Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2020/02028

 

 

 

 

2020 07 27

183/ШШ2020/02028

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Б.Б-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 4 366 890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э  миний хүү О.А  нь 2018 оны 9-р сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дугаар дунд сургуулийн 0 тоот ангид байхад нь ангийн сурагч Б.Б  цүнхэнд нь байсан цэвэр усыг зөвшөөрөлгүй авснаас болж маргаан болсон. Улмаар Б.Б  нь хүү О.А-с уучлал гуйлгүй, түүнийг мөргөж хамрын ясны мурийлт, хугарал зэрэг гэмтэл учруулсан. Иймээс миний бие 2018 оны 9-р сарын 17-ноос хойш Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гарган, хүү О.А ийг зодсон Б.Б ийг шалгуулахад, Б.Б  нь Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, шүүхэд шилжүүлэхгүй удаасан. Бид утсаар байнга асууж байсан боловч шийдвэр гарсан гээд Хан-Уул дүүргийн Прокурорын газар дуудаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хаасан бичиг өгсөн. Миний бие прокурорын тогтоолыг гардан авч гомдол гаргахад дээд шатны Прокурор дахин мэдэгдэх хуудсандаа Монгол Улсын Иргэний хуулийн 497, 505, 506 дугаар зүйлд зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлыг шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх зүйтэй гэжээ. Д.Э  миний бие хүү О.А-н хамрын мурийлт, хугарлыг эмнэлэгт үзүүлсэн төлбөр 521 740 төгрөг, эмчилгээ хийлгүүлсэн эм тарианы төлбөр 845 150 төгрөг зарцуулсан. Миний хүү О.А ийг Б.Б тэй маргалдсны улмаас анги хамт олон гадуурхаж Хан-Уул дүүргийн ЕБ-ын 0-р сургуулиас шилжиж Оном сургуульд сурсан. Энэ сургуулийн 2 жилийн сургалтын төлбөр 3 000 000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэгч Д.Э  миний бие хүү О.А ийн бие махбодод учирсан гэм хорыг эмчлүүлэх, сэтгэл санаа орчныг өөрчлөхөд учирсан хохирол болох 4 366 890 төгрөгийг хариуцагч Б.Б , Д.Э-д гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б , түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.9.17-ны өдөр Хан-Уул дүүргийн 0-р сургуульд өөрийнх нь эрүүл мэндэд хор хохирол, хор уршиг гэх О.А тэй нэг ангид суралцаж байх хугацаанд тухайн өдрийн хичээлийн 2 цаг дээр О.А ийн цүнхэнд байсан савтай усыг авч уусан. Тухайн үед О.А  хүний юманд дураараа хүрлээ гэж уурлахаар нь би уучлалт гуйтал тэр уурлаад намайг заамдсан. Энэ үед ангийн охин Э голын салаанд сууж байснаа бид хоёр руу ирээд А эээ болио гэж хэлээд түүнийг цаашаа авч явсан. Удалгүй А  над руу буцаж ирээд намайг заамдаж хоолой боогоод түлхэж унагаасан. Тухайн маргааны явцад миний зүгээс түүний бие эрүүл мэндэд ямарваа нэг хэлбэрээр халдсан, гэмтээсэн зүйл огтхон ч болоогүй. Харин хэрэг учрал гарсан 2018.9.17-ны өдрөөс 7 хоногийн дараа О.А  түүний асран хамгаалагч нар цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан. Миний зүгээс тухай өдөр түүнийг цохих цаашлаад мөргөж хамар тушаа газарт нь гэмтэл учруулаагүй, бидний дунд гарсан маргаан болж өнгөрснөөс хойш 7 хоногийн хугацаанд О.А д учирсан гэх хохирлыг өөрөө болгоомжгүйгээр эсхүл өөр бусад этгээд түүнд учрууулж болох хангалттай хугацаа өнгөрсний дараа цагдаагийн байгууллагад хандсан. Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байх хугацаанд уг эргэлзээг арилгах тодорхой нэр төрлийн ажиллагааг мөрдөгч хийж явуулаагүй. Харин О.А ийн асран хамгаалагчийн төлөөлөгчийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Б.Б  нь хүү О.А ээс уучлалт гуйгаагүй, түүнийг мөргөж хамрын ясны мурийлт хугарал зэрэг гэмтэл учруулсан.. гэж бичсэн байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.1-т шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан. Товчхондоо О.А ийн өргөдлөөрөө шалгаж байсан Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10.1 дэх хэсэгт 1.1-т зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хаагдсан. Иймд надад холбогдуулж шалгаж байсан хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэж, миний үйлдэл О.А ийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон мэтээр надад холбогдуулан гэм хор учруулснаас үүссэн хохирол надаас нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд ...О.А ийн хамрын муруйлт, хугарлыг эмнэлэгт үзүүлсэн төлбөр 521 740 төгрөг, эмчилгээ хийлгүүлсэн эм тарианы төлбөр 548 150 төгрөг зарцуулсан гэж бичсэн байна. Нэхэмжлэгч нь 2018.9.21-ний өдөр 110 000 төгрөг Гранд мед эмнэлэгт, 2018.9.21-ний өдөр 20 000 төгрөг мөн эмнэлэгт, 2018.9.22-ны өдөр 1 520 төгрөг Цэлмэг эмийн сан, 2018.9.30-ны өдөр 6 800 төгрөг, 2018.9.30-ны өдөр 2 550 төгрөг Цэлмэг эмийн сан тус тус үзлэг оношилгоо болон эмчилгээний зардал хэмээн хавсаргасан байна. Миний зүгээс О.А  түүний эрүүл мэндэд учирсан гэх хохиролд буруугүй. Тухайн баримтууд нотлох баримтын хүрээнд үнэлэгдэх боломжгүй байна. Нэхэмжлэлд ...Миний хүү О.А ийг Б.Б тэй маргалдсаны улмаас анги хамт олон гадуурхаж сургуулиас шилжиж О сургуульд сурсан. Энэ сургуулийн 2 жилийн сургалтын төлбөр 3 000 000 төгрөг төлсөн гэсэн байна. О.А  нь 2017.8.30-ны өдөр 000 сургуулиас шилжин ирээд 2018.10.02-ны өдөр О сургуульд шилжин явсан шийдвэр, үйлдэл нь түүний өөрийн болон асран хамгаалагчдын шийдвэр бөгөөд дээрх шийдвэр үйлдэлтэй холбогдон гарсан сургалтын төлбөрийг миний зүгээс барагдуулах хууль цаашлаад ёс зүйн үндэслэл байхгүй гэв.

