр орц руу ороход Ө, Т нар Э-г өргөөд 4 давхрын шатан дээр сууж байсан ба би гэрийн хаалгаа онгойлгосон бөгөөд Ө, Т нар Э-г дамнаад гэрт жижиг өрөөнд оруулж газар хэвтүүлсэн. Ө, Т хоёр алчуур авч орцны шалан дээрх цусыг арчиж орж ирээд Э-ний өмдийг тайлж үзэхэд баруун талын цавь хэсэгт шархтай, хавдсан, цус гарч байсан бөгөөд Ө алчуураар шархтай хэсгийг нь дарж байсан. Х-д ирж Э-ний гүрээний судсан дээр нь гараараа хэсэг дарж үзээд “энэ хүн өнгөрчихжээ” гэж хэлээд “цагдаа дууд” гэж хэлснээ “үгүй ээ түргэн дууд” гэж хэлсэн. Ингээд би том өрөөнд орж эхнэрийн утсаар 103 руу дуудлага өгсөн. Би эхнэртээ “хадам ээжийг дуудчих, мөн Х-н эхнэрийг дуудчих” гэж хэлсэн. Удалгүй 5-10 минутын дараа түргэн тусламжийн эмч ирж Э-г үзээд “энэ хүн нас барсан байна” гэж хэлэхэд Ө, Т, Х-д нар уйлсан. Тэр үед манай хадам ээж Х ирсэн бөгөөд би түүний машинаар Х-ын эхнэрийг авахаар явсан хойгуур цагдаа нар ирсэн байсан. Би тухайн үед Х-аас ер нь айгаад байсан. Бид нарыг загнаж харьцаад ингэ, тэг гээд байсан. Би яг ямар шалтгаанаас болж Х-д Э-нд гэмтэл учруулсаныг мэдэхгүй байна. Урьд өмнө нь л ямар нэгэн маргаан байсан юм шиг байна лээ. Баарнаас гарч ирээд Х-д барьж байсан пивоны шилээ төмөр хашаанд цохиж хагалаад Э-ний баруун талын цавь хэсэгт нь 1 удаа хатгаж дүрсэн. Ер нь бид нар нөхөрлөөд 2-оос 3 жил болж байна. Бид бүгд хоорондоо найзууд. Хангарьд бага зэргийн халамцуу байсан, согтсон зүйл байгаагүй. Э, Ө, Т бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р хуудас/,
- Гэрч О.Ө-рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Улаанбаатар хотоос 21 цагийн үед Багануурт ирээд Х-д руу чат бичээд “уулзах уу” гэхэд тэрээр гэртээ хүүхдээ хараад сууж байсан. Тэгэхээр нь би Х-тай “маргааш уулзъя” гэж хэлээд заал авч тоглож байгаад гэртээ харьсан. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 17-ноос 18-ныг шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Х-д над руу “Андаа мань нь амьдралгүй болчихлоо” гэж чат бичихээр нь “За за андаа уулзах уу даа” гэсэн. Х-д тухайн үед эхнэртэйгээ муудалцсан байсан юм байна лээ. Мөн амь хохирогч над руу “Х-д над руу ингэж чат бичээд байна” гэж над руу чат бичээд байсан. Ингээд шөнийн 02 цагийн үед Т, Э хоёр манай гэрт ирээд бид нар Х-тай уулзахаар Соронз дэлгүүрийн гадна очиход М Х-ийг хайж байна гэсэн. Ингээд бид нар нийлээд Х-ыг хайж байгаад “Майлд Хаус” баарнаас түүнийг олоход тэр ганцаараа пиво уучихсан сууж байсан. Тэгтэл баарны эзэн ирээд “та нар насанд хүрээгүй хүмүүс байна, гар” гэж хэлсэн. Ингээд бид баарнаас гараад Э тамхи асаах гэж байхад Х-д түүнд “нэгнийхээ амьдралыг сүйрүүлэхэд тийм гоё байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгтэл хохирогч нэг үг хэлэх шиг болсон. Яг юу гэж хэлснийг нь би сонсоогүй. Тэр үед Х-д гартаа барьж байсан пивоны шилээ баарны үүдний төмөр хашаан дээр цохиж хагалаад хохирогч руу дайрсан. Ингээд би Т-с билүү гал авч тамхи асаах хооронд Х-д амь хохирогч руу ухас хийж нэг удаа хатгах шиг болоод “нэгнийхээ амьдралыг ойлгохгүй байна уу” гэж хэлээд Т рүү дайрсан. Тэгэхээр нь М бид хоёр Х-дийг болиулах гээд араас нь явахад ард амь хохирогч буюу Э газарт унасан. Би М-г “такси олоод ир” гэж хэлээд явуулахад удалгүй тэрээр “такси олдохгүй байна” гээд эргээд ирсэн. Тэгтэл баарны хашааны гадна Приус 20 маркийн машин зогсож байсан бөгөөд тэр машиныг хөлсөлж авахаар болсон. Х-д таксины урд сууж Т, М бид гурав хохирогчийг өргөж машины арын суудал дээр суулгаад таксины жолоочид хандан “эмнэлэг яваарай” гэж хэлээд Х-д “М бид хоёр эмнэлэг рүү араас нь алхаад явчихъя” гэж хэлээд явах гэтэл Х-д “андаа машинд суу” гэж хэлээд машинаасаа буугаад ирсэн. Тэгээд бид хоёрт машины хаалга онгойлгож өгөөд машинд суулгасан. Машинд ороод Х-д “22 дугаар байр луу” гэж таксины жолоочид хэлсэн. Машинд хохирогчийг оруулахаас өмнө хохирогч баарны хашаан дотор ухаан алдсан юм шиг хариу үйлдэл үзүүлэхгүй, цээжин дээр нь дарж үзэхэд амьсгалж байгаа байдалтай байсан. Харин түүнийг машинд оруулсны дараа өмссөн өмд нь цус болсон байгааг мэдсэн. Би түүнийг бөөрөндөө шилээр зүсүүлчихсэн байх гэж бодоод цамцыг нь сөхөж үзэхэд ямар нэгэн шарх байгаагүй учраас гуяндаа шарх авсан байна гэж бодсон. Ингээд бид 22 дугаар байрны гадна буусан. Амь хохирогчийг Т бид хоёр өргөөд орцны үүдний сандал дээр суулгасан бөгөөд хохирогч ухаан орохгүй байсан ба би бие засах гээд 22, 23 дугаар байрны голоор орж бие засаад ирэхэд М гэр лүүгээ ороод 2-оос 3 минутын дараа буцаж гарч ирээд Х-д “андаа 103 дуудъя, эхнэр зөвшөөрөхгүй байна” гэхэд Х-д “мань нь өөрөө эмчилчихнэ” гэж