Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/230

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т******* овогт Д******* Д******* холбогдох 2331000000258 дугаартай, 175/2023/0223/Э индекстэй хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, задгай /хөдөө/ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Т******* овогт Д******* Дорлиг, /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь  2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 02 дугаар баг Бортолгой гэх газар “манай өвөлжөөний өвс хадлаа” гэх шалтгаанаар М.С******* биед халдаж улмаар зүүн чихний мөгөөрсний хугарал зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 02 дугаар баг Бортолгой гэх газар “манай өвөлжөөний өвс хадлаа” гэх шалтгаанаар М.С******* биед халдаж улмаар зүүн чихний мөгөөрсний хугарал зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...М.С нь бэлчээр хадаж байсан ба түүнээс болж барьцалдаж авсан. Нүд нь жоохон хөхөрчихсөн байсан. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.С******* 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг Бортолгой гэдэг газарт 50 га газарт сумын нөөцийн өвс бэлтгэх зорилгоор Хушаат сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж хадлангийн ажил эхлүүлсэн юм. Миний хадаж байгаа газраас 1км орчим зайтай Р.Дамдинсүрэн гэдэг айлын өвөлж байдаг юм билээ. 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Өлзий- Орших гэдэг залуугийн хамт хоёр трактортой өвс хадаад явж байсан. Өдрийн 13 цагийн орчимд уулын уруу зогоон татаж, хоёр дахь тойргоо хадаад явж байтал хөх өнгийн “Портер” маркийн автомашин эгц урдаас давхиж ирээд тракторын урдуур тулж ирээд хөндөлсөж зам хааж зогссон. Трактороо зогсоогоод, араагаа мултлаад, тоормосон дээр зогсоод хадуурыг уяаг тайлж байтал тракторын 2 талын хаалгыг онгойлгож Дамдинсүрэн нь өөрийн хүү болох 20 гаруй насны залуутай орж ирсэн. Дамдинсүрэн нь баруун талын, хүү нь зүүн талын хаалгаар орж ирэнгүүт, юу болов би буугаадахъя гэхэд, яасан даварчихсан хулгайч вэ, малын бэлчээр хадаад гэж хэлээд хүү нь хоолой руу гараараа боож суудлын ар руу дарж түлхээд нүүр рүү 4 цохиж эхэлсэн. Аав Дамдинсүрэн нь мөн адил гараараа цохиж эхэлсэн. Би тоормосон дээрээс хөлөө авбал трактор өнхөрчих гээд байсан учир тоормосоо гишгээтэй хоёр гараараа тэр хоёрын цохилтыг нь хаах гэтэл миний хоёр гарыг татаж холдуулж байгаад л цохиж зодсон. Би зүүн гараараа Д******* хүүгийн хоолой руу багалзуурдаад түлхсэн чинь гарыг маань цохиж салгаад үргэлжлүүлээд нүдэж цохисон. Би тэр хоёроос, би трактороо унтраагаадахъя, техник эвдлээ, машиныг чинь мөргөлөө энэ жалга руу өнхрөөд унавал гурвуулаа үхлээ ш дээ гэж хэлэхэд, Дамдинсүрэн чиний техник эвдрэх ямар хамаатай юм гэж хэлээд намайг зодож байхдаа тракторыг шилийг хагалах гээд гараараа цохиод байсан юм. Тэр үед нь би түүнд, энэ трактор минийх биш сумын өмч шүү дээ битгий гэж хэлж гуйсан. Энэ хооронд өнхөрч эхэлсэн учир баруун хөлөөрөө тоормос дээр гишгэж зүүн хөлөөрөө жолооны хүрдээ зүүн тийш эргүүлж жалга, Портер хоёрын дундуур гаргах бодолтой эргүүлж эхэлсэн. Ингэж хэсэг өнхөрч байгаад трактор зогссон. Энэ үед Өлзий-Орших тракторын баруун талаас Дамдинсүрэнг араас нь татаж надаас холдуулсан, тэр хооронд хүү нь мөн