Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2018/0338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК

 

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,

 

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,

 

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хороо,

 

Гуравдагч этгээд: П  ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Э ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үнэлгээний хороонд холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай Тендерээс татгалзах тухай дүгнэлтийн Э ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийн шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 П  ХХК-тай хэлэлцээ хийхээр шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох

 

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/Х.1.3.16-02 дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээд П  ХХК-ийн захирал О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Э ХХК-ийн захирал Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тендерийн үнэлгээний хороо нь хамгийн бага үнийн санал өгсөн Э ХХК-ийн тендерээс татгалзахдаа тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.2 /б/-д заасан Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд ... гэсэн шаардлагаас 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй гэдгийг болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна.

 

Тэгвэл тухайн компани 2014 онд ижил төстэй бараа нийлүүлсэн, дунд нь буюу 2015 онд тийм ажил олдоогүй, төгсгөлд нь буюу 2016 онд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасан Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэдэгтэй нийцэхгүй байх шалтгаан алга байна.

 

Мөн дунд үеийн нэг жилд олдоогүй нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах 27.2.1-д заасан бараа, ажил үйлчилгээнд хамрах хүрээ чанар болон гүйцэтгэлд үзүүлэх нөлөө-нд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байна. Зөвхөн үүнээс шалтгаалан Э ХХК-ийн үнийн санал 139,695,000 төгрөг болон П  ХХК-ийн гэрээний үнэ 179,501,600 төгрөгийн хооронд 39,806,600 төгрөгийн зөрүү гарч байна.

 

Худалдан авах ажиллагаа нь хуульд зааснаар ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталдаг. Мөн Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны 212-р тушаалаар батлагдсан журмын 3.1-д Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд тендерийн баримт бичгийг боловсруулахдаа өрсөлдөөнийг дэмжсэн байх зарчмыг баримтлахыг заасан байдаг. Өөрөөр хэлбэл, байнга тендер авдаг компанитай шууд гэрээ хийх биш, харин аль болох олон өрсөлдөгчийг нээлттэй тендерт оролцуулж, шалгарах тэгш боломжийг олгож, шударгаар сонгон шалгаруулалт явуулахыг шаардсан байдаг.

 

Захиалагчийн шаардсан сүүлийн 3 жилийн буюу 2014, 2015, 2016 оны ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага гэдэг нь тухай компанийн хэр зэрэг туршлагатай юм бэ гэдгийг харах, харьцуулах үзүүлэлт болохоос заавал 3 жил дараалан тийм үйл ажиллагаа явуулсан байхыг шаардана гэж хуульд заагаагүй байна. Хэрэв энэ үзүүлэлтийг удирдлага болгох юм бол байнга тендер авдаг нэг л компани байнга шалгарах болно. Нөгөө талаасаа энэ үзүүлэлтийг удирдлага болговол маш олон компани тендерт өрсөлдөх боломжгүй болно.

 

Захиалагч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д зааснаар тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж, нээлттэй тендерт шалгаруулалт явуулаагүй.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 болон 33.4-д заасан нөхцөл үүсээгүй байхад шууд гэрээ байгуулсан.

 

Шууд гэрээ байгуулахдаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн... гэжээ.

 

Хариуцагч Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газар, түүний үнэлгээний хороо нэхэмжлэлийн өөрчлөн ихэсгэсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа:

 

...Тендерийн баримт бичигт заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тендерийг нээхэд Багц-2 Техник хэрэгсэл нийлүүлэх тендерт Ресистантконстракшн ХХК, Номтмарал ХХК, Мэйнспринг ХХК, Бэйсткон ХХК, Электронтехник ХХК, Монтел ХХК-иуд тендер ирүүлсэн.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Тендерийн үнэлгээний заавар-ын дагуу тендерийн үнэлгээг хийж шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул дахин нээлттэй тендер зарлах болсон тухай мэдэгдлийг тендерт оролцогч нарт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэгэн зэрэг хүргүүлж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин нээлттэй тендер зарласан.