хэлсэн. Тэгтэл 22, 23 дугаар байрны голоор хүмүүсийн дуу гарахад Т бид хоёр хохирогчийг дамнаж өргөөд М-гийн орцны 4 давхарт гаргасан. Араас Х-д, М нар ирсэн бөгөөд бид хохирогчийг Х-дийн амьдардаг өрөөнд оруулсан. Т бид хоёр алчуур авч эргэж гараад 5, 4 дүгээр давхарт дуссан цусыг цэвэрлэсэн бөгөөд эргэж орж ирээд би хохирогчийн биений яг аль хэсгээс цус гарч байгааг харахаар өмдийг нь тайлахад баруун талын цавь хэсэгт хатгагдсан шархтай, цус нэлээн их хэмжээгээр гарсан байхаар нь би “угаасаа оёдол тавихаар байна, эмнэлэг дуудья” гэхэд Т “за” гэж хэлсэн. Ингээд Х хохирогчийн гүрээний судсан дээр гараа тавьж үзээд “угаасаа нас барчихсан байна, эмнэлгээ дууд” гэж хэлсэн. Удалгүй эмч ирээд Э-ийг “өөд болсон байна” гэж хэлсэн. М бид хоёр анх эмнэлэг явья гэж хэлэхэд Х-д “машин суу” гэж хэлээд шууд 22 дугаар байрны гадна ирсэн. Яг ямар шалтгаанаас муудсаныг мэдэхгүй байна. Ер нь тэр хоёр хааяа нэг нэгэндээ гомдоод тунирхаад байдаг юм. Өчигдөр орой 22 цагийн үед Т, амь хохирогч Э бид гурав заал авч сагсан бөмбөг тоглосон юм. Тоглож дуусаад явж байхад Э “өнөөдөр Х-д ирж тоглоно гэж байгаад хүүхдээ харж байна гээд ирсэнгүй” гэж хэлж байсан. Х-д амь хохирогч “хэлсэндээ байсангүй” гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэр үед Х-д хүүхдээ хараад очиж чадаагүйгээс болж хоорондоо муудалцсан байж магадгүй юм. Түүнээс биш Х-д, амь хохирогч хоёр хоорондоо маргаж муудалцаад байх өс хонзон байхгүй. Миний бодлоор Х-д эхнэртэйгээ маргаад, эхнэр нь яваад сэтгэл санаа нь тавгүй байсан шалтгаанаас болж амь хохирогчтой маргаж ийм асуудал болсон байх. Х-д баарны үүдэнд гартаа барьсан пивоны шилээ хагалж, хагалсан шилээр нь Э-ний баруун цавь хэсэгт нь нэг удаа хатгаж биед нь гэмтэл учруулсан. Би Т, Х-д нартай 5-аас 6 жил найзалж байна. М-г багаасаа мэддэг байсан, сүүлд найзууд болсон. Х-д бага зэргийн согтуу байсан. Э согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Х, Э нар хоорондоо найзууд. Амь хохирогч Х-н биед халдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124-р хуудас/,
- Гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 18-ныг шилжих шөнө 02 цагийн орчимд Багануур дүүргийн 4-р хороо, Рашаантын 16-09 тоотод гэртээ сэрүүн аавтайгаа цуг кино үзээд сууж байтал найз Х-с фэйсбүүкээр “Ирж надтай уулзаадах, миний найз юм бол” гээд уурласан өнгө аястай чат ирэхээр нь би “Хар шөнө яах гээд байгаа юм бэ” гэхэд “Зүгээр хүрээд ир, чи миний найз юм бол” гэхээр нь найзууд болох Ө, Э нар луу чат бичээд “Х-д та нар луу юм бичсэн үү, над руу чат бичсэн” гээд чатны утгыг хэлсэн. Тэгээд Х-тай уулзахаар болоод 02 цаг өнгөрч байхад гэрээсээ хувцсаа өмсөөд гарсан. Гараад явж байхдаа талийгаач Э-тэй таарсан. Талийгаач руу бас тийм өнгө аястай чат бичсэн байсан тул Х-дийг Соронз дэлгүүрийн тэнд байна гэхээр нь тийшээгээ явсан. Замдаа найз Ө-рыг дуудаад хамт гурвуулаа алхаад явсан. Соронз дэлгүүрийн тэнд очоод бид гурвыг байж байхад араас такси бариад найз М ирсэн. М нь Х-тай цуг байр түрээсэлж Багануурт амьдардаг юм. Соронз дэлгүүрийн гадаа очоод Х-д руу чат бичээд хаана байгааг нь асуухад “Майлд хаус” бааранд байна гэхээр нь “Майлд хаус” баар луу бид дөрөв очсон. “Майлд хаус” бааранд очиход Х-д бааранд ганцаараа нэг ширээн дээр пиво уучихсан сууж байхаар нь очих гэхэд баарны эзэн нь бид нарыг насанд хүрээгүй байна гээд баар луу оруулаагүй үүднээс нь буцаасан. Х-д бид нарыг дагаад гарч ирээд баарны гадаа Э бид хоёр луу гомдоллож эхэлсэн. Бид хоёрт хандаж “Та хоёрыг хэцүү байхад хажууд чинь байнга байх ёстой юм уу” гэж асуусан. Э нь амьдралд болохгүй бүтэхгүй юм болох болгонд Х-д руу ярьж, асууж яахуу ийхүү гэж ярилцдаг байсан юм. Тэгээд асуусан асуултаа бид хоёроос давтан асуугаад уурлах өнгө аяс гаргаад эхэлсэн. Би Х-ийг тайтгаруулаад “би ойлгож байна” гэхэд над руу юм ярихаа болихоор нь би тэд нараас жоохон зайдуу холдоод, зайгаа бариад зогссон. Учир нь юу ч болох юм билээ гээд жоохон айсан. Тэр үед Э-ээс өмнө асуусан асуултаа Х-д асуухад Э юм дуугарахгүй байсан. Тэгтэл Х-д нь уурлаад бааранд байхдаа ууж байсан пивоо аваад гарч ирсэн байсангаа уугаад, асгаад байсан. Тэгээд гартаа байсан пивоны шилээ хагалах шиг болсон, би тэр үед жоохон анхаарлаа өөр тийш нь хандуулаад эргээд харахад Ө Э, Х-д нарын дундуур ороод гараараа хоёр тийш нь түлхээд хоёуланг нь холдуулж байгаа харагдсан. Х-д гартаа пивоны хагарсан шил барьчихсан Ө хойш нь түлхэж байгаа харагдсан. Би Х-дийг аль гартаа шил барьсан байсныг сайн хараагүй. Тэгээд Х-д над руу хагарсан пивоны шилээ барьчихсан дөхөөд “Би та нарыг хэцүү