Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 146/ШТ2017/00007

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

улсын яллагч Д.Алимаа,

шүүгдэгч Д.П,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Д-н Пд холбогдох эрүүгийн 201615010167 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19..... оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн .... сумын 2 дугаар баг, Тээл гэх газар оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Д-н П. /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.П нь өөрийн эзэмшлийн Мон Иж нэртэй мотоциклийг ашиглан 2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн .... сумын 4 дүгээр баг .....тоотод оршин суух Э.Гийн гэрт нэвтрэн орж 32 инчийн телевизор, ДДШ ТВ-гийн хүлээн авагчийг хулгайлан авч хохирогч Э.Гт 865 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

“...Ганхуяг ах манайхаас хонь хэлэлгүй их авдаг байсан. Би 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Э.Гийн гэр лүү нь ороод 32 инчийн телевизор ДДШ, ТВ-гийн хүлээн авагчийг нь авсан...” гэх мэдүүлэг

Хохирогч Э.Гийн мөрдөн байцаалтанд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

“...Манайх 2 гэртэй нэг гэр .... сумын 2 дугаар баг Тээл гэх газар хөдөө, нөгөө гэр .... сумын төвд 4 дүгээр баг .....тоотод байдаг юм. Манайх голдуу хөдөө гэртээ малаа маллаж амьдардаг төвийн гэрт хүүхдүүд хичээл сургуультай үед манай эхнэр сургуулийнхаа хүүхдүүдийг хараад байдаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр байхаа хэдний өдөр байсныг нь санахгүй байна 12 жилийн сургуулийн улирлын амралт болоод манай эхнэр 2 хүүхэд төвийн гэрээ орхиод хөдөө ирсэн. Тэгээд сургуулийн хүүхдүүдийн маань улирлын амралт дуусаад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр сургуулийн хүүхдүүдээ хөдөөнөөс хичээлд нь оруулах гээд төвийн гэртээ ирсэн чинь манай гэрийн баруун хойно байсан LCD телевизор, DDSh TV-ийн хүлээн авагч хоёр байхгүй болчихсон байсан. Гэрийн хаалганы цоожны тавыг хөшөөд эвдэлчихсэн байсан...” гэх мэдүүлэг / хх-38 дугаар хуудас /

Гэрч Э.Гийн мөрдөн байцаалтанд дахин 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгт

“...Манай .... сумын төвд гэрт байсан хөрөө тэр үед олдохгүй байсан. Сүүлд гэрээсээ олсон шүүгээний хойгуур орчихсон байна лээ. 2016 оны 04 дүгээр сарын үеэр манай хөдөө байдаг малаас нэг ямаа байхгүй болоод олдохгүй байсан юм тэр ямаагаа сүүлд олсон...” гэх мэдүүлэг /хх-40 дүгээр хуудас/

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтанд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгт

“...Манайх 2016 оны 04 дүгээр сарын дундуур Өвөрхангай аймгийн .... сумын төв Өвгөн шалга гэх газар байдаг 4 ханатай монгол гэрээсээ 32 инч LCD телевизор, DDSh TV-ийн хүлээн авагчийн хамт хулгайд алдсан. Манайх хөдөө байдаг айл байгаа юм. Манай 2 хүүхэд сургуульд сурдаг. Тэр хоёрыгоо хичээлтэй үед нь би төвийн гэртээ харж хичээл номонд нь явуулдаг. Манай төвд байдаг байшин 12 жилийн сургууль амарсан үед ихэнхдээ эзэнгүй цоожтой байдаг юм. 2016 оны 04 дүгээр сарын дундуур хүүхдийн сургуулийн амралт болоод би 2 хүүхдээ хөдөө гэр лүүгээ аваад явсан тэр үед төвийн гэрээ цоожлоод явчихсан байсан юм. Тэгээд хүүхдийн амралт дуусаад 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр хүүхдүүдээ сургуульд нь оруулах гээд .... сумын төвд байдаг гэртээ хүүхдүүдээ дагуулаад нөхөр Э.Гтай хамт ирсэн чинь гэрийн цоожны даруулгыг хөшөөд эвдэлчихсэн байсан. Гэртээ орсон чинь гэрийн хойд талд байсан телевизор, DDSh TV-ийн хүлээн авагч хоёр байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-41 дүгээр хуудас/

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтанд дахин 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт

“...Манайх алдсан 32 инчийн телевизор, DDSh TV-ийн хүлээн авагчаа хамтад нь 2014 онд .... сумын төвд байдаг цахилгаан барааны дэлгүүрээс 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай нөхөр алдсан эд зүйлээ үнэлэхдээ одоо зарагдаж байгаа зах зээлийн ханшаар үнэлж байгаа юм...” гэх мэдүүлэг / хх-42 дугаар хуудас/

Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтанд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт

“...Би энэ талаар юу ч мэдээгүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын дундуур цагдаа ирээд Пг авч явахад мэдсэн. Манай нөхөр хүнтэй их эвсэг харьцдаг, даруухан нийтэч зантай, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй ямар нэгэн ажлыг хийвэл дуусгаж байж санаа нь амардаг их ажилсаг, найзууд дундаа нэр хүндтэй, мал маллах ухаан сайтай хүн..” гэх мэдүүлэг / хх-43 дугаар хуудас/

Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтанд дахин 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт

“...Би нөхөр Д.Пгаа аавын байшинд юм авчирч тавьсан талаар юу ч мэдээгүй. Би 2016 оны 04 дүгээр сарын үеэр жирэмсэн эмчийн хяналтанд байсан болохоор хөдөөнөөс .... сумын төв орж ирээд аавынхаа гэрт амьдарч байсан юм. Манай аавынх хашаандаа нэг монгол гэр, нэг байшинтай би монгол гэрт нь хүүхэдтэйгээ байдаг байсан. Манай аавынх байшиндаа ороогүй 2012 оноос 2013 он хүртэл барьж байгаад дутуу орхисон байшин байгаа...” гэх мэдүүлэг /хх-44 дүгээр хуудас/

Гэрч Г.Га-гийн мөрдөн байцаалтанд дахин 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт

“...Манай нөхөр нэг улаан өнгийн мотоцикльтой ямар нэртэйг нь санахгүй байна. Би 2014 онд нөхөртэйгээ гэрлэж байхад л авчихсан байсан. Би хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр тэр мотоциклио худалдаж авч байсныг нь мэдэхгүй байна. Тэр мотоцикль нь зун муудаад бүр эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх- 45 дугаар хуудас/

Гэрч М.О-н мөрдөн байцаалтанд 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг

“...Пгийнх хөдөө манайхтай хамт айл байдаг юм. П ер нь голдуу хөдөө байдаг гадуур яваад тэнээд байдаггүй 2016 оны 04 дүгээр сарын үеэр хөдөө мал төллүүлж байсан. Өнгөрдөг хавар эхнэр нь жирэмсэн .... сумын төвд байсан болохоор хөдөөнөөс хааяадаа төв рүү эхнэр хүүхэд дээрээ ирдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-46 дугаар хуудас/

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг

“...Д.П нь 2015 оны дунд үеэр .... сумын 3 дугаар багаас манай 2 дугаар багт шилжиж ирсэн. Д.Пгийн уг гарал нь Хархорин сумын гаралтай хүн. .... суманд шилжиж ирээд 3 жил болж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, нутгийн олондоо нэр хүндтэй, архи тамхи хэрэглэдэггүй их дуулгавартай залуу. Ам бүл 4 эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг...” гэх мэдүүлэг /хх- 47 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 15 дугаар хуудас/

Мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.П нь өөрийн эзэмшлийн Мон Иж нэртэй мотоциклийг ашиглан 2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн .... сумын 4 дүгээр баг .....тоотод оршин суух Э.Гийн гэрт нэвтрэн орж 32 инчийн телевизор, ДДШ ТВ-гийн хүлээн авагчийг хулгайлан авч хохирогч Э.Гт 865.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын явцад хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Г.Г нь “...одоо авах хохирол мөнгө байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 32 инчийн телевизор, ДДШ ТВ-гийн хүлээн авагч хураагдан ирсэн, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн Д.Пгийн 3 тооны үхэр, “Мон-ИЖ” нэртэй мотоцикль битүүмжлэгдсэнийг хүчингүй болгож харин Д.Пгийн эзэмшлийн дээрх “Мон-Иж” мотоцикль нь ашиглах боломжгүй, эвдэрсэн тул мотоциклийн үнэ 250.000 төгрөгийг Д.Пгаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр

зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдэд

заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн Д-н Пг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дашдаваагийн Пг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Дашдаваагийн Пд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн телевизор, 90.000 төгрөгийн үнэ бүхий ДДШ ТВ-ийн хүлээн авагч,  Мон Иж мотоциклийн үнэ буюу 250.000 төгрөгийг улсын орлого болгосугай.

5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Д.Пгийн эзэмшлийн 3 тооны үхэр, Мон Иж нэртэй мотоцикль битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1  304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Пд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                             Ц.ДАГИЙМАА