 

Тендерийн баримт бичигт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тендерийг нээхэд Багц-2: Төхник хэрэгсэл нийлүүлэх тендерт Ресистантконстракшн" ХХК, Профешнл-Арт" ХХК, Оньтэнгэрийн бичиг ХХК, Бэйсткон ХХК, Электронтехник ХХК, П  ХХК-иуд тендер ирүүлсэн.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Тендерийн үнэлгээний заавар-ын дагуу тендерийн үнэлгээг хийхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер дахин ирээгүй тухай мэдэгдлийг тендерт оролцогч нарт нэгэн зэрэг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн.

 

Нэхэмжлэгч Э " ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-1/3408 дугаар албан бичгээр 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ дүгнэсэн акт шаардлагад нийцээгүй нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.2 (б)-д Нийлүүлэгчээр ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын хугацаанд тухайн төсөл, арга хэмжээтэй ижил төстэй бараа нийлүүлэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг нотлох гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Э " ХХК-ийн ирүүлсэн тендерээс үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар татгалзсан.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд X. 1.3.16 Соёл, урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай Багц-2: Техник хэрэгсэл нийлүүлэх тендерт хоёр удаа нээлттэй тендер зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах асуудал түүгээрээ шийдвэрлэхийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3427 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

 

Тендерт оролцогч Бэйст кон ХХК, Электронтехник ХХК-иуд Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 6-1/7024 дүгээр албан бичгээр Электронтехник ХХК-иас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, Бэйсткон ХХК-иас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3705 дугаар албан бичгээр тендерт оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасны дагуу дахин үнэлгээ хийх болсон тухай албан бичгийг хүргүүлсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 2/45 дугаар албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас П " ХХК-д үнийн санал хүргүүлж гэрээ байгуулсан, П  ХХК-иас барааг хүлээн авч санхүүжилтийг 2017 ондоо багтаан олгосон тул дахин үнэлгээ хийх боломжгүй болсон тухай мэдэгдсэнийг Бэйсткон ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/32 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

 

Уг төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг хоёр удаа нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулсан.

 

Тус төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны талаарх холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Тендерийн үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай /БСШУСЯ-2017-Х.1.3.16-02/ төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулсан.

 

Тус газраас худалдан авах ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус 2 удаа нээлттэй зарлан, зохион байгуулсан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул уг төсөл арга хэмжээний 2, 3 дугаар багцад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д /энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 130.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах/ гэж заасны дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүссэн.

 

Дээрх төсөл арга хэмжээний 2, 3 дугаар багцын худалдан авах ажиллагааг шууд зохион байгуулах нөхцөл үүссэн тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-1/3427 дугаар албан бичгийг дарга Ц.Ням-Осороос тус яаманд ирүүлсэн. Энэ бичиг манай яамны бичигт хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдэн ирсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам албан бичгийн дагуу худалдан авах ажиллагааг зохих хуулийн дагуу зохион байгуулж дууссан.

 

Нэхэмжлэлд дурдсан Сангийн яамны албан бичиг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-1/3705 дугаар (албан бичгээр ...Тус газраас зарласан Х.1.3.16 Соёл урлагийн байгууллагуудад хөгжим тоног төхөөрөмж худалдан авах төсөл арга хэмжээний Багц-2 Техник хэрэгсэл тендер шалгаруулалтад тендерт оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7024 дугаар албан бичгээр үнэлгээ дахин хийх тухай мэдэгдсэн байна ... гэсэн албан бичиг тус яамны бичиг хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, мөн Бэйст кон ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Тендерийн үнэлгээний тухай №20 дугаар албан бичиг мөн тус яаманд тус тус ирсэн байдаг.

 

Дээрх 2 албан бичиг худалдан авах ажиллагаа дуусгавар болж, гэрээ байгуулсны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирсэн тул бид хүлээн авах боломжгүй байсан. Энэ талаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тухайн үед нь тайлбар хүргүүлсэн.

 

Тус яамнаас худалдан авах ажиллагааг зохих хуулийн дагуу зохион байгуулж дуусган, санхүүжилтийг 2017 онд багтаан олгосон. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Гуравдагч этгээд П  ХХК-ийн захирал О.Цэрэннадмид нэхэмжлэлийн өөрчилөн, ихэсгэсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: ...Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2/12318 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг ирсний дагуу Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж худалдах авах ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай гэрээг хууль ёсны дагуу байгуулж 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр техникийн үзүүлэлт, шаардлагыг 100 хувь хангасан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болно.