байх болгонд хажууд чинь байдаг, би ингэх ёстой юмуу, та нар ч гэсэн миний хажууд байх ёстой биздээ” гээд орилоод байсан, би айгаад хойшоо ухраад “Болъё оо андаа, хэл амаар учраа ол, би чамайг ойлгож байна” гээд тайтгаруулах гээд нэлээн ухраад холдсон. Тэгж байхдаа Ө-т хандаж “одоо больцгооё” гэхэд Х-д “чи зүгээр нааш ир, би чамайг яах ч үгүй, надтай юм яриадах” гэхээр нь би “за тэгье” гээд ярилцсан. Би тайтгаруулж, тайвшруулах гэж нэлээн оролдсон боловч уур нь гарахгүй, Х-д талийгаач Э-нийг хараад л уурлаад байсан. Х-тай ярилцах явцдаа би ухраад “Майлд хаус” баарны үүднээс төмөр хашаа хүртэл ухарсан байсан, тэр үед талийгаач Э рүү хальт харахад “Майлд хаус” баарны үүдэнд газар дээшээ хараад хэвтчихсэн, М, Ө хоёр босгох гээд дийлэхгүй байгаа бололтой, талийгаачийн өмсөж явсан өмд, гутал хэсэг нь нил цус болчихсон байхаар нь очоод “яасан бэ, юу болсон бэ” гэхэд талийгаач юм дуугараагүй. Тэгэхээр нь М-г “такси олоод ир” гэж хэлсэн, М тэндээс такси олж ирэхээр явсан. Би Ө-тай талийгаачийг босгох гээд оролдож байх явцад 5-10 минут орчмын дараа М такси аваад ирсэн тул би Ө-тай хамжилцаад талийгаачийг үүрээд таксины арын суудал дээр оруулаад суулгасан. Тэгээд Ө “шууд эмнэлэг явъя” гэхэд Х-д тухайн үед машины урд суудал дээр сууж байснаа “22 дугаар байр руу явъя” гэж таксины жолоочид хэлээд М, Х-д нарын түрээсэлдэг 22 дугаар байранд ирсэн. 22 дугаар байрны гадаа ирээд Х-д таксины мөнгө өгөөд талийгаачийг буулгаад, бүгдээрээ 22 дугаар байр руу ороод 5 давхарт Х-н гэр рүү М түрүүлээд араас нь Х-д орсон, Ө бид хоёр талийгаачийг үүрээд оруулсан. Гэрт оруулаад цусыг нь тогтоохоор эмч дуудахаар болоод талийгаачийн хаанаас цус гарч байгааг шалгах гээд өмдийг нь тайлахад баруун талын гуяны урд хэсэгт, цавьны орчимд зүсэгдсэн жижиг шарх үүсээд хавдчихсан, шархнаас нь цус гарч байсан тул алчуураар дарж цусыг нь тогтоох гэж оролдсон, цус нь бага зэргийн тогтсон. Тэр үед талийгаач юм яриагүй, хааяа нэг авиа гаргаад байснаа чимээгүй болчихсон тул М түргэн рүү залгаад дуудлага өгсөн, эмч удалгүй ирээд талийгаачийг үзээд “өнгөрчихсөн байна, шууд эмнэлэг дээр ирэхгүй яасан юм бэ” гэж хэлээд ирсэн эмч нь цагдаа дуудсан юм.
Тухайн үед Ө, Х-д, М, М-гийн эхнэр нь байсан. Сүүлд Х-д эхнэр рүүгээ залгаад болсон асуудлыг хэлээд, эхнэр нь ирсэн. Өөр хүн байгаагүй. Х-д пиво уусан байсан, хэр зэргийн согтолттойг мэдэхгүй байна. Өмнө нь юу уусныг нь мэдэхгүй. Бид нарыг очиход ямар ч байсан пиво уучихсан сууж байсан. Бусад нь бүгд эрүүл байсан. Би Э-г яаж гэмтсэнийг хараагүй, сүүлд Ө-ын хэлснээр ““Майлд хаус” баарны гадаа Х-д нь гартаа барьсан пивоны шилээрээ Э рүү зангахад нь би гарыг нь бариад болиулсан” гэж хэлсэн. Бид нар хоорондоо найзуудын холбоотой хүмүүс, би энэ хүмүүстэй найзлаад 1 жил гаран болж байна. Талийгаач Э, Х-д нар хоорондоо маргалдаж, муудалцаж байсныг мэдэхгүй, хоорондоо ямар асуудалтай байсныг мэдэхгүй. Талийгаачтай найзалж эхэлснээс хойш болж бүтэхгүй ямар ч зүйл гарсан найзууд руугаа л ярьж хэлдэг байсан, бид нар тэр занг нь мэддэг учраас аргадаж, тайтгаруулж, зөвлөдөг байсан. Анх би Э-тэй уулзаад асуухад Э-н “Хүн зүв зүгээр байж байхад сонин сонин юм бичээд байхаар нь би өөдөөс нь Х-д руу уурласан” гэж хэлсэн. Баарны гадаа бол Х-д нь талийгаач бид хоёр луу гомдоллоод “Та нарыг хэцүү байх болгонд би байнга хажууд чинь байх ёстой юмуу, та нар ч гэсэн миний хажууд байх ёстой” гээд л уурлаад, тэр асуултаа давтаад хэлээд асуугаад байсан. Э гэмтсэнийхээ дараа болон өмнө юм дуугараагүй, Э-нийг гэмтсэний дараа Х-д юм хэлээгүй тамхи татаад зогсоод л байсан. Э-нийг яагаад газар унасан талаар хараагүй, нэг харахад газар хэвтчихсэн байсан. М такси дуудахаар явсны дараа Э, бид хоёр руу Х-д нь гомдоллосон үгээ хэлээд л байсан. Тухайн үед Э-нийг хаанаа, яагаад гэмтсэнийг харанхуй байсан тул мэдээгүй, тухайн орчинд баарны үүдний бүдэг гэрлээс өөр тод гэрэл байгаагүй, ямар ч байсан өмсөж явсан өмд нь нил цус болчихсон, бид нар өргөх гээд дийлэхгүй ноцолдож байхад бид нарын өмсөж явсан хувцсанд цус наалдаж байгааг анзаарсан тул тэндээс яаралтай авч явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
...Талийгаачийг газар уначихсан байхад М-г такси авчруулахаар явуулахад такси 5-10 минутын дараа ирсэн. Тэгээд таксинд суусны дараа таксины жолоочид “эмнэлэг явъя” гэхэд Х-д нь таксины урд талд сууж байхдаа “22 дугаар байр луу шууд явна” гэж хэлсэн. Байранд оруулаад шууд шархыг нь үзчихээд М-ээр түргэн дуудуулсан. Тэр хооронд цусыг нь тогтоох гээд оролдож байхад эмч ирсэн. Эмч яг хэдэг минутын дараа ирснийг анзаараагүй.
