| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/01039/И |
| Дугаар | 183/ШШ2020/01550 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2020/01550
| 2020 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2020/01550 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: М холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008.2.1-ний өдөр М-ийн удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон ажилд орж, тус хүрээлэнгийн Өмнөговь аймгийн Булган сум дахь Говийн бүсийн бэлчээрийн М-ийн захирлаар ажиллаж байсан ба тус байгууллагад 12 жил ажилласан. Харин 2020 оны 2 сарын 03-ны өдрийн 24 дугаар тушаалаар ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн ба тушаалыг 2020.02.14-ний өдөр гардаж аваад, эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Би тус байгууллагад компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд захирлын тушаалд дурдагдсан үндэслэл нь огт болоогүй болно. 2020 оны 01 сарын 28-ны өдөр зөвлөл хуралдсан боловч тэнд тэмдэглэл хөтөлсөн хүн байгаагүй, мөн ямар нэг бичлэг ч хийгээгүй. Миний хувьд ажлын цагаар архи ууж, ажид тасалсан зүйл байхгүй бөгөөд машинаа янзлуулахаар хотод орж ирснийг дарга нар мэдэж байсан. Иймд миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байх тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч М-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь М-ийн харьяа Өмнөговь аймгийн Булган сум дахь Говийн бүсийн салбар хүрээлэнгийн захирлаар ажиллахс байгаад хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасаны улмаас 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 24 тоот тушаалаар ажлаас халагдсан. Учир нь манай байгууллага дээр Үндэсний аудитын газраас шалгалт хийгдэж байсан бөгөод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хурал хийж салбар хүрээлэнгийн захиралууд, нягтлан бодогч болон бусад ажилчдыг шалгалтын явцад хөдөө орон нутагт явахгүй байх, шалгалтад шаардлагатай мэдээ, тайлан баримтаа бэлэн байлгах талаар үүрэг даалгаварыг удирдлагын зүгээс болон аудиторын зүгээс өгсөн. Аудитын шалгалтын явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Г ыг дуудахад ажлын байран дээрээ байхгүй байсан бөгөөд гэр бүлээс нь асуухад Өмнөговь явсан гэж хэлсэн бөгөөд энэ нь худлаа байсан болно. Мөн өдрөө тэрээр ажлын байран дээр архидан согтуурч, жолоо барьсан байсан. Үүнийг манай байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан Т.Х, Б.Н, туслах ажилтан Т.Н нар гэрчилдэг. Ийнхүү үүссэн асуудлаар байгууллагын захирлын зөвлөлийн хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дээрх бүхий л нөхцөл байдал ноцтой зөрчлийг Б.Г ыг байлцуулан хэлэлцсэн бөгөөд тэрээр өөрийн гаргасан зөрчлөө хуралд оролцон бүрэн хүлээн зөвшөөрч Би архи уусан, үнэртүүлсэн, албаны бус хувцастай байсан тул уулзаагүй гэдэг хэлсэн болно. Ингээд уг хурлаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн болно. Тушаалыг хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчич гаргасан, хөдөлмөрийн 5.2.8, 5.2.9, дотоод журмын 21.6, 21.8, -д заасан үндэслэлээр гаргасан болно. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл үүссэн, нөгөө талаар хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар тусгасан, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд мөн тусган зохицуулсан, ажилтан нь захирлын зөвлөлийн хуралд биечлэн оролцож ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн учраас манай байгууллагын зүгээс гаргасан тушаалаа бүрэн дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн 2020.02.03-ны өдрийн тушаалыг мөн өдрөө гардаж авсан баримт хэрэгт ирсэн бөгөөд 2020.02.14-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж авна гэж тушаалыг дахин авсан байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байх тул Б.Г ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г хариуцагч М д холбогдуулан тус хүрээлэнгийн Өмнөговь аймгийн Булган сум дахь Говийн бүсийн бэлчээрийн М-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Б.Г нь 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс М-д дадлагжигч ажилтнаар ажилд орж, улмаар 2019 оны 2 сарын 01-ний өдрөөс тус хүрээлэнгийн Өмнөговь аймгийн Булган сум дахь Говийн бүсийн бэлчээрийн М-ийн захирлаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтүүд, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3, 44-52/
Харин М-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 24 дүгээр тушаалаар, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.6, 21.8 дахь заалтыг үндэслэн ...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагдаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хожимдсон ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэгэлсэн, согтуу болон мансуурсан үедээ ажил үүрэг гүйцэтгэсэн, танхайрсан, бусдыг өдөөх хоргоож айлган сүрдүүлсэн...үндэслэл зааж Б.Г той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хариуцагч байгууллага нь ...байгууллагын захирлын зөвлөлийн хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дээрх бүхий л нөхцөл байдал ноцтой зөрчлийг Б.Г ыг байлцуулан хэлэлцсэн бөгөөд тэрээр өөрийн гаргасан зөрчлөө хуралд оролцон бүрэн хүлээн зөвшөөрч Би архи уусан, үнэртүүлсэн, албаны бус хувцастай байсан тул уулзаагүй гэдэг хэлсэн болно. гэх тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, /хх-ийн 19-51/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг гаргажээ.
Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.
Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т /байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 21-р хэсэг/ тушаалд заасан үндэслэлийг тохирсон байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Г нь 2020.01.27-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байранд архидан согтуурсан гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Эдгээрээс дүгнэхэд тушаалын үндэслэлд заасан хөдөлмөрийн гэрээний 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Б.Г ыг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 2 сарын 3-ны өдрөөс 2020 оны 6 сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын 84 хоногийн олговор 3 721 956 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Г ын цалинг хариуцагч М-с гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтоос Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 952 652 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 84 өдрийн /952 652:21,5=44 309/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 3 721 956 төгрөгөөр /44 309 х 84 өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 24 тоот тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу Б.Г нь 2020.02.03-ны өдөр тушаалаа гардаж авсан хэрнээ 2020 оны 03 сарын 11-ний өдөр гаргасан нь хуулийн хугацаа хэтрүүлсэн гэж маргасан байна.
Хавтаст хэрэгт хариуцагч М-с 2020.02.03-ны өдөр болон 2020.02.14-ний өдөр Б.Г д тушаал гардуулж, гарын үсэг зуруулсан баримтыг эх хувиар нь ирүүлсэн байх ба шүүх уг тушаалыг гардаж авсан 2020.02.14-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолж, дээрх хуулийн хугацаанд гаргасан гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г ыг М-ийн Өмнөговь аймгийн Булган сум дахь Говийн бүсийн бэлчээрийн М-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 721 956 төгрөгийг хариуцагч М гээс гаргуулан Б.Г д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Г ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг М д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч М гээс улсын тэмдэгтийн хураамжинд 74 501 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