| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2020/00353/и |
| Дугаар | 472 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар баг, Дулааны цахилгаан станцад ажилтай, ............ регистртэй, Ц.НЭ
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дүгээр баг Амгалангийн ...... тоотод оршин суух, ............. регистртэй, Э.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Ц.НЭ-н нэхэмжлэлтэй “хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай Э.С-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.НЭ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2011 онд Э.С-тай танилцаад үерхэж эхэлсэн. Биднийг үерхэх хугацаанд 2014 оны 01 сарын 14-ний өдөр хүү С.Ч төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид амьдрах боломжгүй болж 2015 онд бид салсан. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд өсч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй учраас хүү Ч-д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Э.С хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.НЭ “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.С уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Зохигчид 2011 онд танилцан хамт амьдарч байгаад 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба одоо тус тусдаа өөрийн гэх амьдралтай болжээ.
Зохигчдын хүү С.Ч 2014 оны 01 сарын 16-нд төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Хариуцагч Э.С хүүдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.
Харин хариуцагч Э.С-с 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс /1210200 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж тооцож 33.595 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар С.Ч-г 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Э.С-р тэжээн тэтгүүлсүгэй.
2. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.С-с 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс /1210200 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж тооцож 33.595 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