Бид нар ер нь хоорондоо маргалдаж муудалцаад байдаггүй, өчигдрийн хувьд Х-д нэг л сонин болчихсон байсан. Болж бүтэхгүй асуудал гарвал хоорондоо найзуудаараа сууж байгаад ярилцаад шийдчихдэг байснаас биш ийм асуудал огт үүсэж байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116-р хуудас/,
- Гэрч М.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай хэсгийн 3 дугаар гудамжны 26 тоотод “Майлд хаус” нэртэй баарыг ажиллуулдаг юм. Тэгээд шөнө 01 цагийн үед манай баарны баруун талын тасалгаанд 1 эрэгтэй хүн ганцаараа сууж байсан. Тэгээд байж байтал гаднаас 20 орчим насны 4 залуу орж ирээд баруун талын заал руу яваад орчихсон. Тэгэхээр нь очоод тухайн залуучуудтай уулзаад “та нар насанд хүрээгүй хүмүүс байх шиг байх юм” гэхэд тухайн залуучууд “ах аа үйлчлүүлэхгүй ээ, одоо гарлаа ахаа” гэсэн. Тэгтэл анх сууж байсан залуу надад “эд нар манай дүү нар байгаа юм аа, намайг авах гэж ирсэн юм, одоо гарлаа” гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүмүүсийг дагуулаад шууд баарнаас гаргасан. Тэгээд би буцаж баар руугаа орсон. Тухайн залуучуудтай би анх очиж уулзахад ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинж ажиглагдаагүй. Манай бааранд сууж байсан залуу л пиво уугаад сууж байсан. Тухайн хүмүүсийн хооронд ямар нэг муудалцаж маргалдсан зүйл байгаагүй. Манай баарнаас гараад юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн залуучууд нь намайг гаргаснаас хойш буцаж орж ирээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/,
- Гэрч А.Б-тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 00:00 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай хэсэгт амьдардаг найз Э.И-тыг очиж аваад түүнтэй цуг өөрийн 29-07БРА улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй Багануур дүүргийн дотор таксинд явсан. Явж байгаад “Майлд хаус” бааранд орчихоод хашааны гадна байх машиндаа очиж эхнэртэйгээ утсаар ярихаар баарнаас гараад иртэл баарны үүдэнд хэсэг залуучууд нэг газарт унасан залууг тойроод зогссон байхад хажуугаар нь гараад баарны хашааны гадна байх машиндаа
суугаад эхнэр А-тай утсаар яриад байж байхад хар куртиктэй 2 залуу ирээд “Таксинд явах уу” гэж надаас асуусан. Би “явна” гэж хэлтэл тэр 2 залуу буцаж яваад бас 2 залуутай цуг нөгөө газарт хэвтэж байсан залуугаа дамжилж ирээд машины хойно суулгаад, түүний хажууд 1 залуу суугаад машины урд суудалд хар куртиктай, хар ноосон малгайтай залуу суугаад, шар үстэй залуу нэг залуугийн хамт машинд суулгүй “Бид хоёр багтахгүйн байна алхаад очъё” гэж хэлээд төв зам руу алхсан. Тэгээд би машинтайгаа хөдлөөд “Хаашаа явах уу” гэж асуухад машины хойноос нэг залуу “эмнэлэг явъя” гэж хэлэхэд миний машины урд суусан байсан хар куртиктэй залуу “Үгүй ээ, 22 дугаар байр луу явна” гэж хэлэхэд нь би машинтайгаа хөдлөөд нөгөө алхаж явсан 2 залуугийн хажууд машинтай очих үед урд сууж байсан залуу намайг “Зогсож бай” гэхээр нь би машинтайгаа зогстол тэр залуу нөгөө алхаж байсан 2 залууд хандаж “Машинд суу, бөөндөө явъя” гэж хэлэхэд нөгөө хоёр залуу түүнд хандаж “Багтахгүй юм биш үү, бид хоёр алхаад явъя” гэтэл “Багтана аа, бөөнөөрөө явъя” гэтэл тэр хоёр суусан. Тэгээд би 22 дугаар байр луу хөдлөөд явж байх замд урд сууж байсан танихгүй залуу машинд сууж явсан 2 хүний нэрийг хэлээд, тэд нарт хандаж “Ийм найзууд байдаггүй шүү, хүнийг мөнгөтэй, мөнгөгүй байхыг ойлгодоггүй дандаа үг хаядаг” гэсэн утга бүхий юм ярьсан. Тэгээд тэр залуу надад хандаж “Ахаа ийм найзууд байдаг юм уу” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хариулсан. Тэр залуу согтуу байх шиг байсан. Тэгээд 22 дугаар байрны гадна ирээд тэд нарыг буулгачихаад “Майлд Хаус” бааранд үлдсэн байсан найз И-ыг авахаар очоод, ард олон хүмүүс суусан болохоор арын суудлын бүтээлгээ янзлах гэтэл машины арын суудлын бүрээс цус болсон байсан. Тэгээд би найзынхаа хамт “Майлд хаус” баарнаас “М клуб” баар луу хүргэхээр 3 хүн авч суулгаад явах замдаа өмнө нь 22 дугаар байрны гадна буулгасан орцныхоо гадаа очтол миний машины урд сууж явсан залуу, өөр нэг залуугийн хамт орцны гадна тамхи татаад зогсож байхаар нь би тэдэнд хандаад “Энэ юун цус болсон юм бэ” гэж асуухад машины урд сууж байсан хар куртиктэй залуу “Манай найзын толгой хагарсан юмаа, та дансаа өгчих, машин угаалгах мөнгө шилжүүлье” гэж хэлээд миний дансыг аваад 5175113666 гэсэн данснаас миний 5012189859 гэсэн Хаан банкны данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн 2 залуугаас “янз бүрийн юм болоогүй биздээ” гэж асуухад миний машины урд сууж хүргүүлсэн залуу “Үгүй ээ ах, санаа зоволтгүй, тийм юм байхгүй” гэж надад хэлэхээр нь би яваад өгсөн. Машины хойно суусан байсан нэг хүн “эмнэлэг явъя” гэж хэлэх шиг болсон, би яг хэн нь хэлснийг хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед хүн гэмтэж бэртсэн талаар сайн мэдээгүй ээ. Тухайн үедээ архи хэтрүүлээд тасарсан юм болов уу гэж бодсон. Харин сүүлд машин цус болсныг хараад гэмтсэн юм байна гэж бодоод буцаж очиж асуусан. Миний машины хойно сууж байсан хүмүүсээс ямар нэгэн өвдөж ёолох чимээ огт гараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127-р хуудас/,