хэд хэдэн удаа цохисон. Би хүүгээс нь ахын дүү одоо зодохоо болио, ах нь үхлээ ш дээ, хоёулаа бууж байгаад ярилцъя гэж хэлэхэд цохихоо болихоор нь буу гээд түлхсэн чинь, эргэж хараад дахиад 2 удаа цохисон. Тэгэхээр нь чи одоо болиоч Щ гэж арга ядахдаа пизда минь гэж хараал хэлсэн. Би түүнийг буусны дараа трактораа хартал трактор Портерын урдуур нь гарч өнхрөөд хадуур Портерын зүүн урд дугуйг очоод хагалчихсан байна лээ. Трактороо ухрааж зогсоочхоод хартал Өлзий-Орших руу Дамдинсүрэн хүү болон эхнэртэйгээ гурвуулаа дайрч байсан. Дамдинсүрэн сэрээ барьчихсан, шаагаад алчихъя, шаагаад алчихъя гэж хашхираад, Өлзий-Орших тэгвэл шаахгүй юу гэж хэлээд ухарч байгаа харагдсан. Тэгээд Дамдинсүрэн нь сэрээгээрээ Ө******* гар руу нь цохиж тас хийж сэрээний иш нь хугарсан. Би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх санаатай камераа нээгээд, би та нарыг бичлэг хийж байна шүү гэж хашхирахад.тэд Өлзий-Оршихыг хөөхөө болиод, Д******* эхнэр нь тэгвэл бид нар ч гэсэн бичлэг хийнэ гэж хэлээд утсаа гаргаж ирсэн. Би трактор дотор байсан том овортой 36/32-ийн түлхүүрээ барьж буусан. Тэдэнд ахиад надад гар хүрвэл би адилхан зөрүүлээд цохино шүү гэж хэлсэн. Гэтэл Д******* эхнэр машин руугаа гүйж очоод, ий миний машиныг мөргөчихсөн байна шүү дээ, хайран машин минь гэж хаширсан. Дамдинсүрэн түүнийг сонсоод машин руугаа гүйж очоод зүв зүгээр байсан машиныг минь давхиж ирээд мөргөчихлөө, одоо цагдаа дуудаж шалгуулна, хайран машин минь гэж хэлээд машиныхаа хаалгыг илээд байгаа харагдсан. Ингээд тэдгээр хүмүүс намайг тракторын хадуураар машиныг нь мөргөсний дараа ирж зодсон гэх мэтээр гүтгэж эхэлсэн юм. Дамдинсүрэн над дээр ирээд, чи наад түлхүүрээрээ намайг цохь гэж хэлсэн. Чи намайг цохивол би цохино, үгүй бол би цохихгүй, биеэ л хамгаална, түүнээс биш чамайг одоо цохиж хэрэгт би орооцолдохгүй гэж хэлсэн. Энэ хүмүүс ч хашхирч хэрүүл хийгээд байхаар нь би цааш алхаж сүлжээн дээр очиж сумын цагдаагийн ажилтан руу ярьж дуудлага өгсөн юм. Тухайн үед миний хацар, нүднээс цус гарч байсан. Миний зүүн нүд хавдаж, тагларсан. Уруул язарч шархалсан, хүзүү улайлттай байна. одоо миний байдал хэвийн сайн байгаа. Даралт ихсэж, толгой л бага зэрэг өвдөж байгаа. Эмчилгээ хийлгэж явах бензин тосны зардал, эмчилгээний зардалд нийт 355,800 төгрөг зарлагадсан байна. Миний зүгээс гомдол саналтай, эмчилгээнд зарцуулсан мөнгөө гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

Гэрч Х.Ө******* 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг Бортолгой гэдэг газарт С******* хамт хадлангийн ажилд энэ намар гарсан. 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 13 цагийн орчимд Бортолгойд өвс хадаж явахад ахын хадаж явсан тракторын урдуур Портер маркийн машин зогсож машинаас Дамдинсүрэн, Дорлиг нар бууж ирээд ахын тракторын хоёр талын хаалгаар нь орж маргаан үүсгэж, түүнийг хоёр талаас нь цохиж зодож эхэлсэн. Би тэд нараас 50 метр орчим зайтай байсан учир трактороо зогсоогоод гүйж очоод тракторын зүүн талаар нь очиход оруулахгүй байхаар нь баруун талын хаалгыг татаж орох гэхэд Дамдинсүрэн намайг оруулахгүй хөлөөрөө жийгээд, цааш хараад ахыг алаад өгнө өө гэж хэлээд гараараа цохиод л байсан. 