| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2020/00396/и |
| Дугаар | 471 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, Ш-н ..... тоотод оршин суух, .............. регистртэй, утас ................., ...................../ Т.Г
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн ....... тоотод оршин суух, ........... регистртэй, утас ............ / Х.А
Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Т.Г-н нэхэмжлэлтэй “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай Х.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид 2011 оноос эхлэн хамтран амьдарсан. 2015 онд анхны хүүхдээ төрүүлсэн. 2018 онд 2 дахь хүүхдээ төрүүлсэн. Би 2017 онд цээжний хөндийн хагалгаанд орсон. А-н ар гэрээс хүн ирдэггүй, санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Бид 2018 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Энэ хүн бэлгийн дарамт үзүүлдэг тул гэрлэлтээ цуцлуулна. Би 2 хүүхдээ авна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч бид ярилцан тохиролцож хүүгээ би, охиноо аав нь авахаар болсон. Харин би хүүдээ тэтгэлэг тогтоолгох саналтай байна гэв.
Хариуцагч: Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүүхдүүдээ нэг нэгээр нь авахаар тохиролцсон. Би хүүдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Охиндоо бол тэтгэлэг гаргуулахгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Х.А-с “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцож, 2 хүүхдээ нэг нэгээр авахаар маргаангүй байна. Харин нэхэмжлэгч хүүдээ эцгээс нь тэтгэмж гаргуулах саналтай байгааг хариуцагч зөвшөөрч байгаа болно.
Зохигчид 2011 онд танилцан, 2014 онд гэрлэлтээ батлуулан хууль ёсны гэр бүл болжээ. Хүү Т 20.. оны .. сарын ..-нд, охин М 20... онд .. сарын ...-нд болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчид таарамжгүй харьцааны улмаас болж тус тусдаа удаан хугацаагаар амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах сонирхолгүй болсон байдлыг харгалзан үзээд гэрлэлтийг цуцлах боломжтой байна.
Зохигчдын хүү А.Т нь эх Т.Г-н, охин А. М нь эцгийнхээ асрамжинд тус тус байгаа ба цаашид энэ асрамжинд байлгахаар тохиролцсон байгааг шүүх харгалзан хүүхдүүдийн асрамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Г хүүдээ эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Х.А-с хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна. Харин Х.А охин М-дээ ээжээс нь тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болно. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болно.
Нэхэмжлэгч Т.Г улсын тэмдэгтийн хураамжинд 140.400 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А-с 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-т, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс / 1.125.600 төгрөгнөөс / улсын тэмдэгтийн хураамж тооцож 31.564 төгрөгийг Х.Аээс гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Т.Г Х.А-н гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 201... оны .. сарын ..-нд төрсөн хүү Т-г эх Т.Г-н, 20.. оны .. сарын ...-нд төрсөн охин А.М-г эцэг Х.А-н асрамжинд тус тус байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 05 сарын 11-нд төрсөн хүү Т-г 11 нас хүртэл сар бүр тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Х.А-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хариуцагч Х.А охин М-дээ хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
6. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг дурдсугай.
7. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-н улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А-с 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Г-т, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс /1125600төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж тооцож 31.564 төгрөгийг Х.А-с гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