- Гэрч Х.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр М болон 7 сартай хүү Н нарын хамтаар Багануур дүүргийн 1-р хороо 22-р байрны 86 тоотод байр түрээслэн амьдардаг юм. Бид нартай хамт жижиг өрөөг нь түрээслэн нөхрийн найз Х-д нь эхнэр Г, охин У нарын хамтаар амьдардаг юм. 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед Х-д эхнэр Г-аа маргалдсан. Учир нь тухайн үед манай ээж над руу утсаар ярьж байхдаа “Танай өрөөний хажуугийн өрөөнд байдаг хүний дүү нь дүүг чинь дээрэлхэдэг гэж байна, миний охин нэг хэлчихээрэй” гэж ярьсан. Тэр үед нь би утсаа чанга яригч дээр тавьчихсан байсан, тэр яриаг Г, Х-д нар нь сонссон. Тэгээд Г өрөөндөө ороод хамт байсан дүүгээ сэрээгээд “Харь, би чамайг харж чадахгүй, гэр лүүгээ яв” гэж хэлсэн, тэгтэл Х-д “хар шөнөөр хүүхэд сэрээж явуулах гэлээ” гээд тэрнээс болж өрөөндөө маргалдаад байх шиг байсан. Тэгж байгаад Г нь хүүхдээ, 2 дүүтэйгээ аваад “Ээжийнх рүүгээ явлаа” гээд хувцаслаж байхтай зэрэгцээд Х-д нь түрүүлээд хажуугаар нь гараад явчихсан. Гарахдаа эхнэртээ хандаж “би өөрийнхөө амийг хорлоно” гэсэн утгатай зүйл яриад гараад явсан. Араас нь Г охиноо, 2 дүүгийн хамт аваад гараад явсан. Би нөхөр М, хүү Н нарын хамт үлдсэн. Манай нөхөр унтахаасаа өмнө Х-д руу чат бичээд хаана байгааг нь асуугаад хайсан, тэгэхэд Х-д хаана байгаагаа хэлэхгүй “Би гадаа юм ууж байна, миний амьдралд гай болсон хүмүүсийг ална” гэсэн утгатай зүйл чатаар бичээд байсан юм билээ. Тэгээд бид гурав өрөөндөө унтаж байтал нөхөр М рүү Х-д чат бичсэн байсан. Би хальт харахад “Чи хүрээд ир, чи миний жинхэнэ анд байж чадах уу, би Б, М хоёрыг дуудчихсан, би амьдралаа алдчихлаа, миний амьдралд гай болсон хүмүүсийг ална” гэсэн утгатай чат байсан. Тэгээд М “Х-ийг аваад ирье” гээд 02 цаг өнгөрөөд 03 цаг болж байхад гэрээсээ гараад явсан, удалгүй 1 цаг орчмын дараа хаалга түлхүүрээр онгойлгоод хүн орж ирсэн. Тэр үед сэрээд харахад нөхөр М сандарчихсан байдалтай, араас нь Х-д гартаа шилтэй пиво барьчихсан орж ирээд тэрийгээ уугаад байгаа харагдсан. Араас нь Ө, Т /Мука/ нь Э-ийг хоёр талаас нь сугадчихсан, Э нь чирэгдсэн байдалтай, ухаангүй юм шиг орж ирээд Ө, Т, Э нар нь жижиг өрөөнд орсон. Тэр үед би өөрийнхөө өрөөнд сэрүүн байж байхад нөхөр М өрөөнд орж ирэхээр нь би “яасан, юу болсон юм бэ” гэхэд “Х-д Э-нийг дүрчихлээ” гэж М хэлээд “түргэн дууд” гэж хэлсэн. Тэгтэл үүнийг Х-д сонсоод орж ирснээ “түргэн дуудахгүй шүү, наадах чинь зүгээр зүгээр” гээд байсан. Нөхөр М нь “миний хайр цаанаа чимээгүй эхнэр рүү нь хэлчихээ” гэж хэлсэн учир би Х-ийн эхнэр Г руу өөрийн 88137724 гэх дугаараас дугаарыг нь олоод залгасан, тэгээд утсаа авахаар нь “Х-д Э-ийг дүрчихлээ гэж байна, чи хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэр үед М өрөөнд орж ирээд “Түргэн дууд” гэхээр нь би түргэн дуудах гэж байтал нөхөр М утсаа аваад өөрөө түргэн рүү залгаад дуудлага өгсөн. Энэ үед Ө, Х-д, Т нар нь тэрүүгээр холхиод, сандраад яваад байсан. М нь миний хажуунаас холдоогүй хажууд байгаад байсан. Х-д нь өрөөнүүдээр орж гараад яваад байсан. Ө, Т нар нь жижиг өрөөнд л байгаад байсан, би юу хийж байгааг хараагүй. Удалгүй гаднаас эмч орж ирээд үзээд “Э-ийг нас барчихсан байна” гээд цагдаа руу дуудлага өгч байсан. Х-д л ганцаараа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэрт байхдаа гаднаас авчирсан пивоо уугаад байсан. Бусад хүмүүс нь бүгд эрүүл байсан. Талийгаачийг анх гэрт оруулж ирэхэд ухаангүй бололтой Ө, Т хоёр сугадаад, чирэгдсэн байдалтай орж ирсэн тэр үед харахад өмсөж явсан өмд нь нилэнхүйдээ цус болчихсон харагдсан. Хаанаа яаж гэмтсэнийг хараагүй, шууд Х-дийн амьдардаг өрөөнд оруулсан, өрөөнд оруулснаас хойш очиж огт хараагүй. Надад манай нөхөр М нь хэлэхдээ “Х-д Э-нийг шил хагалаад дүрчихлээ” гэж хэлсэн. Хаанаа яаж гэмтсэн талаар мэдээгүй, эдгээр хүмүүсийн яриагаар баруун цавь, гуяны дээд хэсэгт дүрчихсэн байна цус алдаад байна гэж ярьж байсан. Би Ө, Т, Э нартай огт яриа өрнүүлээгүй, надтай юм яриагүй. Х-д нь өрөөнд орж ирээд анх бол “битгий дуудлага өг, зүгээр зүгээр” гээд байсан. Дараа нь надтай “Нөхрийнхөө найзуудыг сайн харж байгаарай, нөхрөө ойлгож байгаарай, гарч оруулж байгаарай, би амьдралаа алдчихлаа, Мука /Т\/, Бек /Э\/ нар миний амьдралд гай болчихлоо, энэ хоёроос болж өнөөдөр муудлаа, хүний амьдралд эхнэр нөхөр хоёрын маргаан гэж байгаа, би эхнэрээ өвдөглөөд түлхсэн, энэ хэрүүл энэ хоёроос боллоо, Бек /Э/ зүгээрээ, би удахгүй хадан гэр лүүгээ явчихна” гээд уйлаад яриад байсан. ...Анх гэрт орж ирэхэд Э хоёр найздаа чирүүлээд, сугадуулаад, ухаангүй бололтой харагдсан, жижиг өрөөнд оруулснаас хойш би хараагүй, гэхдээ би болон тэнд байсан найзууд нь бүгд нас барсан гэж мэдээгүй, эмч ирээд нас барчихлаа гэж хэлэхэд л бүгд мэдсэн. Бид бодохдоо амьд л байна гэж бодоод байсан юм. Тэгээд нас барсанг мэдсэнээс хойш бүгдээрээ юу ч яриагүй, Х-д нь эхнэр рүүгээ залгаж “би хүн алчихлаа, миний хүүхдийг аваад ир” гээд уйлаад байсан, тэгж байхдаа “миний эхнэр, хүүхдийг сайн харж байгаарай” гээд уйлаад л байсан өөр зүйл яриагүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113-р хуудас/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 2-17-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-20-р хуудас/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн: “”Майлд хаус” баарны дотор талын сэжигтэн Х-ийн сууж байсан хэсгийг харуулсан камерийн бичлэгт үзлэг хийв. Х-ийг сууж байхад түүн дээр 03:18:52 секундээс М, Ө, Т нар орж ирж байгаа харагдаж байна. Баарны хамгаалагч 03:20:35 секундээс ирээд буцахад түүнтэй амь хохирогч Э зөрж тэдэн дээр очиж байгаа нь харагдаж байна. Бичлэгийн 03:21:10 секундээс Э, Х-д хоёр хоорондоо юм ярьж байгаад Х-д суудлаасаа босоход түүнийг Ө хориглож Х-ын гарнаас пивоны шилийг булааж авч байна. Энэ үйл явдлын араас баарны хамгаалагч болон захирал З нар ирж тэд баарнаас гарч байгаа нь харагдаж байна.
