| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0189/З |
| Дугаар | 221/МА2026/0316 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0316
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: "Гаалийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02- 2/4444 тоот “М” ХХК-ийн гаалийн албан татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, 35,188,165.84 төгрөгийг буцаан олгохыг Гаалийн ерөнхий газарт даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0282 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ану-Үжин
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0189/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “М” ХХК нь Гаалийн ерөнхий газарт холбогдуулан "Гаалийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02- 2/4444 тоот “М” ХХК-ийн гаалийн албан татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, 35,188,165.84 төгрөгийг буцаан олгохыг Гаалийн ерөнхий газарт даалгах"-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0282 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 2022 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан "М" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газар 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-2/4444 дүгээр албан бичгээр "М" ХХК-ийн гаалийн албан татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоон, “М” ХХК-ийн Гаалийн албан татварт урьдчилан төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан олгохыг Гаалийн ерөнхий газарт даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд, хариуцагч үл маргах журмаар, 1 сарын дотор "М” ХХК- ийн Гаалийн албан татварт урьдчилан төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан олгох шийдвэрээ гаргасан байх шаардлагатайг мэдэгдэж шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 "М" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо "Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-8/1258 тоот шийдвэрээр "М" ХХК-ийн гаалийн албан татвар төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан авах хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах" гэж тодорхойлж нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлдээ тайлбарлахдаа “уг мөнгөн дүнг Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуульд заасны дагуу буцаан авах эрхтэй" гэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлдээ тайлбарладаг.
Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд "буцаан гаргуулах шаардлага байгаа юу" гэхэд "ийм шаардлага байхгүй" гэж тайлбарласан өөрөөр хэлбэл энэ талаар гурван шатны шүүхээр хангалттай дүгнэсэн. Нэгэнт шүүхээс дүгнэсэн тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй.
Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг", 73 дугаар зүйлийн 73.1-д "Гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно" гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгчийн өөрийнх нь сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горим тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0282 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0282 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 2022 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан "М" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газар 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-2/4444 дүгээр албан бичгээр "М" ХХК-ийн гаалийн албан татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоон, “М” ХХК-ийн Гаалийн албан татварт урьдчилан төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан олгохыг Гаалийн ерөнхий газарт даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд, хариуцагч үл маргах журмаар, 1 сарын дотор "М” ХХК- ийн Гаалийн албан татварт урьдчилан төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан олгох шийдвэрээ гаргасан байх шаардлагатайг мэдэгдэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд “Нотлох баримтыг үнэлэх” гээд 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан.
“М” ХХК-ийн оруулж ирсэн Блоклон хөлдөөгч, чингэлэг гэх барааг Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор батлагдсан Импортын барааны гаалийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд хамаарах талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26 өдрийн 128/ШШ2025/0175 дугаар шийдвэрээр дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0433 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Хариуцагч шүүхийн шийдвэр магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2025/0385 дугаар тогтоолоор, уг гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул маргаан бүхий харилцааг дахин дүгнэх шаардлагагүй.
4. Анхан шатны шүүх “... “М” ХХК-ийн оруулж ирсэн Блоклон хөлдөөгч, чингэлэг гэх барааг Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор батлагдсан Импортын барааны гаалийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд хамаарна гэж үзээд, - шүүх нэхэмжлэгчийн гаальд урьдчилан төлсөн татварыг буцаан олгохоос татгалзаж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоосон нь нэхэмжлэгчид урьдчилан төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан олгох ёстой гэсэн эрх зүйн үр дагавар үүсгэж буй дүгнэлт юм.” гэж дүгнэсэн нь хуульд нийцэж байна.
5. Хариуцагчийн зүгээс “... анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “буцаан гаргуулах шаардлага байгаа юу” гэхэд “ийм шаардлага байхгүй” гэж тайлбарласан өөрөөр хэлбэл энэ талаар гурван шатны шүүхээр хангалттай дүгнэсэн. Нэгэнт шүүхээс дүгнэсэн тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй. ... Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горим тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0282 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэж гомдож буй нь хууль болоод шүүхийн шийдвэрийг хэт явцууруулан тайлбарлаж, нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй, процессын хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй байна.
6. Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК-иас “татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан авах хүсэлтийг хангахаас татгалзсан Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-8/1258 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0175 дугаар шийдвэрээр хангаж, 01-8/1258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэгчийн татварт төлсөн 35,188,165.84 төгрөгийг буцаан авах хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль бус байна гэх үр дагаврыг үүсгэж байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт байхгүй гэх шалтгаанаар буцаан авах хүсэлтийг дахин хангахаас татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийг 2 удаа шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх үр дагаварт хүргэж, процессыг удаашруулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР