Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 25

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /Өмнөговь, Ханбогд, шүүхээс цахимаар/

Шүүгдэгч: Т.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.        

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолтой,  шүүгдэгч Т.Эт холбогдох 1929002420151 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 30 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан.   

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 23-75 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46- 82 УНН улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг завшиж, бусдад их хэмжээний буюу 58000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Т.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  Т.Эыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Т.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Т.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Э нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар гомдол гаргасан. Хэрэгт авагдсан цугларсан баримтаар надад холбогдох эрүүгийн хэргийг шүүх шүүн тунгааж хэлэлцээд намайг гэм буруутай байна гэж тогтоосон дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна. Холбогдсон хэрэгтээ маш их харамсаж байна. Шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Аав, ээж, гэр бүлийнхээ дэргэд зөв хүн болж төлөвшиж чадна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Төгсбаяр гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Би анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Цагаан хад, Гашуун сухайт хилийн боомт тээврийн хэрэгсэл жолооддог жолооч нарын  нийтлэг үйлддэг гэмт хэрэг. Тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгсэлд байгаа тоног төхөөрөмжийг завшдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирлоо төлөөгүй, олон дахин давтагдан үйлдэгдэж байгаа ийм гэмт хэрэг. Энэ хэрэгт  ял шийтгэл оногдуулахдаа шүүх өөрийн дотоод итгэлээрээ хорих ял оногдуулаад шийдвэрлэсэн байгаа. Прокурор миний бие энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг 100  хувь дэмжиж оролцож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүгдэгч Т.Эын ялыг өөрчилж оногдуулах торгуулийн ялыг 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Мөн шүүгдэгч Т.Э нийтдээ тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 97 хоног хоригдсон байгаа юм. 97 хоногийг тухайн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн торгуулийн ялыг хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож болно гэсэн хуулийн заалт торгуулийн ялд шилжүүлэхэд 15000 төгрөгөөр бодох юм бол нийтдээ 1455000 төгрөг болж байна. 10 нэгж буюу 10 сая төгрөгөөсөө одоо ял эдэлсэн хугацааг торгуулийн ялд шилжүүлэхийн бол өнөөдрийн байдлаар бол 8545000 төгрөгийн торгуулийн ял шийтгэлийг оногдуулах үндэслэл тооцоо гарч байна Иймээс шүүгдэгч Т.Эт 8545000 төгрөгийн торгуулийн ял шийтгэлийг оногдуулж өгөөч ээ гэж  хүсэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх нь Т.Эт холбогдох хэрэгт прокурор ”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс гадна шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагад нийцүүлж бичээгүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход үндэслэл болгосон нотлох баримтын талаар заагаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Үүнд:

1. Хохирогчийг зөв тогтоосон, иргэний нэхэмжлэлийг зөв шийдвэрлэсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг нээсний дараа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шүүхэд дуудагдсан болон хүрэлцэн ирсэн оролцогч нарын талаар илтгэсэн байдал, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт оролцогчдыг нэрлэн бичсэн байдал зэргээс Э.Х гэх хохирогч шүүх хуралдаанд оролцсон гэж үзэхээр байх боловч мөн шүүх хуралдааны үйл явцад хохирогч Эовогтой Хатанбаатар, хохирогч Хатан, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /нэр бичигдээгүй/ гэх оролцогч оролцсон байдал  бичигдсэн байна. /хэргийн 140 дугаар хуудас/

“И” ХХКХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлж Э овогтой Х-г оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон албан бичиг хэрэгт байх тул хохирогч нь хуулийн этгээд болох “И” ХХКХХК, Э.Х-г хохирогч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж эрх зүйн байдлыг тодорхойлохоор боловч мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Э.Х-г тогтоожээ. /хэргийн 12 дугаар хуудас/

 Шүүх хуралдааны тэмдэглэлийн шүүхийн шийдвэрийг уншин сонсгосон хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас 58 000 000 төгрөг гаргуулж, хохирогч “Х” ХХК-д олгож,...” гэж хуулийн этгээд болох “Х” ХХК-ий нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдал тэмдэглэгдсэн боловч энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т заасантай нийцээгүй.

Хэрэгт “И” болон “Х” ХХК-ийг буюу хуулийн этгээдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, мөн хуулийн этгээдийг төлөөлөх иргэнийг томилсон гэх ямар ч шийдвэрүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна.

Т.Э-ын тээврийг хэрэгслийн Өвөрмонгол иргэнээс хүлээн авсан талаар мэдүүлсэн мэдүүлэгт шүүх дүгнэлт хийгээгүй, харин шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт хохирогч нь  Э.Х болох талаар дүгнэлт хийжээ.  /хэргийн 145 дугаар хуудас/

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх, прокурор, мөрдөгчөөс хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 15 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож байгаа талуудаас эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг танилцуулж, уг шинжлэн судлагдсан нотлох баримт нь  шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хуулийн шаардлагыг шүүх биелүүлээгүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав” гэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлд прокурор болон оролцогч нараас судлуулсан баримт бичигдээгүй байна./хэргийн 140 дүгээр хуудасны ар талд/

Шүүх хуралдааны тэмдэглэлд “...Даргалагчаас: хохирогчид бичгийн нотлох баримтаас шинжлэн судлуулах нотлох баримт байна уу гэхэд Шүүгдэгч: байхгүй гэв...” гэж тэмдэглэгдсэн байх тул анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдаагүй гэж үзнэ.

Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шийдвэрийг заавал хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.   

  2.  Шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт  “Шүүгдэгч Т.Э нь 23-75АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-82 УНН улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан буруутай байдал тогтоогдсон , ... хохирогч Х үүссэн хохирлыг их хэмжээний хохиролд тооцно” гэж үйл баримтыг тогтоож, улмаар “... тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж ...” байна гэж эрх зүйн дүгнэлтээ хийжээ.

Энэ дүгнэлтээс эрх зүйн ямар харилцаа хэзээ үүсэж, үүний дагуу хэнээс, хэнд, ямар зорилгоор, ямар хөрөнгийг итгэмжлэн хариуцуулахаар өгсөн, итгэмжлэн хариуцахаар хөрөнгө хүлээн авсан этгээдийн хэзээ гаргасан, ямар үйлдлийг хариуцуулсан хөрөнгөө завшсан гэж үзэж байгааг, мөн гэмт хэргийг үнэлгээний шалгуураар буюу их хэмжээний хохирол учирсан гэж үзэхдээ хохирлын хэмжээг хэд гэж тогтоож байгаа зэрэг нь тодорхойлогдож чадахгүй байх тул шүүхийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахт хэсгийн 2.1 дэх хэсэгтэй нийцээгүй, шүүхийг мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-т заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

3. Прокурор нь яллах дүгнэлтдээ Т.Эыг 23-75 АЧ улсын дугаар бүхий чиргүүл, 46-82 УНН улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг бусдад завшсан гэж үзсэн. Дээр дурдсанаар “бусад” гэдэгт хэн хамаарахыг бичих нь  гэмт хэргийн шинжийг тодорхойлоход ач холбогдолтойгоос гадна тээврийн хэрэгслийн хувьд тээврийн хэрэгслийн дүгнэлт, хувийн хэрэг, гэрчилгээ болон ашиглалтын дэвтэр, мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд  улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх эрхийн гэрчилгээ, төрийн захиргааны байгууллага болон жолоочтой байгуулсан гэрээ /хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ зэрэг/ зэрэг нь нотлох баримтаар хэрэгт зайлшгүй цугларсан байх нь тээврийн хэрэгслийн өмчлөгч, ашиглагчийг үнэн зөв тогтоох үндэслэл болно.

Хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй тул прокурорыг Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжид зааснаар тухайлбал  Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, Монгол Улсын Зам, тээврийн  сайдын 2013 оны “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээний тухай” 11 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журмуудад нийцүүлэн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хэдийгээр хэрэгт 46-82 УНН улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа авагдсан боловч Т.Э нь “БНХАУ-ын Ганц мод боомтоос БНХАУ-ын иргэнээс машиныг хүлээн авч уртын тээвэр хийсэн, Өвөрмонгол иргэн цалингаа өгөхгүй байсан” тухайгаа хэлсэн нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгт авагдсан байх тул бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжээгүй гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдсон гэх боломжгүй байна. /хэргийн 47, 78 дугаар хуудас/

Хэргийн 88 дугаар хуудсанд Т.Эын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт авагдсан боловч тухайн завшсан гэх тээврийн хэрэгслийг ашигласан /жолоодсон/ хугацаанд хэнээс хэрхэн хөлсөө авч байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн 23-75 АЧ улсын дугаар бүхий чиргүүлийн талаар мэдээлэл байж болох баримт хэргийн 112-115 дугаар хуудсанд авагдсан боловч уг баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичигт тавигдах нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Хэрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар бичсэн прокурорын мэдэгдэл байхгүй байна. 

Мөн Монгол Улсын иргэн Э.Х, эсхүл Монгол улсад бүртгэлтэй байж болох компаниудын өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг БНХАУ-д очиж, тэдний иргэнээс хүлээж авч, цалинг мөн авах болсон үйл баримт, эрх зүйн үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шалгаж тогтоогоогүй байх тул хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурорыг хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.6-т заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу нотолбол зохих асуудалд хамаарч байх ба энэ ажиллагааг шүүх хуралдааны явцад нотолж тогтоох боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.

Шүүхийн  шийтгэх тогтоол нь утга найруулгагүй, тодорхойлох хэсэг нь тогтоох хэсэгтэйгээ зөрчилдөж бичигдсэн, шүүх хуралдааны ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байгааг шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагад нийцүүлж шийдвэр гаргаагүй гэх үндэслэлд хамааруулж, магадлалд дурдахаар шийдвэрлэлээ. Үүнд:

1. Шүүх хуралдааны тэмдэглэлд “...Хохирогч Хатан  Эрүүгийн хуулийн 21.2,  21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг уншиж танилцуулаад ...” гэсэн үйл явц тэмдэглэгдсэн боловч шүүх хуралдаанд орчуулагч, хэлмэрч, шинжээч оролцоогүй байна.

2. Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Т.Эын холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг гэж заасан боловч тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Гэтэл шүүх хуралдааныг нээхдээ “Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэргийг хэлэлцэх тухай” зарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хэргийн 139, 144,145 дугаар зүйл/

3. Хорих ялыг хөнгөрүүлэх гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын хэмжээг тодорхой хувиар бууруулан хорих ялын хэмжээг тогтоохыг ойлгоно. Шүүх “...хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой., ... ” гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл, хэсгийг журамлаагүй, тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялын хэмжээг тогтоосон байна.

4. Бусад асуудал “...түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна” гэсэн утга найруулга, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд байхгүй “14 дэх хэсэг”-ийг баримталж, мөн хорих ял эдлэх байгууллагын нэрийг хорих анги гэж бичсэн.

6. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шинжлэн судалсан гэх нотлох баримтын жагсаалтад прокурорын яллах дүгнэлтэд бичсэн нотлох баримт, түүний агуулгыг хуулбарлан бичсэн байна.

Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт дахин  шалгуулахаар буцааж байгаа тул шүүгдэгч Т.Эын “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Эт холбогдох 1929002420151 дугаартай, нэг хавтас хэргийг Өмнөговь  аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.НАСАНЖАРГАЛ

      ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                      Ц.ОТГОНЦЭЦЭГ