Үзлэг хийхээр хураан авсан бичлэг нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Майлд хаус” баарнаас гадагш гардаг хаалгыг чиглэсэн, дуу чимээ бичдэг, он сар өдөр цагийг тааруулаагүй 03 минут 02 секундийг эх хувиар нь хуулбарлан авсан хяналтын камерийн бичлэг байлаа. Бичлэг эхлэхэд “Майлд хаус” баарнаас Т, амь хохирогч Э нар гарч ирж байгаа харагдаж байна. Бичлэгийн 32 дахь секундэд тэдний араас Ө, сэжигтэн Х-д, М нар гарч ирж Т, Э нартай нийлж байгаа нь харагдаж байна. Сэжигтэн Х-д нь бичлэгийн 02 минут 02 секундээс хойш эргэж алхаад энгэрээсээ пивоны шил гаргаж ирж баарны хажуу талын төмөр хашлага дээр пивоны шилээ хагалж байгаа нь харагдаж, сонсогдож байна. Бичлэгийн 02 минут 11 секундээс сэжигтэн Х-д нь гартаа хагалсан пивоны шилээ барьсан байхдаа амь хохирогч Э, Т хоёрт хандаж “үнэн ээ хэл дээ” гэж байгаа нь тод сонсогдож байна. Бичлэгийн үргэлжлэлд Х-д нь “хөөе үнэн юм уу” гэж байгаа нь сонсогдож байна. Бичлэгийн 02 минут 15 секунтээс амь хохирогч Э нь гадуур хувцасныхаа энгэрийг хоёр гараараа дэлгэж байгаа нь харагдаж байна. Түүнийг Ө, М хоёр хориглож байх бөгөөд М Х-ийн баруун гараас зуурсан байхад тэр баруун гарт байсан пивоны хагархай шилээ зүүн гартаа шилжүүлж “хөөе” гэж чанга хашгираад бичлэгийн 02 минут 20 секундэд зүүн гарт байх шилээрээ Э-ний баруун цавь хэсэгт хатгахад чимээ сонсогдож байна. Х-д түүний дараа Э-нд хандаж “би чамайг шаана шүү гөлөг минь, би чиний найз мөн юм уу, биш юм уу гөлөг минь” гэж хашгирах бөгөөд гарт нь шилний хагархай байсаар М, Ө нар доош тонгойж Х-дийн шилээр дүрсэн газар луу харж байна. 02 минут 40 секундээс Х-д бичлэгт харагдахгүй байгаа ч “өвдөөд байна уу” гэж хашгирч байгаа нь сонсогдож байна. Мөн Т рүү хандаж “зүгээр чи наанаа зогс, пизда минь би чамайг яах ч үгүй” гэж байгаа нь сонсогдоод бичлэг дуусаж байна.
Дээрхи үйл явдлаас үргэлжилж “Майлд хаус” баарны автомашин гардаг хаалганы дээрээс харсан камерт үзлэгийг үргэлжлүүлэв. Уг камерийн он сар өдөр, цаг минут таарч байх бөгөөд 03:26:35 секунтэд М хашаанаас гүйн гарч ирж байгаа нь харагдаж байна. Тэр утсаар залгаж нааш, цааш сандарсан байдалтай холхиж байгаад төв зам руу явж байгаа нь харагдаж байна. 03:28:40 секунтээс камерт харагдаж байгаа 29-07 БРА улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машин руу очиж сууж байгаа харагдаж байна. Бичлэгийн 03:29:30-42 секундийн хооронд сэжигтэн Х-д баарны хашаанаас гарч ирж, М төв замаас буцан ирж 29-07 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой уулзаад М баарны хашаа руу орж байна. Удалгүй Х-д баарны хашаа руу ороход түүнтэй зөрж М, Ө, Т нар амь хохирогч Э-нийг дамжлан өргөж 29-07 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суулгаж, Х-д урд сууж байгаа нь 03:30:24-03:31:30 секундийн хооронд харагдаж байна. М, Ө хоёр тэднийг суулгаад цааш алхах бөгөөд машин хөдөлж тэдний хажууд зогсож Х-д машинаас бууж ирээд тэр хоёр машинд сууж, Х-д буцаж урдаа суун цааш хөдөлж байхад камерийн цаг 03:32:10 секунд болсон байгаа нь харагдав” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-24-р хуудас/,
- Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 36-52-р хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн: “...баруун гуяны урд дээд хэсэгт баруун ташаан товгороос доош 15 см зайд хөндлөн байрлалтай, зах ирмэг тэгш 0,7 см хэмжээтэй улаан ягаан өнгийн шархтай, уг шарханд далд хийж шалгахад урдаас хойш чиглэлтэй 4 см гүн орж байв, шархны эргэн тойрон хаван хавдартай” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 128-132-р хуудас/,
- Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1132 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Д.Х-н өмсөж байсан гэх өмд гутал, дээр цус илэрсэн, футболка дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Д.Х-ийн өмсөж байсан гэх өмд, гутал дээр илэрсэн цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 143-145-р хуудас/,
- Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1131 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн өмсөж байсан гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн өмсөж байсан гэх хувцаснууд дээр илэрсэн цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 157-159-р хуудас/,
- Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1288 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотуур өмдний 18 мм хэмжээтэй гэмтэл нь гогдож татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт, цэнхэр өнгийн жинсэн өмдний 5х4мм хэмжээтэй, хар хөх өнгийн дотоожны 3х4мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ цооролтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн Сэнгүр гэсэн бичиглэлтэй шилний хэсгээр үүссэн эсэхийг материал судлалын шинжилгээгээр тогтооно...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 162-167-р хуудас/,
- Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1130 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг хөвөн бамбар дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбар дээр илэрсэн цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 172-173-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 55-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс хохирол, хор уршиг учирсан гэх хоорондын шалтгаант холбоо байхыг шаарддаг. Хүнийг алах гэмт хэрэгт байх шалтгаант холбоо нь гэмт этгээдийн бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хүн нас барсан байх шинжийг заавал агуулна.
