| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/0274/З |
| Дугаар | 221/МА2026/0317 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0317
Х.С-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0270 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.С
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
Хэргийн индекс: 128/2025/0274/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.1. Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 дугаар “Гаалийн улсын байцаагчийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” тушаалаар Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн бичиг баримт, үнэ үнэлгээ хариуцагч гаалийн улсын байцаагч Х.С-ийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлжээ.
2.2. Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/65 дугаар “Тушаалын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” тушаалаар 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалын Х.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.3. Анх нэхэмжлэгч Х.Сэс “Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 дугаар “Гаалийн улсын байцаагчийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Тушаалын зарим хэсгийг хүчингүй болгох тухай Б/65 дугаар тушаалаар маргаан бүхий 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалын нэхэмжлэгч Х.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, үүрэгт ажилд нь нэн даруй оруулахыг нэгжийн даргад нь үүрэг болгож шийдвэрлэсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлт гаргаж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2026/1711 дүгээр захирамжаар “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг тусгаарлажээ.
3. Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0270 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 26 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 2,894,860 төгрөгийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгон” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
4.1. “... Нэхэмжлэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 26 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийх нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.14."хөдөлмөрийн хамтын харилцаа" гэж хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээг дээшлүүлэх, нийгмийн түншлэлийг хангах зорилгоор ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгч болон ажилтны төлөөлөгчийн хооронд үүссэн харилцааг, түүнчлэн ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгч, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хооронд үүссэн харилцааг,
4.1.15."хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг,
154.2. Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж тус тус заасан.
4.2. Иймд нэхэмжлэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 26 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 2,894,860 төгрөгийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийх шаардлагыг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор оруулж шийдвэрлэхээр байсан гэж үзэж байна.
4.3. Энэ талаар эрх зүйн дүгнэлт хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0270 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгч Х.Сэс “Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 дугаар “Гаалийн улсын байцаагчийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар маргаан бүхий 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалын нэхэмжлэгч Х.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, үүрэгт ажилд нь нэн даруй оруулахыг нэгжийн даргад нь үүрэг болгож шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2026/1711 дүгээр захирамжаар “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий энэхүү захиргааны хэргийг тусгаарласан байна.
4. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэж ажилгүй байсан 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан олгож, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хөдөлмөрийн харилцаа тэдгээрийн хооронд үргэлжлэх ажилгүй байсан энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь ажил олгогчийн үүрэг” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар “2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалын нэхэмжлэгч Х.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, үүрэгт ажилд нь нэн даруй оруулахыг нэгжийн даргад нь үүрэг болгож” шийдвэрлэсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул уг ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 26 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 2,894,860 төгрөгийг хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийх шаардлагыг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор оруулж шийдвэрлэхээр байсан...” гэх боловч нэгэнт хамт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсний дараа хариуцагч нь нэг шаардлагыг хүлээн зөвшөөрч, нөгөө шаардлагыг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн зөвшөөрсөн шаардлагаас улбаатай зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