 

Э ХХК-с гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1, 34.2-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана гэж заасны дагуу гэрээ байгуулсан байгаа тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

 

Дээрх үндэслэлээр бид Э ХХК ба Бэйст кон ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэгч Э ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үнэлгээний хороонд холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай Тендерээс татгалзах тухай дүгнэлтийн Э ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох[1],

 

2. Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийн шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг[2] хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

3. Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 П  ХХК-тай хэлэлцээ хийхээр[3] шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох

 

4. Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай[4] шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

5. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/Х.1.3.16-02 дугаар гэрээг[5] хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Нэг: Нэхэмжлэгч Э ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үнэлгээний хороонд холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай Тендерээс татгалзах тухай дүгнэлтийн Э ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 оны улсын төсвөөс буюу Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас санхүүжигдэх Х.1.3.16 Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо зарласан 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тендер шалгаруулалтад нэр бүхий 6 компани оролцсон боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин нээлттэй тендер зарлажээ.

 

Уг дахин нээлттэй зарласан тендер шалгаруулалтад Э ХХК оролцсон боловч тус компанийг ...2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь ТОӨЗ-ны 18.2 (б)-д заасан шаардлагыг хангаагүй ... гэх үндэслэлээр үнэлгээний хорооны нийт гишүүдийн саналаар татгалзжээ.

 

Энэхүү шийдвэрээ албажуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад танилцуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Тендерээс татгалзах тухай №02 дугаар Үнэлгээний хорооны дүгнэлтийг гаргажээ.

 

Уг дүгнэлтийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...энэ дүгнэлт бол захиргааны акт биш, дотогш чиглэсэн... гэж тайлбарлаж байх боловч энэхүү дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулж байна.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үнэлгээний хорооны хуралдаанаас гарсан Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.2.б-д заасан шаардлагыг хангаагүй буюу 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзах тухай шийдвэр, дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-1/3409 дугаар албан бичгээр[6] нэхэмжлэгч Э ХХК-д мэдэгджээ.

 

Энэхүү мэдэгдлийн нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч хянан үзээд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7024 дугаар албан бичгээр[7] ...Э ХХК-ийн ирүүлсэн тендерт... 2015 онд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй тул Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 18.2.б-д заасан шаардлагыг хангахгүй хэмээн татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна... гэж мэдэгдсэн байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д ...Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,..зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно... гэж заажээ.

 

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдсон болон түүний үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хороог хариуцагчаар татсан болно.

 

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримттай холбоотой шийдвэрийг Сангийн яам хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хянаад Э ХХК-тай холбогдох хэсгийн дүгнэлт үндэслэл бүхий хэмээн эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай Тендерээс татгалзах тухай дүгнэлтийн Э ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Хоёр: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 П  ХХК-тай хэлэлцээ хийхээр[8] шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох

 

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай[9] шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/Х.1.3.16-02 дугаар гэрээг[10] хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Тус шүүх 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 315 дугаар шийдвэрээр, Бэст кон ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Э ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгсөн тул энэ тохиолдолд шүүх нэг үйл баримтад хоёр дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байх тул шүүх энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар энэ хэсэгт дурьдсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай Тендерээс татгалзах тухай дүгнэлтийн Э ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 П  ХХК-тай хэлэлцээ хийхээр шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох

 

Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/Х.1.3.16-02 дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 241 хуудас

 

[2] Хавтаст хэргийн 238-240 хуудас

 

[3] Хавтаст хэргийн 53-56 хуудас

 

[4] Хавтас хэргийн 57 хуудас

 

[5] Хавтас хэргийн 58-72 хуудас

 

[6] Хавтаст хэргийн 7 хуудас,

 

[7] Хавтас хэргийн 8 хуудас,

 

[8] Хавтаст хэргийн 53-56 хуудас

 

[9] Хавтаст хэргийн 57 хуудас

 

[10] Хавтаст хэргийн 58-72 хуудас