Амь хохирогч Д.Э нь баруун гуяны артерийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан болох нь цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай: “...1. Талийгаач Д.Э-ний биед баруун гуяны дээд хэсэгт баруун гуяны артерийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх баруун гуяны артерийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээд уруулын зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг баруун гуяны артерийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээд уруулын зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. 4. Дээрх баруун гуяны артерийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. 5. Д.Э-ний биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач Д.Э нь нас барах үедээ спиртийн төрлийн зүйл хэрэглээгүй байжээ. 7. Д.Э нь О (I) нэгдүгээр бүлгийн цустай байна. 8. Талийгаач нь баруун гуяны артерийг гэмтээсний улмаас цочмог цус алдаж нас баржээ. 9. Талийгаач Д.Э нь эмнэлгийн яаралтай тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан байна...” /1-р хх-ийн 135-138-р хуудас/ гэх дүгнэлтээр тогтоогдож байх ба хохирогчийг нас барахад хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Д.Х-ийн пивоны шилний хагархайгаар Д.Э-ний баруун гуяны дотор хэсэгт 1 удаа хатгасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иргэдийн төлөөлөгч Б.М: “...Шүүгдэгч Д.Х-д нь хүний аминд хүрсэн нь илэрхий тогтоогдсон гэж үзэж байгаа тул гэм буруутай.” гэсэн дүгнэлтийг;
Улсын яллагч С.Б: “...Шүүгдэгч Д.Х-дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ий амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу оршуулгын зардалд 14,873,034 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгчээс 5,200,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 9,673,034 төгрөгийг шүүгдэгч Д.Х-аас гаргуулах саналтай байна. Хохирогчийн гэр бүлийн гишүүдээс сэтгэл санааны хохирол, хор уршигт 132,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлыг шийдэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас энэ тал дээр тайлбар байхгүй.” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.С-с: “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Энэ хэргийн нөхцөл байдал үнэхээр харамсалтай нөхцөлд болсон. Хохирогчийн зүгээс муудалцах асуудал байгаагүй, хохирогчоос шалтгаалсан буруутай үйлдэл гэхээр зүйл байхгүй, цэвэр Х-ийн буруутай үйлдэл харагддаг. Энэ хэрэг гарснаас хойш хохирол төлбөр бүрэн барагдаагүй, оршуулгын зардалд нэхэмжилсэн 14,873,034 төгрөгнөөс шүүгдэгч 5,200,000 төгрөгийг төлсөн. Энэ хүн ядаж гэмшсэн шинж байгаа бол ар гэртэй нь уулзаж уучлал гуйх байсан байх, гэтэл ар гэртэй нь нэг ч удаа уулзаагүй, эндээс харахад гэмшсэн гэдэг нь харагдахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Иймд оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдэгдэл 9,674,034 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Мөн энэ гэмт хэргээс хохирогч нас барсан тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хуульд заасан хохирогчид аль ашигтайгаар тооцож, өөрөөр хэлбэл талийгаач нь 19 настай залуу хүн байсан тул хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцоход 132,000,000 төгрөг гарч байна. Иймээс дээрх сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардлаас үлдэх төлбөрт нийт 141,674,034 төгрөгийг шүүгдэгч Х-аас гаргуулж өгнө үү. Талийгаачийн маань хүүхэд одоо 4 сартай, эхнэр нь оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрөөр хэлбэл эхнэр хүүхдийг нь шууд тэжээн тэтгэх хүнгүй үлдэж байгаа, иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээч.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т: “...Гэм буруугийн талаар хэлэх зүйлгүй. Миний хүүг унтаж байхад нь дуудаж, очсон хойно нь амь насыг нь бүрэлгэсэнд маш их харамсаж байна. Хохирлын талаар хуульд шинээр орсон зохицуулалтаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэсэн тайлбарыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргах, мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын хувьд шүүгдэгчээс оршуулгын зардалд 5,200,000 төгрөгийг төлсөн байгаа. Нэхэмжлэлээс үлдэх 9,674,034 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь гэмшихгүй байгаа асуудал биш, шүүгдэгчийн зүгээс болон ар гэрээс нь боломжит бүх аргаар мөнгө цуглуулж 5,200,000 төгрөгийг төлсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. Сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж байна. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын дээд шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тогтоол гаргасан. Энэ хэргийн үйл баримт энэ хуулийн зохицуулалтыг хэрэгжихээс өмнө гарсан учраас тухайн тогтоол гарснаас хойшхи хугацаанд үйлдэгдсэн хэрэг дээр сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг хэрэглэхээр байна гэж үзсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон хүн болгонд энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэх үү, үгүй юу гэдэг нь бас дурдагдсан байгаа. Сэтгэл санааны хохирол яригдаж байгаа тохиолдолд шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тогтоол, мэдэгдэл гэх зэрэг нотлох баримтууд гарч ирэх ёстой гэж үзээд байгаа юм. Мөн бие сэтгэцэд учирсан хор хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр шууд үнэлэх боломжгүй, энэ нь шүүхэд олгогдсон эрх хэмжээ учраас шүүх тухайн нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хэмжээний асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Х-д: “Найзынхаа амь насыг хохироосонд харамсаж байна. Надтай яаж харилцдаг талаар хүн болгон мэднэ. Найзынхаа ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлэг нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн амь нас хохирсон байдал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Д.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Д.Х-дийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.Э нь амь насаараа хохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх Б.Т /1-р хх-ийн 103-р хуудас/-г тогтоосон нь үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлалд нийт 14,873,034 төгрөгийг баримтаар нэхэмжилжээ. Үүнд:
Хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.