Хариуцагч Д.Э-н шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б  нь 2018.9.17-ны өдөр ангийн хүүхэд О.А тэй маргалдах үед аливаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гаргаж О.А ийн бие эрүүл мэндэд халдах хор хирол, хор уршиг учруулаагүй гэдгийг тухайн маргаан гарсан гэх өдөр өөрийн хүү Б.Б , О.А  болон анги даасан багш нартай сургууль дээрь нь уулзахад олж мэдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн маргаан цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед буюу гэм буруутай этгээд эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоогоогүй байхад Б.Б  болон Д.Э рүү залгаж олон сая төгрөг өгөхийг шаардаж байсан. Бие эрүүл мэнддээ хөнгөн хохирол амссан гэх О.А  нь олон хоног хичээл сургуульдаа ирээгүй байх хугацаандаа тухайн гэмтлийг авсан байх өндөр магадлалтай. Түүнчлэн нэхэмжлэгчийн өргөдлөөр шалгаж байгаа эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусч хаагдсн. Б.Б өд холбогдуулж шалгаж байсан хэрэг маргаан хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхээр тогтоогдсон мэтээр холбогдуулан гэм хор учруулснаас үүссэн хохирол нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй. Иймд гэм хор учруулснаас үүссэн хохирлын мөнгө 4 366 890 төгрөгийг Б.Б  болон надаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.Э  нь хариуцагч Б.Б , Д.Э нарт холбогдуулан гэм хорын хохирол болох эмчилгээний зардалд 1 366 890 төгрөг, сургууль сольж төлбөртэй сургуульд орсон төлбөр 3 000 000 төгрөг, нийт 4 366 890 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч О.А  нь 18 насанд хүрээгүй этгээд байх тул түүний хууль ёсны асран хамгаалагч болох эх Д.Э  нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Б  цүнхэнд нь байсан цэвэр усыг зөвшөөрөлгүй авснаас болж маргаан болсон. Улмаар Б.Б  нь Хариуцагч О.А-с уучлал гуйлгүй, түүнийг мөргөж хамрын ясны мурийлт, хугарал зэрэг хөнгөн гэмтэл учруулсан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гарган, хүү О.А ийг зодсон Б.Б ийг шалгуулахад, Б.Б  нь Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. гэх тайлбар гаргаж, эмчилгээтэй холбогдон гарсан зардлын баримтуудыг ирүүлжээ.

Харин хариуцагч тал ...надад холбогдуулж шалгаж байсан хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэж, миний үйлдэл О.А ийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон мэтээр надад холбогдуулан гэм хор учруулснаас үүссэн хохирол надаас нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.08.28-ны өдрийн дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд ... Б.Б ийг 2018 оны 09 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 115-р дунд сургуулийн 303 тоот ангид О.А тэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг мөргөж биед нь хамрын ясны хоёр хажуу ханын зөрөөтэй, зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай. гэсэн, мөн тус прокурорын газрын 2019.10.02-ны өдрийн 1190 дугаар хэрэг бүртгэлтийг хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 00000 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасугай гэж шийдвэрлэсэн тогтоолууд хэрэгт авагджээ. /хх-ийн 19-23/

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Б.Б ийн үйлдлээс хохирогч О.А д хөнгөн гэмтэл учирсан болох нь эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон байх ба хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр уг эрүүгийн хэргийг хааж, шийдвэрлэсэн нь гэм буруугүй гэдгийг тогтоосон үндэслэл биш бөгөөд Б.Б өд ял шийтгэл оногдуулах боломжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон агуулга юм.

Иймд хариуцагч Б.Б  нь бусдын бие махбодид гэм хор учруулсан хохирлоо хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүйн дээр хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, түүнийг эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан зардал болон бусад зардал гарсан нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарах бөгөөд дээрх зардлуудаа шаардах эрхтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан О.А ийн Амбулторийн карт, эмчилгээ хийлгэсэн болон эм тариа худалдаж авсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эмчилгээний зардлын нийт 1 115 370 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 24-34/

Харин хариуцагч Б.Б ийн буруутай үйлдлийн улмаас хуучин сургуульдаа сурах боломжгүй болж, өөр төлбөртэй сургуульд шилжиж суралцсаны төлбөрт 3 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хангах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Б.Б  нь 18 насанд хүрсэн эрх зүйн чадамжтай этгээд байх тул хамтран хариуцагчаар түүний эх Д.Э-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 1 115 370 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б өөс 1 115 370 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э т олгож, илүү нэхэмжилсэн 3 251 529 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Э-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Б өөс улсын тэмдэгтийн хураамжинд 31 318 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

Б.МӨНХБАЯР