4 дээлээс нь хүчээр татаж буулгахад өөдөөс заамдаж аваад цохих гэхээр нь би цохих юм бол чамайг ална шүү л гэж хэлсэн. Дараа нь Дамдинсүрэнгээс салаад маргаж байтал чамайг хутгалаад алчихъя гээд түрийгээ ухаж байснаа машиныхаа тэвшин дээрээс өвсний ширээ бариад чичилж байснаа, далайгаад баруун гар руу цохиход иш нь хугарч унасан. ах, Д******* хүү хоёр гарч ирээд дахиж ах руу зодох гэж дайрахад нь ах том түлхүүр гаргаж ирээд, дахиад зодох гэвэл түлхүүрээр цохино гэж хэлэхэд тэд довтлохоо зогссон. Ингэж маргаж байгаад ер нь болохгүй болохоор нь бид хоёр тэднийг орхиод сүлжээн дээр гарч цагдаа руу ярьж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 986 дугаартай: “...М.С******* биед зүүн чихний мөгөөрсний хугарал зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ерөнхий боловсрольд 5 дугаар анги төгссөн учраас уншиж бичиж чадна. Мэдүүлэг өгнө. Би одоо мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгч болж байна. Харин явцын дунд өмгөөлөгч авна. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр аав Дамдинсүрэн, ээж нарын хамт Портер маркийн машинтайгаар манай өвөлжөө рүү ойртож хадлан хийгээд байгаа гэдэг хүнтэй уулзахаар очтол нь трактортой өвс хадаж явахаар нь угтаж урд нь хажуулдаж зогссон. Бид гурав машинаасаа буусан чинь тракторын хадуураа өргөж ирээд манай машины дугуйг хага ярж, машиныг хаалгыг цоолоод зогссон. Би та буугаад ир гэж хэлсэн чинь бууж ирэхгүй байхаар нь би тракторынх нь зүүн талын хаалгаар нь ороод та хүний бэлчээр хадлаа гэж хэлсэн чинь босч ирээд бид хоёр барьцалдаж авсан. Тэгтэл нь миний хүзүү толгойг сугандаа хавчуулж боох гэж 2 удаа оролдсон, гурван удаа мөргөх гэж оролдсон. Би боолгож байхдаа тавиулах гэж сарваганаж байхдаа нүдэнд нь хүрчихсэн бололтой улайчихсан харагдаж байсан. надад, чам шиг юманд зодуулахгүй, та нарыг бүгдийг чинь ална, тална гэж хэлсэн. Намайг буусны дараа трактороосоо 36/34 орчим хэмжээтэй том хар түлхүүр барьчихсан, аавыг ална гэж хөөгөөд, дараа нь намайг ална гэж заналхийлж байсан. Аав, Өлзий-Оршихтой гадаа барьцалдаад, хэрэлдээд б******* байсан. Аав трактор руу гараагүй, би л трактор руу гарсан. Эхлээд хадуураараа дугуй хагалсны дараа л би трактор руу нь орж түүнтэй барьцалдсан. Би цохиж, зодоогүй. Харин миний хүзүүг боож байгаад шархлуулж гэмтээсэн байна. Тийм зүйл байхгүй. Би л тэр хүнтэй маргалдсан. Тийм зүйл байхгүй ээ. Архи уугаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,

Хохирогч М.С******* цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /хх-ийн 03 дугаар хуудас/,

Хохирогч М.С******* эмчилгээний зардалд гаргаж өгсөн баримт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 02 дугаар баг Бортолгой гэх газар “манай өвөлжөөний өвс хадлаа” гэх шалтгаанаар М.С******* биед халдаж улмаар зүүн чихний мөгөөрсний хугарал зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.С******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 355,800 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* бүрэн төлж барагдуулсан тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын зүгээс нийгэмд тогтсон хүн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал нөлөөлжээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т******* овогт Д******* Дорлигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