Хохирогч нас барсан тохиолдолд түүнийг оршуулахтай холбоотой гарсан зайлшгүй зардлаас гадна гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэйг Иргэний хуулийн 497, 508, 509, 511 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Х нь оршуулгын зардалд нийт 5,200,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...дансаар эхлээд 4,000,000 төгрөгийг, өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-гээс хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлалд нэхэмжилсэн 14,873,034 төгрөгнөөс шүүгдэгчээс төлсөн 5,200,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 9,673,034 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгох нь зүйтэй.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 132,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр амь хохирогч Д.Э нь 18 нас 10 сар 26 хоногтой байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 102-р хуудас/ мөн Д.Э-нийг нас барсаны дараа төрсөн түүний охин Э.Б 4 сартай болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, “Энх өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /шүүх хуралдаанд өгсөн баримт/-оор тус тус тогтоогдож байна.
Монгол улсын хүн амын дундаж наслалт, хүйсээр “Статистикийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэнээр 2022 онд Улсын дүнгээр эрэгтэй 67,3 үүнээс Улаанбаатар хотод эрэгтэй 67.1 гэсэн тоон мэдээллийг Багануур дүүргийн Статистикийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай албан тоот, хавсралтад тусгажээ. /шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс өгсөн баримт/.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэжээ.
Иймд амь хохирогчийн насны байдал, гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн шаналал, учирсан хор уршиг зэргийг харгалзан, амь хохирогч Д.Э гэр бүлийн гишүүн болох төрсөн эх Б.Тэ-гийн гаргасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчид ашигтай байдлаар буюу нас барсан Д.Э нас, хүн амын дундаж наслалтын зөрүү болох 48 жил /Хүн амын дундаж нас /эрэгтэй/ 67-оос Д.Э-ний нас 19-г хасаж тооцсон/-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн 2,750,000 төгрөгөөр үржүүлэн /48*2,750,000/ 132,000,000 төгрөгөөр тооцов.
Иймд оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлалд нэхэмжилсэн 14,873,034 төгрөгнөөс төлөгдөөгүй 9,673,034 төгрөг, нас барагчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 132,000,000 төгрөг, нийт 141,673,034 төгрөгийг шүүгдэгч Д.Х-даас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д олгуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тус ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 251 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан яллагдагч Д.Х-н өмсөж явсан хар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, биеийн тамрын өмд 1, цоохор футболк 1, улбар шар, хар оруулгатай ардаа nike гэсэн бичиглэлтэй, ногоон үдээстэй цагаан ултай цус мэт зүйлээр бохирлогдсон хос пүүз 1, хохирогч Д.Э өмссөн байсан шар хүрэн өнгийн юүдэнтэй малгайтай ноосон цамц, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн даавуун турсик, бүдэг цэнхэр өнгийн жинсэн өмд, бор хүрэн өнгийн тэлээ, цайвар өнгийн оймс 1 хос, тод ногоон өнгийн оймс 1 хос, шар өнгийн богино түрийтэй зүүн хөлийн гутал 1 ширхэг, шар өнгийн хагас түрийтэй өрөөсөн гутал, сэнгүр нэртэй пивоны хагархай хүзүү хэсгийн шил, пивоны шилний хагархай хэсгүүдийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, мөн Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Майлд хаус” баарны 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн баарны дотор хэсэгт үйл явдлыг харуулсан 1, гадна хэсэгт үйл явдлыг харуулсан 3, нийт 4 ширхэг хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Си Ди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээлгэх, мөн хэргийн газраас хураан авсан Iphone маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгуулах саналтай” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.С-с: “Улсын яллагчаас санал болгож байгаа ял шийтгэл дээр маргаад байх зүйлгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан талийгаачийн гар утсыг хууль ёсны төлөөлөгчид буцааж олгуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т: “ Их гомдолтой байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-аас: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулж өгөөч. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь тогтоогдож байгаа хэдий боловч шүүгдэгчийн хувьд тухайн цаг үед хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдах санаа зорилго байгаагүй гэдгийг харгалзаж үзээч, мөн шүүгдэгчид ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгаантай, архаг сүрьеэ өвчнөөр эмнэлгийн хяналтад байж байгаад энэ хэрэгт холбогдсон, насны хувьд залуу хүн, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөөч. Хохирол төлбөрөөс төлж барагдуулах боломжийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөөч.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Х-с: “...Би оногдуулах хорих ялаа нээлттэй хорих байгууллагад эдэлж, ажил хийж хохирол төлбөрөөсөө барагдуулмаар байна, намайг үнэхээр уучлаарай, өөр хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэг/-н жил 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тус хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Х-дийг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 192-р хуудас/-оор баривчилж, шүүгдэгч нь тухайн өдрөөс хойш шүүхийн шийдвэрээр 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 251 хоног цагдан хоригдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Х-дийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгч Д.Х-дийн өмсөж явсан хар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, биеийн тамирын өмд, цоохор футболк, улбар шар, хар оруулгатай ардаа “nike” гэсэн бичиглэлтэй, ногоон үдээстэй цагаан ултай цус мэт зүйлээр бохирлогдсон хос пүүз, амь хохирогч Д.Э өмссөн байсан шар хүрэн өнгийн юүдэнтэй малгайтай ноосон цамц, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн даавуун турсик, бүдэг цэнхэр өнгийн жинсэн өмд, бор хүрэн өнгийн тэлээ, цайвар өнгийн оймс 1 хос, тод ногоон өнгийн оймс 1 хос, шар өнгийн богино түрийтэй зүүн хөлийн гутал 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн хагас түрийтэй өрөөсөн гутал, Сэнгүр нэртэй пивоны хүзүү хэсгийн хагархай шил, пивоны шилний хагархай хэсгүүд зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Майлд хаус” баарны 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн баарны дотор хэсгийн үйл явдлыг харуулсан 1, гадна хэсэгт үйл явдлыг харуулсан 3, нийт 4 ширхэг хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээх, хэргийн газрын үзлэгээр хураан авсан “I-phone” маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д олгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Майлд хаус” баарны 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн баарны дотор хэсгийн үйл явдлыг харуулсан 1, гадна хэсэгт үйл явдлыг харуулсан 3, нийт 4 ширхэг хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээх,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан “I-phone” маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