| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2020/00450/и |
| Дугаар | 468 |
| Огноо | 2020-06-29 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Шаргын ....тоотод оршин суух, ............ регистртэй, Б.С
Хариуцагч: Дорнод аймаг, Баян-Уул сумын Нийтийн байранд оршин суух, ............. регистртэй, Б.Л
Нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Б.С-н нэхэмжлэлтэй “хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай Б.Л-д холбогдох нэхэмжлэл ирүүлснийг 2020 оны 06 сарын 22-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд Б.Л-тэй танилцаж хамтран амьдрах болсноор 2020 оны 1-р сард хүү С.Б-г төрүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд хамт амьдарч байсан ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Б.Л 2019 оны 06-р сараас ааш зан нь өөрчлөгдөж, намайг гэх сэтгэл нь хөрсөн. Хүүгээ төрүүлсэнээс хойш 1 удаа л ирж уулзсан. Өнөөдрийг хүртэл хүү Т миний асрамжинд торниж байна. Б.Л цаашид надтай хамт амьдрах хүсэлгүй байгаа тул С.Б-гийн эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Л хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүүхэд миний хүүхэд мөн. Би Онцгой байдлын газарт ажилладаг. Манай алба хаашаа ч хамаагүй гэнэт л явдаг. Би хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.С “хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Л уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Зохигчид 2018 онд танилцан хамт амьдарч байгаад 2020 оны 01 сарын 08-нд хүү Т төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Хариуцагч Б.Л С.Б-г өөрийн хүү мөн гэж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.С-г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно. Харин хариуцагч Б.Л-с эцэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас 70.200 төгрөг, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс /1210200 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж тооцож 33.595 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2020 оны 01 сарын 08-нд төрсөн хүү Т-н эцгээр Б.Л-г тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан С.Б-г эх Б.С-н асрамжинд байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар С.Б-г 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Л-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар Б.С-г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Л-с эцэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас 70200 төгрөг, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс /1210200 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж тооцож 33.595 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