Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00199

 

 

 

 

 

 

2022           02            24                                          001/ХТ2022/00199

 

 

 

Л.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02256 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2057 дугаар магадлалтай,

 

Л.Тгийн нэхэмжлэлтэй

“Т Б К” ХХК-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр илүү суутган авсан 14,085,230 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Я.Гэрэлтогтохын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02256 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч “Т Б К” ХХК-аас 14,085,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Тд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 228,376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2057 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 09 сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,377 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч Я.Гэрэлтогтох хяналтын гомдолдоо: ...Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

1. ...барьцаа хөрөнгийг худалдан борлуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс аливаа гомдлын шаардлага гаргаагүй ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч 19,010,000 төгрөгийн үнийн дүн дээр тохиролцсон ба үүний дараа дугуй солиогүй байна 3,120,000 төгрөгийг олгож өгнө гэх хүсэлтийн дагуу мөн 3,120,000 төгрөг нийт 22,130,000 төгрөгийг шилжүүлж үүгээр нэг тал нь гэрээний үүргийг барьцаа хөрөнгийг хангуулж, нөгөө тал харилцан тохиролцсон зөрүү төлбөрийг авснаар зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсон болно. Энэхүү тохиролцоог буюу зээлийн үндсэн төлбөр, хүү болон алдангийн төлбөрийг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу чөлөөтэй бөгөөд харилцан тохиролцож тогтоосон. Учир нь зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүйтэй холбогдуулан зээл, хүү, алдангийн тооцооллыг өөрөө хүлээн зөвшөөрч, гэрээний үүргээ зөрчсөн гэм бурууг хүлээн зөвшөөрч тохиролцсон болно. Нөгөөтэйгүүр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар зээлдэгчийн 05700214 дугаар зээлийн гэрээ дуусгавар болсон бөгөөд үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 675,000 төгрөг, зогсоолын төлбөр 614,000 төгрөг, алданги 22,858,230 төгрөг гэж тооцоолон баримтад тусгагдсан боловч уг дүн нь бүхэлдээ алдангид суутгагдсан дүн бус барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулахтай холбоотой зардал, засвар үйлчилгээний зардал гэх мэт бусад зардлаас бүрдсэн, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон дүн юм. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр мөнгө авсан гэж үзвэл уг асуудлаар тухайн үед гомдол, шаардлагыг гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, төлбөр тооцооны асуудлаар харилцан тооцож, гэрээг дуусгавар болгосон байтал жил гаруй хугацаа өнгөрсний дараа ийнхүү шүүхэд хандан нэхэмжилж буй нь үндэслэлгүй бөгөөд төлбөрийн асуудлыг тухайн үед харилцан тохиролцож шийдвэрлэсэн болохыг харуулж байгаа юм.

2. Нэхэмжлэгч нь “Т Б К” ХХК-иас барьцаа хөрөнгийг худалдан борлуулсантай холбоотойгоор зөрүү төлбөр гэх 15,374,230 төгрөгийг гаргуулах, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байсан ба 2020.03.23-ны өдрийн 102/ШШ/2020/00848 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зөрүү төлбөр гэх 15,374,230 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг ба үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь зөрүү төлбөр гэх 15,374,230 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн болно. Өөрөөр хэлбэл, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэгт хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг тус шүүх өмнө шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Л.Т нь төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн юм. Мөн маргааны үндэслэл болоод буй тээврийн хэрэгслийг Л.Тгөөс Н.Мягмархоролд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр бусдад худалдан борлуулсан байх ба тухайн итгэмжлэл хүчин төгөлдөр байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаагүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Зохигч 2021.12.13-ны өдрийн Эвлэрлийн гэрээг хяналтын шатны шүүхэд ирүүлжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Л.Т нь “Т Б К” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр илүү суутган авсан 14,085,230 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

 

7. Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч талууд маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар “нэхэмжлэгч Л.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,085,230 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж, хариуцагч “Т Б К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 9,000,000 төгрөгийг 2021.12.14-ний өдөрт багтаан нэхэмжлэгчид төлнө. 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банк дахь 5030333368 тоот дансанд шилжүүлнэ” гэсэн нөхцөлийг гэрээнд тусгажээ.

 

8. Эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд байгуулсан, гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02256 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2057 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Т нь 5,085,230 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч “Т Б К” ХХК нь 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2021.12.14-ний өдөр шилжүүлэхээр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

 

               ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

 

                                                                                   П.ЗОЛЗАЯА

 

                                                                                   Д.ЦОЛМОН

 

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД