| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/0060/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00064 |
| Огноо | 2023-11-21 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Хосбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал /онлайнаар/
Шүүгдэгч Т.Бигали нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2337000530081 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гурилын үйлдвэрийн оператор мэргэжилтэй, Ховд аймгийн Булган сумын Баян-судал багийн Засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баян-судал багт оршин суух, Базархул овогт Төлөвханы Бигали. /РД:ПБ68110877/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Бигали нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баян-судал багт байрлах цэцэрлэгийн барилга дээр тухайн барилгын компаний удирдлагаас өгсөн үүргийн дагуу буюу барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэх явцдаа “Хажмура” хязгаарлагдмал хариуцлагатай компаний өмчлөлийн авто ачигч “Ковш” тээврийн хэрэгслийг жолоодож барилгын ажил гүйцэтгэх явцдаа осол гаргаж А.Хурманы эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Бигалийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Тэр өдөр үдийн цайны дараа би ковшоор зуурмаг аваачиж өгөөд, нярвын ажил хавсарч хийж байсан учир цавуу авна гэхээр нь гаргаж өгчхөөд буцаад иртэл ковш байрандаа байгаагүй бөгөөд би зуурмаг зуурч байсан газар очоод ковш асаахад араатай байж байгаад шууд хөдлөөд А.Хурман зуурмагын тогоо ковш хоёрын дунд хавчуулагдсан байсан. Тухайн үед сандраад эмнэлэг цагдаа гэж огт санаанд ороогүй байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс гарч ирээд эмнэлэгт хүргэж аппаратанд оруулаад эмнэлгийн машинаар Ховд аймаг явуулсан. Хурман Ховд аймагт 2-3 хоног эмчлүүлээд Ховдоос цааш Улаанбаатар хот орж 14 хоног эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Бигалийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн барилга дээр манаачаар ажилладаг байсан. Би Толхын Ойл компанитай 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан бөгөөд ажилгүй иргэдэд ажил олгох зорилгоор уг барилга дээр ажиллуулж өөрөө аюулгүй байдлыг нь хангах үүрэг хүлээдэг байсан. Тухайн үед уг барилгын авто ачигчийн жолооч Базарбек нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны үеэр Ховд аймаг руу хуримд явсан. Барилга хариуцаж байгаа Толхын ойл компаны захирал Дурдубайгаас 10 хоногийн чөлөө авч явсан. Тухайн үед Толхын ойл компаний захирал Дурдубай намайг чи ковш барьж чаддаг юм чинь энэ ковшийг жолооч нь иртэл хэдэн хоног барьчих гэж хэлэхэд зөвшөөрч уг ковшийг барьж эхэлсэн. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би 14 цагийн үед уг ковшийг бариад ажил хийж байгаад ковшоо барилгын хаалганы үүдэнд тавиад хоол иддэг өрөөнд байж байтал манай ажилчин Ж.Бейсенби ирээд складнаас замаск гаргаад өгөөд ковш дээрээ шавар ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би складнаас замаск гаргаж өгөөд, буцаад ковш дээрээ очиход уг ковшийг М.Эрбол гэх залуу асааж яваад гаднаас хайрга хутгаж аваад зуурагчны хажууд тавьчихсан байсан. Тэгээд би ковш дотор орж суугаад асаах үед ковш араатай байсан бөгөөд урагш хөдлөөд зуурагчны хажууд байсан А.Хурманыг ковшны шанага зуурагчтай нь хавсарч мөргөсөн. Тухайн үед би ковшийг ухрах араанд нь хийж хойш нь болгож зогсоогоод эмнэлэгт дуудлага өгсөн. А.Хурман тэр орой Ховд аймаг руу явсан” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Хурманы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 06 дугаар сарын 20-нд хичээлийн амралт эхлээд Булган сумын Баянсудал багт баригдаж байгаа шинэ цэцэрлэгийн барилгын ажилд туслахаар ажиллаж эхэлсэн. Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа очоод үдийн цайнд орчихоод 14 цагийн үед Бесеймбий, Эрбол бид гурав барилга дээр шаврын ажил хийж байсан бөгөөд шавраа ковшны шанагаар зөөлгөдөг байсан тухайн үед шавар дуусахаар нь Бесеймбий ковш барьж байсан Бигали ахыг дуудахаар явахад Эрбол уг ковшийг бариад би хажууд нь суугаад хашааны гадна байсан хайрганаас ковшны шанаганд хийгээд зуурмагны машины хажууд авч ирж ковшаа унтраасан. Тэгээд Бесеймбий бид хоёр зуурмагны машины хажууд хайрга шигшдэг тор дэлгээд тавьж байх үед миний араас нуруу хэсэгт ковшны шанага ирж би түрэгдээд зуурмагны машин ковшны шанага дунд хавчуулагдсан. Тэгээд ковшийг хойш ухрааж тэнд байсан хүмүүс намайг эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед зуурмагны машины хажууд Бесеймбий, Т.Бигали бид гурав байсан. Туслах ажилтан хийдэг байсан бөгөөд компанитай албан ёсоор гэрээ байгуулсан зүйл байхгүй
Аюулгүй ажиллгааны зааварчилгааг Берик гэж барилгын инженер амаар өгдөг байсан. Зааварчилгааг дэвтэр дээр танилцуулж гарын үсэг зуруулдаг зүйл байхгүй. Уг барилга дээр ковш жолооддог байсан Т.Бигали гэж ах байсан. Миний биеийн аарцаг хэсэг, сүүжний хэсэг гэмтэл учирсан. Ховд аймгийн БОЭТ-д төмсөгний арьс оёх хагалгаанд орсон. Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын эмнэлэгт аарцагны хагалгаанд орж 14 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн мөн хувийн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Санал гомдол гэх зүйл байхгүй миний эмчилгээ үйлчилгээ, замын зардал, эм тариа гэх зүйлийг тус барилгын компаниас даасан. Цаашид ийш тийш явж эмчилгээ хийх шаардлагатай тул тус зардлыг уг компаниас гаргуулах хүсэлтэй байна” гэх
...Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, гаргаж өгөх хохирлын баримт байхгүй, надад шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй” мэдүүлэг,
Ж.Бейсембийгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн барилга дээр туслах ажилтнаар ажилладаг. Бид нар уг барилга дээр шаврын ажил хийж байсан бөгөөд шавраа ковшны шанагаар зөөлгөдөг байсан. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шаврын ажил хийж байгаад шавар дуусахаар нь би ковш барьж байгаа Т.Бигалийг дуудаж шавар авхуулахаар ажилчдын хоол, цай уудаг гэр лүү ороод гараад ирэх хооронд барилгын хаалганы үүдэнд байсан ковшыг Ж.Эрбол гэх залуу жолоодож хайрга авч зуурмагны машины хажууд очиж зогсоод унтраасан. Тэгээд Т.Бигали ковшиндоо суугаад асаах үед ковш шууд урагшаа хөдлөөд зуурмагны машины хажууд байсан А.Хурман гэх залуу зуурмагны машин болон ковшны шанага дунд хавчуулагдсан. Тухайн үед Т.Бигали ковшоо хойш ухраахад А.Хурман нэг алхаад газар унасан. Би А.Хурман дээр очоод босгох гэтэл А.Хурман босож чадаагүй. Тэгээд барилга дээр ажиллаж байсан хүмүүс ирж Булган сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. А.Хурман, Т.Бигали бид гурав байсан бусад хүмүүс нь барилга дээр байсан бөгөөд А.Хурман хавчуулагдсаны дараа ирсэн. Ямар зорилгоор ковшийг хөдөлгөснийг мэдэхгүй байна. Үндсэн жолоочийн нэрийг мэдэхгүй байна. Ховд аймаг руу ажилтай гээд явсны дараа Т.Бигали тэр ковшийг жолоодож байсан. Албан ёсоор гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг,
М.Эрболын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би Ховд аймгийн Булган сумын Баян-судал багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн барилга дээр туслах ажилтнаар 2 өдөр ажилласан. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр бид нар уг барилга дээр шаврын ажил хийж байсан бөгөөд шавраа ковшны шанагаар зөөдөг байсан. Тухайн өдөр шаврын ажил хийж байгаад шавар дуусахаар нь Бейсембий ковшны жолооч болох Т.Бигалийг дуудахаар явсан тэр хооронд А.Хурман бид хоёр уг ковшийг бариад хайрга аваад зуурмагны машины хажууд очиж хайргаа буулгаад ковшоо унтраах үед ковш хойш ухраад байхаар нь би араанд нь хийж орхиод барилга руу пилита зөөхөөр явсан. А.Хурман зуурмагны машины хажууд үлдсэн. Тэгээд 5-10 минутын дараа барилгын гадна хүн орилохоор нь гарч ирэхэд А.Хурман газар уначихсан байсан. Тэгээд уг барилга дээр ажиллаж байсан ажилчид очоод Булган сумын эмнэлэг дуудах А.Хурманыг эмнэлэг рүү хүргэсэн. А.Хурман, Т.Бигали, Ж.Бейсембий нар байсан. Би барилга дотор пилита зөөдөг байсан. Барилга дээр 10 гаруй хүмүүс ажиллаж байсан. А.Хурман бид хоёр шавар дуусахаар нь хайрга зуурмагны машинд ойртуулья гэж ярилцаад би ковш бариад А.Хурман миний хажууд сууж явсан. Ямар нэг хүн ковш жолоод гэж үүрэг өгөөгүй. Би албан ёсоор уг компанитай гэрээ байгуулаагүй манай ах болох Т.Бигали ажилд орох уу гэхээр нь тэгье гэж хэлээд ажиллаад 2 хонож байсан...“ гэх мэдүүлэг,
Т.Дырдубайгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би Толхын ойл ХХК-ийн захирал хийдэг. Би Булган сумын цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байсан ковш буюу авто ачигч машиныг жолоодож байсан залуу нь Ховд аймгийн төвд хүүхдийнхээ хуримын ажилтай болж чөлөө авсан тул манаач, нярав Т.Бигалид ковш буюу авто ачигч машиныг жолоодохыг зөвшөөрсөн байгаа, Т.Бигали нь 2022 оны 12 дугаар сард сургалтад сууж авто ачигч буюу ковш жолоодох эрхийн үнэмлэх авч сургалтад суусан байдаг, жолоодох эрхийн үнэмлэхтэй. Булган сумын хүүхдийн цэцэрлэгийн барилга дээр хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтнийг ерөнхий инженер Д.Бекбай хавсран ажиллаж байсан. Тус барилга дээр ажиллаж байгаа ковш тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, үзлэг оношилгоонд бүрэн хамрагдсан...“ гэх мэдүүлэг,
Хохирогч А.Хурманы биед учирсан гэмтлийн талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11802 дугаартай:
1. А.Хурманы биед баруун талд суудал ясны дээд салаа сүүжний тогоотой нийлэх урд бяцарсан хугарал, доод салаа зөрүү, сэлтэрхий хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн дээд ирмэг суудал ястай нийлэх хэсгээр сэлтэрсэн хугарал, симфиз үе зөрсөн хугарал, аарцагны цагиргын бүрэн тасарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт,
Хохирогч А.Хурманы биед учирсан гэмтлийн талаар Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1065 дугаартай:
1. А.Хурманы биед ууц сүүжний холбоос бүрэн салсан, аарцагны цагирагны тасрал гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл
2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн.
3.А.Хурманы биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Т.Бигали нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баян-судал багт байрлах цэцэрлэгийн барилга дээр тухайн барилгын компаний удирдлагаас өгсөн үүргийн дагуу буюу барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэх явцдаа “Хажмура” хязгаарлагдмал хариуцлагатай компаний өмчлөлийн авто ачигч буюу Ковш гэх тээврийн хэрэгслийг жолоодож барилгын ажил гүйцэтгэх явцдаа осол гаргаж А.Хурманы эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Хурманы мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11802 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.Бигалийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Т.Бигалийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Бигали нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэж, түүнд 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсан байна.
Шүүгдэгч Т.Бигали нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч А.Хурман нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, гаргаж өгөх хохирлын баримт байхгүй гэсэн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Бигали нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Хурманы энэ хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Бигали урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Базархул овогт Төлөвханы Бигалийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бигалийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бигалид оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Бигали нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Бигалид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Т.Бигали нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Хурманы цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бигалид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